| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 116/2022/0028/З |
| Дугаар | 221/МА2026/0053 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Газар, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2026/0053
“Хт” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 117/ШШ2025/0008 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдааны даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “Хт” ХХК
Хариуцагч: Дорнод аймгийн Засаг дарга, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
Гуравдагч этгээд: “ДО” ХХК
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.
Хэргийн индекс: 116/2022/0028/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 117/ШШ2025/0008 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Хт” ХХК-ийн “Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 тоот захирамжийн “Газар эзэмших, гэрчилгээг шинэчлэн олгох газрын жагсаалт”-ын 5 дахь заалтыг гарсан цагаасаа илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үлдсэнийг буюу ““Хт” ХХК-ийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Ш захын хойд талд байрлалтай, агуулах складын зориулалттай, улсын бүртгэлийн ******* тоот гэрчилгээтэй 710 м2 үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг, хуульд зааснаар орох, гарах гарцтай нь “ДО” ХХК-ийн контор, агуулахын зориулалттай 4069 м2 газраас хасаж өөрчлөн, хуульд нийцсэн захирамж гаргуулж өгөхийг Дорнод аймгийн Засаг даргад даалгах, мөн газрын хэмжээ байршил, заагийг тогтоох, орох гарах гарцтай нь /кадастрын зураглалтай/ газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх ажлыг зохион байгуулахыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад даалгах” шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг авахаас татгалзаж” шийдвэрлэсэн байна.
2. Нэхэмжлэгч “Хт” ХХК-ийн захирал Л.А шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.
2.1. ... Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн /2002/ оны 27 дугаар зүйлийн 27.1-д "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ." 27.4-д "Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно." 34 дүгээр зүйлийн 34.1-д "газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуй нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж тус тус заасан байна. Дээрх тохиолдолд нэхэмжлэгч Хт ХХК-ийн үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 710 м.кв талбай бүхий агуулахын доорх газарт хуульд заасны дагуу газар эзэмших эрх үүсээгүй байна ... гэж дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
Учир нь маргаан бүхий газрын дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нь газрын тухай хууль хэрэгжихээс өмнө буюу 1991 оны өмч хувьчлалаар авсан байхад анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Цаг хугацааны хувьд нэхэмжлэгч маргаан бүхий газрын дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгийг өмч хувьчлалаар авсан байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.
2.2. Маргаан бүхий 2012 оны захирамж гарах хугацаанд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/ үйлчилж байсан ба энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" тохиолдолд илт хууль бус захиргааны актад тооцохоор заасан, харин маргаан бүхий актын хувьд хариуцагч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд "ДО" ХХК-д 4069 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгосон тул захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж шүүх дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Тухайн цаг хугацаанд буюу 2012 онд аймгийн Засаг дарга захирамж гарах үед тухайн маргаан бүхий газрын дээр бусад иргэн аж ахуй нэгжийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг лавлаж шалгасан бол энэ захирамж өөрөөр гарах, мөн нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол тухайн цаг хугацаанд сэргэх бүрэн боломжтой байсан юм.
Өөрөөр хэлбэл энэ асуудлыг тухайн цаг хугацаанд бүрэн шалгаж лавласан бол захиргааны акт гаргах үндэслэл бүрдээгүй байх байсан гэж үзэж байна.
"Хт" ХХК-ийн нэр дээр маргаан бүхий газрын дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2005 онд гаргаж байсан бөгөөд энэ талаарх нотлох баримтууд хэрэгт бүрэн авагдсан болно.
2.3. Маргаан бүхий актад хууль зөрчсөн, илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, энэ тохиолдолд дээрх нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүйгээс гадна уг нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар дүгнэж шийдвэрлэсэн Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 03 дугаартай хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т "Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж зааснаар үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.
Дээрх дүгнэлтийг нэхэмжлэгч миний бие хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 77 дугаартай магадлалаар "ДО" ХХК-д олгосон улсын бүртгэлийн Ү-0614006321 TOот гэрчилгээнд өөрчлөлт оруулан тоосгон агуулахын 1209.88 м.кв-аас 710 м.кв-ыг хасаж 499.88 м.кв талбайтай болгон өөрчлөн бүртгэхийг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай" гэж өөрчилж шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл дээрх шүүхийн магадлалаар манай компанийн үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлсэн бүртгэлтэй давхцуулж үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлсэн болохыг шинээр тогтоосон байдаг болно.
Дээрх магадлалыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлж манай компанийн 710 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн давхцалыг арилгуулж манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломж бүрдсэн болно.
Энэ ч үүднээс дээрх шүүхийн магадлалд зааснаар маргаан бүхий газрын дээр байгаа үл хөдлөл эд хөрөнгийн давхцалаа арилгуулсан тул доорх газрыг хууль ёсоор эзэмшихийн тулд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан билээ.
2.4. Маргаан бүхий газрын дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нь өмч хувьчлалаар олж авсан байхад сүүлд хүчин төгөлдөр болсон Газрын тухай хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Маргаан бүхий газрын дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч "Хт" ХХК, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доор байгаа газрын эзэмшигчээр гуравдагч этгээд "ДО" ХХК байх талаар гарсан удаа дараа гарсан шүүхийн шийдвэр, магадлал бодит нөхцөл байдалд биелэгдэх эсэхэд эргэлзээ үүсэж байна.
Өөрөөр хэлбэл манай компанийн үл хөдлөх эд хөрөнгийн доор байгаа газар гуравдагч этгээдийн эзэмшилд байгаа нөхцөлд манай компани үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах, үл хөдлөх эд хөрөнгийн үр шимээ хүртэх боломжгүй нөхцөлд хүрэхээр байна.
2.5. Иймд анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй, давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан асуудалд хууль зүйн дүгнэлт өгөөгүй буюу нэхэмжлэгч маргаан бүхий газрын дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өмч хувьчлалаар олж авсан асуудалд хууль зүйн дүгнэлт өгөөгүй шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч “Хт” ХХК-аас “Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 тоот захирамжийн 5 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох, Хэрлэн сумын 6 дугаар баг, Ш захын хойд талд байрлалтай, агуулах складын зориулалттай, улсын бүртгэлийн ******* тоот гэрчилгээтэй 710 м.кв үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг, хуульд зааснаар орох, гарах гарцтай нь “ДО” ХХК-ийн контор, агуулахын зориулалттай 4069 м.кв газраас хасаж өөрчлөн, хуульд нийцсэн захирамж гаргаж өгөхийг Дорнод аймгийн Засаг даргад даалгах, мөн газрын хэмжээ байршил, заагийг тогтоох, орох гарах гарцтай нь /кадастрын зураглалтай/ газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх ажлыг зохион байгуулахыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Анхан шатны шүүх “хариуцагч Газрын тухай хуулийн энэ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчөөгүй байна. ... Маргаан бүхий 2012 оны захирамж гарах хугацаанд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/ үйлчилж байсан ба энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй тохиолдолд илт хууль бус захиргааны актад тооцохоор заасан, харин маргаан бүхий актын хувьд хариуцагч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд “ДО” ХХК-д 4069 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгосон тул захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэхгүй...” гэж дүгнэн, нэхэмжлэлийн “А/400 дугаар захирамжийн 5 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “даалгах” нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй байна.
4. Нэхэмжлэгч “Хт” ХХК-аас “Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 тоот захирамжийн 5 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:
4.1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 127/ШШ2020/0003 дугаар шийдвэрээр А/400 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч “Хт” ХХК нь агуулахын барилгын өмчлөгчийн гэрчилгээг 2005 онд авсан гэх боловч доорх газрыг эзэмших хүсэлтээ Засаг даргад гаргаж байгаагүй, “ДО” ХХК нь маргаж буй 710 м.кв агуулахын барилгын /үргэлжилсэн контор, бусад хэсгийн хамт өмчлөгч болохоо бүртгүүлж, 2012 оны 03 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээ авсан байхад хариуцагч Засаг даргыг А/400 дугаар захирамжаар газрыг эзэмшүүлснийг буруутгах үндэслэлгүй гэж тухайн үеийн үйл баримтын талаар дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.
4.2. Гэтэл анхан шатны шүүх “Хт” ХХК-аас дахин А/400 дугаар захирамжийн талаар маргаж, илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Шүүгч энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл ... хэрэг үүсгэх тухай захирамж гаргана”, 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас шүүх татгалзахаар заасныг зөрчсөн байна.
4.3. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн энэ хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.
5. Нэхэмжлэлийн “Хэрлэн сумын 6 дугаар баг, Ш захын хойд талд байрлалтай, агуулах складын зориулалттай, улсын бүртгэлийн ******* тоот гэрчилгээтэй 710 м.кв үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг, хуульд зааснаар орох, гарах гарцтай нь “ДО” ХХК-ийн контор, агуулахын зориулалттай 4069 м.кв газраас хасаж өөрчлөн, хуульд нийцсэн захирамж гаргуулж өгөхийг Дорнод аймгийн Засаг даргад даалгах, мөн газрын хэмжээ байршил, заагийг тогтоох, орох гарах гарцтай нь /кадастрын зураглалтай/ газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх ажлыг зохион байгуулахыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад даалгах” шаардлагын тухайд:
5.1. Дээрх Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 127/ШШ2020/0003 дугаар шийдвэрээр 710 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг, хуульд зааснаар орох, гарах гарцтай нь “ДО” ХХК-ийн контор, агуулахын зориулалттай 4069 м.кв газраас хасаж өөрчлөн, хуульд нийцсэн захирамж гаргуулах, газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, гэрчилгээ олгохыг даалгах шаардлага гаргаагүй, шүүх энэ талаар дүгнэлт хийж шийдвэрлээгүй байхад анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасанд нийцэхгүй байна.
5.2. Учир нь дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш гарсан шүүхийн шийдвэр, магадлалаар нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотой нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргад хандаж, тухайн шийдвэр, магадлалыг үндэслэн, 710 м.кв үл хөдлөх хөрөнгийн доорх газар болон орц, гарцын хамт эзэмших хүсэлтийг гаргасан боловч татгалзсан хариу өгсөнтэй холбоотой нэхэмжлэлийн “даалгах” шаардлагыг гаргасан байхад анхан шатны шүүх энэ хүрээнд нь дүгнэлт өгч шийдвэрлээгүй байна.
5.3. Говь сүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар шийдвэрээр “...“ДО” ХХК-ийн гаргасан “Хт” ХХК-ийн өмчлөлд хивсний үйлдвэрийн урд талд байршилд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 710 м.кв талбай бүхий складыг бүртгэсэн 2005 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаартай улсын бүртгэл, 000109497 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “Хт”” ХХК-ийн гаргасан “ДО” ХХК-д олгосон улсын бүртгэлийн Ү-0614006321 тоот гэрчилгээнд өөрчлөлт оруулан 1209.88 м.кв-аас 710 м.кв-ыг хасаж 499.88 м.кв талбай болгон өөрчлөн бүртгэхийг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай бие даасан шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2022/0077 дугаар магадлалаар дээрх 10 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, “бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай” гэснийг ““ДО” ХХК-д олгосон улсын бүртгэлийн Ү-0614006321 тоот гэрчилгээнд өөрчлөлт оруулан тоосгон агуулахын 1209.88 м.кв-аас 710 м.кв-ыг хасаж 499.88 м.кв талбайтай болгон өөрчлөн бүртгэхийг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсэн.
Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ШХТ2022/0180 дугаар тогтоолоор нэхэмжлэгч “ДО” ХХК-ийн төлөөлөгч Д. хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар 221/МА2022/0077 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.
5.4. Үүний дараа “Хт” ХХК-аас 2022 оны 09 дүгээр албан бичгээр газар эзэмших хүсэлт гаргасны дагуу хариу өгсөн Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 1/752 дугаар албан албан бичигт “... 77 дугаар магадлалд ... уг барилгын доорх газрын эзэмшилтэй холбоотой асуудал тусгагдаагүй бөгөөд ... газар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр шийдвэрлэх боломжгүй” гэсэн нь үндэслэлгүй байна.
5.4.1. Учир нь дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу “ДО” ХХК-ийн 710 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэл хүчингүй болж, “Хт” ХХК-ийн 2005 оны үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хүчинтэй үлдсэн байхад хариуцагч нь энэхүү өөрчлөгдсөн нөхцөл байдлыг харгалзахгүйгээр хуулиар шаардаагүй газар эзэмшигчийн зөвшөөрөлгүй гэх шалтгаанаар нэхэмжлэгчийн хүсэлтэд татгалзсан хариу өгсөн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална: ... 4.1.7.газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх” зарчимд нийцэхээргүй байна.
5.4.2.Мөн маргаж буй контор агуулахын барилга болон газар /хашаатай/ нь “Дорнод аймаг дахь Техник туслалцааны барилга трест” /1990 оноос өмнө байсан нэр/ гэх байгууллага, түүний эрх залгамжлан авсан /даргын 1990 оны 314 дүгээр тушаалаар өөрчлөн байгуулагдсан/ 6 аж ахуйн тооцоот газар болох контор, ангиудын өмчлөл, эзэмшилд байсан, Газрын тухай 2002 оны хууль батлагдахаас өмнө баригдсан барилга байх бөгөөд энэ хэргийн нэхэмжлэгч “Хт” ХХК нь уг трестийн харьяа Барилга угсралтын 3-р ангийн эрх залгамжлагч /О ББХК/, харин гуравдагч этгээд “ДО” ХХК нь Барилга угсралтын конторын эрх залгамжлагч /Дорнод барилга ХК/-аар өмч, хөрөнгийг хуваан өмчилж эзэмшиж, үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан, хэн аль нь маргаж буй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэж үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд давхардуулан бүртгүүлсэн боловч өмчлөгчөөр тогтоолгохоор иргэний хэргийн шүүхэд хандаагүй, харин дээрх шийдвэр, магадлалаар гуравдагч этгээд “ДО” ХХК-ийн улсын бүртгэл, гэрчилгээ хүчингүй болж, нэхэмжлэгч “Хт” ХХК-ийн гэрчилгээ хүчин төгөлдөр үлджээ.
5.4.3. Үүнээс үзвэл хариуцагч нь Газрын тухай 2002 оны хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно” гэж заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ авсны дараа тухайн газар дээрээ шинээр үл хөдлөх хөрөнгө барьж бүртгүүлэх, мөн хуулийн 38 дугаар зүйлд зааснаар газар эзэмших эрхийг шилжүүлэх, эсхүл бусдын газар дээр барилга барьсан мэтээр нэхэмжлэгчээс газар эзэмшигчийн зөвшөөрлийг шаардах үндэслэлгүй тул хариуцагчаас нэхэмжлэгчийн хүсэлтэд өгсөн татгалзсан хариу нь хууль бус байна.
5.5. Хэдийгээр уг татгалзал нь хууль бус боловч хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгчийн маргаж буй 710 м.кв үл хөдлөх хөрөнгө нь агуулах болон терминалын хамт нэг гэрчилгээтэй, гуравдагч этгээд “ДО” ХХК-ийн өмчлөлийн контор болон агуулахын барилгын дунд байрладаг /үргэлжилсэн урт барилгын дундах хэсэг/ байх бөгөөд терминал буюу ачих буулгах тавцан нь гуравдагч этгээд “ДО” ХХК-ийн өмчлөлийн конторын барилгын урдуур үргэлжилсэн байгаагаас үзвэл уг агуулахын орц, гарцыг хэрхэн шийдвэрлэх боломжтой зэрэг нь тодорхойгүй байх тул “даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хангах боломжгүй, харин хариуцагч аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь нэхэмжлэгчийн хүсэлтийг нягтлан судалсны үндсэн дээр Газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйлд заасан “бодит нөхцөл байдлыг тогтоох, шаардлагатай баримтыг цуглуулах, сонсох ажиллагаанд хэргийн оролцогчийн хэн алиныг оролцуулах” зэргээр шийдвэр гаргах ажиллагааны журмын дагуу хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах нь зүйтэй байна.
6. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 117/ШШ2025/0008 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4, 24, 25, 26, 27 дугаар зүйлд заасныг баримтлан “Хт” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Хэрлэн сумын 6 дугаар баг, Ш захын хойд талд байрлалтай, агуулах складын зориулалттай, улсын бүртгэлийн ******* тоот гэрчилгээтэй 710 м.кв үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг, хуульд зааснаар орох, гарах гарцтай нь “ДО” ХХК-ийн контор, агуулахын зориулалттай 4069 м.кв газраас хасаж өөрчлөх тухай хүсэлтэд татгалзсан хариу өгснийг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус даалгасугай” гэж өөрчлөн,
Тогтоох хэсэгт “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан “Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 тоот захирамжийн “Газар эзэмших, гэрчилгээг шинэчлэн олгох газрын жагсаалт”-ын 5 дахь заалтыг гарсан цагаасаа илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг авахаас татгалзсугай.” гэсэн 2 дахь заалтыг нэмж,
2 дахь заалтын дугаарлалтыг “3” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ