Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2021/0176

 

2021 03 12 128/ШШ2021/0176

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Б ц СӨХ,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгчид газар ашиглуулахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хүсэлтэд дурдсан 4657 м.кв газар ашиглах эрх олгох захирамж гаргахыг даалгах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчид 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өгсөн кадастрын зургаар газар олгохоос татгалзсан эс үйлдэхүйг тогтоолгон, газар ашиглах эрхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны оршин суугчдыг эрхийг хамгаалан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 161 айл өрх оршин сууж байна.

2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн зургаас харахад тохижуулалт тус газар хийсэн байдаг. Мөн байнгын цэвэрлэгээ үйлчилгээ, харуул хамгаалалт, үйлчилгээ, тоглоомын талбай зэргийг бий болгосон. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Нийтийн эзэмшил, нийгмийн аяныг зохион байгуулах тухай А/262 дугаар захирамжийн хүрээнд сууц өмчлөгчдийн холбоо нь газраа баталгаажуулан авч, түүний ашиглалтыг хариуцахыг даалгах аян зохион байгуулсан. Үүний дагуу Бүти ХХК-иас баригдсан барилга нь дуусгавар болж улсын комисс хүлээж авч, айл өрх орсон учир тухайн газрыг эзэмших хүсэлтийг гаргасан.

Хариуцагч нь татгалзахдаа Б ХХК нь газрын төлбөрөө төлөөгүй гэж татгалзсан. Гэтэл 2018 оныг дуусгавар болтол Б ХХК газрын төлбөрөө төлсөн бичиг нь хавтаст хэрэгт байдаг. Иймд хуульд заасан татгалзах нөхцөл байхгүй тул үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзэж байгаа. Иймд 4657 м.кв газрыг нэхэмжлэгчид ашиглуулж өгнө үү гэж хүсэж байна.

Шүүх шийдвэрээ гаргахдаа дараах зүйлийг анхаараасай гэж хүсэж байна. Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.8-т заасны дагуу хариуцагч нь хууль бус эс үйлдэхүй гаргаж байгааг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Б ХХК-ийн газрыг шилжүүлж авах тухай хүсэлтийг ирүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба асуудлыг шийдвэрлэхээр хуралдсан. Тус хурлын шийдвэрээр эс зөвшөөрч хариу өгсөн.

Нэхэмжлэгч 4567 м.кв газрыг эзэмших хүсэлтийг 2018 онд хүсэлт гаргаад түүнийхээ хариуг авсан. Өнөөдөр нэхэмжлэл гаргахдаа 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан 03/502 гэсэн албан тоотыг эс зөвшөөрч байгаа. Энэ албан тоот нь ямар учиртай талаар хэлэхэд нэхэмжлэгчээс 1540 м.кв талбай бүхий Б ХХК-д олгосон газрыг шилжүүлж авах хүсэлтээ ирүүлсэн. Үүнтэй холбоотойгоор төрийн захиргааны байгууллага нь шийдвэрлэхээр хуралдсан ба эс зөвшөөрсөн албан тоот юм.

1540 м.кв талбай бүхий газрыг эс зөвшөөрсөн тухай гомдолдоо тулгуурлан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин өнөөдрийн 2018 онд яригдах 4567 м.кв газартай холбоотой марган хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж үзэж байгаа. Учир нь 2018 онд 1540 м.кв хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс анх хариуцагчийг нэхэмжлэгчид газар ашиглуулахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бусад тооцуулах, газар ашиглах эрх олгох захирамж гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчид газар ашиглуулахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бусад тооцож, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хүсэлтэд дурдсан 4657 м2 газар ашиглах эрх олгосон захирамж гаргахыг даалгах гэж тодорхойлсон тул уг шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 581 дүгээр захирамжаар Б ХХК-д Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 1540 м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

Улмаар тус компани нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2013/411 дугаар актаар тухайн барилгыг байнгын ашиглалтад оруулжээ.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/272 дугаар захирамжаар нийтийн эзэмшил-нийгмийн хариуцлага аян зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс тухайн барилгын орчмын газрыг ашиглахаар 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн Газрын албанд, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр иргэн төвтэй төрийн үйлчилгээ аяны хүрээнд ажиллаж байгаа ажлын албанд, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргад, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд, Б ХХК-иас Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тус тус хүсэлт гаргаж байжээ.

Уг хүсэлтүүдийн хариуд Нийслэлийн Газрын албаны 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн № 02-06/3441, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн № 02-06/3424 тоот албан бичгүүдээр материал бүрдүүлж ирүүлэхийг, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн № 02-06/4797, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн № 03/502 тоот албан бичгүүдээр газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар зориулалтын дагуу үйлчилгээ эрхэлдэг тул шилжүүлэх боломжгүй гэсэн хариу тус тус өгчээ.

Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хэлэлцээд үйлчилгээтэй орон сууц тул эс зөвшөөрч шийдвэрлэжээ.

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчид газар ашиглуулахаас татгалзаж шийдвэрлэсэн хариуцагчийн татгалзал хуульд нийцээгүй байна.

Учир нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно гээд 39.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй гэж заасан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 581 дүгээр захирамжаар Бүти ХХК-д газар эзэмшүүлсэн хугацаа 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болжээ.

Мөн Б ХХК-иас газар эзэмших хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй болох нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01-06/3939 тоот албан бичгээр мөн нотлогдож байна.

Гэтэл тухайн хуулийн этгээдийг зориулалтын дагуу үйлчилгээ эрхэлдэг гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн хүсэлтээс татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл хуульд заасан газар эзэмших хугацаа дуусгавар болсон, газар эзэмших хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй, тухайн эзэмшиж буй газраа бусдад шилжүүлэх хүсэлтийг өөрөө эрх бүхий байгууллага албан тушаалтанд гаргаад байхад дээрх үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхээргүй байна.

Нөгөөтээгүүр Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлийн 441.1-д Сууц өмчлөгчдийн холбооны нэрийн өмнөөс тухайн холбооны гүйцэтгэх захирал орчны газрыг ашиглах тухай хүсэлтээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу уг асуудлаар шийдвэр гаргах эрх бүхий тухайн шатны Засаг даргад гаргана, 441.2-т Орчны газрыг ашиглах тухай хүсэлтэд дараах зүйлийг тусгана гээд хавсаргах баримтуудыг дурджээ.

Нэхэмжлэгчээс анх тухайн барилгын орчмын газрыг ашиглахаар 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн Газрын албанд хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтэд тус дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг /4657 м.кв/, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, Сууц өмчлөгчдийн холбооны дүрэм, гэрчилгээ, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2013/411 дугаар акт зэргийг хавсаргаж хуульд заасан бүрдүүлбэрийг хангасан байх тул нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгох захирамж гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин тус шүүхээс талбайн хэмжээг нарын тогтоосон /4657 м.кв/ шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах боломжгүй бөгөөд анх хүсэлт гаргасан үеэс өнөөгийн цаг хугацаанд нөхцөл байдал өөрчлөгдсөн байхыг үгүйсгэхгүй, нарийн хэмжээ тогтоох нь хариуцагчийн бүрэн эрхэд хөндлөнгөөс халдаж буй хэрэг тул нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу боломжит хэмжээгээр газар олгохыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1, 441 дүгээр зүйлийн 441.1, 441.2-т тус тус заасныг баримтлан  Б ц СӨХ-ны нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, нэхэмжлэгчид газар ашиглуулахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бусад тооцож, нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу боломжит хэмжээгээр газар олгохыг хариуцагчид даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МӨНХ-ЭРДЭНЭ