Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 01427

 


 

 

 

2020            05              05                                              102/ШШ2020/01427

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: М.Л нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ш.М холбогдох,

 

277,890,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Должинсүрэн, хариуцагч Ш.М, хариуцагчийн өмгөөлөгч Н.Нямдорж, гэрч О.Түвшинтөгс, О.Түвшинболд, М.Төгсболд, Д.Энхтөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                 

Нэхэмжлэгч М.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Ш.М нь М.Лтай 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээг тус тус байгуулан 157,000,000 төгрөгийг бэлнээр сарын 4,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлж, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон /16030/ Энгельс гудамж, 2222 байр 1111 тоотбайрлалтай, 95.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Гэрээний хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дууссан ч зээлдэгч өнөөдрийг хүртэл зээлийн үүргээ биелүүлэхгүй байна. Ингээд өнөөдрийн байдлаар үндсэн зээл 157,000,000 төгрөг, 6 сарын хүү нийт 42,390,000 төгрөг,  зээлийн гэрээний 3 дахь хэсэгт заасан зээлдэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн  232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,1 хувийн алданги тооцож зээлдэгчид төлнө гэж заасан бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийг буюу нийт 992 хоног Ш.М хугацаа хэтрүүлсэн. 1 хоногийн алданги 157,000 төгрөг, 992 хоног нь 155,744,000 төгрөг  байх бөгөөд алдангийн хэмжээ 50 хувиас хэтэрч болохгүй гэх заалтын дагуу 78,500,000 төгрөг болж байна. Иймд гэрээний үндсэн төлбөрт 157,000,000 төгрөг, хүү 42,390,000 төгрөг, алдангид 78,500,000 төгрөг, нийтдээ 277,890,000 төгрөгийг Ш.Мгаас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Ш.М нь зээлийн гэрээг М.Л гэдэг хүнтэй байгуулсан. Хариуцагч 57,000,000 төгрөгийг бэлнээр авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг, харин 100,000,000 төгрөг авсан гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Хариуцагч нь тухайн үед би 100,000,000 төгрөг аваагүй мөртлөө авсан гээд гарын үсэг анзааралгүй зурсан тухайгаа хэлдэг. Гэрээг М.Л гэдэг хүнтэй байгуулсан ч О.Түвшинтөгсийн данснаас “Амияа” банк бус санхүүгийн байгууллагын данс руу 57,080,000 төгрөгийг шилжүүлсэн нь зээлийг хаах зорилгоор  зээл авсан нь харагддаг. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Амияа” банк бус санхүүгийн байгууллагаас ирсэн тодорхойлолтоор Ш.Мтай байгуулсан барьцаат зээлийн гэрээг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр манай Хаан банкны данс руу 57,080,000 төгрөгийг шилжүүлж, үндсэн зээл болон хүүгийн хамт хаагдсан болно гээд нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ мөнгө нь М.Л гэдэг хүн өгсөн гэдэг ч О.Түвшинтөгс гэдэг хүнээс шилжигдэж орсон байдаг. Хариуцагчийн зүгээс 57,000,000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай авснаа зөвшөөрдөг. Гэтэл зээлийн гэрээ байгуулахдаа 157,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан боловч 100,000,000 төгрөгийг бэлнээр болон дансаар аваагүй. Үнэхээр 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдөр нэхэмжлэгч Иргэний хуулийн 281-д заасны дагуу зээлийн хэмжээгээ тодорхой заагаад өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар мэдэгдэл өгөөгүй, хүү шаардаагүй байж өнөөдөр 277,890,000 төгрөг нэхэмжилж байгааг шүүх анхаарч өгнө үү.

Иймд анхнаасаа зээлийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу хийгдээгүй. Гэрчүүд тайлбарлахдаа М.Төгсболд нөхөрлөл ажиллуулдаг, нөхөрлөлийн гишүүнээр О.Түвшинболд байдаг. М.Төгсболд энэ зээлийг О.Түвшинболдоор дамжуулсан болохоос биш хэдэн төгрөгийн зээл авсныг мэдэхгүй байна гэдэг. О.Түвшинболд 100,000,000 төгрөгийг уурхайн ажилд авч зарцуулсан гэдэг талаар тайлбарладаг. О.Түвшинболд нь М.Л эгчийг  цүнхтэй мөнгө өгч байхыг харсан гэдэг байдлаар худлаа мэдүүлэг өгдөг. 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр М.Төгсболд, н.Энхтөмөр нар хөдөө уурхайн ажилтай байсан үдээс хойш хотод ирсэн гэдгээ хэлдэг. Иймд гэрч О.Түвшинболд худал мэдүүлэг өгсөн гэдэг нь нотлогдож байна. Нөгөө талаас Ш.М 57,000,000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд түүнтэй  холбоотой хүү, алдангиа төлнө гэдэг.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”  гэж тодорхойлдог. Зээлдэгчийн өмчлөлд 100,000,000 төгрөг шилжсэн гэдэг баримт байдаггүй. О.Түвшинболд 100,000,000 төгрөгийг аваад уурхайн ажилд зарцуулсан гэдэг нь тодорхой байна. Иймд нэхэмжлэгчээс нөхөрлөлийг хариуцагчаар татаад 100,000,000 төгрөгөө гаргуулах нь зүйтэй. Харин Ш.Мгийн зүгээс 57,080,000 төгрөгтэй холбоотой хэсгийг зөвшөөрч байх тул 100,000,000 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад:

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Л нь хариуцагч Ш.Мд холбогдуулан 277,890,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 157,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн боловч хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ үл биелүүлсэн ...гэж тайлбарлаж байна. 

            Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч байх ба үндэслэлээ...нэхэмжлэгчээс 157,000,000 төгрөг зээлэхээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч уг гэрээний дагуу 100,000,000 төгрөгийг хүлээн аваагүй, харин авсан 57,080,000 төгрөгийг болон уг мөнгөнд ногдох хүү алдангийг төлнө... гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

 

            Нэхэмжлэгч М.Л нь хариуцагч Ш.Мтай 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээг тус тус байгуулж, 157,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар, сарын зээлийн хүүг 4,5 хувь байхаар харилцан тохиролцож, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон /16030/ Энгельс гудамж, 2222 байр 1111 тоотбайрлалтай, улсын бүртгэлийн Ү-00дугаарт бүртгэлтэй, 95.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсэг зурсан байхаас гадна барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ./хх-7-9 тал/

 

            Талууд дээрх гэрээ байгуулагдсан эсэх болон гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүйгээс гадна нэхэмжлэгч нь зээлийн гэрээний  дагуу шилжүүлэх мөнгөнөөс хариуцагчийн “Амияа” ББСБ-д төлөх зээлийн төлбөрт 57,080,000 төгрөгийг О.Түвшинтөгсөөр дамжуулан  шилжүүлсэн гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрч байна.

 

Харин талууд хариуцагч Ш.Мд энэхүү зээлийн гэрээний дагуу 100,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн эсэх талаар маргаж байна.

 

            Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэжээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч М.Л хариуцагч Ш.М нарын хооронд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээнээс үзвэл 157,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр талуудын хүсэл зориг нэгдсэн байх ба энэхүү хүсэл зоригоо баталгаажуулан зээлийн гэрээг бичгээр байгуулсан  байх тул  Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч нь уг гэрээний үүргийг хариуцагч Ш.Мгаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэжээ.

Нэхэмжлэгч М.Л нь зээлийн гэрээний дагуу хариуцагч Ш.Мд 157,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарлахдаа... хариуцагчийн “Амияа” ББСБ-д төлөх байсан 57,080,000 төгрөгийг төлж, түүний зээлийг хаасан, мөн зээлийн гэрээ байгуулсан өдрөө үлдэх 100,000,000 төгрөгийг бэлнээр өгч, хариуцагч нь зээлийн гэрээн дээр 157,000,000 төгрөгийг хүлээн авлаа гэж гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байх ба нэхэмжлэгчийн энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, гэрээ дүгнэсэн акт, Амияа ББСБ-аас ирүүлсэн тодорхойлолт  зэрэг бичгийн баримтууд болон шүүх хуралдаанд гэрчээр оролцсон О.Түвшинтөгс, О.Түвшинболд нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна./хх-8-9, 40-43,55,66-69,80 тал/.

 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар  нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэжээ.

 

Хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу 157,000,000 төгрөгний 100,000,000 төгрөгийг хүлээн аваагүй гэж маргаж байх боловч хэрэгт авагдсан баримт болох зээлийн гэрээн дээр Ш.Мгийн гарын үсэг бүхий “Ш.М би 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр М.Лаас 157,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан болно” гэх бичвэр, Гэрээ дүгнэсэн акт гэх баримтад хариуцагч Ш.Мгийн гарын үсэг бүхий “Дээрх зээлийг авсан нь үнэн ба зөвшилцөх зүйл байгаа учир тодорхой хугацааны дараа ирж гарын үсэг зурах болно” гэх бичвэр зэргээр зээлийн гэрээний дагуу уг 100,000,000 төгрөгийг хүлээн авсан болох нь тогтоогдож байна гэж үзлээ./хх-8,43 тал/

 

Хариуцагч Ш.М нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлохоор өөрийн нөхөр болох М.Төгсболдыг гэрчээр оролцуулсан ба гэрч М.Төгсболд нь ...Ш.М нь М.Лаас зээлийн гэрээний дагуу 100,000,000 төгрөг бэлнээр аваагүй, харин 57,000,000 төгрөгний зээлээ чөлөөлүүлсэн гэж мэдүүлж байх боловч тэрээр тус хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцохоор хүсэлт гарган 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд оролцохдоо...М.Лаас авсан 157,000,000 төгрөгнөөс 100,000,000 төгрөгийг би авсан тул миний эрх, ашиг сонирхол хөндөгдөж байна гэх тайлбарыг гаргаж байжээ. /хх-58-62 тал/.

Иймд шүүх гэрч М.Төгсболдын шүүх хуралдаанд гэрчилсэн мэдүүлгийг үндэслэн хариуцагч Ш.М нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу 100,000,000 төгрөгийг хүлээн аваагүй гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагч Ш.Мг зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч М.Лаас 157,000,000 төгрөгийг хүлээн авсан гэж үзэхээр байх тул 157,000,000 төгрөгийг зээлийн гэрээнд тохиролцсон хэмжээний хүү, алдангийн хамт нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна гэж үзлээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр 157,000,000 төгрөгийг 6 сарын хугацаанд 1 сарын хүүг 4,5 хувиар тооцохоор тохиролцсоны дагуу 1 сарын хүүгийн төлбөрийг 7,065,000 төгрөгөөр тооцож, 6 сарын нийт хүүнд 42,390,000 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3-д зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,1 хувиар алданги тооцно гэжээ.

 

Хариуцагч Ш.Мгийн зээлийн төлбөрийг төлөх хугацаа нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байсан бөгөөд энэ хугацаанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл нийт 992 хоногийн хугацаа хэтэрсэн байх боловч нэхэмжлэгч нь үндсэн зээлийн төлбөрийн 50 хувь болох 78,500,000 төгрөгний алданги нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6–д заасантай тус тус нийцэж байна. 

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Ш.Мгаас зээлийн үндсэн төлбөрт 157,000,000 төгрөг, зээлийн хүүнд 42,390,000 төгрөг, алдангид 78,500,000 төгрөг, нийт 277,890,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч             М.Лд олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч Ш.М нь нэхэмжлэгч М.Лтай байгуулсан дээрх зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангах зорилгоор өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон /16030/ Энгельс гудамж, 2222 байр 1111 тоотбайрлалтай, улсын бүртгэлийн Ү-00дугаарт бүртгэлтэй, 95.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан нь  Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцэж  байна.

 

Иймд хариуцагч Ш.М нь зээлийн гэрээний үүрэгт 277,890,000 төгрөгийг сайн дураар нэхэмжлэгч М.Лд төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

                                                                                                                               ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ш.Мгаас 277,890,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Лд олгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.М шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагчийн өмчлөлийн  Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон /16030/ Энгельс гудамж, 2222 байр 1111 тоотбайрлалтай, улсын бүртгэлийн Ү-00дугаарт бүртгэлтэй, 95.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,617,600 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Мгаас  улсын тэмдэгтийн хураамжид 1,617,600  төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Лд олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                      

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.ЭНХЗАЯА