Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 1526

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2020/01526

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     

       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, “Залуус” хотхоны 11 дүгээр байрны 1 тоотод оршин суух Тайж овогт Чулуунбаатарын Эы нэхэмжлэлтэй

 

      Хариуцагч Баянгол дүүрэг, 8 дугаар хороонд байрлах 93д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянав.

 

      Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Э,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч Ч.Э нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Миний бие захирлын 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Б/69 дугаартай тушаалаар 93 дугаар сургуулийн няравын ажилд томилогдон ажиллах болсон.

        Дээрх албан тушаалд ажиллах хугацаандаа “Хөдөлмөрийн гэрээ” болон Байгууллагын дотоод журамд заасны дагуу ажиллаж, хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж байхад 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 дугаартай тушаалаар “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцлаж ажлаас халсан.

       Ажлаас халахдаа 3 хоног ажил тасалсан гэж үндэслэлгүй тушаал гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль хэсгээр намайг халсан нь тодорхойгүй буюу ажил тасалсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

       Иймд үндэслэлгүйгээр ажлаас халсан тул 93 дугаар сургуулийн няравын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.

       Миний бие шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно гэжээ.

 

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

      Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

      Нэхэмжлэгч Ч.Э 2019 оны 02 дугаар сарын 27, 28-ны өдөр, 03 дугаар сарын 01-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан.

       Мөн 3 дугаар сарын 12, 13, 14-ний өдрүүдэд 3 өдрийн чөлөө хүссэнийг олгосон боловч 3 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа ирээгүй.

       Иймээс нийт 4 өдөр хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул “Сургуулийн дотоод журам”-д заасны дагуу 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлж “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцалсан.

      Түүний ажил тасалсан өдрүүд “Цагийн бүртгэлийн дэвтэр”-ээс тодорхой харагдаж, энэ баримтаар нотлогдоно.

       Мөн дотоод журамд зааснаар 3 буюу түүнээс дээш өдөр ажил тасалсан бол дотоод журмыг үндэслэж ажлаас халдаг. Энэ хүний тушаал дээр ажил тасалсан гэж байгаа боловч удаа дараа санхүүгийн алдаа дутагдал гаргасан зөрчлийн талаарх нотлох баримтыг шүүхэд өгсөн. “Сургуулийн дотоод журам”-ын 22 дугаар зүйлийн 22.4, 22.8, 22.15, 22.16 дахь хэсэгт заасан няравын үүрэгтэй холбоотой зөрчил гаргасан байдаг.

    Энэ юу байсан бэ? гэвэл гүнзгий ангийн төлбөрөөс 5.344.720 төгрөг дутаасан, ажлаа хүлээлгэж өгөөгүй, энэ бүгдийг гэрчүүд гэрчилсэн. Мөн өөрийн хүсэлтээр нэхэмжлэлээсээ татгалзсан.

    Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачилгаар “Хөдөлмөрийн гэрээ” цуцлагдсан.

    Гэхдээ тушаалд залуу хүн учир “санхүүгийн зөрчилтэй” гэдэг байдлаар битгий оруулаач гэж өөрийнх нь гуйснаар санхүүгийн зөрчлийн талаар оруулаагүй гэж хариуцагч хэлдэг.

    Нэхэмжлэгчийн 2, 3 дугаар сарын цалин олгогдсон.

    Талууд “Хөдөлмөрийн гэрээ”-г бичгээр байгуулаагүй. Ч.Эд ажилд авах тушаал гарсан өдөр “Хөдөлмөрийн гэрээ”-нд гарын үсэг зураарай гэж нарийн бичгийн дарга хэлсэн байсан.

     Гэтэл Ч.Э гэрээн дээрээ захирлын гарын үсгийг зуруулаагүй юм байна лээ. Нэгэнт нэхэмжлэгч ажил тасалсан нь нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

  

       Нэхэмжлэгч Ч.Э, хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 93 дугаар сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийг ажлаас халах тушаал үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.     

 

      Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад,

 

      Хариуцагч, нэхэмжлэгч Ч.Эыг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Б/69 дугаартай тушаалаар Нийслэлийн ерөнхий боловсролын 93 дугаар сургуулийн няравын ажилд авсан талаар зохигчид маргахгүй байна.

     

      Тэрээр 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 дугаартай тушаалын “Тушаах” хэсэгт Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3, Сургуулийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцлан, ажлаас халжээ.

      Шүүхийн хэлэлцүүлэгийн явцад зохигчдын тайлбараас харахад, нэхэмжлэгч, хариуцагчийг бичгээр “Хөдөлмөрийн гэрээ” байгуулаагүй гэж маргаж байгаа боловч тус байгууллагын няравын ажлыг 2018 оны 9 дүгээр сараас эхлэн ажлаас халагдах тушаал гаргах 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл сарын 500.000-600.000 төгрөгийн цалин авч, нэхэмжлэгч ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн 0388168 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрээр тогтоогдож байна.

 

        Иймээс ажил олгогч, ажилтантай “Хөдөлмөрийн гэрээ” байгуулаагүй хэдий ч ажилтан байгууллагын няравын ажлыг 2018 оноос эхлэн хийж, үүргээ гүйцэтгэж эхэлсэн байх тул талуудыг амаар тохиролцсон байна гэж дүгнээд, амаар тохиролцсон үеэс эхлэн хөдөлмөрийн харилцааг тооцон, хоорондын маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

       Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээ”-ний гол нөхцөлийг тохирно”, 21.1.1 “ажлын байрны буюу албан тушаалын нэр;”, 21.1.2 “ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг;”, 21.1.3 “үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ;”, 21.3 “Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1 дэх хэсэгт заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй” гэж заасанчлан дээрх нөхцөлүүдийг бодит байдал дээр талууд хэрэгжүүлж ажилласан нь Сургуулийн дотоод журам, гэрч нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн сургалтын төлбөр шилжүүлсэн банкны мөнгөн шилжүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

      Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагчийн татгалзлын үндэс болж байгаа 2019 оны 02 дугаар сарын 27, 28, 3 дугаар сарын 01, 3 дугаар сарын 15-ны өдрүүдийн нийт 4 өдрийн ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан гэх тайлбар болон ажилчдын цагийн бүртгэлд уг өдрүүдэд нэхэмжлэгчийг ажилдаа “ирсэн” гэж бүртгэгдээгүй байдлыг нотлох баримтаар үгүйсгэж, няцааж чадаагүй мөн “Сургуулийн дотоод журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт “ ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 өдрийн ажил тасалсан, цагаар тасалсан нь 3 өдөрт хүрсэн зөрчлийг сахилгын ноцтой зөрчилд тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч 4 өдрийн ажил тасалсан зөрчил гаргасан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй байна.