| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 106/2019/0114/Э |
| Дугаар | 244 |
| Огноо | 2020-02-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.2., 10.1.2.1., 10.1.2.5., 10.1.2.7., 10.1.2.11., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 244
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Баясгалан,
шүүгдэгч Ө.Г, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,
шүүгдэгч Ө.О, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, А.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Г, шүүгдэгч Ө.О нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Ө.Г, Ө.О нарт холбогдох 1805016140265 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны Өршөөл үзүүлэх хуулиар 3 жил хорих ялыг өршөөн хасаж, 2007 оны 2 дугаар сарын 12-ны өдөр эдлээгүй үлдсэн 9 сар 26 хоног хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,
Сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 60.000 төгрөг хурааж, 10 жил 5 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан гэх,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар нийт 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2007 оны 3 дугаар сарын 06-ны өдөр эдлээгүй үлдсэн 5 жил 5 сар 9 хоног хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлсэн,
Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар эдлээгүй үлдсэн 10 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялаас чөлөөлж суллагдсан гэх,
Шүүгдэгч Ө.Г нь Ө.Отай бүлэглэн, 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ... тоотод 82 настай М.Дг өндөр настай, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, биед нь байсан бэлэн мөнгийг авахаар өөртөө, бусдад эдийн ашигтай байдлыг бий болгох зорилгоор зодож, гавал тархинд зүүн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цусан хураа болон зүүн талын 3, 4, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал зэрэг гавал тархи, цээжний хавсарсан олон тооны гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар санаатай алсан,
2017 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Булган аймгийн ... тоотод оршин суух иргэн Б.Бийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт нь нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 650.622 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 3 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, ... тоотод оршин суух иргэн Г.Бгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт нь нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 190.800 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ө.О нь Ө.Гтай бүлэглэн, 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ... тоотод 82 настай М.Дг өндөр настай, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, биед нь байсан бэлэн мөнгийг авахаар өөртөө, бусдад эдийн ашигтай байдлыг бий болгох зорилгоор зодож, гавал тархинд зүүн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цусан хураа болон зүүн талын 3, 4, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал зэрэг гавал тархи, цээжний хавсарсан олон тооны гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн Прокурорын газраас: Ө.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.7, 2.11 дэх заалт, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,
Ө.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.7, 2.11 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э овогт Өгийн Г, Э овогт Өгийн О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.7, 2.11-т зааснаар хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж, онц харгис хэрцгийгээр, өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэмт буруутайд, шүүгдэгч Э овогт Өгийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.7, 2.11-т зааснаар шүүгдэгч Ө.Г, Ө.О нарт тус бүр 15 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ө.Гад 2 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.7, 2.11-т зааснаар оногдуулсан 15 жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ө.Гын биечлэн эдлэх ялыг 17 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ө.Оад оногдуулсан 15 жил хорих ял, Ө.Гад оногдуулсан 17 жил хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Оын цагдан хоригдсон 635 хоног, Ө.Гын цагдан хоригдсон 638 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.О, Ө.Г нараас тус бүр 2.103.610 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхбаатарт, шүүгдэгч Ө.Гаас 650.622 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бэд, 190.800 төгрөг гаргуулж хохирогч Г.Бд тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхбаатар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу эд мөрийн баримтаар хураагдсан 20 см урттай шар өнгийн иштэй 1 ширхэг бахь, улаан хүрэн зүйлийн өнгөөр бохирлогдсон, талийгаачийн хувцас болох “бор өнгийн ноосон цамц, хар өнгийн өмд, цагаан саарал өнгийн өмд, хар хөх өнгийн судалтай цамц, цэнхэр өнгийн футболк, цэнхэр өнгийн дотоож, хар хөх өнгийн 2 хос оймс зэрэг нийт 7 ширхэг хувцас, бусад зүйлс хэргийн газраас марлонд бэхжүүлж авсан 1 ширхэг цусны дээж, 2 ширхэг “Түмний хишиг” нэртэй архины шил, улаан өнгийн паск /түрийвч/ зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ө.О гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг хүн амины хэрэгт Ө.Гтай бүлэглэж, хамтарч үйлдсэн гэж яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрч Ч.Мятав мөрдөн шалгах ажиллагаанд “...Тухайн айлын эмэгтэй “манайд хамт архи уусан Ө.Г нь өвгөнийг зодсон” гэж хэлж байсан.” гэж мэдүүлсэн. Мөн гэрч А.Алтансувд, Алтанзул, Ө.Мөнхбат нарын мэдүүлж байгаагаар О.О намайг уг хүн амины хэрэгт хамтарч, бүлэглэж оролцоогүй гэдэг нь нотлогдож байна. Тухайн хэрэг болсон өдөр би ахындаа очсон гэдгийг гэрч Д.Оюунгэрэл, Ө.Мөнхбат нар гэрчилж байгаа. Би мөрдөн шалгах ажиллагаанд камерын бичлэг болон намайг гэрчлэх гэрчүүдийг зааж өгий гэж удаа дараа хүсэлт гаргаж байсныг минь хүлээж аваагүй. Би энэ хэрэгт оролцоогүй, хамтраагүй. Мөн гэрчүүдийн мэдүүлгээр хэрэг гарах үед намайг өөр газар өөр хүмүүстэй байсан гэдгийг мэдүүлсэн. Мөн өөр гэрчүүд ч байгаа. Үүнийг удаа дараа прокурор, мөрдөгч нарт хэлж байсан. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ө.Г гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, эрх зүйн байдлыг минь илтэд дордуулсан нөхцөл байдлууд мөрдөн шалгах ажиллагааны явцад бий болж улмаар хэт нэг талыг баримталсан, хэрэгт ач холбогдолтой гэрч нарын мэдүүлгийг авахдаа хуулийн хэллэгээр мэдүүлгийг бүрдүүлж, ажлын онцлогтоо тохируулан хөтөлж байцаасан асуудлууд байхад зөвхөн яллах талыг чухалчилж, бусад шаардлага нөхцөл байдлыг огтхон ч анзаарч үзэлгүй орхигдуулсан зэргээс хамаарч эрх зүйн байдалд минь сөрөг үр дагавар үүссэн. Миний бие тухайн гэмт хэрэгт хуулийн дагуу үнэн зөвийг тогтоолгох хүсэлтийг шат шатны байгууллагад өргөдөл гаргаж байсан боловч бодит асуудлыг үр дүнтэйгээр шударга зарчмаар шалгаж өгөөгүйгээс үүдэлтэйгээр дахин хорих ял авсан. Гэрч Алтанзул нь мэдүүлгийг илтэд зөрүүтэй өгч бодит байдлаас зөрсөн. Намайг шөнө 04 цагийн үед гэрт нь ороход амь хохирогчийн утас нь толгойных нь хажууд байсан. Түүнчлэн, Алтанзул нь үнэнийг ярихгүй хэн нэгний нөлөөнд автан, буруу мэдүүлэг өгсөн. Мөн прокурор, мөрдөгч нар нь бодит байдлыг тал бүрээс нь нягтлан авч үзэлгүй, хэтэрхий нэг талыг баримтлан өөрсдийн ажлын онцлогт тохируулан асар их учир дутагдалтай мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Зөвхөн өмнөх гэмт хэрэгт холбогдож байснаар үнэлэлт, дүгнэлтийг өгч, шууд яллах талыг авч үзэн дүгнэж, онц хүнд зүйл ангиар гэр бүлийн төрсөн дүү Ө.Оыг минь хүн амины хэрэгт яллаж байгаа нөхцөл байдлыг хууль эрх зүйн хүрээнд судлан авч үзэн бодит хэргийн нөхцөл байдалд тохирохгүй зүйл ангиар ялласан асуудалд гомдолтой байна. Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Тус гэмт хэргийг миний бие анхнаасаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байна. Гэрч Алтанзулын мэдүүлгээс үүдэлтэйгээр дүү Ө.О нь хүний амь насыг хохироосон гэмт хэргийн холбогдогч болон хорих ял авсан асуудалд маш их харамсаж байна. Миний хувьд болон дүү Ө.Оад минь гэрч Алтанзул нь хувийн өш хонзон байхгүй. Түүнчлэн, уг хэргийн нөхцөл байдлыг яагаад үнэн зөвөөр нь мэдүүлэхгүй байгаа шалтгааныг тодорхойлуулахыг хүсэж байна. Мөн өнөөдрийн байдлаар хүний амь нас хохирсон байхад утсаар ярьж, эд зүйлсийг сольж, хэргийн үнэн зөв байдлыг төөрөгдүүлж, үүнээс шалтгаалан дүү Ө.О нь хүн амины хэргийн холбогдогч болж буй асуудлыг хуулийн дагуу тогтоолгох хүсэлтэй байна. Шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн гэрч Алтанзулын мэдүүлэг, шүүх хуралдааны бичлэг зэргийг шинжлэн судлуулах хүсэлтэй байна. ...Би амь хохирогчийг зодоод гарахад Алтанзул бүгдийг мэдэж байсан. Би гарахдаа Алтанзулд “Би мэдэхгүй гэж хэлээрэй”, “Би эргэж ирнэ” гээд гараад явсан. Би эргээд шөнийн 4 цагт очиход Алтанзул, түүний охин Алтансувд, манай дүүгийн хүүхэд гурвуулаа байсан. Би авч явсан хонины махаа үлдээгээд мөн амь хохирогчийг эргэж тойрч байгаарай, би 1 дэх өдөр ирнэ гээд явсан. Би хэрэг хийдэг өдрөө тэр айлаас гарч яваад хулгай хийсэн. Хулгайлсан эд зүйлээ Алтанзулынд авчирсан. Тиймээс л Алтанзул, түүний охин Алтансувд нь үнэнийг хэлэхгүй байгаа юм. Мөн хэрэгт ач холбогдолтой болох нотлох баримт, гэмт хэргийн оролцоо, нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг зөв тодорхойлж өгнө үү. Надад холбогдох хэргийг шударга зарчмын хүрээнд шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ө.Оын өмгөөлөгч Ж.Баяржавхлан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ө.Оын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэг учрал болох үед амь хохирогч, шүүгдэгч нартай хамт байсан гэрч Алтанзул хэргийн талаар мөрдөн байцаалтын шат болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед удаа дараа тогтвортой мэдүүлсэн гээд гэрч Алтанзулын “... би яг зодож байхыг хараагүй, согтоод унасан байсан. Г, О нар мөнгөний талаар ярилцаж байсан. Мөнгийг нь авах гээд ийм зүйл хийсэн байх гэж бодож байна” гэх агуулга бүхий мэдүүлгийг үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн. Гэрч Алтанзулын хувьд хэрэг учрал болж байх үед буюу амь хохирогчийг зодож байх үед согтуу байсан, сүүлд сэрсэн гэдэг мэдүүлгийг өгсөн байдаг. Анхан шатны шүүхээс Ө.Оыг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхдээ Отгонцэцэг болон Эрхэсхулан гэх хүмүүсийн мэдүүлгийг үндэслэсэн. Эдгээр хүмүүс мөн л гэмт хэрэг үйлдэх үед байгаагүй. Отгонцэцэг гэх хүн дам дамаар ярьсан яриаг үндэслэж мэдүүлэг өгсөн байдаг. Эрхэсхулангийн хувьд ч гэсэн шууд бус гэрчийн мэдүүлэг өгсөн. Харин шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Ө.Оын өөрийн мэдүүлсэн “хэдэн цагийн үед би гарсан, намайг гарахад нөхцөл байдал ийм байсан” гэх мэдүүлэг нь нотлогдсоор байтал анхан шатны шүүхээс эдгээр зүйлсийг үнэлээгүй. Өөрөөр хэлбэл, Ө.О тухайн гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь нотлогдохгүй байсаар байтал түүнд ял оногдуулсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасныг баримталж шүүгдэгч Ө.Оыг цагаатгах бүрэн үндэслэл байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ө.Оыг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ө.Гын өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ө.Гын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11-т зааснаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрдөггүй. Хэрэгсэхгүй болгох байр суурьтайгаар удаа дараа анхан шатны шүүх хуралдаанд орж байсан. Бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор эд зүйлийг нь аваагүй, хохирогчоос ямар нэгэн эд зүйл авсан асуудал байхгүй. Цагдаагийн байгууллагад баригдах үед нь ч биеэс нь мөнгө болон эд зүйл гарч ирээгүй. Хулгай хийж мөнгөтэй болсон гэх мэдүүлгийг удаа дараа өгч байсан. Уг хэргийн гол гэрч болох Алтанзул “уг хоёр хүн дээрэм хийсэн байх, мөнгө хэрэгтэй байна гэж ярьж байсан” гэдэг л мэдүүлэг өгсөн. Уг мэдүүлэгт үндэслэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар давхар зүйлчилсэн. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан буюу бүлэглэсэн асуудлыг хүлээн зөвшөөрдөггүй. Гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд О өөр газар байсан гэдгийг гэрч Мөнхбат, Оюунгэрэл нар гэрчилдэг. О хэрэг үйлдэх үедээ ганцаараа байсан гэж удаа дараа мэдүүлдэг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11 дэх заалтад заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор А.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгч нарт оногдуулсан ял, эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдэгдсэн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхбаатарын “машин дотор байхад нь та юу болов гэж асуухад талийгаач хариуд нь эд нар намайг зодож, дээрэмдлээ гэж хэлсэн” гэх мэдүүлгийг өгсөн байдаг. Энэ мэдүүлгээс гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэлт зорилго үндсэндээ тодорхой болсон. Ө.Оаас талийгаачийн биед байсан эд хөрөнгө гарч ирсэн. Эдгээрээс үзэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Г, Ө.О нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулан, Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэжээ.
Прокуророос шүүгдэгч Ө.Г, Ө.О нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс амь хохирогч М.Дг өндөр настай, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож, олон тооны гэмтэл учруулсан, улмаар Ө.О нь хохирогчид байсан бэлэн мөнгө 860.000 орчим төгрөгийг авсан, амь хохирогч олон тооны гэмтлийн улмаас нас барсан гэх үйл баримтыг цаг хугацааны дараалал, хамаарлын хувьд хангалттай нотолсон баримт хэрэгт авагдсан эсэх талаар бодитой дүгнэлт хийгээгүй байна.
Шүүгдэгч Ө.О, Ө.Г нар нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “Амь хохирогчийг зодсон”, “Түлхэж унагаачихаад гарсан”, Ө.Г нь “Би ганцаараа цохиж, зодсон”, Ө.О нь “Талийгаачийн мөнгийг аваад түлхчихээд гарсан”, “Өөрөө надад мөнгөө өгсөн” гэх зэргээр зөрүүтэй мэдүүлгүүдийг өгч байжээ.
Гэтэл анхан шатны шүүх шүүхийн дүгнэлтэд нөлөөлөх “Хохирогчийг санаатай алах үйлдэл хийсний дараа бэлэн мөнгийг авсан уу, эсхүл хохирогчийн мөнгийг авах зорилгоор амь биед нь халдсан уу” гэх хэргийн нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр “архи авч уух мөнгийг амь хохирогч гаргаж байсан, улмаар Ө.О нь амь хохирогчид байсан 850.000 төгрөгийг авч явсан, амь хохирогч М.Д зодуулсны улмаас олон тооны шарх, гэмтэл авч нас барсан үйл баримт тогтоогдсон” гэж хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Мөн шүүгдэгч Ө.О нь амь хохирогчийн бэлэн мөнгө 860.000 төгрөгийг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алсан” гэж дүгнэн зүйлчилсэн нь хуулийн энэхүү заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлд хамаарна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алах гэмт хэргийн гол шинж нь хүнийг алснаар тухайн гэмт этгээд болон бусдад эдийн болон эдийн бус ямар давуу тал, ашигтай нөхцөл байдал бий болох үр дүнг урьдчилан тооцоолсноор хүнийг санаатай алахад чиглэсэн гэмт үйлдэл хийх, өөрөөр хэлбэл хүнийг санаатай алах үйлдэл хийхээс өмнө эдийн засгийн хувьд давуу байдал олж авах сэдэлт үүссэн байх, гэмт этгээдийн хувьд гэмт хэргийн үр дагавраас хамаарч эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгоно гэсэн субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл тогтоогдсон байх явдал юм.
Гэмт хэргийн дээрх шинж, нөхцөл байдал тогтоогдоогүй буюу эд хөрөнгийг авсны дараа амь хохирогчийн амь биед халдаж, цохиж зодсон бол хоёр өөр төрлийн хэргийн зүйлчлэлийн асуудал яригдахаар байна. Энэ талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана”, “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тодорхой зохицуулжээ.
Амь хохирогч М.Дгийн бэлэн мөнгө 860.000 орчим төгрөгийг шүүгдэгч Ө.Г, Ө.О нарын хэн нь хэрхэн авсан эсэх, хохирогчийн эд хөрөнгийг авахаар довтлох үед амь биед нь аюултай ямар үйлдлүүдийг хийсэн эсэх, уг довтолгоо эхлэх үед хохирогч амьд байсан эсэх, амь хохирогч бусдад зодуулснаас хойш хэдий хугацааны дараа нас барсан зэрэг нөхцөл байдлуудыг тогтоох нь шүүгдэгч Ө.Г, Ө.О нар нь хохирогчийн эд хөрөнгийг дээрэмдсэн, санаатай алсан гэх хэрэгт гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд гол ач холбогдолтой болно. Гэтэл эдгээр үйл баримт тогтоогдож буй эсэх болон ямар нотлох баримтуудыг үндэслэл болгосон талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Иймд дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулан, Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ө.Г, Ө.О нарт холбогдох эрүүгийн 1805016140265 дугаартай хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанаас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг дахин шалгуулах, хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэхээр прокурорт буцаасан тул шүүгдэгч Ө.Г, Ө.О нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлыг нэг мөр сайтар шалгаж тодруулах нь зүйтэй болохыг энэхүү магадлалд дурдаж байна.
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Ө.Г, Ө.О нарт холбогдох эрүүгийн 1805016140265 дугаартай хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очтол Ө.Г, Ө.О нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Ц. ОЧ