Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2022/00652

 

Ц.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 520 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 64 дүгээр магадлалтай,

Ц.Агийн нэхэмжлэлтэй,

Л.Аад холбогдох,

Улсын бүртгэлийн ........... дугаартай инженерийн шугам сүлжээний зориулалттай, улсын бүртгэлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, ........... дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, ........... дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнээс тус тус Л.Аын нэрийг хасуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Ц.Агийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.А, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш, хариуцагч Л.А, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Л.Аад холбогдуулан Улсын бүртгэлийн ........... дугаартай инженерийн шугам сүлжээний зориулалттай, улсын бүртгэлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, ........... дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, ........... дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнээс тус тус Л.Аын нэрийг хасуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 520 дугаар шийдвэрээр Улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5-д зааснаар Дархан сум 7 дугаар баг Алтангадасын 2 дугаар гудамж 8 тоот 267.0 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн ........... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, Дархан сум 7 дугаар баг Алтангадасын 2 дугаар гудамж 8 тоотод байршилтай инженерийн шугам сүлжээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн ...........54 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, Дархан сум 7 дугаар баг Алтангадасын 2 дугаар гудамж 8 тоот 807.0 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн ........... улсын дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөс хариуцагч Л.Аын нэр хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт хийхийг Дархан Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ааас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 64 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 520 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчид давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч Ц.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Ц.А миний бие 1999 онд Л.Атай гэр бүл болж, бидний дундаас Жавхлантөр, Бадамжавхаа нар төрсөн. Л.А нь хүүхэд харж байсан эгчийн охин болон миний дагавар охиныг бэлгийн дарамтад оруулж, мөн намайг болон үр хүүхдээ байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэлд байдаг байсан. Уг байдлаас шалтгаалан 2012 онд миний бие хөхний хорт хавдар өвчнөөр оношлогдож, хөхөө тайруулан удаан хугацаагаар хавдар судлалын үндэсний төвд эмчлэгдэх болсон бөгөөд энэ хугацаанд миний том охин Алтан-Эрдэнийг байнга оролдож бэлгийн харьцаанд орохыг шаардаж, хүчиндэх гэж оролдох болсон тул бид тусдаа амьдрах болсон. Миний бие хорт хавдар өвчний улмаас үхэл, амьдралын зааг дээр байсан, мөн намайг цагдаа, шүүхэд хандвал шууд ална гэж байнга заналхийлж, намайг болон үр хүүхдээ зоддог байсан тул айж гэрлэлтээ цуцлуулах боломжгүй байсан бөгөөд аргаа бараад өмгөөлөгчөөс зөвлөгөө авч шүүхэд хандаж, 2013.04.20-ны өдөр 386 дугаар шийдвэрээр бидний гэрлэлтийг цуцалсан. Гэрлэлт цуцлахаас өмнө болон дараа нь байнга намайг зодож, миний амь насанд халдахыг завдаж байсан бөгөөд миний үүдэн бүх шүдийг бүгдийг цөм цохисон, 2015.08.03-ны өдөр миний толгойруу заазуураар цавчиж, уг үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 4 жил чанга дэглэмтэй хорих ял эдэлсэн. Л.А нь 2018.12.24-ний өдөр суллагдсан цагаас эхлэн намайг дарамталж, гүтгэж цагдаа, прокурор, шүүхэд үндэслэлгүй өргөдөл өгч, тэр бүгдийг хааж шийдвэрлэсэн. Л.А төрсөн 2 хүүхдээ огт асуудаггүй, мөн тэтгэлэг төлдөггүй, сургуулийн төлбөр, бусад зүйлийн талаар тусалж дэмжихгүй атлаа намайг байнга дарамталж, гудамжинд гаргана гэж доромжилж, дарамтлах энэ байдлаас болж, миний эрүүл мэнд муудаж, миний 2 хүүхэд, би байнгын дарамт, айдас хүйдэстэй амьдрах болсон.

4.2. 2013.04.20-ны өдөр 386 дугаар шийдвэрт Л.Ааас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, мөн эд хөрөнгө дээрээ эвлэрч, охин Бадамжавхаа, хүү Жавхлантөр нартаа эд хөрөнгө үлдээнэ гэж тохиролцож, шүүхэд эвлэрлийн гэрээ байгуулж өгсөн. Шүүх шийдвэрлэхдээ одоогоор эд хөрөнгийн маргаангүй гэж шийдвэрлэсэн бөгөөд миний бие Л.Ааас салсан цагаас хойш өдөр, шөнөгүй хөдөлмөрлөн банкны зээл болон бусдаас авсан зээлийг төлж, барагдуулж, хүүхдийн сургалтын төлбөр, амьжиргааны бүх зардлыг өөрөө хариуцаж ирсэн.

4.3. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, ...Шүүхийн шийдвэрт дундын өмчтэй холбоотой эвлэрлийг батлаагүй, дундын өмчтэй холбоотой шаардлагыг шийдвэрлээгүй” гэж дурджээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчид эвлэрлийг гэрээг баталгаажуулж, шүүхэд гаргасан тохиолдолд батлах үүрэг нь шүүхэд байх бөгөөд шүүхийн шийдвэрт “Одоогоор эд хөрөнгийн маргаангүй” гэж заасан нь уг эд хөрөнгийн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн, хамтран өмчлөх дундын хөрөнгөтэй холбоотой дахин гомдол шүүхэд гаргах эрхгүй гэж ойлгоно. Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчийн маргааныг өөрсдөө шийдвэрлэх хууль зүйн боломжийн дагуу шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт уг байдлыг дурдсан, мөн тогтоох хэсгийн заалтаар эд хөрөнгийн маргаангүй гэж дурдсан байхад шийдвэрлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийг иргэн Ц.А боловсруулахгүй бөгөөд мэргэжлийн хуульч, шүүгчийн шүүхийн шийдвэрт “одоогоор эд хөрөнгийн маргаагүй” гэснийг үндэс болгож, өмчийн маргааныг шийдвэрлээгүй гэж дүгнэж байгаа нь гайхахын зэрэгцээ хэргийг шийдвэрлэсэн шүүгчийн үгийн сонголт, шүүхийн шийдвэрийн найруулга зүй, эвлэрэл батлах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь миний бие болон миний 2 хүүхэдтэйгээр хохирох учиргүй юм.

4.4. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл бол тодорхой 2013.04.20-ны өдөр 386 дугаар шийдвэрт эд хөрөнгийн маргаангүй гэж заасан тул “...Улсын бүртгэлийн ........... дугаартай инженерийн шугам сүлжээний зориулалттай, улсын бүртгэлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, ........... дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Ү- 2003005774 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнээс тус тус Л.Аын нэрийг хасуулах” гэж гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, маргааныг нэг мөр шийдвэрлэх, үр дагавар арилгах зорилгоор анхан шатны шүүх “...үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөс хариуцагч Л.Аын нэр хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт хийхийг Дархан Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай” гэж шийдвэрлэсэн нь уг шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ. Шүүхийн оролцоогүйгээр эд хөрөнгөд эвлэрсэн, талууд гэрээгээ шүүхэд баталгаажуулж өгсөн, шүүхийн шийдвэрт эд хөрөнгийн эвлэрлийн талаар дурдсан, мөн эд хөрөнгийн маргаангүй гэж шийдвэрлэсэн цагт Улсын бүртгэлийн ........... дугаартай инженерийн шугам сүлжээний зориулалттай, улсын бүртгэлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, ........... дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, ........... дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнээс тус тус Л.Аын нэрийг хасах, улсын бүртгэлд бүртгүүлэх л үр дагавар үүсэх юм.

4.5. 2013.04.20-ны өдөр 386 дугаар шийдвэрт “одоогоор эд хөрөнгийн маргаангүй” гэж дурдсан бөгөөд гэрлэлт цуцалсан тохиолдолд уг хугацаанаас хойш эд хөрөнгийн маргаан гарахгүй юм. Хэрэв, шүүгчийн техник алдаанаас шалтгаалан давж заалдах шатны шүүхийн дүгнэж байгаа шиг эд хөрөнгийн маргаангүй гэж үзвэл 2013 оноос хойш хөдөлмөрийн чадвар алдсан миний бие 7 жил зүтгэсэн хөрөнгийг хуваах боломжгүй, мөн 7 жилийн хүүхдийн сургалтын төлбөр, тэтгэлгийн асуудлыг хариуцлагагүй эцэг Л.А хариуцах ямар ч чадваргүй, мөн ажилдаа хариуцлагагүй хандсан шүүх хариуцах уу гэх асуудал гарах бөгөөд одоо уг байдлыг сэргээн тогтоох боломжгүй болохыг анхаарч үзэхийг хүсье. Л.А нь намайг байнга дарамталж байгаа бөгөөд энэ маргааныг эцэслэн шийдвэрлэж, цэг тавьж өгнө гэдэгт гүнээ итгэж байгаа бөгөөд Л.Аын маргаад байгаа хөрөнгө нь эцсийн дүндээ түүний 2 хүүхдэд очих хөрөнгө болохыг анхаарч үзнэ үү.

Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Л.Аад холбогдуулан улсын бүртгэлд хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн 3 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс Л.Аын нэрийг хасуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...бидний гэрлэлт цуцлах үед би нэхэмжлэлд дурдсан хөрөнгүүдийг эхнэр хүүхдүүдэд өгөхөөр болж, бусад хөрөнгөө би өөртөө үлдээхээр болсон боловч тусдаа амьдраагүй хамт амьдарч байсан, тухайн үед хөрөнгийн маргаанаа шүүхээр шийдвэрлүүлээгүй, гэтэл намайг ял эдэлж байх хооронд Ц.А надад байсан хөрөнгүүдийг бусдад шилжүүлж үрэгдүүлсэн, иймээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, дундын хөрөнгийн маргаанаа дахин шийдвэрлүүлнэ” гэжээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэв.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, хэргийн үйл баримтыг хуульд нийцүүлэн үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхэд учир дутагдалтай тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

9. Хэргийн баримтаас үзэхэд дараах байдал тогтоогдож байгааг дурдах нь шаардлагатай гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц.А хариуцагч Л.А нарын гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 376 дугаар шийдвэрт зохигч давж заалдах журмаар гомдол гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр болсон, уг шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч Ц.А хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхээс татгалзсан бөгөөд зохигчид гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар эвлэрч хариуцагч Л.А нь гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Хонгор сумын 1 дүгээр баг, 8 дугаар бригадын урд талд байрлах тариалангийн 185 га газар, “Баялаг бумбат” ХХК, Дархан-Уул сумын 7 дугаар баг, Алтангадасын 2 дугаар гудамж 8 тоот 807 м.кв талбай бүхий үйлдвэрлэл үйлчилгээний барилга байгууламж, мөн хаягт байрлах инженерийн шугам сүлжээ болон 267 м.кв талбайтай үйлчилгээний барилга зэрэг эд хөрөнгийг нэхэмжлэгч Ц.А, хүү А.Жавхлантөр, охин А.Бадамжавхаа нарын өмчлөлд шилжүүлэхээр зөвшөөрсөн болохыг дурдав” гэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт энэ талаар зааж шийдвэрлээгүй байна.

Дээрх шийдвэр гарснаас хойш Л.А 2015 онд эрүүгийн гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгэгдсэн ба тэрээр 2019 онд шүүхэд хандаж “шүүхийн шийдвэрээр гэрлэлт цуцлуулсан боловч нэг гэрт амьдарч дундын бизнесээ үргэлжлүүлэн эрхэлж байсан, хоорондын маргаанаас болж эхнэртээ гэмтэл учруулснаас хорих ял эдэлсэн, энэ үед дундын хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан боловч эвлэрнэ гэж нэхэмжлэлээ татан авсан, гэтэл шоронд хоригдож байх хугацаанд үлдсэн эд хөрөнгийг Ц.А бусдад шилжүүлж үрэгдүүлсэн, өмнө бидний эд хөрөнгийн маргааныг шүүх шийдвэрлээгүй тул Ц.Агаас эд хөрөнгө, үнэ гаргуулна” гэсэн нэхэмжлэлийг гаргасан байна. Уг хэрэгт Ц.А хүүхдийн тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 792 дугаар шийдвэрээр Ц.А, Л.А нарын хооронд үүссэн дундын эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлэг гаргуулах маргааны талаар 376 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн гэж үзэн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Энэ шийдвэрт зохигч хэн аль нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй учир хуулийн хүчин төгөлдөр болжээ.

10. Хэдийгээр дээр дурдсан 376, 792 дугаар шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр байгаа боловч эдгээр шийдвэрээр зохигчийн гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт шийдвэрийн тогтоох хэсэгт шүүх ямар нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэснээ тодорхой заахыг шаарддаг бөгөөд 376 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт зарим эд хөрөнгийг Л.А нь Ц.А болон хүүхдүүдэд өгөхөөр эвлэрсэн гэж дурдсан хэдий ч шийдвэрийн тогтоох хэсэгт зохигчийн эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэсэн нь тусгагдаагүй тул шийдвэрлээгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, энэхүү 376 дугаар шийдвэр эд хөрөнгийн маргааныг шийдвэрлээгүй байхад нэхэмжлэгч уг шийдвэрийг үндэслэн хариуцагчийг өмчлөгчөөс хасуулах нэхэмжлэл гаргасныг шүүх энэ нэхэмжлэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болж чадаагүй байна.

Иймээс ч тухайн 376 дугаар шийдвэрийг үндэслэн эд хөрөнгийн талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон улсын бүртгэлийн ажиллагаа явуулах нөхцөл бий болоогүй байна. Энэ талаар нэхэмжлэгч мөн нэхэмжлэлдээ дурджээ.

11. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болохыг, тохиролцоогүй маргаантай бол гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоож шийдвэрлэхийг мөн зүйлийн 130.3-т заасан байна.

Зохигч эвлэрэх тохиолдолд шүүхийн тусламжгүйгээр хоорондоо эвлэрч энэ тухайгаа шүүхэд мэдэгдэх, эсхүл хэрхэн эвлэрснээ шүүхээр баталгаажуулж шийдвэрлүүлэх замаар эд хөрөнгийн маргаан шийдвэрлэгддэг. Зохигч эд хөрөнгийн талаар харилцан хүсэл зоригоо илэрхийлж эвийн журмаар шийдвэрлэсэн гэж үзэх аль ч үндэслэл тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж, зохигчийн маргааныг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байх тул магадлалыг хэвээр үлдээх нь хуульд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 64 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ц.Агийн 2020.06.29-ний өдөр 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        Д.ЦОЛМОН

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД