Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 1495

 

                               

 

 

 

                                       

 

 

 

2020 оны 05 сарын 13 өдөр                   Дугаар 102/ШШ2020/01495                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Б” ХХК-д холбогдох,

Түрээсийн гэрээний барьцаа 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чинзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбулган, нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.                                                                                        

                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зохигч 2018.02.12-ны өдөр Оффисын талбай түрээслүүлэх гэрээ байгуулж, 235 м.кв талбайг сарын төлбөрт 4,0 сая төгрөг байхаар тохирон түрээсэлсэн. Түрээсийн барьцаа болгож 4,0 сая төгрөг хариуцагчид шилжүүлсэн. Гэрээний хугацаа дуусч манайх гэрээнд заасны дагуу оффисын талбайг хүлээлгэж өгсөн. Түрээслэх хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй. Гэрээнд заасны дагуу байрыг хүлээлгэж өгсөн боловч акт үйлдэх боломжгүй, холбогдох хүмүүс байхгүй гээд Одгэрэл санхүүгийн албаны хүнд хүлээлгэн өгч 2019.07.01-нд гарсан. Манайх барьцаа 4,0 сая төгрөг гаргуулахаар нэхэмжлэл өгсөн ч нягтлан мөнгө байхгүй шалтгаан хэлж уг барьцааг өгөөгүй тул 4,0 сая төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид 2018.02.12 өдөр Оффисын талбай түрээслүүлэх гэрээг байгуулсан. Тус гэрээний 1.1-т заасны дагуу түрээсийн зүйл болох 235 м.кв талбайг оффисын зориулалтаар түрээслүүлэх зорилготой байсан. Гэрээний 1.2-т “Түрээслэгч нь түрээсийн байрыг зөвхөн оффисын зориулалтаар ашиглана” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь оффисын зориулалтаар бус, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн үйлчилгээний зориулалтаар ашигласны улмаас түрээсийн байрны хана тааз, шаланд ердийн элэгдэл хорогдолоос их хэмжээний элэгдэл, эвдрэл гэмтэл үүссэн. Гэрээний 7.3.3, 9.1.2 болон 9.1.3-т заасныг зөрчиж түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр барилгын хийц, зохион байгуулалтад их хэмжээний өөрчлөлт, засвар оруулсан, хана таазанд нүх гаргаж өрөмдсөн. Түрээслэгч нь оффисын барилгыг буцаан хүлээлгэж өгөхдөө дээрх зөрчил, гэм хорыг арилгаагүй тул гэрээний 5.5-т заасны дагуу учруулсан гэм хор, хохирлыг барьцаа хөрөнгө болох 4,0 сая төгрөгөөр гаргуулахаас өөр аргагүйд хүрсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

А” ХХК нь “Б” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний барьцаа 4,000,000 төгрөг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ гэрээний хугацаа дуусч, оффисын талбайг хүлээлгэж өгсөн, ямар нэг зөрчил дутагдал гаргаагүй гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь гэрээнд заасан зориулалтаар ашиглаагүй, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн үйлчилгээний зориулалтаар ашигласнаас байрны хана тааз, шаланд ердийн элэгдэл хорогдолоос их хэмжээний элэгдэл, эвдрэл гэмтэл үүссэн тул гэм хор, хохирлыг барьцаа хөрөнгөөс гаргуулсан гэж маргалаа.

 

Зохигч 2018.02.12-ны өдөр Оффисын талбай түрээслүүлэх гэрээ байгуулж, 235 м.кв талбайг сарын төлбөрт 4,000,000 төгрөг байхаар тохиролцон түрээсэлсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлж, гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх үүргийг, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан ба талуудын хооронд түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүсчээ.

 

Түрээсийн гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад зорилгоо биелүүлэхэд зориулж, оффисийн талбайг шилжүүлэх үүргээ, нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний хугацаанд түрээсийн төлбөрийг төлөх үүргээ тус тус биелүүлжээ.

 

Талууд гэрээний заалтыг зөрчиж түрээслүүлэгчид учруулсан аливаа хохирлын нөхөн төлөх зорилгоор барьцаа болгож 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчид өгөх, барьцааны мөнгө нь түрээсийн төлбөрт зориулагдаагүй, харин барьцаанаас гэм хорын хохирлыг барагдуулахаар гэрээний 5 дахь заалтаар түрээсийн барьцааны талаар тохиролцсон, үүний дагуу 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн, энэ талаар маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам үйлчлэх бөгөөд мөн хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т хөлсүүлэгч буюу хариуцагч нь нэхэмжлэгчээс эд хөрөнгө, түүний зохион байгуулалтыг өөрчилсөн, эсхүл элэгдлээс илүү муутгасан тохиолдолд өөрт учирсан хохирлоо нөхөн иөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

Гэтэл хариуцагч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3, 289.1.4-т заасан үндэслээр түрээсийн барьцааг буцаан төлөхгүй гэж тайлбарласан боловч учирсан хохирлоо шаардаж сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.

Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318 дугаар зүйлийн 318.5, 289 дүгээр зүйлийн 289.2.8-д зааснаар хөлслөгч нь түрээсийн гэрээний барьцааг хөлслүүлэгчээс шаардах эрхтэй гэж үзэн, “Б” ХХК-иас түрээсийн гэрээний барьцаа 4,000,000 төгрөгийг гаргуулан, “А” ХХК-д олгох үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 78,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 78,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3, 289.1.4-т зааснаар түрээсийн гэрээнээс учирсан хохирлоо шаардаж нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318 дугаар зүйлийн 318.5, 289 дүгээр зүйлийн 289.2.8 дахь хэсэгт заасныг баримтлан “Б” ХХК-иас түрээсийн гэрээний барьцаа 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулан, “А” ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 78,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 78,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Хариуцагч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3, 289.1.4-т зааснаар түрээсийн гэрээнээс учирсан хохирлоо шаардаж нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ