Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 01355

 


 

 

 

 

 

         2020 оны 04 сарын 29 өдөр

              Дугаар 102/ШШ2020/01355

                Улаанбаатар хот

 

                                              

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, шүүгч М.Мөнхтөр, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Д.А нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Р.Г холбогдох,

 

41,554,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 19,019,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан, хариуцагч Р.Г, хариуцагчийн өмгөөлөгч Н.Нямжаргал, гэрч Б.Энхтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Д.Аийн эзэмшлийн 30-94 УНТ улсын дугаартай, Исузу Повард маркийн автомашиныг Р.Ггээр жолоодуулж, тус автомашин дээр 3 тонн түлш ачин өгч, Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум руу явуулсан. Гэтэл Р.Г нь автомашин жолоодон явж байх замдаа архидан согтуурч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг Мандал уулын орчимд зам тээврийн осол гарган автомашиныг онхолдуулж, ачиж явсан 3 тонн түлшийг асгаж хохирол учруулсан болно. Р.Ггийн үйлдлийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Цагдаагийн тасгаас 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийг иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж автомашинд учирсан хохирол болон асгарсан түлшний үнийг нөхөн төлүүл гэсэн шийдвэрийг гаргасан.

Мөн 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Д.А би Р.Ггээс Ланд Круйзер-105 маркийн 21-02 УНЛ улсын дугаартай автомашиныг нь 27,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 15,000,000 төгрөгийг урьдчилгаанд нь өгсөн байсан боловч Р.Г нь 2015 оны 11 дүгээр сард СБД-ийн 8 дугаар хороонд байршилтай Сити центрийн үүднээс запас түлхүүрээрээ асаан авч явсан байсан. Уг нь би үлдэгдэл мөнгийг нь 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр өгнө гэж ярьж тохирсон байсан боловч Р.Г нь итгэл эвдэж, надад хэлэлгүйгээр автомашиныг авч явсан. Энэ талаар би Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргаж шалгуулсан боловч, эрүүгийн гэмт хэргийн шинжгүй, иргэний журмаар шийдвэрлэх асуудал байна гээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж хаасан. Надад одоо тэр машины удирдлагатай түлхүүр, бичиг баримт нь байдаг. Гэтэл Р.Г нь 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бичиг баримтаа үрэгдүүлсэн гээд шинээр бичиг баримт гаргуулж авсан байсан. Дээрх автомашин дотор иргэн н.Мөнх-Очирын эзэмшлийн Ногоон Дарь-Эх бурхан, цахилгаан дизелээр ажилладаг машин халаах зориулалттай цоо шинэ пуужин төхөөрөмж, мөн миний хөнжил гудас, өвөл зуны хувцас хэрэглэлүүд, аяны хэрэгсэл, миний эзэмшлийн ангын зориулалттай ака маркийн бууны байлдааны 5 ширхэг сум зэрэг зүйлс байсан болно. Түүнчлэн Ланд Круйзер-105 маркийн 21-02 УНЛ улсын дугаартай автомашиныг анх авахад эвдрэлтэй, явахгүй байсан. Тиймээс уг машины хропыг авч шинээр сольсон зардал 1,000,000 төгрөг, машины их бие дундуураа салалттай байсан учраас бүтэн задаргаа хийлгэж хадуулсан. Мөн урд чулак болон АВS системийг янзлуулсан, дөрвөн дугуйг нэг ширхэг дугуйг 150,000 төгрөгөөр тооцож сольсон. Эдгээрийн нийт зардал 4,375,000 төгрөг болсон. Иймд шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

1.    30-94 УНТ улсын дугаартай, Исүзу Повард маркийн автомашинд учруулсан хохиролд 13,059,000 төгрөг,

2.    Асгарч, үрэгдсэн 3 тонн шатахууны үнэ 5,520,000 төгрөг,

3.    Ланд круйзэр маркийн 21-02 УНЛ улсын дугаартай автомашины урьдчилгаанд төлсөн 15,000,000 төгрөг, тус автомашинд засвар хийсэн зардал 4,375,000 төгрөг,

4.    Иргэн н.Мөнх-Очирын ногоон дарь эх бурханы үнэ 2,000,000 төгрөг,

5.    Халаах пуужин төхөөрөмжийн үнэ 1,600,000 төгрөг, нийт 41,554,000 төгрөгийг хариуцагч Р.Ггээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунгэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагч Р.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

1.30-94 УНТ улсын дугаартай, Исузу Повард маркийн автомашинд хохирол учруулсны төлбөр 13,059,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Миний бие Р.Г нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатараас Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 3-р багийн нутаг дэвсгэрт орших Торой мод гэх газар байрлах “Флинк монголиа” ХХК-ийн алтны уурхай чиглэлд нэхэмжлэгч Д.Аийн гуйлтаар түүний эзэмшлийн 30-94 УНТ улсын дугаартай Исузу Повард маркийн автомашиныг жолоодож, “Флинк монголия" ХХК-д усан буучин ажилтай Э.Баасаннямын хамт явж байгаад шөнийн 02.00 цагийн үед жалга уруу унаж осолдсон байдаг. Үүнээс емнө 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Д.Атай тохиролцсоны дагуу миний бие өөрийн самосвол машинтайгаа уурхай дээр нь очиж ажилласан. Түүний уурхайд очиж тасралтгүй 2 сар ажиллахдаа шороо тээвэрлэх болон усан буу ажиллуулах, шөнийн цагаар манаа хийж хонодог байсан. Дээрх ослын талаар 2016 оны 01 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Цагдаагийн тасагт Д.А гомдол гаргаж, мэдүүлсний дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаад Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрсайханы 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 5/27 дугаартай “Эрүүгийн 201618010020 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" тогтоолоор тус эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Д.А нь энэхүү ослын улмаас өөрийн эзэмшлийн 30-94УНТ улсын дугаартай Исузу Повард маркийн автомашинд учирсан хохиролд 13,059,000 төгрөгийг Р.Г надаар төлүүлэхээр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь: уг автомашинд зам тээврийн ослын улмаас учирсан хохирлын хэмжээ нь 6.850,000 төгрөг болохыг шүүхийн журмаар томилогдсон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тодорхойлсон. Мөн уг автомашины гар тормос нь зам тээврийн ослоос өмнө ажиллагаагүй байсан, уг тээврийн хэрэгслийн явах эд анги нь зам тээврийн осолд оролцохоос өмнө шаардлага хангаагүй буюу бүрэн бус тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулсан, зам тээврийн осол үйлдэгдсэн газрын нөхцөл байдлыг үзэхэд тухайн үед тээврийн хэрэгслийн тормос болон эд анги бүрэн байсан ч зогсоох боломжгүй /огцом налуу, хальтаргаа гулгаатай улирал байсан/ нь үзлэгээр илэрсэн. Зөрчилтэй тээврийн хэрэгслийг зогсоох боломж байхгүй, гар тоормос ажиллагаагүй учир зогсоох арга хэмжээ авах боломжгүй зэргийг Эрүүгийн 201618010020 дугаартай хэргийг шалгах явцад Х.Жавхлантын гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. 30-94 УНТ улсын дугаартай Исузу Повард маркийн автомашинд зам тээврийн ослын улмаас хохирол учрахад автомашины өмчлөгч Д.Аийн өөрийнх нь тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаагүй буруутай үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн. Иймд, зам тээврийн ослын улмаас Д.Аийн өмчлөлийн 30-94 УНТ улсын дугаартай Исузу Повард маркийн автомашинд учирсан хохирлыг Р.Г миний бие хариуцахгүй болно.

 

2.Асгарч үлдсэн 3 тонн түлшний төлбөр 5,520,000 (төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатараас Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум руу хөдөлсөн 30-94 УНТ улсын дугаартай Исузу Повард маркийн автомашины тэвшин дээр тус бүр нь 200 литрын багтаамжтай 7 ширхэг төмөр поошкинд савласан 1400 литр түлш, 1 тонны багтаамжтай усны цагаан саванд савласан 1000 литр түлш, нийт 2400 литр түлш буюу шатахууныг уурхайн ажилчдын хүнсний материалын хамт ачиж авч явсан. Уг түлшийг Д.А, Э.Баасанням бид гурав хамт явж, литр тутмыг нь 1380 төгрөгөөр хувийн шатахууны компаниас авсан. Тухайн үед Д.А нь түлшний төлбөр тооцоогоо дутуу хийгээд /1 200 000 төгрөгийг дутуу хийсэн/, машиндаа ачиж өгөөд явуулсан. 3 тонн түлш ачиж яваагүй. Ачиж явсан түлшийг ослын үеэр асгаж үрэгдүүлээгүй бөгөөд машин унахад дээрх ачаа бүрэн бүтэн байсныг н.Үүрдмөнх, н.Ариунболд, усан буучин н.Нямдорж нар краныг босгохдоо авч очсон техниктээ багтаамжаар нь хийж, үлдэгдлийг нь ачиж явсан. Хоол хүнсний материал, гурил, будаа болон машины сэлбэг бусад жижиг сажиг зүйлсийг нь н.Ариунболдод хүлээлгэж өгсөн. 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр осол гарсан хэргийн газарт нөхөн үзлэг хийхэд их хэмжээний түлш асгарч, хөрс бохирдуулсан ул мөр илрээгүй. Тиймээс 3 тонн түлш ачиж яваад асгаж, үрэгдүүлсэн гэдэг бол ор үндэсгүй худал нэхэмжлэл байна. Иймд 3 тонн түлшний төлбөр 5,520,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй юм.

 

3.Ланд круйзер-105 маркийн 21-02 УНЛ улсын дугаартай автомашины урьдчилгаанд төлсөн байсан 15,000,000 төгрөг, тус автомашинд байсан иргэн н.Мөнх-Очирын эзэмшлийн Ногоон Дарь Эх бурханы үнэ 2,000,000 төгрөг, цахилгаан дизелээр ажилладаг машин халаах зориулалт бүхий шинэ пуужин төхөөрөмжийн үнэ 1,600,000 төгрөг, мөн автомашинд засвар хийлгэсэн зардал 4,375,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Д.А нь миний машиныг анх 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ирж гуйж авч яваад, 7 хоног унаж хэрэглээд буцаж ирсэн. Ингэж явахдаа Увс аймаг руу 3000 гаруй километр явж ирсэн байдаг. 2015 оны 08 дугаар сарын 05-ны орой манай гэрийн гадаа ирээд ярьж хөөрч байгаад Орхонтуул сум руу албаны хүмүүсийг хүргэж өгөөд, уурхайгаар ороод ирье гэж хэлээд машиныг маань буцаагаад унаад явсан. Ингээд 5 хоног ямар ч сураггүй, утас нь холбогдохгүй болсон. Машиныг худалдах талаарх тохиролцоог 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Д.А миний машиныг буцааж өгөхөөр манай гэрт ирээд хийгдсэн гэж үзэж болно. Тэрээр миний машиныг 30 сая төгрөгөөр өгч, авалцахаар тохиролцсон. Энэ тохиролцоог хийхдээ манай гэрт эхнэр Д.Оюунгэрэл, охин Г.Долгордулам нар байхад надтай ярилцаж тохирсон. Ингээд ямар ч урьдчилгаа төлбөр өгөлгүйгээр машиныг маань унаад явсан. Ингээд сураггүй алга болсон. Сүүлд нэхэл дагал болж байж 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд 15,000,000 төгрөгийг цувуулж өгсөн байдаг боловч Д.А нь миний машиныг худалдаж авсан өдрөөсөө хойш 3 сар гаран хугацаанд 14,000 километр унаж хэрэглэхдээ маш их хэмжээний эвдрэл, гэмтэл үүсгэсэн байдаг. 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр уурхай дээр байхад Улаанбаатар хотоос гараад уурхай орох замдаа төөрч шөнө жалга руу ороод урд мостоо эвдэлчихлээ гэсээр өглөө ирсэн. Би машиныг засах гэж оролдоод засагдахааргүй болсон байсан учир хойд мостоороо Улаанбаатар хот руу явж 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Таван богд”- ын засварын газар машиныг оношлуулахад нэлээд эвдрэл гэмтэлтэй гарсан боловч засуулалгүй тэр чигээр нь унаад л байсан. Машин худалдан авсан төлбөрөө гүйцээж төлөхгүй байсан учраас 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр машинаа авсан. Миний бие 2016 оны 06 дугаар сар хүртэл долоон сарын хугацаанд Д.А руу үлдэгдэл төлбөрөө төлж, эвдэлсэн машинаа ав гэж удаа дараа залгаж, мессеж бичиж байсан боловч энэ хугацаанд надад ямар ч хариу өгөөгүй. Машинаа буцааж авсныхаа дараа өөрийнх нь оношлуулсан газраар эвдэрсэн эд ангийн үнэлгээг гаргуулахад 7,879,200 төгрөг болсон ба уг эвдрэлийг хасаж тооцуулаад 2016 оны 6 дугаар сард машинаа худалдсан. Тэрээр нэхэмжлэлдээ автомашинд 4,375,000 төгрөгийн засвар хийлгэсэн гэдэг нь худал болно. 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр машиныг буцаад авахад дотор нь байсан ногоон дарь эх бурхан, автомашин халаагч төхөөрөмж болон бусад эд хэрэглэл, хувцас гиет байдлаараа бүрэн бүтэн хадгалагдаж байгаа болно. Харин нэхэмжлэлд дурдсан ангын зориулалттай ака маркийн бууны 5 ширхэг сум байгаагүй болно. Иймд Д.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Р.Г миний бие Д.Аийн захирлаар ажилладаг “Флинк Монголия” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших 999 гэх нэртэй газарт байрлах алтны уурхайд 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл өөрийн өмчлөлийн 6298 УБИ улсын дугаартай Hyundai HD-270 маркийн цагаан өнгийн самосвол автомашинаар шороо тээвэрлэх, усан буу болон тенхик хэрэгсэл дээр нь шөнийн цагаар манаа хийх, машин техникийг нь засварлаж туслалцаа үзүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр, ажлын хөлсийг сард 5,000,000 төгрөг байхаар тохирсон. Тохирсон ёсоор уурхай дээр очиж 2 сар тасралтгүй ажиллахдаа нэг ч төгрөгийн ажлын хөлс аваагүй. Д.Ааас ажлын хөлс нэхэхэд дараагийн угаалганаас өгье гэж худал хэлсээр миний хөлс хөдөлмөр, цаг хугацаа, машин техникт хохирол учруулсан. Иймд 2 сарын ажлын хөлс 10,000,000 төгрөгийг Д.Ааас гаргуулах хүсэлттэй байна.

Д.А нь миний 6298 УБИ улсын дугаартай Hyundai HD-270 маркИн цагаан өнгийн самосвол автомашиныг тухайн үеийн зах зээлийн ханшаар нэг бүр нь 360,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг аккумляторын үнэ 720,000 төгрөг, 420,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг динам, бүгд нийлээд 1,140,000 төгрөгийн үнэтэй сэлбэгийг уурхайдаа авч ашиглахдаа одоог хүртэл өгөөгүй байх тул сэлбэгийн үнийг Д.Ааас гаргуулж өгнө үү. 

Д.А нь 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр миний өмчлөлийн 2102 УНЛ улсын дугаартай Тоёото Ланд круйзер 105 маркийн автомашиныг 30 000 000 төгрөгөөр худалдан авч 3 сар гаран хугацаанд 14,000 километр унаж хэрэглэсэн. Д.А нь машины төлбөрөө төлөхгүй холбоо сураггүй алга болсон бөгөөд 2018 оны 8 дугаар сарын сүүлээр хүүхдээ сургуульд бүртгүүлэхээр ирэхэд нь би холбогдож, бид хоёр уулзсан. Тухайн үед мөнгөө авъя гэхэд ажил эхлээгүй байна, экскаватор засагдаж байгаа, шороо тээвэрлэх машин эвдэрчихлээ гэсэн. Чи өөрийн самосволтой очоод шороо тээвэрлээд ажлын хөлсөө ч ав, мөн худалдсан машиныхаа төлбөрийг ч ав гэхээр нь энд хийж байсан ажлаа орхин Д.Аийн алтны уурхайд 2015 оны 9 дүгээр сарын 05-ны орой 22 цагт 7 поошигтой түлшийг цанын баазаас авч, ажиллахаар очсон. Энэ өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд уурхай дээр ажилласан боловч машины төлбөрт 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд нэхэл дагал болж байж 15 000 000 төгрөг цувуулж өгсөн байдаг. Машины үлдэгдэл төлбөр болон ажлын хөлсөө авч чадаагүй. Ингээд машины мөнгөө гүйцээж өгөхгүй явсаар байсан тул 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Д.Ааас машинаа буцааж авсан. Тэрээр машиныг эзэмшиж хэрэглэх хугацаандаа их хэмжээний эвдрэл гэмтэл үүсгэсэн байсан. Машинаа буцааж аваад өмнө нь Д.А машиныг унаж байхдаа оношлуулж байсан Таван богдын авто засварын газарт дахин оношилгоонд оруулж, эвдэрсэн эд ангийн үнэлгээ гаргуулахад 7,879,200 төгрөгийн үнэлгээ гарсан болно.  Миний бие 2016 оны 6 дугаар сар хүртэлх /7 сарын/ хугацаанд Д.А руу үлдэгдэл төлбөрөө төлж, эвдэлсэн машинаа ав гэж удаа дараалан залгаж, мессеж бичиж байсан. Энэ хугацаанд надад ямар ч хариу өгөөгүй. Ингээд би өөрөө банкны зээлтэй байсан учраас дээрх эвдэрлийг хасаж тооцуулаад 2016 оны 6 дугаар сард машинаа худалдсан. Тиймээс Д.А нь миний машиныг унаж хэрэглэхдээ учруулсан хохирол болох 7,879,200 төгрөгийн хохирлыг төлж барагдуулах үүрэгтэй гэж үзэж байна. Иймд Д.Ааас намайг уурхай дээр ажиллуулсан 2 сарын хугацааны ажлын хөлсөнд 10,000,000 төгрөг, самосвол автомашины сэлбэг хэрэгслийн үнэд 1,140,000 төгрөг, Тоёото ланд крузер 105 маркийн автомашиныг унаж хэрэглэхдээ учруулсан хохиролд 7,879,200 төгрөг нийт 19,019,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа: Хариуцагч тал 10,000,000 төгрөг шаардаж байгаа нь хөдөлмөрийн харилцаанаас үүсэх тусдаа харилцаа юм. Р.Г нь Д.Аийг дагаад Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт байх уурхай руу явсан. Явахдаа өөрийн шороо ачдаг автомашиныг аваад машинаараа очиж халтуур хийх зорилготой байсан. Д.Аийн хувьд хариуцагчийн машинтай ижил ачааны 3 ширхэг машин байдаг учраас хариуцагчийн машиныг ашиглах шаардлага байхгүй. Уурхайн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс тэнд өөрийн ажилчидтайгаа ажилладаг учраас хариуцагчийг авч очиж ажил хийлгэх ямар ч шаардлага байхгүй. Тийм учраас сөрөг нэхэмжлэлд дурдагдсан 10,000,000 төгрөгийн асуудал үндэслэлгүй.

Мөн машин засах талаар ярилцаж, тохиролцсон зүйл байхгүй. Р.Г Ландкруйзер 105 машины үлдэгдэл төлбөрийг авах зорилгоор очсон байдаг. Хоёрдугаарт 2 ширхэг аккумулятор нэхэмжилсэн. Аккумулятор аваагүй, үндсэн нэхэмжлэлтэй холбоотойгоор шаардсан пуужин болон бурханыг өгөхгүй байх зорилгоор хариуцагч зохиомол зүйл ярьдаг. Аккумулятор авсан баримт байхгүй. Үнэхээр тийм зүйл авсан байдаг юм бол бас тусдаа харилцаа, тусдаа нэхэмжлэл гаргаад шийдвэрлүүлэх боломжтой. Гурав дахь шаардлагын хувьд авто машины урьдчилгаа 15,000,000 төгрөг авсныг хариуцагч хүлээн зөвшөөрдөг. 3-4 сар нэхэмжлэгч машиныг унасан учраас би 15,000,000 төгрөгийг өгөхгүй гэж хариуцагч тайлбарладаг. Д.А машиныг 14,000 километр унаж хэрэглээгүй. Хариуцагч 7,879,200 төгрөгийн баримт өгсөн боловч баримт 2016 оны 4, 5 дугаар сарынх байсан. Р.Г 2015 оны 11 дүгээр сард ирээд машинаа аваад явчихсан. Машинаа авснаас хойш унаж хэрэглэсэн. Тэгээд эвдэрч, гэмтэхэд нь засуулсан байх, хариуцагчийг машинаа авч явахад машин зүгээр байсан. Цагдаагийн байгууллагаас хариуцагчийг эрүүгийн хэрэгт татаж шалгаад машин өөрийнх нь нэр дээр байсан учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А  нь хариуцагч Р.Гд холбогдуулан 41,554,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Р.Г нь нэхэмжлэгч Д.Ат холбогдуулан 19,019,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Тус хэрэгт томилогдсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд талууд иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хэргийг шийдвэрлүүлэх талаар санал гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тус тус хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэг: Нэхэмжлэгч Д.Аийн хариуцагч Р.Гд холбогдуулан гаргасан 41,554,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Р.Ггээс 41,550,000 төгрөгийг нэхэмжилсэн үндэслэлээ тайлбарлахдаа ...

1.    2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч Р.Г нь нэхэмжлэгч Д.Аийн өмчлөлийн  30-94 УНТ улсын дугаартай, Исузу Повард маркийн автомашиныг жолоодон явахдаа зам тээврийн осол гаргасны улмаас тус машинд учирсан хохиролд  13,059,000 төгрөг,  уг машинд ачиж яваад зам тээврийн ослын улмаас асгарсан 3 тонн түлшний үнэ 5,520,000 төгрөг,

2.    Нэхэмжлэгч Д.А нь Р.Ггээс 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Ланд Круйзер-105 маркийн 21-02 УНЛ улсын дугаартай автомашиныг нь 27,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 15,000,000 төгрөгийг урьдчилгаанд нь өгсөн байсан боловч Р.Г нь 2015 оны 11 дүгээр сард автомашинаа Д.Ат хэлэхгүйгээр буцааж авсан тул урьдчилгаанд төлсөн 15,000,000 төгрөгийг, тус автомашины засвар үйлчилгээ хийлгэсэн зардалд 4,375,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.

 

1.1.Хариуцагч энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба үндэслэлээ... зам тээврийн осол нь миний буруутай үйл ажиллагаанаас болоогүй, ...бүрэн бус тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахаар надад өгсөн, ... зам тээврийн осол үйлдэгдсэн газрын нөхцөл байдлыг үзэхэд тухайн үед тээврийн хэрэгслийн тормос болон эд анги бүрэн байсан ч зогсоох боломжгүй байсан, ...ачиж явсан түлш ослын үеэр асгараагүй, машин унахад дээрх ачаа бүрэн бүтэн байсан... гэж тайлбарлаж байна.

 

 Хариуцагч Р.Г нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 3 дугаар багийн нутаг Мандал уулын зүүн талд нэхэмжлэгч Д.Аийн эзэмшлийн 30-94 УНТ улсын дугаартай, Исузу Повард маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсгийг зөрчиж, зам тээврийн осол гаргасан болох нь хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 5/27 дугаартай прокурорын тогтоолоор тогтоогдож байх ба уг тогтоол хүчин төгөлдөр байна./хх-73-75 тал/.

 

Иймд  хариуцагч Р.Г нь осол гарах үед уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан болон тухайн зам тээврийн осол гарсан эсэхэд маргахгүй байх бөгөөд түүнийг  МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан болох нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 5/27 дугаартай прокурорын тогтоолоор тогтоогдож байх тул уг зам тээврийн осолд буруугүй гэх хариуцагчийн тайлбарыг  үндэслэлгүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч Д.А нь өөрийн эд хөрөнгөнд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.

            Дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Д.Аийн эзэмшлийн 30-94 УНТ улсын дугаартай, Исузу Повард маркийн тээврийн хэрэгсэлд 10,766,000 төгрөгний хохирол учирсан болох нь “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12/03 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна./хх-134-148 тал/.

Хариуцагч Р.Г нь шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа... “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12/03 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 30-94 УНТ улсын дугаартай, Исузу Повард маркийн тээврийн хэрэгсэлд  учирсан хохирлыг 10,766,000 төгрөг гэж тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Р.Г нь “Итгэлт эстимэйт” ХХК-ийн дүгнэлтийг үгүйсгэсэн нотлох баримтыг хэрэгт өгөөгүйгээс гадна уг дүгнэлтийг эс зөвшөөрч, дахин дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй болно.

 

            Иймд хариуцагч Р.Ггээс 30-94 УНТ улсын дугаартай, Исузу Повард маркийн тээврийн хэрэгсэлд  учирсан хохирол болох 10,766,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Гд олгох нь хуульд нийцнэ.

 

            Дээрх зам тээврийн осол гарах үед 30-94 УНТ улсын дугаартай, Исузу Повард маркийн тээврийн хэрэгсэлд 3 тонн түлш ачиж явсанд талууд маргаагүй, харин ослын үед уг 3 тонн түлш асгарсан эсэхэд талууд маргаж байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Хэрэгт авагдсан баримтууд болох Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 5/27 дугаартай прокурорын тогтоол болон тус эрүүгийн хэрэгт өгсөн  Д.Аийн тайлбар болон хохирогчоор өгсөн мэдүүлэг, Р.Ггийн  тайлбар болон сэжигтэн, яллагдагчаар  өгсөн мэдүүлэг, гэрч  Э.Баасанням, Д.Үүрдмөнх, Г.Ариунболд нарын өгсөн мэдүүлэг, хэргийн газарт 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б.Энхтунгалаг нарын мэдүүлэг зэргээр осол гарах үед 30-94 УНТ улсын дугаартай, Исузу Повард маркийн тээврийн хэрэгсэлд ачиж явсан түлш асгарсан гэх байдал тогтоогдохгүй байна./хх-89-113 тал/.

Иймд нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Р.Ггээс 3 тонн түлшний үнэ 5,520,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

1.2. 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Р.Ггээс түүний эзэмшлийн 21-02 УНЛ улсын дугаартай, Ланд круйзер-105 маркийн автомашиныг 27,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, уг машиныг авч, урьдчилгаанд 15,000,000 төгрөгийг өгсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Хариуцагч Р.Г нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж, автомашиныг бодитоор нэхэмжлэгч Д.Ат хүлээлгэн өгсөн боловч үлдэгдэл төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр автомашиныг буцааж авсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч Р.Гг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй гэж заасан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 15,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хуульд нийцэж байна.  Иймд хариуцагч Р.Ггээс 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ат олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин нэхэмжлэгч  Д.А нь хариуцагч Р.Ггээс худалдах худалдан авах гэрээний зүйл болох 21-02 УНЛ улсын дугаартай, Ланд круйзер-105 маркийн автомашинд засвар, үйлчилгээ хийсний зардалд 4,375,000 төгрөгийг, тус автомашиныг хариуцагч авч явах үед дотор нь байсан гэх  иргэн н.Мөнх-Очирын ногоон дарь эх бурханы үнэ 2,000,000 төгрөг , автомашиныг халаах зориулалттай “пуужин” төхөөрөмжийн үнэ 1,600,000 төгрөгийг тус тус нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

Нэхэмжлэгч Д.А нь 21-02 УНЛ улсын дугаартай, Ланд круйзер-105 маркийн автомашинд засвар, үйлчилгээ хийсний зардалд 4,375,000 төгрөгийг нэхэмжлэхдээ үндэслэлээ...уг машиныг анх Р.Ггээс хүлээн авахад эвдрэлтэй, явахгүй байсан тул эд ангиудыг сольж, засвар үйлчилгээ хийлгэсэн... гэх агуулгаар тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Д.А нь 2015 оны 08 дугаар сард хариуцагч Р.Ггээс  худалдах, худалдан авах гэрээний дагуу 21-02 УНЛ улсын дугаартай, Ланд круйзер-105 маркийн автомашиныг хүлээн авах үед уг автомашин эвдрэлтэй, засвар үйлчилгээ хийх шаардлагатай байсан гэх байдал тогтоогдохгүй байх төдийгүй уг автомашиныг хүлээн авах үед түүний биет байдлын доголдлын талаар мэдэх боломжтой байсан гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас 21-02 УНЛ улсын дугаартай, Ланд круйзер-105 маркийн автомашинд засвар, үйлчилгээ хийсний зардалд 4,375,000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүйгээс гадна Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар энэ талаар шаардлага гаргах эрхээ алдсан байна гэж дүгнэлээ.   

 

Мөн нэхэмжлэгч Д.А нь хариуцагчаас иргэн Д.Мөнх-Очирын бурханы үнийг нэхэмжилж байх боловч иргэн н.Мөнх-Очир нь уг бурханы үнийг хариуцагчаас шаардах эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.  Иймд нэхэмжлэгч Д.А нь иргэн н.Мөнх-Очирын эзэмшлийн Ногоон дарь эх  бурханы үнийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

Хариуцагч нь 21-02 УНЛ улсын дугаартай, Ланд круйзер-105 маркийн автомашиныг буцаан авах үед дотор нь автомашиныг халаах зориулалттай “пуужин” төхөөрөмж байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байх боловч уг төхөөрөмж 1,600,000 төгрөгний үнэтэй гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас уг төхөөрөмжийн үнэд 1,600,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Харин иргэн н.Мөнх-Очир нь хариуцагчаас ногоон дарь эх бурханаа шаардахад болон нэхэмжлэгч нь автомашиныг халаах зориулалттай “пуужин” төхөөрөмжийг хариуцагчаас гаргуулахаар тус тус шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

 

Хоёр: Хариуцагч Р.Ггийн нэхэмжлэгч Д.Ат холбогдуулан гаргасан 19,019,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Р.Г нь энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа ...нэхэмжлэгч Д.Д.Аийн уурхай дээр ажилласан 2 сарын хугацааны ажлын хөлсөнд 10,000,000 төгрөг, уг ажлыг өөрийн самосвол автомашинаар хийхээр тохиролцон ажлыг хийж гүйцэтгэсэн тул миний самосвол автомашины сэлбэг хэрэгслийн үнэд 1,140,000 төгрөг, Тоёото ланд крузер 105 маркийн автомашиныг унаж хэрэглэхдээ учруулсан хохиролд 7,879,200 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэжээ.

 

Хариуцагч Р.Г нь нэхэмжлэгч Д.Аийг худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж,  уг гэрээний зүйл болох 21-02 УНЛ улсын дугаартай, Ланд круйзер-105 маркийн автомашинаа буцаан авсан байх бөгөөд ийнхүү буцаан авах үед уг автомашинд учирсан хохирлыг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй байна.

 

Хэрэгт авагдсан  “Таван богд” ХХК-ийн үнийн санал гэх баримтаар 21-02 УНЛ улсын дугаартай, Ланд круйзер-105 маркийн автомашинд 7,879,200 төгрөгийг засвар үйлчилгээ хийх шаардлагатай болох нь тогтоогдож байх бөгөөд энэхүү эвдрэл гэмтлийг тус автомашиныг нэхэмжлэгч ашиглаж байх хугацаанд үүссэн эвдрэл гэмтэл байна гэж үзлээ. Иймд энэхүү эвдрэл гэмтлийг засуулахад гарах зардал болох 7,879,200 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгох нь зүйтэй гэж үзлээ./хх-57-60 тал/.

 

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэжээ.

 

Хариуцагч Р.Г нь нэхэмжлэгч Д.Ааас ажлын хөлс 10,000,000 төгрөгийг, мөн уг ажлын хийхэд ашигласан өөрийнх нь эзэмшлийн самосвал маркийн автомашины сэлбэг хэрэгслийн үнэ 1,140,000 төгрөгийг нэхэмжилсэн байна. 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчээс талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний үүрэг шаардаж байх бөгөөд энэхүү шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох гэм хорын хохирол, худалдах худалдан авах гэрээний үүрэгтэй хамааралгүй бөгөөд түүнтэй харилцан тооцогдох үүрэг биш байна.

Иймд шүүх хариуцагч Р.Ггийн нэхэмжлэгч Д.Ааас нэхэмжилсэн ажлын хөлс 10,000,000 төгрөг, автомашины сэлбэг хэрэгслийн үнэ 1,140,000 төгрөг, нийт 11,140,000 төгрөгний нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс энэхүү ажлын хөлс 10,000,000 төгрөг, автомашины сэлбэг хэрэгслийн үнэ 1,140,000 төгрөг, нийт 11,140,000 төгрөгний нэхэмжлэлийг шүүхэд тусдаа нэхэмжлэл гарган шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр хариуцагч Р.Ггээс 25,776,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Д.Ат, нэхэмжлэгч Д.Ааас 7,879,200 төгрөгийг гаргуулан хариуцагч Р.Гд тус тус олгож,  нэхэмжлэгч Д.Аийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,788,000 төгрөгний нэхэмжлэлийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,140,000 төгрөгийн нэхэмжлэлд холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                             ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Р.Ггээс 25,776,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ат, нэхэмжлэгч Д.Ааас 7,879,200 төгрөгийг гаргуулан хариуцагч Р.Гд тус тус олгож,  нэхэмжлэгч Д.Аийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,788,000 төгрөгний нэхэмжлэлийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,140,000 төгрөгт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 365,720 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,046 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Р.Ггээс улсын тэмдэгтийн хураамжид 286,780 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ат, нэхэмжлэгч Д.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 141,017 төгрөгийг гаргуулан хариуцагч Р.Гд тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА

 

                                                                         ШҮҮГЧ                               М.МӨНХТӨР

 

          А.САРАНТУЯА