Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2014/0137/з |
Дугаар | 221/МА2016/0754 |
Огноо | 2016-12-01 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2016/0754
“******* хийд”-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Үнэнбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэндсүрэн нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 640 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “******* хийд”-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 640 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3-т тус тус заасныг баримтлан “******* хийд”-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргаснаар “******* хийд”-ийн эзэмшиж буй газрын талбайг нэмэгдүүлэн баталгаажуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, эзэмшил газрын хэмжээг кадастрын зургийн дагуу баталгаажуулж өгөхийг даалгуулах, Нийслэлийн Засаг даргын 100 дугаар захирамжийн Г.Доржнамжилд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Үнэнбат давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 640 тоот шийдвэрийг эс зөвшөөрч, дор дурдсан гомдлыг гаргаж байна. Үүнд:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчсөн тул үндэслэлгүй бөгөөд хууль бус шийдвэр гаргалаа. Үүнд:
1. Шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт: “Нийслэлийн Өмчийн харилцааны газар ... 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 5/143 тоот албан бичгээр “2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар захирамжаар иргэн Г.Доржнамжилд 1080 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Иймд шүүхэд хандана уу” гэж нэхэмжлэгчид хариу өгсөн байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу захиргааны актыг мэдсэнээс эсхүл хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан зэргээс дүгнэхэд нэхэмжлэгчийн захиргааны байгууллага албан тушаалтнаас өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болох нь дор дурдсан баримтаар нотлогдоно. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч 2007 оноос нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргаад 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 5/143 тоот албан бичгээр анх удаа хариу авсан.
Нэхэмжлэгч 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр буюу 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 966 тоот захирамжаар нотлогдоно.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж авагдсан нотлох баримтыг илтэд үндэслэлгүйгээр дүгнэсэн байна.
2. Нийслэлийн Засаг дарга, түүний газар /газар, хэлтэс албан тушаалтан/ Үндсэн хууль болон бусад хуульд зааснаар үүргээ биелүүлээгүй байгууллагаас “******* хийд”-ээс 2007-2009 онуудад гаргасан өргөдөлд хариу өгөөгүй захиргааны акт /үйл ажиллагаа/-г илт хууль бус актад тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагад шүүх дүгнэлт өгөхдөө ... “Хүсэлтэд дурдагдаж байгаа газрыг иргэн Г.Доржнамжил 1996 оноос автомашины зогсоолын зориулалтаар эзэмшиж байсан байна. “******* хийд”-ийн эзэмшлийн газрыг нэмэгдүүлэх хүсэлтэд “боломжгүй” гэсэн хариу өгсөн тул шийдвэрлэхгүй байгаа хууль бус үйлдэхүй тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн үндэслэлгүй байна. Үүнд:
Шүүх нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг бүрэн гүйцэд ойлгоогүй түүнийг нотолсон нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.
Нэхэмжлэгчээс нийслэлийн Засаг даргад 2007, 2008, 2009 онд гарсан хүсэлтэд хариу өгөөгүй болох нь нотлогдож, хариуцагч нийслэлийн Засаг дарга Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-т “Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэснийг, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д “өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх үүргийг төрийн байгууллага, албан тушаалтан хүлээдэг.” гэснийг зөрчиж, хуульд зааснаар үүргээ биелүүлээгүй байхад үүнд ямарч дүгнэлт өгөөгүй байна.
Нийслэлийн Засаг даргын 1996 оны А/113 тоот захирамжаар иргэн Г.Доржнамжилд тухайлан газар эзэмших эрх олгоогүй. Зөвхөн дүүргүүдэд автомашины ил зогсоолын зориулалтаар тодорхой хэмжээний газруудыг ашиглах эрх нээсэн.
Уг захирамжийн дагуу 1996 оны 12 дугаар сарын 14-нөөс 1997 оны 12 дугаар сарын 14 хүртэл 1 жилийн хугацаанд уг газрыг “Газар ашиглах гэрээ”-ний үндсэн дээр “Угтаал” ХЭАА-д ашиглуулсан. Гэрээ 1997 онд дуусгавар болсон, Үүнээс хойш 2009 он хүртэл ямар нэгэн эрхийн актгүй уг газрыг эзэмшиж ирсэн болон гэрээг цаашид сунгаагүй нь үзлэг хийсэн баримтаар нотлогдоно.
Газрын тухай хуулийн /1994 оны/ 34 дүгээр зүйлийн 34.1.1-д “Газар эзэмших гэрээний хугацаа” бол газар эзэмших эрх дуусгавар болно” гэж заасан. Мөн Газрын тухай хуулийн /2002 оны/ 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “Газар эзэмших гэрээний хугацаа” бол газар эзэмших эрх дуусгавар болно гэж заасан байхад Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрх дуусгавар болгох үндэслэлүүд тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн ойлгомжгүй бөгөөд хууль бус байна.
3. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 36 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
Анхан шатны шүүх мөн л “нийслэлийн Засаг даргын 1996 онб А/113 тоот захирамжаар иргэн Г.Доржнамжилд газар ашиглах эрх үүсэж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 36 тоот захирамжаар эзэмших эрхийг баталгаажуулсан байна” гэж дүгнэжээ.
Г.Доржнамжилтай байгуулсан “Газар ашиглах гэрээ”-ний хугацаа дуусаж, тэрээр 2009 он хүртэл зөвшөөрөлгүйгээр уг газрыг эзэмшиж, ашиглаж байсныг дээр дурдсан.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т: “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заагаад мөн хуулийн 21.2.3-т “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь шийдвэр гаргах эрх бүхий субьект биш юм.
Газрын тухай хуульд шийдвэр гаргах субьектын эрхийг ийнхүү зохицуулсан байхад дүүргийн Засаг дарга Нийслэлийн Засаг даргын эрх мэдлийг хэрэгжүүлсэн байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т “Захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан бол илт хууль бус байна” гэж заасны дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 36 тоот захирамжийг илт хууль бус захиргааны акт болно.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан байна. Гэтэл Л.Доржнамжилд 1000 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар олгохдоо хуулийн дээрх заалтыг зөрчиж, дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлээгүй байсан.
Иймд энэхүү захиргааны акт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9 дүгээр зүйлийн 9.1.9 дэх хэсэгт зааснаар илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан байхад шүүгч үүнийг дүгнээгүй явдал нь гаргасан шийдвэр нь үндэслэлгүй болохыг нотолно.
4. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 8/360 тоот албан бичиг, улсын байцаагчийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06/101/18 дүгнэлтийг анхан шатны шүүгч “шүүхээс шинжээч томилоогүй, “******* хийд”-ийн захиргаанд хандсан байх бөгөөд бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй” гэж дүгнэжээ. Үүнийг дараах байдлаар няцааж байна.
Анхан шатны шүүх мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлт биш, “******* хийд”-ийн захиргаанд хандсан байна гэж дүгнэж байгаа нь шүүх томилсон бол дүгнэлт байгууллага хүсэлт гаргаж дүгнэлт гаргуулсан бол дүгнэлт биш мэтээр дүгнэсэн хууль бус байна.
Учир нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн чиг үүрэг нь хууль тогтоомж, түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон журмын биелэлтийг хангуулахад оршдог.
Нийслэлийн Засаг даргын газар олголт нь тодорхой хуулиудыг зөрчсөн байна гэж улсын байцаагч дүгнэсэн уг дүгнэлтийн дагуу зөрчлийг арилгах тухай хариуцагч нийслэлийн Засаг дарга болон гуравдагч этгээд Г.Доржнамжилд хувийг хүргүүлсэн байхад шүүгч “шүүхээс томилоогүй тул хууль зөрчсөн гэдэг нь нотлогдохгүй байна” гэж дүгнэж байгаа нь шүүх хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх үндсэн зарчмаасаа ухарч байна гэж үзэхэд хүргэж байна.
Иймд хэргийн хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах гомдлын дагуу хэргийг хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дүгээр зүйлийн 120.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч “******* хийд”-ээс “1. Эзэмшил газраа нэмэгдүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, кадастрын зургийн дагуу баталгаажуулж өгөхийг даалгуулах, 2. “******* хийд”-ийн орц гарцыг хааж, иргэн Г.Доржнамжилд газар олгосон Нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 3. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэсэн гурван шаардлага гаргасан байх бөгөөд анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд дээрх шаардлагуудаа дэмжсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд маргаан бүхий газрыг анх Нийслэлийн Засаг даргын 1996 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Барилгын байршилт тогтоох тухай” А/113 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Гэсэр сүмийн хойд талд байрлуулан 0.25 га газрыг автомашины төлбөртэй зогсоолын зориулалтаар “Угтаал” ХЭАА-д ашиглуулахаар шийдвэрлэж байжээ.
Иймд “Угтаал” ХЭАА 1 жилийн хугацаатай ашиглаж байжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Энэхүү “Угтаал” ХЭАА-аас иргэн Г.Доржнамжилд газар эзэмших болон ашиглах эрхийг шижлүүлсэн тухай ямар нэгэн баримтгүй, ийм хүсэлтийг гаргаж байсан гэх, түүнчлэн гаргасан хүсэлтийг нь эрх бүхий этгээдээс шийдвэрлэж байсан талаарх ямар ч баримт хэрэгт авагдаагүй төдийгүй ийм нөхцөл байдал ч тогтоогдоогүй байна.
“Угтаал” ХЭАА 1 жилийн хугацаатай ашиглаж байгаад түүний газар эзэмших эрхийн хугацаа нь 1997 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дууссан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Учир нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1994 оны Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасны дагуу хүсэлт гаргаагүй тул “Угтаал” ХЭАА-н газар ашиглах эрх мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу дуусгавар болсон байна. Түүнчлэн тухайн үед төдийгүй 2002 оны Газрын тухай хууль дагаж мөрдөгдсөний дараа ч газар эзэмшигчээс өөрийн эрхийг сунгуулах хүсэлтээ гаргаж байгаагүй нь тогтоогдсон тул мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж заасны дагуу түүний газар эзэмших эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Ийнхүү “Угтаал” ХЭАА газар ашиглах /эзэмших/ эрх нэгэнт дуусгавар болсон тул Засаг даргын зүгээс ямар нэгэн захирамж шийдвэр гаргах үндэслэлгүй юм. Түүнчлэн 2002 оны 09 дүгээр сарын 01-нээс Аж ахуйн нэгжийн тухай хууль хүчингүй болсон тул “Угтаал” ХЭАА-н үйл ажиллагаа зогсож, “Угтаал” ХЭАА татан буугдсан байна.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн хугацааг сунгах, баталгаажуулах тухай” 36 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд 1000 га газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар Г.Доржнамжилд эзэмшүүлэхээр шийдвэрлэж, дээрх захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан байна. Энэхүү 2009 оны 36 дугаар захирамжийг иргэн Г.Доржнамжилд шинээр эзэмшүүлсэн захирамж гэж үзнэ. Тухайн үед эзэмшүүлэхдээ газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг зөрчжээ. Уг 36 дугаар захирамжийг гаргах болсон үндэслэл тогтоогдохгүй байна.
Нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 100 дугаар захирамжийн тухайд:
Нийслэлийн Засаг даргын 2010 оны 100 дугаар захирамж бол 112 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг шинээр баталгаажуулсан захирамж байна. Иргэн Г.Доржнамжилын эзэмшил газрын хэмжээг 80 м.кв-аар нэмэгдүүлэн олгожээ. Энэ байдал нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”зарчмыг мөн зөрчжээ.
Түүнчлэн энэхүү 100 дугаар захирамж Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны 36 дугаар захирамжийг үндэслэн гарсан, иргэн Г.Доржнамжимын газар эзэмших эрхийг баталгаажуулсан гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 100 дугаар захирамжид нийслэлийн Газрын алба, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн гаргасан байх бөгөөд уг 100 дугаар захирамжаар 112 аж ахуйн нэгж, иргэний газар эзэмших эрхийг баталгаажуулсан байна.
Тэрхүү Техникийн зөвлөлийн хурлаар 112 аж ахуйн нэгж, иргэний газрын холбогдолтой асуудлыг хэлэлцсэн байх бөгөөд 112 аж ахуйн нэгж, иргэний нэрс дотор Г.Доржнамжилын асуудал хэлэлцэгдээгүй байна. Техникийн зөвлөлийн хурлаар 112 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг баталгаажуулахаар шийдвэрлээд Засаг даргын захирамж гарах шатанд дундуур нь хууль бусаар нэрийг нь оруулсан байж болохоор байна.
Нэхэмжлэгчийг 2007, 2008, 2009, 2010, 2012, 2013 онуудад хүсэлт гаргаж байсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн бөгөөд 2014 онд өгсөн хариуг дээрх онуудад гаргасан хүсэлтэд өгсөн хариу гэж үзэх үндэслэлгүй байна. Дээрх хариунаас дүгнэхэд 2010 онд хүсэлтэд дурдсан газрыг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Г.Доржнамжил эзэмшсэн байгаа бөгөөд түүнээс хойшхи хугацаанд гаргасан хүсэлтийн хариу гэж үзэхээр байна.
Иймд 2007-2009 оны гаргасан хүсэлтэд хариу өгөх нь зүйтэй. Энэхүү магадлал нь тухайн газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх агуулгагүй бөгөөд ямар хариу өгөх нь хариуцагчийн эрхийн асуудал юм.
Түүнчлэн кадастрын зургийн дагуу нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх болон уг зургийн хэмжээгээр эзэмшил газрыг баталгаажуулах, түүнчлэн мэдээллийн санд бүртгэх боломжгүй. Учир нь Газрын тухай хуульд заасан дарааллын дагуу газраа эхлээд эзэмшсэн байх ёстой. Ингэхийн тулд хариуцагчаас Газрын тухай хуульд заасан нөхцөл, шалгуурыг хангаж буй эсэх талаар шалгах ёстой. Хэрвээ тухайн газрыг эзэмшүүлэх боломжгүй бол хариуцагч газар эзэмшүүлэхээс татгалзах эрхтэй. Кадастрын зураг үйлдэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж бүрийн хийсэн зургийн дагуу газар заавал эзэмшүүлэх үүрэггүй юм.
Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 640 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 640 дүгээр шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “******* хийд”-ийн эзэмшиж буй газрын талбайг нэмэгдүүлэн баталгаажуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу хариу өгөхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар захирамжийн Г.Доржнамжилд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаар захирамжийн Г.Доржнамжилд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “******* хийд”-ийн эзэмшил газрын хэмжээг кадастрын зургийн дагуу баталгаажуулж өгөхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР