Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00254

 

2022           03            10                                          001/ХТ2022/00254

М.Лын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/01427 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1699 дүгээр магадлалтай,

М.Лын нэхэмжлэлтэй

Ш.Мд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 277,890,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ш.Мгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Должинсүрэн, хариуцагч Ш.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/01427 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ш.Мгаас 277,890,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Лд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.М шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагчийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон /16030/ Энгельс гудамж, 28 дугаар байрын 2 тоотод байрлалтай, улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, 95.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,617,600 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Мгаас улсын тэмдэгтийн хураамжид 1,617,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Лд олгож шийдвэрлэжээ.

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1699 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/01427 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 450 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

3. Хариуцагч Ш.М хяналтын гомдолдоо: Ш.М нь 2017.05.31-нд М.Лтай 157,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, барьцаанд нь Баянгол дүүргийн 1р хороо, Алтай хотхоны 28 дугаар байрны 2 тоотод байрлах Ү-0000000000дугаартай 95,5 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай байрыг бариулсан. Гэхдээ миний бие энэ зээлийн гэрээний дагуу М.Лаас нэг ч төгрөг аваагүй учраас бодиттой хэрэгжээгүй ба гэрээн дээр “Ш.М би 2017.05.31-ний өдөр М.Лаас 157,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан болно” гэрээ дүгнэсэн актад “дээрх зээлийг авсан нь үнэн ба зөвшилцөх зүйл байгаа учир тодорхой хугацааны дараа ирж гарын үсэг зурах болно” гэх бичвэр нь мөнгө хүлээлцсэн гэж хангалттай бүрэн нотлохгүй. Учир нь миний биед шилжүүлэх ёстой 100,000,000 төгрөгийг хэзээ, хэрхэн өгөх ёстойг эсхүл зээлийн гэрээ, зээлдүүлэх мөнгөнөөс үүнийг хасах талаар зөвшилцөх хүсэлтээ гэрээ дүгнэсэн актад тэмдэглсэн. Гэтэл сүүлд олж мэдсэнээр М.Л нь зээлийн бүх үүргээ биелүүлээгүй байсан нь илэрхий болсон. Яагаад гэвэл бидний гэрээний дагуу М.Л нь Ш.Мд 157,000,000 төгрөг зээлдүүлэхээр байсан боловч 57,080,000 төгрөгийг О.Т өгсөн бол 100,000,000 хэн нь хэнд өгсөн нь тодорхойгүй байгаа ба О.Тийн 57,080,000 төгрөгийг М.Л эрхгүй, түүний өгсөн мөнгөнд М.Л нь Ш.М нарын гэрээг үндэслэн хүү тооцох ёсгүй юм. 57,080,000 төгрөгийг О.Т нь нэхэмжилж, би түүнд хуульд заасан хэмжээгээр нь төлөх ёстой. Мөн зээлийн гэрээнд бичигдсэн “Ш.М би 2017.05.31-ний өдөр М.Лаас 157,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан болно” гэсэн тэмдэглэл үнэн биш болох нь нотлогдоно. Учир нь 2017.05.31-нд “Амияа” ББСБ-д төлөх байсан 57,080,000 төгрөгийг бэлнээр биш бэлэн бусаар шилжүүлэн төлсөн ба ингэхдээ М.Лаас бус О.Тийн данснаас шилжүүлсэн нь тухайн мөнгийг М.Л өгөөгүй, мөн гэрээ болон актад бичсэнчлэн бэлнээр хүлээлцээгүй нь нотлож, тухайн акт болон гэрээнд бичигдсэн зүйл нь нотлох баримтын чадварыг үгүйсгэж байна. Харин 2017.05.31-нд 100,000,000 төгрөгийг бэлнээр өгснийг харсан гэж гэрчилсэн О.Түвшинболд нь тухайн өдрийн өглөө эрт М.Тболон “Бор өндрийн хишиг” Нөхөрлөлийн гишүүдийн хамтаар Төв аймгийн Угтаалцайдам сумруу явж Улаанбаатарт орой буцаж ирсэн нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсоноос гадна ийнхүү явахдаа тухайн нөхөрлөлийн үйл ажиллагаанд 100,000,000 төгрөгийг зарцуулсан нь тогтоогдсон ба миний бие энэ тухай сүүлд шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа мэдсэн. Инхгэхдээ Төв аймгийн Угтаалцайдам суманд 2017.05.31-нд “Бор өндрийн хишиг” Нөхөрлөлийн ажилд О.Түвшинболд, М.Тнарын хамтран зарцуулсан 100,000,000 төгрөгийг миний бие бэлнээр хүлээн авсан байх боломжгүй, ийнхүү авах шаардлагагүй учир 2017.05.31-нд байгуулсан Гэрээний үүрэгт тооцогдох боломжгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 211.2-т зааснаар мөнгийг олгосонд тооцсон нь буруу. Учир нь   М.Т од 100,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэвэл үүнийг нь би мөнгө олгохоос өмнө нь зөвшөөрөөгүй, дараа нь зөвшөөрөл нөхөж олгоогүй, нөгөөтэйгүүр ийнхүү мөнгө олгосныг би огт мэдээгүй болохоор надад ашигтай гэж үзэх ч боломжгүй. Хэрэв М.Төгсболдод 100,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн нь надад ашигтай байна гэвэл би эхлээд энэ тухай мэдсэн байх ёстой биз дээ. Мэдсэнийхээ дараа л надад ашигтай юу ашиггүй юу гэдгийг шийднэ. Мэдээгүй байхад надад ашигтай гэж яаж тааварлаж, юуг үндэс болгож үзэж байгаа юм бэ. М.Л нь 157,000,000 төгрөгийг олгоогүй, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй учраас шаардах эрхгүй ба  О.Тийн “Амияа” ББСБ-д шилжүүлсэн 57,080,000 төгрөг нь 2017.05.31-нд байгуулсан гэрээний үүрэгт тооцогдох боломжгүй, тэрбээр зээлдүүлэгч биш юм. Тиймээс О.Тийн 57,080,000 төгрөгийг М.Л нь 2017.05.31-нд байгуулсан гэрээний дагуу шаардах ёсгүй, тухайн мөнг ийг О.Т нь өөрөө шаардах эрхтэй. Надад мэдэгдэлгүйгээр зарцуулагдсан 100,000,000 төгрөгийг Ш.М, миний бие хүлээн авсанд тооцож надаас буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь шударга бус байна. Гэтэл би төлбөрийн чадваргүй болсны улмаас улсын тэмдэгтийн хураамжийг ч төлж чадахгүй байгаа болохоор О.Тийн 57,080,000 төгрөгийг М.Л нэхэмжлэл гаргах эрхгүй учраас үүний хүү, алданги 43,951,600 төгрөгийг бууруулж өгөөч гэж хүсэж улсын дээд шүүхэд гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

4. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг буюу алдангийг багасгаж өгөхийг хүссэн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

5. Нэхэмжлэгч М.Л нь хариуцагч Ш.Мд холбогдуулан үндсэн зээл 157,000,000 төгрөг, хүү 42,390,000 төгрөг, алданги 78,500,000 төгрөг, нийт 277,890,000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч “гэрээний дагуу 100,000,000 төгрөгийг аваагүй, харин 57,080,000 төгрөгийг авсан тул энэ хэмжээнд үүргээ биеүүлнэ” гэж маргажээ.

6. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, маргаантай эрх зүйн харилцаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэж, нэхэмжлэлийг хангахдаа зээлийн хүүгийн хэмжээ өндөр, гэрээний хугацаагаар зээлийн хүүг гаргуулж байгаа тохиолдолд алдангийг багасгах Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан зохицуулалтыг хэрэглэх нь оновчтой байсан ба энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжтой гэж хяналтын шатны шүүх үзлээ.

7. Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2017.05.31-ний өдрийн гэрээгээр 157,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай сарын 4,5 хувийн хүүтэй зээлдүүлэх, гэрээний үүргийг хангуулахаар талууд барьцааны гэрээг байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т нийцсэн байна. Хариуцагч Ш.М нь 100,000,000 төгрөгийг аваагүй, уг мөнгийг М.Тавсан, М.Тнь 100,000,000 төгрөгийг хариуцах ёстой талаар шүүхэд тайлбар гаргаж, гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахгүй орхисон, зээлийн гэрээ байгуулсны үндсэн дээр зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч 157,000,000 төгрөгийг хариуцагчийн заасан этгээдэд шилжүүлсэн байх тул зээлдүүлэгч үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 211 дүгээр зүйлийн 211.2-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна. Хариуцагч нь 100,000,000 төгрөгийг М.Төгсболдод шилжүүлсэн үйл баримтыг тухайн үед мэдсэн боловч маргаагүй юм.

8. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заасан. Шүүх зээлийн барьцаанд тавьсан Ш.Мгийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон /16030/ Энгельс гудамж, 28 дугаар байрны 2 тоот, Ү-0000000000улсын бүртгэлийн дугаартай, 95.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

9. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул хариуцагч нь үүргээ биелүүлэх ёстой ба гэрээний 3-д зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.1 хувийн алданги төлөхөөр тохирсон, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч алданги төлөх үүрэгтэй боловч мөн хуулийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно.” гэж зааснаар алдангийн 50 хувийг багасгах боломжтой, энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1699 дүгээр магадлалын 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/01427 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад “...277,890,000...” гэснийг “...238,640,000” гэж, “олгосугай.” гэснийг “олгож, нэхэмжлэлээс 39,250,000 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 3 дах заалтад “1,617,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Лд олгосугай.” гэснийг “1,351,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Лд олгосугай” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.09.08-ны өдөр төлсөн 377,608 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                               ШҮҮГЧИД                                                   Г.БАНЗРАГЧ

                                                                                                  П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД