Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 124/2016/0049/з |
Дугаар | 351 |
Огноо | 2017-10-09 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 351
Н.А-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Н.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ж нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2017/0460 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Н.А-н нэхэмжлэлтэй, Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргааны даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 21 дүгээр зүйлийн 21.2, 23 дугаар зүйлийн 23.3.2-д заасныг баримтлан иргэн Н.А-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс нуур, Тэсийн голын сав газрын захиргааны даргын “Н.А-г эрхэлж байсан ажилд нь томилохгүй байгаа” эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус газрын Газар зүй мэдээлэл, усны дэд сан хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.А-н захиргааны чөлөө дууссан өдрөөс хойш буюу 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинг ажлын байрны тодорхойлолтод заасан ангилал шатлалын дагуу тооцож цалинтай тэнцэх олговрыг Н.А-д олгохыг, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж дэвтэрт нөхөн бичилт хийхийг Увс нуур, Тэсийн голын сав газрын захиргаанд даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 6 дугаар сарын 28-ний өдрийн 221/МА2017/0460 дугаар магадлалаар: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2, 23.5 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Н.А-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-н “Н.А-г эрхэлж байсан ажилд нь томилохгүй байгаа Увс нуур-Тэс голын сав газрын захиргааны даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэх томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Увс нуур-Тэс голын сав газрын захиргааны дарга М.А-н гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Н.А-д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Төрийн албаны тухай хуульд зааснаар ажил олгогч нь төрийн албанаас түр чөлөөлөгдсөн албан тушаалтны ажлын байрыг хадгалах, өөрөөр хэлбэл чөлөөний хугацаа дуусмагц тухайн албан тушаалыг эрхэлж байсан албан тушаалд нь буцаан томилох үүргийг хүлээхгүй гэж заасан байна.
Нэхэмжлэгч Н.А-н хувьд Увс нуур-Тэс голын сав газрын захиргааны даргын 2014 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн Б/19 тоот тушаалаар МУИС-ийн магистрын сургалтад суралцах болсонтой холбогдуулан Увс нуур-Тэс голын сав газрын захиргааны газар зүйн мэдээллийн системийн мэргэжилтний үүрэгт ажлаас түр чөлөөлөгдсөнөөр тус хууль болон Төрийн албаны нөөц бүрдүүлэх журамд тус тус зааснаар төрийн албаны нөөцөд хязгааргүйгээр бүртгэгдсэн байна. Эндээс үзэхийн бол төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас түр чөлөөлж байгаа тохиолдолд төрийн алба тогтвортой байх зарчим, төрийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн нөхцөлийг хангахын тулд Төрийн албаны хуулийн 21 дүгээр зүйлд тухайн албан хаагчийн ажил үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр зохицуулсан байдаг.
Тухайлбал: Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 62 тоот (Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам)-ын 3-т төрийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх нөхцөлийг зохицуулсан байна. Тус журмын 3.3.1-т ... 23.3-т заасан үндэслэлээр түр чөлөөлөх ... гэж хамрагдахаар заасан байна. Мөн тус журмын 4.3-т заасны дагуу түр орлон гүйцэтгүүлээд 4.6-т “Эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсны дараа албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагчид тухайн ажилтны ажлыг нь хүлээлгэн өгч, шийдвэрт заасан хугацаа дууссаны дараа эргүүлэн хүлээн авна” гэж зааснаар эргүүлэн авна гэж заасан байна. Тэгэхээр төрийн жинхэнэ албан хаагч хэрвээ эргээд ажилдаа орохоор хуульд заасан хугацаанд хандсан бол ажил олгогч нь заавал авахаар тус журамд зохицуулсан байна. Хэрвээ ингэж заах шаардлагагүй байсан бол ажлаас шууд чөлөөлөх ёстой болохоос түр чөлөөлөхгүй байсан.
2. Төрийн албаны тухай хуулийн 23.5-т заасан зохицуулалт нь төрийн жинхэнэ албан хаагч түр чөлөөлөгдсөн албан тушаалд эргэж томилохыг үгүйсгэсэн заалт биш ч гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй хэдий ч сул орон тоо гараагүй байхад заавал томилохыг хариуцагчид үүрэг болгосон зохицуулалт биш болно... гэжээ.
Дээрх журмын 4.6-т “Эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсны дараа албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагчид тухайн ажилтны ажлыг нь хүлээлгэн өгч, шийдвэрт заасан хугацаа дууссаны дараа эргүүлэн хүлээн авна” гэж зааснаар эргүүлэн авна гэж заасан тул заавал сул орон тоо гарсны дараа эгүүлэн авах биш тушаал шийдвэрт заасан хугацаа өнгөрсний дараа авахаар заасан байна. Тэгээд ч миний оронд ажиллаж байсан Т.Л өнөөдрийн байдлаар ажлаа албан ёсоор хүлээлгэн өгсөн байгаа тул миний ажлын байр суларсан байгаа болно.
Мөн нэхэмжлэгч надад ажил олгогч чөлөө өгөөд ажлаас түр чөлөөлөхдөө чөлөөний хугацаагаа дуусахаас өмнө, чөлөөний хугацааг хэтрүүлэлгүй эргэн ирэн ажилдаа орохыг үүрэг болгож байсан нь 2014 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн хурлын тэмдэглэлээс харагдана. Мөн ажилдаа эргэн орох хүсэлтээ 2016 оны 7 дугаар сард анх ажил олгогчтойгоо уулзахдаа тавьж байсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгэхээр эндээс чөлөөний хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэл байхгүй бөгөөд харин ажил олгогч Төрийн албаны тухай хуулийн 11.1-т заасан нэхэмжлэгч намайг ажиллах нөхцөл баталгаагаар хангах үүргээ биелүүлэхгүй байгаа тул миний бие шүүхэд хандан гомдлоо гаргасан бөгөөд анхан шүүх шийдвэрээ үнэн зөв хэргийн материалд цугларсан нотлох баримтын хэмжээнд гаргасан боловч давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулиа зөв тайлбарлаж хэрэглэлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул тус шүүхэд хандаж гомдлоо гаргаж байна.
Иймд тус шүүх тогтоолдоо Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 221/ШШ2017/0460 дугаар магадлалыг хүчингүй болгож, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 28 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Н.А нь Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргааны даргад холбогдуулан газар зүй мэдээлэл, усны дэд сан хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, нөхөн бичилт хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргааны даргын 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Н.А-г өөрийнх нь суралцах тухай хүсэлтийг үндэслэн ажлаас түр чөлөөлсөн, чөлөөний хугацааг 2 жилээр тооцсон тухай үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй, харин чөлөөний хугацаа дуусахад ажилд эгүүлэн томилох үүрэг захиргааны байгууллагад үүссэн эсэхтэй холбогдуулан маргаж байна.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт зааснаар 3 сараас дээш хугацаагаар сургалтад хамрагдах үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг төрийн албаны нөөцөд байгаад тооцох байна.
Хуулийн энэхүү заалтын агуулгаас үзэхэд төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцсоноор үүсэх үр дагавар нь сул орон тоо гарсан тохиолдолд төрийн албаны шалгалт өгөхгүйгээр, нөөцөөс нэр дэвших боломж олгосон зохицуулалт болохоос ажилд шууд томилох үүргийг захиргааны байгууллагад үүсгэхгүй юм.
Төрийн албаны хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйл, 36 дугаар зүйлд ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах, захиргааны байгууллагаас урьд нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн авах тодорхой тохиолдлыг нэрлэн заасан бөгөөд нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэл буюу “суралцахаар ажлаас түр чөлөөлөгдөх” үндэслэлийг нэрлэн заагаагүй байна.
Мөн Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 99 дүгээр тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмын 2.2.1, 4.2-т “суралцах үндэслэлээр ажлаас түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл хүчин төгөлдөр байх хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хязгаарлахгүй” гэж зааснаас үзвэл Н.А нь одоог хүртэл төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байгаа гэж үзэхээр байна.
Иймээс Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4 дэх хэсэгт зааснаар тухайн байгууллагад сул орон тоо гарах тохиолдолд нөөцөөс нэр дэвших замаар маргаан бүхий албан тушаалд томилогдох боломжтой, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.
Нэхэмжлэгчээс “миний оронд ажиллаж байсан Т.Л ажлаа хүлээлгэн өгсөн байгаа тул миний ажлын байр суларсан” гэж гомдол гаргасан боловч анхан болон давж заалдах шатны шүүхэд энэхүү үндэслэлээр маргаагүй, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул хяналтын шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар шүүх нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжтой юм.
Анхан шатны шүүхээс “чөлөөлөгдсөн үндэслэл шалтгаан арилсны дараа уг албан тушаалд эргэж ажиллах эрхтэй” гэж дүгнэсэн нь буруу байх бөгөөд дээр дурдсанаар нөөцийн бүртгэлд бүртгэгдсэн байдал нь сул орон тоо гарах үед хэрэгжих болохоос захиргааны байгууллагын тухайн ажил, албан тушаалыг хадгалах чиг үүрэгт хамааралгүй байх тул захиргааны байгууллагыг “албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй” гаргасан гэж үзэхгүй.
Эдгээр үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ний өдрийн 221/МА2017/0460 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ