Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 101/2020/00010/И |
Дугаар | 001/ХТ2022/00686 |
Огноо | 2022-06-02 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2022/00686
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын
газрын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/01116 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1259 дүгээр магадлалтай,
“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ын нэхэмжлэлтэй,
“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д холбогдох
5,215,590 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Амартүвшингийн гаргасан гомдлоор
Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалсайхан, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д холбогдуулан гэм хорын хохиролд 5,215,590 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/01116 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5-д заасныг баримтлан хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д холбогдох 5,215,590 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжид төлөх 97,119 төгрөгөөс чөлөөлсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-аас улсын тэмдэгтийн хураамжид 98,399 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1259 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/01116 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Амартүвшин хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.02-ны өдрийн 101/ШШ2020/01116 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.12-ны өдрийн 1259 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй.
4.1. Хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь тус дүүргийн 22 дугаар хорооны Засаг дарга буюу төрийн албан хаагч байх үедээ төрд 5,215,590 төгрөгийн хохирол учруулсанд гэм буруутай талаар: Давж заалдах шатны шүүхээс “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан хорооны Засаг даргын бүрэн эрх, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.21, 28.7 дахь хэсэг буюу хууль тогтоомжид заасан бүрэн эрх, хорооны Засаг даргын цалин, ажлаа явуулахтай холбогдсон бусад зардлыг дүүргийн төсөвт тусгаж санхүүжүүлэх заалт зэргээс үзэхэд хорооны Засаг даргаар ажиллаж байсан “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ы иргэдээс гаргасан саналын дагуу хорооны айл өрхийн хуучирч муудсан хаягийг шинэчлэх, шөнийн цагаар эмнэлэг, цагдаа, гал унтраах анги болон онцгой байдлын албаны ажлыг хөнгөвчлөх үүднээс гэрэлтдэг хаяг захиалсан үйлдлийг хууль бусаар төрд хохирол учруулсан гэм буруутай үйлдэл гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь төрийн албан хаагч захирах, захирагдах ёс, хуульд зааснаас бусдыг хориглох, хуульд үндэслэх зарчмыг өөрийн ажил үүргээ гүйцэтгэх, шийдвэр гаргах зэрэг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг. Тодруулбал, хорооны Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг эдлэх бөгөөд гудамж, хашаа, барилга, байгууламжийн хаягийг шинээр хийх, авах, захиалах бүрэн эрх олгогдоогүй байна. Тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-д “Баг хорооны Засаг даргын цалин, ажлаа явуулахтай холбогдсон бусад зардлыг сум, дүүргийн төсөвт тусгаж санхүүжүүлнэ” гэж заасны дагуу хороо нь өөрийн төсөвгүй бөгөөд дүүргийн төсвөөс санхүүждэг тул Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.35, 4.1.38, 16 дугаар зүйлийн 16.5-д тус тус заасны дагуу төсвийн шууд захирагчаас зөвшөөрөл авах ёстой байсан. Иймд хариуцагч нь хуулийн этгээдийн эрхгүй, бие даасан төсөвгүй хэрнээ бусад иргэнтэй мөнгөн дүнтэй гэрээ байгуулсан нь хуулиар олгогдоогүй эрхээ хэрэгжүүлсэн, буюу эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хорооны Засаг даргад хаалганы хаяг хийлгэх, захиалах хуулиар олгосон эрх байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч тайлбар хийсэн. Түүнчлэн хорооны нутаг дэвсгэрт гудамж, зам талбай, хашааны хаягийг хорооны Засаг дарга хариуцан хийх үүрэггүй буюу Хаягжуулалтын тухай хууль 2013 онд батлагдсан бөгөөд тус хуулийн 4.7-д “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журмыг энэ хуульд нийцүүлэн Засгийн газар батална” гэж заасны дагуу Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журмыг Засгийн газрын 2013 оны “Журам батлах тухай” 280 дугаар тогтоолоор баталсан. Тус тогтоолын 4-т “Журамд заасны дагуу хаягийг байршуулах, ашиглах, хамгаалах, бүрэн бүтэн байдлыг хангах болон холбогдох бусад шийдвэр гаргаж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны Засаг дарга нарт үүрэг болгосугай” гэж заасны дагуу хорооны Засаг дарга нь хаягийг байршуулах, хамгаалах үүрэг хүлээдэг. Дээрх хууль болон журамд зааснаас үзвэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.21, 28.7 болон Хаягжуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8-ийг давж заалдах шатны шүүхээс буруу тайлбарлан хэрэглэсэн. Хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь гэрэлтдэг хаяг захиалах гэрээ буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээг иргэн Б.Энхлхагватай төрийн нэрийн өмнөөс буюу 22 дугаар хорооны Засаг даргын зүгээс байгуулж улмаар гэрээний төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.31-ний өдрийн 3435 дугаар шийдвэрээр тогтоогддог.
4.2. Давж заалдах шатны шүүхээс “Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь 22 дугаар хорооны Засаг даргын өмнөөс түүний бусдад учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгасан гэх үндэслэл хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болох шүүхийн шийдвэр, талуудын тайлбараар тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан гэм хорын ерөнхий заалтыг баримтлан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв” гэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна. Тодруулбал, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл (эс үйлдэхүй)-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасан. Өөрөөр хэлбэл, “төрийн албан хаагч нь төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулахдаа (үйлдэл хийх) үүргээ зөрчиж гуравдагч этгээдэд хохирол учруулсан бол холбогдох байгууллага хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан. Хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь тус дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын буюу төрийн нэрийн өмнөөс иргэн Б.Энхлхагватай Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээг байгуулж тамга дарж баталгаажуулсан бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас иргэн Б.Энхлхагвад хохирол учирсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, улмаар дүүргийн Засаг даргын Тамгын газар тус хохирлыг төлж барагдуулсан. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасны дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэн Б.Энхлхагватай Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүрэггүй буюу гэм буруугүй боловч шүүхийн шийдвэрээр тогтоосон 22 дугаар хорооны Засаг даргын байгуулсан гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой 5,215,590 төгрөгийг төлж барагдуулсан тул дээрх хуулийн зохицуулалтын дагуу гэм буруутай этгээд болох 22 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байсан “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-аас 5,215,590 төгрөгийг шаардсан. Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан шаардах эрхийн урьдчилсан нөхцөл бүрэн хангагдсан байхад давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний хувьд оновчгүй гэж дүгнэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэжээ.
4.3. Мөн давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан гэм хорыг хариуцан арилгах үүрэг нь бусдын эрх, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээдэд холбогдон үүсэх бөгөөд хариуцагчийн үйлдэлд дээрх үндэслэл тогтоогдоогүй тул давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарласан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна. Хорооны Засаг даргад өөрийн хорооны гудамж, зам, талбай, хашааны хаягийг хийлгэх, захиалах, хангах буюу хаягжуулах үүргийг хуулиар хүлээгээгүй бөгөөд эрх олгогдоогүй. Хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ы гэрэлтдэг хаяг захиалах гэрээ байгуулсан үйлдэл хууль бус гэдэг нь дээрх хууль болон журмаар нотлогдож байгаа бөгөөд төсвийн шууд захирагч болох дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын эрх, хэмжээнд халдаж, өөрийн дураар гэрээ байгуулсан хууль бус үйлдэл хийн, гэрээний үүргийг биелүүлж чадаагүй нь шүүхээс тогтоогдож дүүргийн Засаг даргын Тамгын газарт 5,215,590 төгрөгийн хохирол учирсан шалтгаант холбоотой байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан урьдчилсан нөхцөл хангагдсан. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.12-ны өдрийн 1259 дүгээр магадлал нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч “нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-аас хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д холбогдуулан гэм хорын хохиролд 5,215,590 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн.
8. Нэхэмжлэгчээс “... хариуцагч нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороог төлөөлж иргэн Б.Энхлхагватай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа дээд шатны байгууллагаас зөвшөөрөл аваагүй, хуульд заасан эрхээ хэтрүүлсэн, үүний улмаас шүүхийн шийдвэрийн дагуу ажил гүйцэтгэх гэрээний хөлс 5,040,000 төгрөгийг нэхэмжлэгчээс төлсөн, иймд уг төлбөр болон улсын тэмдэгтийн хураамж 95,590 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 80,000 төгрөг, нийт 5,215,590 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шаардаж байна...” гэснийг,
хариуцагч эс зөвшөөрч, “...Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байхдаа иргэн Б.Энхлхагватай 2015 оны 05 сард нийт 1492 ширхэг хаалганы хаягийг нэг бүрийн үнийг 5000 төгрөгөөр тооцож, нийт 7,460,000 төгрөгөөр хийлгүүлэн 2015.07.10-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон, гэрээний дагуу 1422 хаягийг хүлээж авсан... Энэ ажлыг хорооныхоо айл өрхийн хуучирч муудсан, харагдахгүй болсон хаягуудыг шинэчлэх, ижил болгох, өнгө загварыг нь сайжруулах зэрэг зайлшгүй хэрэгцээ, шаардлагын үндсэн дээр хорооны иргэдийн Нийтийн хурал, хэсгийн ахлагч нартайгаа харилцан ярилцаж зөвшилцөж хийсэн. Хороо нь өөрийн төсөвгүй тул хаягийн төлбөрийг тухайн айл, өрхөөс нь авахаар тохиролцсон. Ингэхдээ хаягийг бүх хэсгийн ахлагч нарт хуваарилж, айл өрхүүдэд тараалгасан... Нийт 470 ширхэг хаягийн мөнгө болох 2,350,000 төгрөгийг 14 хэсгийн ахлагч хүлээлгэн өгсөн. 2017.02.15-ны өдрийн байдлаар 952 ширхэг хаягийн үлдэгдэл байсан, үүний 431 ширхэг хаягийн дугаар давхардаж гарсан, 521 ширхэг хаягийг иргэдэд зээлээр өгсөн бүртгэлтэй байсан. Ажлаа бүрэн зохион байгуулж дуусгалгүй буюу 2017.09.25-ны өдөр хорооны Засаг даргын ажлаас чөлөөлөгдсөн. Би өөрөө хаягуудыг тараагаагүй бөгөөд анхнаас нь 14 хэсгийн ахлагч нар ажил гүйцэтгэгч тал буюу Б.Энхлхагватай гарын үсэг зурж хүлээлцэж аван, хариуцсан хэсгүүдээрээ тарааж, тооцоо нийлж явсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.
9. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, хариуцагч нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргаар 2013.03.11-ээс 2017.09.25-ны өдрийг хүртэл албан үүргээ гүйцэтгэх явцдаа өөрийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хорын хохирол учруулсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5-д заасан хуулийн урьдчилсан нөхцөл хэргийн бодит байдалд бий болоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
10. Тодруулбал, хариуцагч хорооны Засаг даргын хувьд хорооны иргэдийн саналыг үндэслэн хорооны Нийтийн хурал болон хэсгийн ахлагч нартай харилцан зөвшилцсөний үндсэн дээр айл, өрхийн хашааны дугаар буюу хаягийг шинэчлэх зорилгоор иргэн Б.Энхлхагватай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын хөлсийг иргэд өөрсдөө төлөхөөр тохиролцсон, хаяг иргэдэд тараагдсан, төлбөрийн зарим хэсэг нь хийгдсэн, зарим хаягийг иргэд зээлээр авсан бүртгэлтэй байгаа зэрэг үйл баримтыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй.
11. Хариуцагчийн хийсэн дээрх ажлыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.21 “хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх”, 28.7 “Баг, хорооны Засаг даргын цалин, ажлаа явуулахтай холбогдсон бусад зардлыг сум, дүүргийн төсөвт тусгаж санхүүжүүлнэ” гэснийг болон Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.35, 4.1.38, 16 дугаар зүйлийн 16.5-д заасан төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй. Учир нь, хариуцагч уг ажлыг зохион байгуулахдаа (иргэнтэй гэрээ байгуулахдаа) хорооны Засаг даргын хувиар оролцсон боловч хаягийн төлбөрийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр бус харин иргэд өөрсдөө төлөхөөр харилцан тохиролцсон байх тул “хороо бие даасан төсөвгүй байж эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй гэрээ байгуулсан нь холбогдох хуулийг зөрчсөн” гэж буруутгах үндэслэлгүй.
12. Мөн Хаягжуулалтын тухай хуулийн дагуу гарсан Засгийн газрын 2013 оны 280 дугаар тогтоолоор батлагдсан журмын 4-т “Журамд заасны дагуу хаягийг байршуулах, ашиглах, хамгаалах, бүрэн бүтэн байдлыг хангах болон холбогдох бусад шийдвэр гаргаж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нарт үүрэг болгосугай” гэснийг зөрчсөн гэж үзэхгүй. Харин ч эсрэгээрээ энэ үүргийн хүрээнд иргэдийн саналыг үндэслэн хаяг шинэчлэх ажлыг зохион байгуулж, гэрээ байгуулсныг “хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлсэн” гэж үзэхээргүй байх тул энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.1, 4.3-т заасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.
13. Дээр дурдсанаар хариуцагчийг “албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдад гэм хор учруулсан” гэж буруутгах үндэслэлгүй буюу нэхэмжлэгч нь “хариуцагчийн өмнөөс бусдад учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгасан” гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдэл зөв байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хууль дахь гэм хорын ерөнхий зохицуулалт болох 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг баримталсан (өөрчилсөн) нь үндэслэлтэй тул “... давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэх (Тодорхойлох хэсгийн 4.2) гомдол үндэслэлгүй байна.
14. Иймд, шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1259 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД