Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 1589

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 20 өдөр                   Дугаар 102/ШШ2020/01589                               Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГт холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чинтуяа, гуравдагч этгээд Б.Банзрагчийн итгэмжлэгдсэн төлөөгч Ч.Нямдорж, нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.                                                                                                  

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.07.31-ний өдрийн 102/ШШ2017/02147 тоот захирамжаар Б.Баас 62,253,667 төгрөгийг гаргуулж Б.Банзрагчид олгохоор, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.10.31-ний өдрийн 2222 дугаар магадлалаар Б.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 6 хороо, Ханын материал 18060 гудамж, 60 байр, В-4 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2201031639 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу албадан гүйцэтгэх захирамж гарч гүйцэтгэх хуудас олгосны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. НШШГГ-аас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд 46,061,200 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2020.02.14-ний өдөр 4/5373 тоот мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Төлбөр төлөгч миний бие дээрх хөндлөнгийн шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хөндлөнгийн шинжээч Хөрөнгийн үнэлгээний “Баян модот” ХХК-ийн 2020.02.13-ны өдрийн үнэлгээ нь зах зээлийн үнээс бага, бодитой бусаар үнэлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасаар дээрх үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.07.31-ний өдрийн 102/ШШ2017/02147 дугаар захирамжаар Б.Баас 53,153,667 төгрөг гаргуулж Б.Банзрагчид олгохоор, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.10.31-ний өдрийн дугаар магадлалаар дээрх 102/ШШ2017/02147 дугаар захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 6 хороо, Ханын материал 18060 гудамж, 60 байр, В-4 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд биелүүлэхээс санаатай зайлсхийсэн тул үүргийн гүйцэтгэлд барьцаа хөрөнгийг 2019.10.10-ны өдрийн 144/02 тогтоолоор битүүмжилж, 2020.01.15-ны өдрийн 144/04 дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу өмчлөгч болон талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2020.02.11-ний өдрийн 106 тоот тогтоолоор шинжээч томилж, үнэлгээг талуудад 2020.02.14-ний өдрийн 4/5376, 4/5374, 4/5373 тоотоор мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаанд 2020.03.20-ны өдөр оруулсан ч санал болгосон үнэд хүрэх санал гаргаагүй, худалдан борлогдоогүй тул 2 дахь албадан дуудлага худалдаанд 2020.04.17-ны өдөр оруулахаар нийтэд зарласан боловч түдгэлзүүлсэн захирамж гарч явагдаагүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасан талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-д заасны дагуу мэдэгдсэн өдрөөс 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болох бөгөөд 55.3-д талуудад үнэлгээг мэдэгдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Б нь НШШГт холбогдуулан “Баян модот” ХХК-ийн 2020.02.13-ны өдрийн үнэлгээ үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Тус шүүхийн 2017.07.31-ний өдрийн 102/ШШ2017/02147 дугаар шүүгчийн захирамжаар Б.Баас 53,153,667 төгрөг гаргуулж, Б.Банзрагчид олгохоор, 2018.09.11-ний өдрийн 102/ШШ2018/02750 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.10.31-ний өдрийн дугаар магадлалаар дээрх захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 6 хороо, Ханын материал 18060 гудамж, 60 байр, В-4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2201031639 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Дээрх захирамж, шийдвэрүүдийг албадан гүйцэтгүүлэхээр бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэн хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаа хөрөнгийг 2019.10.10-ны өдрийн 144/02 тогтоолоор битүүмжилж, 2020.01.15-ны өдрийн 144/04 дугаар тогтоолоор хураажээ.

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2020.02.11-ний өдрийн 106 тоот тогтоолоор шинжээч томилж, үнэлгээг талуудад 2020.02.14-ний өдрийн 4/5376, 4/5374, 4/5373 тоотоор мэдэгдсэн, нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журам зөрчсөн эсэхэд маргаагүй байна.

 

Төлбөр төлөгч нь “Баян модот” ХХК-ийн 2020.02.13-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагаа шинжээч зах зээлийн үнэлгээнээс доогуур, бодитой бус үнэлсэн гэж тайлбарлаж байгаа хэдий ч баримтаар нотолж чадахгүй байна.

     

Өөрөөр хэлбэл хэргийн үйл баримтаар нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур, бодитой бус үнэлсэн нь гэж үзэх байдал тогтоогдохгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох, нотлох баримтаа бүрдүүлэх, цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо шинжээчийн дүгнэлтийг талуудад мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болохоор заасан ба нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн 6 хороо, Ханын материал 18060 гудамж, 60 байр, В-4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2201031639 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 46,061,200 төгрөгөөр үнэлсэн “Баян модот” ХХК-ийн 2020.02.13-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.Бын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ