Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балжиннямын Сийлэгмаа |
Хэргийн индекс | 115/2021/0003/З |
Дугаар | 115/ШШ2021/0005 |
Огноо | 2021-04-06 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 115/ШШ2021/0005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Гомдол гаргагч: УлаанБ хот, ... дүүрэгт оршин суух, ... овогт М-ын Ө,... овогт Э-ын Т нараас,
Хариуцагч: З дэх Гаалийн газрын хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагч Ц.А-т холбогдуулан гаргасан,
Гомдлын шаардлага: З дэх Гаалийн газрын хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0241945 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, иргэн М.Ө-гийн эзэмшлийн бараа болох нүүрсэн яндангийн катализаторыг хууль бусаар хураан авсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулж, хураан авсан барааг гаргуулан авах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч М.Ө, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, хариуцагч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Батхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч М.Ө, Э.Т нараас шүүхэд анх бичгээр гаргасан гомдолд болон М.Ө гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр З сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор автомашины нүүрсэн яндангийн катализаторыг хууль бусаар гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө гэдгийг нь мэдсээр байж худалдан авч түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж хил нэвтрүүлэхийг завдсан гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгасан.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Э-ийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 361 дугаартай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хааж, эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан гэх зөрчлийг шалган шийдвэрлүүлэхээр гаалийн байгууллагад харьяаллын дагуу шилжүүлсэн байдаг.
Тээврийн хэрэгслийн жолооч нарт Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээг авахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 хэсэгт Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ ... албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, ... хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана гэж заасныг зөрчин эд зүйлийг хурааж шийдвэрлэсэн байдаг. Мөн З сумын Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0241945, 0241946 дугааруудтай шийтгэлийн хуудсанд тухайн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар дурдаагүй байдаг.
Хэргийн материалтай танилцахад эд зүйл ачиж явсан тээврийн хэрэгслийг цагдаагийн байгууллагаас анхнаас нь мэдэж байсан уг тээврийн хэрэгслийг хилийн бүсэд санаатай оруулж цагдаагийн байгууллагаас шалгах ажиллагаа явуулсан нь зөрчлийг санаатайгаар зориуд үйлдүүлсэн гэж үзэх хангалттай үндэслэлтэй байна.
Гаалийн зөрчил биш гэж үзэх үндэслэлийн тухайд Гаалийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Бараа, тээврийн хэрэгсэл гаалийн хил дээр ирмэгц тээвэрлэгч нь тээврийн хэрэгслийн төрлөөр, энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан мэдээлэл, бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгнө гэж заасан байхад тухайн ачааг тээвэрлэж яваа тээврийн хэрэгслийн жолооч нарт хуульд заасны дагуу мэдээлэл баримт бичиг гарган өгөх боломжоор нь хангалгүйгээр буюу тухайн зөрчил үйлдсэн гэх этгээдүүдийг гаалийн байгууллагатай эрх зүйн ямар нэг харилцаанд ороогүй байхад нь зогсоож шалгасан болох нь тогтоогдож байна. Хавтаст хэрэгт тухайн тээврийн хэрэгсэл нь гаалийн ямар нэг бүртгэлд ороогүй, гаалийн хяналтын талбайд очоогүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа болно.
Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино, 3.1 дугаар зүйлд Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино гэж тус тус заасан байхад зөрчлийг санаатай үйлдүүлэн улмаар зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн гэж үзэн хариуцлага тооцож, эд зүйлийн хууль ёсны эзэмшигч М.Өгийн Үндсэн хууль болон бусад хуульд заасан эрхийг зөрчиж эд зүйлийг хураасан нь үндэслэлгүй байх тул улсын байцаагчийн шийдвэрийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасны дагуу хүчингүй болгож өгнө үү.
2020 оны 05 дугаар сараас 10 дугаар сар хүртэл Нийслэлийн хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ хэргийг маш удаан хугацаанд шалгаж гэмт хэргийн шинжгүй гэж үзэж прокурорын тогтоол гарсан. Би хураалгасан эд зүйл болох нүүрсэн яндангийн катализаторыг өөрийнхөө хөрөнгөөр болон зээл нэмж аваад хуучин хаягдал машин задалдаг, төмрийн хаягдал авдаг газруудаас үнэ тохирч авч цуглуулж байсан. Гол зорилго нь дахин боловсруулж шинэ үйлдвэр барих байсан. Эдгээр цуглуулсан эд зүйлсээ урд шинээр үйлдвэрлүүлэхийн тулд болчимгүй үйлдэл гаргаад нууж хаасан. Хятад улсын хилээр түүхий эд оруулахад өндөр татвартай байдаг болохоор санхүү мөнгөний хувьд боломжгүй болохоор машинд нуугаад ийм буруу зүйл хийсэн. Шинээр яндан үйлдвэрлэх тоног төхөөрөмжөө Хятад улсаас захиалаад бүх юм явагдаж байсан боловч Ковидоос болж хойшлогдсон. Би Хятад улсад 2 дүүгээ сургалтад очиж суулгасны дараа тоног төхөөрөмжөө очиж авчрах ажил 90 хувьтай явж байна. 4-5 хүний багтай ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэр байгуулах, улс орондоо татвар төлөгч болох, бизнесээ өргөжүүлэх гэж явж байна. Хэдийгээр миний буруутай үйлдэл байгаа хэдий ч бараагаа улсын орлого болговол миний хувьд бүх юм дуусах гэж байгаа юм.
Иймээс Гаалийн улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0241945 дугаартай шийтгэлийг хуудсыг хүчингүй болгуулах, М.Ө-гийн эд хөрөнгө болох нүүрсэн яндангийн катализаторыг хууль бусаар хураан битүүмжилж улсын орлого болгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулж бараагаа гаргуулан авах хүсэлтэй байна гэв.
Гомдол гаргагч М.Ө-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гаалийн хяналтын бүсэд зориудаар оруулсан тухайн тээврийн хэрэгсэлд эд зүйл ачигдаж байна гэдгийг Тагнуулын байгууллага болон Цагдаагийн байгууллага мэдэж байсан. УлаанБ хотоос 670 гаруй километр яваад Монгол Улсын хил дээр очих цаг хугацаанд зогсоож шалгах боломжтой байсан. Хэрвээ гэмт хэрэг гэж үзсэн бол тухайн гэмт үйлдлийг таслан зогсоох боломжтой байсан. Тухайн үйлдэл туйлд нь хүрч төгсгөхийг харж улсын хил рүү оруулж шалгасан нь хилийн бүс рүү санаатайгаар нэвтрүүлсэн байна. Тухайн автомашин нь Гаалийн тухай хуульд заасан гаалийн замаар явж байсан автомашин байдаг. Монгол Улсын Хилийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т улсын хил дээр хяналт шалгалт хийх байгууллагыг тодорхойлж өгсөн. Үүнд Хилийн байгууллага, Мэргэжлийн хяналт, Гаалийн байгууллага гэсэн 3 байгууллага шалгалт хийснээр тухайн бараа, тээврийн хэрэгсэл Монгол Улсын хилээр гаргах ёстой. Гаалийн байгууллага, Мэргэжлийн хяналтын байгууллагад очоогүй байсан тээврийн хэрэгслийг зогсоож шалгаж зөрчил байна гэж үзэж Гаалийн байгууллага руу шилжүүлж Гаалийн байгууллага нь Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан нь үндэслэлгүй. Зөрчлийг санаатайгаар үйлдүүлсэн, зөрчил биш байхад арга хэмжээ авсан байна. Хуульд заасан хяналт шалгалтын дараалал алдагдсан нь зөрчлийн материалд авагдсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн тэмдэглэл болон хэргийн газар үзлэгийн тэмдэглэлд тодорхой байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлийн 6-д хураан авсан эд зүйл, баримт бичгийн жагсаалт, тэмдэглэлийг эд зүйл, баримт бичгээ хураалгасан болон тухайн ажиллагаанд байлцсан хүнээр гарын үсэг зуруулж, хувийг эд зүйлийн эзэмшигч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид даруй гардуулна гэж заасан байхад тухайн барааг хураан авсан хуудсанд эзэмшигчээр нь гарын үсэг зуруулаагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэглэгдэх маягтыг Монгол Улсын Ерөнхий Прокурор батална гэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан байхад хүчингүй болсон хууль баримталсан, Гаалийн ерөнхий газрын даргын тушаалын хавсралтаар батлагдсан маягтаар хураах шийдвэрийг гаргасан байгаа нь бүхэлдээ хүчингүй гэж үзэж байна. Тийм учраас бараа тээврийн хэрэгслийг хураах хуудсыг хоёуланг нь хүчингүй болгуулах саналтай байна.
Мөн Гаалийн төв лабораторийн 0120001586 тоот дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэхээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн шинжилгээ хийх журмын дагуу шинжилгээ хийгдээгүй өөр зөрчилд холбогдох шинжилгээний дүгнэлтийг үндэслэсэн байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, бусад хуулиудад заасан зөрчлийг төсөөтэй хэрэглэж болохгүй гэсэн заалтыг зөрчиж адилхан ийм бараа байна гэж адилтган үзэж шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн байна.
Түүнчлэн хураагдсан барааг хязгаарласан бараа гэж үзэхгүй байгаа үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан www.customs.gov.mn сайтад орсон Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хязгаарласан 28 төрлийн барааны жагсаалтад нүүрсэн яндангийн катализатор нь байхгүй. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан барааны жагсаалтад тухайн эд зүйл байхгүй учраас хориглосон хязгаарласан бараа гэж үзэх үндэслэлгүй байна. Тийм учраас эрх бүхий улсын байцаагчийн шийтгэл оногдуулсан 0241945 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, 0006702, 0006703 дугаартай Бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудас-ыг хүчингүй болгож, эрх бүхий албан тушаалтны хураан авсан катализаторыг М.Ө-д буцаан олгож өгнө үү гэв.
Гомдол гаргагч Э.Т нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд бичгээр хүсэлтдээ: Нэхэмжлэгч Э.Т миний бие нь уг маргаанд цаашид оролцох хүсэлгүй байгаа тул З дэх Гаалийн газрын хэрэг бүртгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0241945 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нүүрсэн яндангийн катализотарыг хууль бусаар улсын орлого болгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүр мөсөн татгалзаж байна гэжээ.
Хариуцагч З дэх Гаалийн газрын хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагч Ц.А ын шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг зөрчлийг шалган шийдвэрлэхдээ: Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.О-ын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 11u-3/7077 дугаартай Тус хэлтэст шалгагдаж байсан хэрэг бүртгэлтийн 200200347 дугаартай нэр бүхий иргэд нь 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр З автозамын шалган нэвтрүүлэх боомтоор ...УАК, 72-72 УНД улсын дугаартай Вольво маркийн тээврийн хэрэгслүүдийн түлшний сав болон чиргүүлийн таазанд автомашины нүүрсэн яндан /катализатор/-г нууж хууль бусаар хил нэвтрүүлсэн гэх хэргийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Э 2020.10.26-ны өдрийн 361 тоот тогтоолоор хэргийг хааж зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлэхийг даалгасан байх тул зөрчил гаргасан этгээдэд хуульд заасан арга хэмжээ авч хариуг ирүүлэх тухай албан бичиг ирүүлсэн.
Мөн Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Г.Э-ийн 2020.10.26-ны өдрийн Хэрэг бүртгэлийг хаасан хэргийг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлэх тухай 04 тоот тогтоолд Монгол Улсын нэр бүхий иргэд нь бүлэглэн аж ахуйн нэгж компани байгуулан 2020 оны 03 сараас 2020 оны 06 сар хүртэл хугацаанд автомашины нүүрсэн яндан /катализатор/-г гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж худалдан авч түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор 2020 оны 05 сарын 14-ний өдөр ...УАК, ... УНД улсын дугаартай Вольво маркийн тээврийн хэрэгслүүдийн түлшний сав болон чиргүүлийн таазанд нууж Дорноговь аймгийн З сумын 1 дүгээр багийн нутагт байрлах авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар улсын хил буюу гаалийн хилээр нэвтрүүлж мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгахад гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдоогүй, харин М.Ө, Б.Е, Н.Б, Э.Т нар нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.5 дахь заалтуудад заасан зөрчил үйлдсэн үйл баримт нотлогдож байна гэх,
Прокурорын 2020.10.26-ны өдрийн Хэрэг бүртгэлийг хаах тухай 361 тоот тогтоолд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар М.Ө, Б.Е нар нь автомашины хөдөлгүүрээс гарч буй утаа зайлуулах системийн эд анги болох утааны хорт бодисыг саармагжуулах үүрэгтэй шүүгч элемент катализаторуудыг үнэлж худалдан авахаар зар байршуулан бусдаас худалдан авч ...УАК, ... УНД улсын дугаартай Вольво маркын тээврийн хэрэгслүүдийн түлшний сав болон чиргүүлд ачсан усны хоолойд тус тус нийт 819 ширхэг катализаторуудыг нууж Н.Б, Э.Т нараар жолоодуулан 2020 оны 05 сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн З сумын хилийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдэл, үйл баримт нотлогдож байна гэх,
Уг зөрчлийг шалган шийдвэрлэх хавтаст хэргийн материалд хавсаргагдсан Дорноговь аймгийн З сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах хэлтийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.З-ын Хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Дорноговь аймгийн З сум дахь сумын дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн хэсгийн эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Б- ийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ... овогтой Э.Б-ын Т-ээс авсан гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл-д Э.Т... Би 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотоос ... УНД улсын дугаартай Вольво маркын тээврийн хэрэгслийг жолоодон каргоны ачаа ачаад З боомтоор 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр З-д хоноод 11-ний өдөр У хот ороод ачаагаа 4 дүгээр цахилгаан станц, Х 2-ын дунд байрлах хашаанд буулгасан. Тус өдрийн 16 цагийн орчимд ачаагаа буулгаж дуусгасан учир СХД-ын 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто худалдааны төвийн ойролцоо байрлалтай Ө-гийн түрээслэн ажиллуулдаг авто граж руу ... УНД улсын дугаартай Вольво маркын тээврийн хэрэгслийг жолоодон очиход Ө граждаа байсан. Би машинаа байрлуулж тавиад явах гэж байхад Ө Энэ машины нэг түлшний савыг нь салгаад дотор талд нь нүүрсэн яндан хийж нуугаад хилээр нэвтрүүлж Эрээн хүргэж өгвөл надад байгаа нүүрсэн яндан дуусах гээд байна. Нэг л удаа энэ аргаар банкиндаа нүүрсэн яндан нууж гаргана, хэрэв хил нэвтрүүлчихвэл дахин нүүрсэн яндан тээвэрлэхгүй зөвхөн ачаагаа тээвэрлэнэ гэж надад хэлсэн. 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн орчим ...... УНД улсын дугаартай чиргүүлийн таазанд 120 ширхэг нүүрсэн янданг ... нуусан. Б-ын жолооддог ...УАК-д хэдэн ширхэг нүүрсэн яндан хийснийг би мэдэхгүй байна. Одоо ингээд ганц гарчихвал бараг дуусчихлаа даа, араас айдасгүй явах юм даа гэж Ө Баа бид хоёрт хэлж байсан гэх мэдүүлэг,
Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Мөнхбатаас 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэрч Н.Баас авсан Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл-д ... Говьсүмбэр аймгийн төвөөс нааш 60 зайтай газар замдаа хонохоор болсон. Тэгээд тэнд машины гадаа байж байтал Т надад наад машин түлшний туслах саванд автомашины нүүрсэн яндан хийсэн байгаа үүнийг нуугаад БНХАУ-ын хилээр гаргана гэж хэлэхээр нь болох юм уу энэ чинь хориотой биз дээ гэхэд болно би урьд өмнө 120 ширхгийг гаргасан гэх мэдүүлэг,
Здэх гаалийн газарт 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Э.Б овогтой Э, Б овогтой Б нарын гаргасан тодорхойлолт,
Автомашины нүүрсэн яндан буюу катализаторийн талаар гаргасан Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 0120001586 тоот магадлан шинжилгээний дүгнэлт зэрэг баримтуудыг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11-д заасан зөрчил үйлдэгдсэн байна гэж үзээд Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 679 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан 0006703, 0006702 хатуу дугаартай Бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудас-аар 817 ширхэг автомашины нүүрсэн яндан буюу катализаторыг хураан улсын орлого болгож, уг барааг тээврийн хэрэгсэлдээ нууж явсан ...УАК, 72-72 УНД улсын дугаартай Вольво маркын тээврийн хэрэгслүүдийн жолооч Н.Б, Э.Т нарыг 0241945, 0241946 дугаартай шийтгэврийн хуудсаар тус тус 100 нэгжээр торгож уг хэргийг шийдвэрлэсэн болно.
Би энэ зөрчлийн талаар холбогдогч Н.Б, Э.Т нартай утсаар холбогдож танилцуулж та нар хийсэн хэргээ хүлээж байна уу? гэж асуухад тэд хийсэн хэргээ хүлээж байна гэсэн. Н.Б, Э.Т нар нь 819 ширхэг нүүрсэн яндангийн катализаторыг улсын хилээр гаргах зорилготой уг тээврийн хэрэгслийн чиргүүл болон бусад эд ангиудад зохион байгуулалттай нуусан байсан. Тухайн 2 жолооч нь улсын хилээр эд зүйл, барааг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдэл нь тодорхой нотлогдож байсан. Зөрчилд холбогдогч Н.Б, Э.Т нартай утсаар холбогдож та нар хүрч ир гэсэн шаардлага тавьсан боловч хөл хорио тогтоосон тул ирэх боломжгүй гэсэн учраас очих боломжгүй талаарх нөхцөл байдлын талаар тодорхойлолтоо бичиж өг гэсний дагуу тэд нар тодорхойлолт гаргаж өгсөн. Ингээд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11-д заасан зөрчил үйлдэгдсэн байна гэж үзээд тухайн эд зүйлийг хураан улсын орлого болгож, дээрх жолооч нарт шийтгэлийн хуудсаар тус тус 100 нэгжээр торгож шийдвэрлэсэн.
Барааг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийтгэлийн хуудсанд тусгаагүй гэдэг дээр шийтгэврийн хуудсанд хуулийн зүйл, заалтыг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11-д заасны дагуу шийдвэрлэсэн гэж тодорхой бичсэн байгаа. Хуульд ийм ийм зүйл заалтыг бичсэн байх ёстой гэсэн зүйл заалт байгаа.
Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж шийтгэл ноогдуулах тухай хуудсыг Засгийн газрын тогтоолоор баталсан. Энэ тогтоол дээр бичсэн үг өгүүлбэрийг засах эрх надад байхгүй, уг тогтоолд бичигдсэн зааврын дагуу бичсэн.
Тухайн үед М.Ө бол улсын хил дээр байгаагүй, тухайн үед улсын хил дээр байсан 2 жолооч гаалийн хилийн хяналтын бүсэд зөрчил үйлдсэн учраас арга хэмжээ авсан. М.Ө, Б.Е нар гаалийн харилцаанд оролцоогүй, эдгээр хүмүүсийн нэр дурдагдаж байгаа ч гэсэн гаалийн хяналт шалгалтын үед эдгээр хүмүүс байгаагүй учраас М.Ө Б.Е нарт арга хэмжээ авах шаардлагагүй байсан. Энэ хэргийг шалгаж шийдвэрлэж байх явцдаа хяналтын прокурорт хянуулж байсан. Уг хэргийг би ганцаараа биш хэргийн болсон үйл явдал процессыг З дэх гаалийн газрын дарга болон гаалийн газрын зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны даргад ийм ийм арга хэмжээ авч байна гэдгээ танилцуулж ярилцаж байсан. Прокурорын зүгээс болон манай удирдлагын зүгээс гаалийн хилээр өөрөө орж ирээгүй, гаалийн харилцаанд ороогүй гэдэг нь маш тодорхой байгаа М.Ө, Е нарт хариуцлага тооцож арга хэмжээ авах шаардлагагүй. Энэ 2 жолоочид арга хэмжээ авах нь зүйтэй гэдэг чиглэлийг өгсөн.
Гаалийн тухай хуулийн 3.1.14-т Монгол Улсын хилээр бараа нэвтрүүлэхийг хориглосон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Монгол Улсад нэвтрүүлэх тоо хязгаарлалт тогтоох болон бусад арга хэмжээг гэж заасан байна. Бусад арга хэмжээ гэдэгт Гаалийн Ерөнхий газрын даргын тушаалаар зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг нэвтрүүлэх журмыг баталсан. Тухайн бараа нь хувийн хэрэглээний эд зүйл биш болохоор хязгаарлагдсан бараанд орсон. Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т хамаарч байгаа гаалийн хилээр нэвтрүүлэх гэж байсан бол ийм ийм бичиг баримтуудыг мэдүүлсэн байх ёстой гэж зааж өгсөн. Түүнээс зорчигч өөрөө авч яваад эсвэл аж ахуй нэгжийн бүх мэргэжлийн хяналтын бичиг, сумын газрын бичиг, цагдаагийн хулгайн эд зүйл биш гэх мэт бичиг баримтуудыг гаальд мэдүүлээд явж байсан бараа байх юм бол хязгаарласан бараа биш болчихно. Хэрвээ зөрчил биш байсан бол Т, Б нар ямар бараатай явсан гэдгээ мэдүүлэх байсан. Гэтэл огт тийм мэдүүлэг байхгүй орж ирсэн болохоор зорчигчийн бараа биш, тодорхой хэмжээний зөвшөөрөл бичиг баримт шаардагдах болохоор хязгаарласан бараа гэсэн ойлголт.
Хэрэг болсон үзлэг хийсэн газар нь гаалийн хяналтын бүс дотор байна. Гаалийн хяналтын бүсэд ороод ирсэн бол иргэн ч бай, аж ахуй нэгжийн бараа ч бай гаалийн хяналтын бүсэд орсон гэж үзнэ. Мэдүүлгээ орохоосоо өмнө, орсны дараа нь гаргаж болно. Гаалийн хяналтын бүс рүү Монгол Улсын хилээс БНХАУ-ын хил рүү нэвтрэх зорчигчид орж ирнэ.
Гаалийн ерөнхий газрын лабораторид шилжүүлсэн дүгнэлт дээр барааны мөн чанар, бүх зүйлийг тодорхойлсон байна. Тийм болохоор урьд нь Гаалийн байгууллагаас ийм зөрчилд холбогдсон барааг шилжүүлсэн учраас ийм бараа гэдгийг Гаалийн ерөнхий газрын дүгнэлт нь тодорхойлсон.
Барааг хураасан хуудас дээр Захиргааны хариуцлагын тухай хуулийн заалт байна гэдэг нь албан ёсны биш бөгөөд хуучин маягт дээр байсан үг, өгүүлбэр болохоос биш миний хувьд хүчингүй болсон Захиргааны хариуцлагын тухай хуулийг мөрдлөг болгож ажиллаагүй, хуульд заасны дагуу зөрчлийг шалган шийдвэрлэсэн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч Э.Т, М.Ө нар нь хамтран шүүхэд анх, З дэх Гаалийн газрын хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0241945 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, зөрчилд холбогдох бараа болох автомашины нүүрсэн яндангийн шүүлтүүр /цаашид катализотор гэх-/ийг хураан авсан эрх бүхий албан тушаалтан (гаалийн улсын байцаагч)-ны шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг гаргасан[1][1] ба шүүхээс тухайн гомдлоор захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад гомдол гаргагч Э.Т гомдлын шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж[2][2], М.Ө нь шүүхэд анх гаргасан гомдлын шаардлагаа ... гаалийн улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0241945 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, тухайн зөрчилд холбогдох бараа болох катализаторыг хураасан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулж, уг бараа /817 ширхэг катализатор/-г гаргуулан авах гэж тодруулсаны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.
2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн З сумын хилийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор автомашины олон тооны буюу нийт 819 ширхэг катализаторыг ...УАК, ... УНД улсын дугаартай Волво маркийн том оврын тээврийн хэрэгслүүдийн түлшний сав болон чиргүүлд ачсан усны хоолойд тус тус нууж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан гэх мэдээлэлд холбогдох цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулснаар тухайн үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн,
уг ажиллагааны явцад тухайн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдоогүй тул Нийслэлийн Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 361 дугаартай, прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг үндэслэн гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр тухайн хэргийг хаасан,
ингэхдээ М.Ө, Б.Е, Н.Б, Э.Т нар нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.5 дахь заалтуудад заасан зөрчил үйлдсэн үйл баримт нотлогдож байна гэж үзэж мөн өдрийн 04 дүгээр тогтоолоор зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд харьяаллын дагуу шилжүүлж шалгуулахыг холбогдох этгээдэд даалгасан,
дээрх шийдвэрийг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Арга хэмжээ авахуулах тухай албан тоотыг, эрүүгийн хэргээс хуулбарласан материал болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 817 ширхэг (нийт 819 ширхгийг хураан авснаас 2 ширхэгийг шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлсэн байдаг) катализаторын хамт З дэх Гаалийн газарт хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[3][3] тогтоогдож байна.
Эрх бүхий албан тушаалтан хариуцагч Ц.А нь холбогдох байгууллагаас харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлсэн зөрчлийн талаарх материалыг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулснаар иргэн Э.Т, Н.Б нарыг ...тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг ... хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчил үйлдсэн гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0241945 дугаартай шийтгэлийн хуудсаар[4][4] Э.Т-д, 0241946 дугаартай шийтгэлийн хуудсаар[5][5] Н.Бт тус тус 100,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
Улмаар цагдаагийн байгууллагаас шилжүүлэн өгсөн зөрчилд холбогдох бараа болох 817 ширхэг катализаторыг зөрчлийг шалган шийдвэрлэсэн мөн өдөр, Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 679 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Маягт №4 буюу Бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудас-аар хураан авч, байгууллагынхаа улсын орлогын барааны няравт хадгалж, хамгаалуулахаар хүлээлгэн өгсөн нь хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудсанд авагдсан баримтуудаар мөн тогтоогдож байна.
Зөрчилд холбогдогч Б.Төр-Э, Н.Б нар нь эрх бүхий албан тушаалтны торгох шийтгэл оногдуулсан дээрх шийдвэрийг гарсан өдөр нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус тус сайн дураар биелүүлсэн[6][6] байх боловч холбогдогч Б.Т торгох шийтгэл оногдуулсан тухайн шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг иргэн М.Өгийн хамт шүүхэд гаргаж улмаар гомдлын шаардлагаасаа бүхэлд нь татгалзсанаар эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан тухайн шийдвэрүүд биелэгдсэн байна.
Гомдол гаргагч М.Ө нь дээрх зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд хэдийгээр оролцоогүй буюу эрх бүхий албан тушаалтны зүгээс түүнийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр уг зөрчлийг шалган шийдвэрлэсэн байдаг ч тэрээр зөрчилд холбогдох бараа болох 819 ширхэг катализаторын эзэмшигч болох нь зөрчлийн хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, Прокурорын холбогдох тогтоолууд болон гомдол гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул түүний эрх бүхий албан тушаалтны албадлагын арга хэмжээ авсан шийдвэр /барааг хураасан/-ийг өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаарх гомдлыг тус гомдол хавсарган ирүүлсэн баримтуудыг хянан үзсэний үндсэн дээр гомдол гаргах эрхтэй бөгөөд гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзэж холбогдох гомдлыг нь хүлээн авсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Гомдол гаргагч М.Ө гээс хоёр төрлийн гомдлын шаардлага гаргасны ...0241945 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд гомдол гаргах эрхгүй этгээд гэж үзэв. Учир нь энэхүү маргаан бүхий шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч М.Өгийн эзэмшлийн катализаторыг хураагаагүй бөгөөд зөрчилд холбогдох барааг хэрхэн, яаж шийдвэрлэсэн талаар огт тусгаагүй харин зөрчлийн холбогдогч Э.Т-д торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байгаагаас үзэхэд уг шийдвэр нь зөвхөн Э.Т-д чиглэсэн үйлчлэлтэй байх тул М.Ө гээс тухайн шийдвэрт холбогдуулан өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн гэх асуудлаар гомдол гаргах боломжгүй юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-т Шүүгч дараах үндэслэлээр гомдол хүлээн авахаас татгалзана, 54.3.1-д энэ хуулийн ... 54.1.4-54.1.7-д заасан шаардлагыг хангаагүй гэж заасны дагуу М.Ө-гийн З дэх Гаалийн газрын хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0241945 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Харин тухайн этгээдийн хоёр дахь шаардлага болох ...зөрчилд холбогдох барааг хураан авсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулж, уг барааг гаргуулан авах шаардлагынхаа үндэслэлийг ... тухайн үйлдэл нь гаалийн зөрчил мөн эсэх нь эргэлзээтэй ... жолооч нар гаалийн харилцаанд ороогүй, уг бараа тарифын бус хязгаарлалт тогтоосон буюу улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан барааны жагсаалтад байхгүй, ... эрх бүхий албан тушаалтан барааг хууль бусаар хураасан тухайлбал, барааг хураасан шийдвэр болох Бараа тээврийн хэрэгслийг хураах хуудас-нд хүчингүй болсон хуулийн зүйл, заалтыг баримталсан, ...шийтгэл оногдуулсан шийдвэрүүд болох шийтгэлийн хуудсанд барааг хураасан талаар огт тусгаагүй, зөрчилд холбогдогч болон эзэмшигчид барааг хураасан шийдвэрийн хувийг танилцуулах, гардуулан өгөх журмыг зөрчсөн, ...өөр барааны дүгнэлтийг үндэслэж зөрчлийг шийдвэрлэсэн, энэ нь Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэснийг зөрчиж байна хэмээн тайлбарлаж байгаа бол,
Хариуцагч албан тушаалтан нь барааг хураан авсан өөрийн үйл ажиллагааг хууль зөрчөөгүй, ... гаалийн хяналтын бүсэд нэгэнт нэвтрэн орсон бол гаалийн зөрчил болно, ... зөрчлийг нэг мөр шийдвэрлэсэн бөгөөд ингэхдээ эрх бүхий этгээдийн баталсан маягтын дагуу барааг хурааж шийдвэрлэсэн, ...зөрчлийг шалган шийдвэрлэх үед коронавирусын хөл хориотой холбоотойгоор жолооч Э.Т, Н.Б нараас биечлэн тайлбар авч чадаагүй, ...тэдэнтэй утсаар холбогдож тайлбарыг нь гаргуулж авсан, шийтгэлийн хуудсыг мөн утсаар танилцуулж мэдэгдсэн, ...барааг хураасан шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдээгүй, М.Ө нь зөрчил үйлдэгдэх үед өөрөө биечлэн байгаагүй, гааль дээр ирээгүй тул түүнд шийтгэл оногдуулах шаардлагагүй гэж үзэж зөвхөн хоёр жолоочид нь шийтгэл оногдуулсан, ... гэвч зөрчлийн хэрэг одоо прокурорын хяналтад байгаа тул М.Ө нөхөн шийтгэл оногдуулах боломжтой хэмээн маргаж байна.
Эрх бүхий албан тушаалтнаас дээрх зөрчлийг шалган шийдвэрлэж, шийтгэл онгогдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11-д Тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... торгох-оор заасныг үндэслэл болгосон байх ба ингэхдээ тухайн хэм хэмжээний тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчил үйлдэгдсэн гэж үзжээ.
Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д гаалийн хилээр нэвтрүүлэх гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах, дамжуулан өнгөрүүлэх, гаргахыг ойлгохоор тодорхойлсон бол 4 дүгээр зүйлийн 4.3-т Монгол Улсын хилийг гаалийн хил гэж үзнэ, 4.4-т ... гаалийн хяналтын бүсийн хилийг гаалийн хилд тооцно, 3 дугаар зүйлийн 3.1.18-д гаалийн хяналтын бүс гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналт дор ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх, гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон байр, агуулах, талбайг; ойлгоно хэмээн тус тус заасан байна.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл[7][7], гэрчүүдийн мэдүүлэг[8][8], шүүхээс явуулсан үзлэгийн тэмдэглэл[9][9] зэрэг холбогдох нотлох баримтуудаас үзэхэд иргэн Э.Т, Н.Б нар нь иргэн М.Ө гийн эзэмшлийн 819 ширхэг катализаторыг түүний даалгаснаар Монгол Улсын хилээр гаргах зорилгоор өөрсдийн тус тус жолоодож явсан тээврийн хэрэгслийн эд ангиудад нуун далдалж, З дэх хил хамгаалах байгууллагын 4-ийн хаалтаар нэвтрэн 100 орчим метр орчим яваад ГХБ буюу гаалийн хяналтын бүс гэсэн тэмдэг бүхий шонгоор хязгаарлагдсан хашааны хаалгаар орж уг хашаан дотор байрлах том тэрэгний рентген тоног төхөөрөмжийн хажуугаар БНХАУ-ын хилийн зүгт явж өнгөрөн хилийн шалган нэвтрүүлэх цогцолбор (зорчигч, тээврийн хэрэгсэл зэрэгт хяналт шалгалт явуулах байр, тайлбай бүхий) руу орох хил хамгаалах албаны 2-ын хаалтан дээр хүрээд нэвтрэн орж амжилгүйгээр холбогдох байгууллагаас саатуулагдан том тэрэгний рентген тоног төхөөрөмж байрлах гаалийн хяналтын бүсийн хашаан доторх талбайд буцаан авчирч үзлэг хийснээр тэдгээрийн жолоодож явсан хоёр тээврийн хэрэгслээс нийт 819 ширхэг катализаторыг хураан авсан үйл баримт тогтоогдож байна.
Гомдол гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...жолооч нарт гаалийн мэдүүлэг гаргах өгөх боломж олгоогүй, тэдний зүгээс гаалийн харилцаанд ороогүй тул гаалийн зөрчил биш хэмээн маргасан ба Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19-д гаалийн харилцаанд оролцогч гэж гаалийн байгууллага болон мэдүүлэгч, ... даатгалын байгууллагыг, 3.1.8-д мэдүүлэгч гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг; 3.1.7-д гаалийн мэдүүлэг гэж мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах мэдээлэл агуулсан бичиг баримтыг; ойлгохоор тус тус тодорхойлсон байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар зөрчилд холбогдогч жолооч нар нь гаалийн хяналт шалгалтад хамрагдаж амжаагүй, гаалийн харилцаанд мэдүүлэг гарган оролцоогүй болох нь тогтоогдож байгаагаас үзэхэд тэдгээрийг гаалийн харилцааны оролцогч гэж үзэхээргүй байх боловч энэ нь гаалийн зөрчил мөн эсэхийг шууд тодорхойлохгүй.
Мөн гомдол гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... гаалийн хяналт шалгалт хийдэг талбайд хүрч очоогүй байхад нь цагдаагийн байгууллагаас саатуулж гаалийн хяналтын бүсэд албаар оруулж үзлэг хийсэн хэмээн маргадаг ба энд дурдагдаж буй гаалийн хяналтын бүс (чингэлэг шалгах том тэрэгний рентген тоног төхөөрөмж нь З сум тал руугаа 100 метр зайд байрлах хашаагаар хязгаарлагдсан)-ийн хугацааг Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/284 дүгээр тушаалаар[10][10] 3 жилээр сунгасан байна.
Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт гаалийн хилээр нэвтрүүлсэн болон нэвтрүүлэхийг завдсан гэсэн хоёр нөхцөлийг заасан байх ба, иргэн Э.Т, Н.Б нарт холбогдох зөрчлийн тухайд энэхүү хэм хэмжээний нэвтрүүлэхийг завдсан гэх нөхцөлд хамаарна гэх тайлбарыг эрх бүхий албан тушаалтнаас гаргаж байна.
Зөрчилд холбогдогч жолооч нар нь хилийн шалган нэвтрүүлэх цогцолбор доторх гаалийн хяналт шалгалтын талбайд хүрэлцэн очоогүй, гаалийн харилцаанд ороогүй, цагдаагийн байгууллагаас хилийн 2-ын хаалтан дээрээс саатуулан буцаасан нь дээр дурдсанаар тогтоогдож байх боловч тэдний зүгээс холбогдох барааг Монгол Улсын хилээр гарах зорилгоор тээврийн хэрэгсэлдээ нуун далдалсан нь тэдний өөрсдийн болон холбогдох гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог бөгөөд тухайн тээврийн хэрэгслээрээ хил хамгаалах албаны эхний хяналтын цэгээр нэвтрэн улмаар гаалийн хяналтын бүсээр дамжин БНХАУ-ын хил рүү зорчих хөдөлгөөнийг нэгэнт эхлүүлсэн үйл баримт дээр дурдсанаар тогтоогдсон тул Э.Т, Н.Б нарыг ...гаалийн хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдэл гаргасан гэж үзэхээр байна.
Гомдол гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс, эрх бүхий албан тушаалтны хураан авсан барааг ...тарифын бус хязгаарлалт тогтоосон барааны жагсаалтад байхгүй хэмээн маргасан бол, хариуцагчаас тухайн бараа нь Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам-д хамаарахгүй мөн Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т зааснаар гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийх бараа тул мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-т заасан ... бусад арга хэмжээ гэсэн заалтын дагуу тарифын бус хязгаарлалтад хамаарч байгаа бараа хэмээн тайлбарлаж байна[11][11].
Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-т тарифын бус хязгаарлалт гэж Монгол Улсын хилээр бараа нэвтрүүлэхийг хориглох, эсхүл эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, тоон хязгаарлалт тогтоох болон бусад арга хэмжээг ойлгохоор, 8 дугаар зүйлийн 8.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурал улсын хилээр оруулах, гаргахыг хориглох барааны, Засгийн газар тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны жагсаалтыг тухайн барааны ангиллын кодыг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн дагуу зааж тус тус батална, 8.7-д Гаалийн удирдах төв байгууллага гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан барааны тухай нийтэд мэдээлнэ гэж тус тус заажээ.
Зөрчилд холбогдох бараа болох катализатор нь эрх бүхий этгээдээс баталсан Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарлалт тогтоосон барааны жагсаалт түүнчлэн Гаалийн ерөнхий газрын нийтэд мэдээлсэн тухайн барааны жагсаалтад байхгүй байх бөгөөд хариуцагчаас үүнийг үгүйсгээгүй, харин бусад арга хэмжээ гэдгээр хамаарна гэх тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан ч энэ талаараа үндэслэл бүхий тайлбар гаргаж эх сурвалжаа заан нотлоогүй болно.
Мөн хариуцагч албан тушаалтан нь тухайн зөрчлийг шалган шийдвэрлэж шийтгэл оногдуулахдаа Гаалийн төв лабораторийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №0120001586 тоот магадлан шинжилгээний дүгнэлтийг үндэслэн хязгаарлагдсан бараанд хамааруулсан, уг дүгнэлт дэх бараа нь Э.Төр-Э, Н.Б нарын тээврийн хэрэгслээс хураасан бараатай ижил төрлийн бараа бөгөөд тухайн дүгнэлтийн хугацаа гарсан өдрөөсөө хойш нэг сарын хугацаанд хүчинтэй тул дахин дүгнэлт гаргуулалгүйгээр уг дүгнэлтийг үндэслэсэн гэх тайлбарыг гаргаж холбогдох дүгнэлтийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн ба тухайн дүгнэлт[12][12] нь иргэн Э.Эийн мэдүүлсэн экспортын бараанаас 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр авсан дээжийг үндэслэн гарсан 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дүгнэлт байх бөгөөд шинжилгээний үр дүн: автомашины яндангийн ашиглагдсан шүүлтүүр, цагаан алт-2.67 мг/кг, паллади-1.42% (14195 мг/кг), Ангиллын код 71122000, тайлбарт: хязгаарлагдсан бараанд хамаарна гэж тэмдэглэгджээ.
Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/226 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Бараанаас сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ, хийж дүгнэлт гаргах журам-ын 1.2-т Гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд гаалийн хяналт, бүрдүүлэлт хийх явцад нарийн мэргэжлийн тусгай мэдлэг шаардагдах, гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох тохиолдолд магадлан шинжилгээ хийнэ 3.1-д ...гаалийн байгууллага, албан тушаалтан нь магадлан шинжилгээ хийх тухай шийдвэрт тухайн барааны улсын хилээр нэвтрүүлэх тоо, хэмжээг бичнэ, 5.2-д Гаалийн лабораториос гаргасан магадлан шинжилгээний дүгнэлт нь зөвхөн тухайн гаалийн байгууллагаас ирүүлсэн сорьц, дээж, загварт хүчинтэй, 5.23-т Тухайн дүгнэлтэд хамаарах барааны тоо хэмжээ гаалийн бүрдүүлэлт хийгдэж дууссан тохиолдолд дүгнэлтийн хугацаанаас үл хамааран дүгнэлтийн үйлчлэх хугацаа дуусгавар болно гэж журамлажээ.
Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Гаалийн төв лабораторийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №0120001586 тоот магадлан шинжилгээний дүгнэлтийн хүчинтэй хугацаа нь 1 сар буюу 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл гэж тэмдэглэгдсэн тухайн үйлдэл нь энэ хугацааны дотор буюу 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гарсан хэдий ч холбогдох журмын дээрх зохицуулалтуудаас үзвэл магадлан шинжилгээний дүгнэлт нь зөвхөн тухайн дээж, сорьцдоо хамаарах тодорхой тооны бараанд хүчинтэй байх тул хариуцагчаас зөрчлийг шалган шийдвэрлэхдээ үндэслэл болгосон гэх №0120001586 тоот дүгнэлт нь эрх бүхий албан тушаалтны шалган шийдвэрлэсэн тухайн зөрчилд хамааралгүй байна.
Дээрхээс үзвэл тухайн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11-д заасан ...тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг ... гаалийн хилээр хууль бусаар ... нэвтрүүлэхийг завдсан гэх зөрчлийн шинжийг агуулаагүй (холбогдох бараа нь тарифын бус хязгаарлалт тогтоосон бараа гэж үзэх үндэслэлгүй тул) харин Нийслэлийн Прокурорын газрын тогтоолуудад[13][13] дурдсанаар мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан зөрчил гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрх бүхий албан тушаалтан нь холбогдох байгууллагаас шилжүүлэн ирүүлсэн зөрчлийн талаарх материалыг хүлээн авч шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж албадлагын арга хэмжээ авахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна, 1.3-т тухайн үйлдэл, ... нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх-ийг тогтоолгүй үйлдлийг буруу зүйлчилснээс тухайн зөрчилд хамааралгүй албадлагын арга хэмжээг авч, бусдын эд зүйлийг хурааж шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Дээрх нөхцөл байдлаас үзвэл хариуцагч гаалийн улсын байцаагчид, тухайн зөрчилд холбогдох барааг хураан авах үндэслэл байгаагүй байх боловч тэрээр барааг хураах албадлагын арга хэмжээг нэгэнт авч хэрэгжүүлсэн, гомдол гаргагчаас уг шийдвэртэй нь холбогдуулж маргаан үүсгэсэн тул уг албан тушаалтнаас энэхүү албадлагын арга хэмжээг авахдаа хуулиар тогтоосон журмыг баримталсан эсэх энэ нь мөн гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх асуудлаар зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэв.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино, 1.3 дугаар зүйлийн 1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь зөрчил хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана, 7.3 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуульд заасан албадлагын арга хэмжээ авах үндэслэл байгаа эсэхийг шалган тогтооно хэмээн заажээ.
Мөн дээрх хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-т Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ ... шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, ... хураан авсан, ... эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана, 4.5 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалган тогтоох зорилгоор ... зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг хэрэгсэл, ... /-ийг/ хураан авна, 6-д Хураан авсан эд зүйл, ... /-ийн/ жагсаалт, тэмдэглэлийг хураалгасан болон тухайн ажиллагаанд байлцсан хүнээр гарын үсэг зуруулж, хувийг эд зүйлийн эзэмшигч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид даруй гардуулна хэмээн зөрчил шалган шийдвэрлэж албадлагын арга хэмжээ авах ажиллагааг нарийвчлан зохицуулжээ.
Гэтэл хэрэгт нотлох баримтаар авагдсан зөрчлийн хэргийн материал дахь холбогдох нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт[14][14] албадлагын арга хэмжээний талаар буюу зөрчил шалгах ажиллагааны явцад хураан авсан эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар огт тусгаагүй байх бөгөөд хариуцагч албан тушаалтнаас ...зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсанд албадлагын арга хэмжээний талаар тусгах боломжгүй, учир нь батлагдсан маягт /Шийтгэлийн хуудас/-нд албадлагын арга хэмжээний талаар бичигдээгүй байдаг тул миний хувьд барааг хураахдаа Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 679 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудас-аар (0006702, 0006703 дугаартай) холбогдох барааг хураан авч, улсын орлого болгон зөрчлийг нэг мөр шийдвэрлэсэн гэх тайлбарыг гаргаж байна.
Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 679 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Маягт №4 буюу Бараа тээврийн хэрэгслийг хураах хуудас-ыг тухайн тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Гаалийн бүрдүүлэлт, санхүүгийн үйл ажиллагаанд хөтлөгдөх маягт, түүнийг бүрдүүлэх журам-ын хоёр дахь хэсэгт зааснаар Гаалийн тухай хуулийн 290.2 дахь хэсгийг үндэслэн бараа, тээврийн хэрэгслийг хураасан тохиолдолд 3 хувь үйлдэж, ... 3 дугаар хувийг зөрчил гаргагчид өгөх-өөр заажээ.
Зөрчилтэй барааг хураасан шийдвэр болох 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн огноолсон Бараа тээврийн хэрэгслийг хураах хуудас-уудыг судлан үзэхэд 0006702 дугаартай баримтаар[15][15] Э.Т-ийн тээврийн хэрэгсэлдээ нуусан гэх 418 ширхэг катализаторыг, 0006703 дугаартай баримтаар[16][16] Н.Б ын тээврийн хэрэгсэлдээ нуусан гэх 399 ширхэг катализаторыг хураан авч эрх бүхий албан тушаалтан болон барааг хүлээн авсан этгээд болох З дэх Гаалийн газрын Улсын орлогын нярав тус тус гарын үсэг зурж, гаалийн улсын байцаагчийн тэмдэгээр баталгаажуулсан байх бөгөөд тухайн баримтуудад барааг хураалгасан этгээдүүд болох Э.Т, Н.Б нарын гарын үсэг зурагдаагүй, тэдгээрт танилцуулсан эсэх талаар тэмдэглэгдээгүй улмаар барааны эзэмшигч М.Өд хувийг гардуулаагүй, хүргүүлээгүй мөн мэдэгдээгүй болох нь эрх бүхий албан тушаалтны шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгаагаас гадна барааг хурааж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлд хүчингүй болсон Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4.3, 7.3 гэсэн заалтыг баримталжээ.
Дээрхээс үзвэл хариуцагч албан тушаалтны зөрчлийг шалган шийдвэрлэж албадлагын арга хэмжээ авсан үйл ажиллагаа нь зөрчлийг шалгах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино гэсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зорилт болоод Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь тус хуулийн дагуу явагдах талаарх нийтлэг зохицуулалтыг зөрчсөн хууль бус үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч З дэх Гаалийн газрын хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагчийн албадлагын арга хэмжээ авч барааг хураасан шийдвэр болох 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0006702, 0006703 дугаартай Бараа тээврийн хэрэгслийг хураах хуудас-ыг тус тус хүчингүй болгож, хураагдсан бараа болох 817 ширхэг катализаторыг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авч, гомдол гаргагчид буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч М.Ө-гийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, З дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0006702, 0006703 дугаартай Бараа тээврийн хэрэгслийг хураах хуудас-ыг тус тус хүчингүй болгож, хураасан бараа болох 817 ширхэг катализаторыг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан гомдол гаргагч М.Ө-д буцаан олгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.1-д заасныг баримтлан М.Ө-гийн З дэх Гаалийн газрын хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0241945 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч Э.Т нь шүүхэд гаргасан З дэх Гаалийн газрын хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0241945 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах М.Ө гийн эд хөрөнгө болох нүүрсэн яндангийн катализаторыг хууль бусаар хураан битүүмжилж, улсын орлого болгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах гомдлын шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу гомдол гаргагч М.Ө гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 (гучин таван мянга нэг зуу) төгрөг гаргуулж, гомдол гаргагч М.Ө д буцаан олгосугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг болон мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2-т зааснаар давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СИЙЛЭГМАА
[1][1] Хавтаст хэргийн 1-3-р хуудас,
[2][2] Хавтаст хэргийн 69-р хуудас,
[3][3] Хавтаст хэргийн 7-8, 41, 100- хуудас, Зөрчлийн материалын 12, 29-30-р хуудас,
[4][4] Зөрчлийн материалын 18-р хуудас,
[5][5] Зөрчлийн материалын 22-р хуудас,
[6][6] Зөрчлийн материалын 19-20, 22-23-р хуудас,
[7][7] Зөрчлийн материалын 31-41-р хуудас,
[8][8] Зөрчлийн материалын 42-73-р хуудас,
[9][9] Хавтаст хэргийн 101-106-р хуудас,
[10][10] Хавтаст хэргийн 53-54-р хуудас,
[11][11] Хавтаст хэргийн 130-р хуудас,
[12][12] Хавтаст хэргийн 55, 116-р хуудас,
[13][13] Хавтаст хэргийн 25, 27-р хуудас,
[14][14] Хавтаст хэргийн 43-44-р хуудас, Зөрчлийн материалын 18, 21-р хуудсанд эх хувиар,
[15][15] Хавтаст хэргийн 99-р хуудас,
[16][16] Хавтаст хэргийн 98-р хуудас,