Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 142/2020/00064/и |
Дугаар | 142/ШШ2020/00407 |
Огноо | 2020-03-23 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 142/ШШ2020/00407
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багт байрлах, “Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс /Регистрийн дугаар: 9042458, 91118948/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 5-5-63 тоотод оршин суух, “Х” ХХК /Регистрийн дугаар: 2798239/-т холбогдох
“Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 55,933,415.43 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хулан, Д.Буянбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагчийн өмгөөлөгч М.Г, прокурор Л.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х” ХХК нь 2017 оны 04 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сарын 31-нийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тайлагнаж байсан ч нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн хугацаанд төлөлгүй 37288943.62 төгрөгийн авлага үүсгэсэн байна.
Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр 37288943.62 төгрөг, түүнд ногдох алданги 18644471.81 төгрөг, бүгд 55933415.43 /тавин таван сая есөн зуун гучин гурван мянга дөрвөн зуун арван таван төгрөг наян нэгэн мөнгө/-ийг “Х” ХХК болон захирал Бархас овогтой Бүрэнтогтох нараас гаргуулж Нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Х” ХХК нь үр тариа боловсруулах, гурил үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Тус компани нийгмийн даатгалын шимтгэлээ цаг тухай бүрт нь төлдөг бөгөөд сүүлийн жилүүдэд эдийн засгийн хүнд нөхцөл байдалд орсны улмаас нийгмийн даатгалын шимтгэлээ зохих хугацаанд төлөөгүй нь үнэн боловч эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэсийн ногдуулсан 18,644,471.81 төгрөгний алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь “Х” ХХК компани одоогийн байдлаар эдийн засгийн хүнд байдлаасаа гараагүй байгаа тул алданги байтугай үндсэн шимтгэлээ ч төлөх санхүүгийн боломжгүй байна.
Иймд тус компанид ноогдуулсан алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар болон бичгийн баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Х” ХХК-наас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 37,889,943.62 төгрөг, түүнд ногдох алданги 18,644,471.81 төгрөг, нийт 55,933,415.43 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр 37,889,943.62 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алдангийг эс зөвшөөрч маргаж байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: “Х ХХК нь үр тариа боловсруулах, гурил үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлээ цаг тухай бүрд нь төлдөг байсан, сүүлийн жилүүдэд эдийн засгийн хүнд нөхцөл байдалд орсоны улмаас нийгмийн даатгалын шимтгэлээ зохих хугацаанд нь төлөөгүй нь үнэн” гэж тайлбарлаж байна.
Хариуцагч “Х” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаар 2017 оны 04 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт нийгмийн даатгалын шимтгэлд 37,288,943.62 төгрөг төлөөгүй болох нь талуудын гаргасан тайлбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, “Х” ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн өр барагдуулах тухай албан шаардлага зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлж барагдуулах талаар 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр № 21 тоот улсын байцаагчийн акт, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 07 дугаартай улсын байцаагчийн акт хүргүүлж байсан боловч хариуцагч шаардлагыг биелүүлээгүй байна.
Хариуцагч нь дээр дурдсан улсын байцаагчийн актад гомдол гаргаагүй тул улсын байцаагчийн акт хүчин төгөлдөр болсон байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах журамтай.
Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2-т зааснаар дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардах, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги ногдуулах эртхэй ба 18,644,471.81 төгрөгийн алданги ногдуулсан нь төлбөл зохих шимтгэлийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэсэн хуулийн заалттай нийцэж байна.
“Х” ХХК буюу ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-т зааснаар даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ тогтоосон хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх, 17 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ компани үйл ажиллагаагаа тогтвортой явуулаагүй, санхүүгийн хүндрэлтэй байдлыг харгалзан үзэж алдангийг хасч тооцож өгнө үү...” гэх тайлбар, татгалзал үндэслэлгүй, хуульд дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулахаар заасан байх тул хариуцагч байгууллагыг алданги төлөхөөс чөлөөлөх хууль зүйн үндэслэл байхгүй юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нийгмийн даатгалын шимтгэлийн өр 37,288,943.62 төгрөг, түүнд ногдох алданги 18,644,471.81 төгрөг, нийт 55,933,415.43 төгрөгийг “Х” ХХК-иас гаргуулж Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгох үндэстэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.2, 20 дугаар зүйлийн 1.2-д заасныг баримтлан “Х” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 37,288,943.62 төгрөг, түүнд ногдох алданги 18,644,471.81 төгрөг, нийт 55,933,415.43 төгрөг гаргуулан Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Х” ХХК-аас 437,617 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН