Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 102/2019/02926/И |
Дугаар | 001/ХТ2022/00629 |
Огноо | 2022-05-24 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2022/00629
“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00797 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1263 дугаар магадлалтай,
“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ийн нэхэмжлэлтэй,
“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д холбогдох
Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16063/ 83Б байрны 105А тоотод байршилтай 47,02 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх, олох байсан орлого 23,712,000 төгрөг гаргуулах үндсэн, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунаагийн гаргасан гомдлоор
Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунаа, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д холбогдуулан Баянгол дүүрэг 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16063/ 83Б байрны 105А тоотод байршилтай 47,02 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх, олох байсан орлого 24,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олох байсан орлогын хэмжээг 23,712,000 төгрөг болгон багасгасан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00797 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16063/ 83Б байрны 105А тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205047381 дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай 47,02м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч Адуучин овогт “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлээс 23,712,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гийн нэхэмжлэлтэй Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16063/ 83Б байрны 105А тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205047381 дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай 47,02 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-т холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 810,900 төгрөгөөс 348,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 462,750 төгрөг, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-т олгож, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1263 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00797 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гийн эцэг Л.Баттогтохын эрх ашиг хөндөгдсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байхад энэ талаар үнэлж дүгнэлт хийлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисонд гомдолтой байна. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.18-ны өдрийн 102/ШШ2020/00797 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.12-ны өдрийн 1263 дугаар магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч тал “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ээс хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д холбогдуулан Баянгол дүүрэг 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16063/ 83Б байрны 105А тоотод байршилтай 47,02 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх, олох байсан орлого 23,712,000 төгрөг гаргуулахаар шаардсан, хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх маргаан бүхий орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, 23,712,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.
8. Нэхэмжлэгчээс “...би уг 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. 2015 оны 9 дүгээр сард тус орон сууцыг худалдахаар тохирч, Л.Баттогтохын эзэмшилд шилжүүлсэн. Л.Баттогтохтой төрөл садангийн холбоотой байсан тул түүнд итгэн байрыг шилжүүлсэн бөгөөд 2015 оны 9 дүгээр сараас өнөөдрийг хүртэл Л.Баттогтохын хүү болох “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” амьдарч байна. Тухайн үед орон сууцны худалдах үнийг 75,000,000 төгрөгөөр тохиролцож байсан боловч огт төлбөр төлөөгүй, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гийн хууль бус эзэмшлээс байрыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардаж байсан боловч шаардлагыг биелүүлээгүй. 2015 оны 9 дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сар хүртэлх буюу 48 сарын хугацаанд бусдад түрээсэлсэн бол олох ёстой байсан орлогыг нэг сарын 500,000 төгрөгөөр тооцон нийт 24,000,000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэснийг,
хариуцагч эс зөвшөөрч “... “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ийн төрсөн ах Л.Баттогтох нь миний төрсөн эцэг бөгөөд 2015 оны 9 дүгээр сард аав маань өөрийн эзэмшдэг нэг хүний гишүүнтэй ашигт малтмалын хайгуулын XV-019529 дугаартай тусгай зөвшөөрөлтэй “Очир-Адъяа” ХХК-ийг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-т 2 ширхэг, 2 өрөө орон сууцаар зарахаар болж, нэг байрыг нь өгсөн. Иймд нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь Л.Баттогтохтой хэлцэл хийсэн, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” хэлцэл хийгээгүй... Орон сууцыг Л.Баттогтоход өгсөн атал “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гаас байрыг нэхэмжилж, хариуцагчаар татсан нь үндэслэлгүй... Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж,
сөрөг нэхэмжлэлдээ “...миний төрсөн эцэг Л.Баттогтох нь “Очир-Адъяа” ХХК-ийн захирал бөгөөд 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан. “Очир-Адъяа” ХХК-ийн нэр дээр Төв аймгийн Алтанбулаг сумын богины ам нэршилтэй 73 га газрыг ашигт малтмалын хайгуулын ХҮ-019529 дугаартай тусгай зөвшөөрлийн хамтаар 2015 оны 9 дүгээр сард “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ийн хүсэл зоригоор Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.3 дахь заалтуудыг үндэслэн хэлцэл хийж, тус компанийн 100 хувийн хувьцаа, тусгай зөвшөөрөл зэргийг шилжүүлж, оронд нь 2 өрөө бүхий 2 орон сууц авахаар тохиролцсон. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь 2015 оны 9 дүгээр сард урьдчилгаа болгон одоо миний амьдарч байгаа орон сууцыг миний эцэгт өгсөн бөгөөд дараа нь үлдсэн 1 орон сууцыг өгөхөөр болж компани болон тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан. Гэвч өнөөдрийг хүртэл “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.3 дахь заалтуудыг зөрчин байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээ өгөхгүй хохироосоор байна. Энэхүү орон сууц нь “Очир-Адъяа” ХХК болон тусгай зөвшөөрлийн хамт “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ийн өмчлөлд шилжүүлж өгсний үр дүнд бий болсон хөрөнгө юм. Өөрөөр хэлбэл, миний эцэг Л.Баттогтох “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-тэй хийсэн хэлцлийн үндсэн дээр уг байрыг авч, хүү нь болох “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” би тус байранд 2015 оны 9 дүгээр сараас өнөөдрийг хүртэл амьдарч байгаа тул миний бие өмчлөгч болох үндэслэлтэй хэмээн үзэж байна. Иймд тус байрны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү...” гэснийг
нэхэмжлэгч “... Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэг нь хариуцагчийг маргаан бүхий бүхий орон сууцны өмчлөгч гэж үзэх үндэслэл болохгүй. Анх нэхэмжлэгч болон Л.Баттогтох нарын хооронд орон сууц худалдах-худалдан авах тухай амаар хэлцэл хийгдэж байсан боловч орон сууцны эзэмшлийг шилжүүлж байгаа үйлдэл нь нэхэмжлэгчийн орон сууц худалдах хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж байгаа хэлбэр болохоос тухайн эд хөрөнгийн өмчлөгч болохыг хүлээн зөвшөөрсөн үйлдэл биш болно. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах талаар талуудын хүсэл зориг нэгдсэн боловч худалдан авагч тохиролцсон төлбөрийг төлөөгүй нь уг хэлцэл биелэгдэх боломжгүй нөхцөл байдлыг бүрдүүлж цаашлаад хууль ёсны өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөөр байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тус тус маргажээ.
9. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу өөрийн өмчийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, хэдийгээр хариуцагчаас “...миний эцэг Л.Баттогтох ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий өөрийн эзэмшлийн компанийг нэхэмжлэгчид шилжүүлж, оронд нь 2 өрөө, 2 орон сууцыг авахаар тохиролцсоны дагуу урьдчилгаа болгож уг орон сууцыг аман хэлцлийн үндсэн дээр шилжүүлж авсан...” гэж маргадаг ч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Тодруулбал, Л.Баттогтох нь өөрийн үүсгэн байгуулсан “Очир-Адъяа” ХХК-ийн эрх болон хувьцааг нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-т бэлэглэлийн гэрээгээр шилжүүлснийг улсын бүртгэлд бүртгэсэн баримт хэрэгт байгаа боловч энэ нь тухайн этгээдүүдийн хооронд маргаан бүхий орон сууцыг хариу төлбөрт нь өгөхөөр тохиролцсон гэдгийг нотлох баримт болж чадахгүй.
10. Харин анхан шатны шүүх “... хариуцагч нь орон сууцыг эзэмшилдээ байлгаж байгаагийн хувьд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д заасны дагуу эзэмшигч этгээд мөн...” гэж буруу дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс “...хариуцагчийн тухайд орон сууцыг өөрийн хүсэл зоригийн дагуу хууль ёсоор мэдэлдээ аваагүй, харин өөрийн эцгээс эрх олгогдсоны дагуу орон сууцанд амьдарч, эзэмшиж байсан тул Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар түүнд эзэмшил үүссэн гэж үзэхгүй...” гэж залруулсан нь үндэслэлтэй.
11. Нэхэмжлэлийн “олох ёстой олох байсан орлого 23,712,000 төгрөг гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, үүнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй болно.
12. Иймд, “... давж заалдах шатны шүүх “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гийн эцэг Л.Баттогтохын эрх ашиг хөндөгдсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байхад энэ талаар үнэлж дүгнэлт хийлгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисонд гомдолтой...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.
13. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас Л.Баттогтохыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангаж, гэрчээр асуусан, тэрээр өөрийнх нь эрх ашиг хөндөгдөж байгааг мэдсэн боловч уг маргаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэлтээ шүүхэд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00797 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1263 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД