Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 01248

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2019/01248

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч-  Э / /-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- М / /-д холбогдох,

2011 оны 04 дүгээр сарын 13-нд төрсөн, охин, Мийн Игийн сургалтын, хоолны, эрүүл мэнд эмчилгээний зардал, Малайз улсад суралцахад гарсан зардалд нийт 13.719.188 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Иг өөрийн асрамжид авахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Э, түүний өмгөөлөгч П.Баттулга /2948/, хариуцагч Б.М, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг /0245/, өмгөөлөгч Б.Түвшинбаяр /0468/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Одонтунгалаг нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өмнө нь Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдолгүй охин М.Игийн

1. Дархан-Уул аймаг дахь Цайхун сургуулийн 2017, 2018 оны сургалтын төлбөрт 4.500.000 төгрөг,

2. 2017-09-01-ний өдрөөс 2019-06-01-ний өдрийг хүртэлх хугацааны Монголын оюун ухааны академийн сургалтын төлбөрт 1.465.000 төгрөг,

3. 2018-09 дүгээр сараас 12 дугаар сар хүртэлх хугацааны Цайхун сургуулийн хоолны төлбөр 388.800 төгрөг,

4. хичээлийн хоцрогдол арилгах сургалтын 2 сарын төлбөрт 240.000 төгрөг,

5. Цайхун сургуулийн хүүхдийн бүтээлч чадварыг хөгжүүлэх лего сургалтын 1 сарын төлбөр 80.000 төгрөг,

6. хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор суралцуулсан бүжгийн сургалтын төлбөрийн 20 хувь болох 350.000 төгрөг,

7. Монгол модел-2 загварын агентлагийн 2019-03-01-ний өдрөөс 2019-06-01-ний өдрийг хүртэлх хугацааны 1 сарын сургалтын төлбөрт 79.000 төгрөг,

8. Харзтай шүдний эмнэлэгт 2019-2019 онд үйлчлүүлсэн нийт төлбөрийн нэг удаагийн зардал 65.000 төгрөг,

9. 2016-07-07-ний өдрөөс 2016-09-21-ний өдрийг хүртэлх хугацаанд Малайз улсад амьдрах, суралцах, аялах хэрэгцээнд зарцуулсан нийт төлбөрийн 30 хувь болох 6.551.388 төгрөг нийт 13.719.188 төгрөгийг Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан зайлшгүй зардалд тооцон эцэг Мээс нэхэмжилж байна. Хүүхдийг эдгээр сургалтуудад хамруулахад зөвхөн эхийн оролцоо байгаа. М бид хоёр оюутан байхдаа танилцаж, үерхэж байгаад би жирэмсэн болж охиноо төрүүлсэн. Тухайн үед бид манай гэрт амьдарч байгаад М манай ээжээс 5.000.000 төгрөг зээлж Солонгос улс руу яваад 2012 онд магистраар сурч чадахгүй байна гээд буцаж ирээд гэр бүлээс гадуур харилцаа тогтоож өөр бусадтай явалдаж байсан. 2012 онд бид гурав Дархан Уул аймагт байр түрээслэж тусдаа гараад би мэргэжлээрээ олон улсын худалдааны төвд эрүүл ахуйн эмч хийж, Мийг Дархан-Уул аймгийн Эрэл цементийн үйлдвэрт ажилд оруулсан. Тухайн үед М гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн нь мэдэгдэж үүнийгээ далдлах үүднээс намайг зодож, хүүхэд маань хатгаа авч эмнэлэгт хэвтсэн байхад ээж минь Мийг цагдаагийн байгууллгад өгсөн байдаг. 2013 оноос хойш бид Дархан-Уул аймгийн Парк таун хотхонд өөрсдийн ажиллаж, хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө байрны урьдчилгаа төлбөрийг бүрдүүлж 2013 оны 12 дугаар сард уг байранд хамт амьдарч эхэлсэн. Бид 2012 онд гэрлэлтээ батлуулсан, намайг чи нялх хүүхэдтэй юм чинь очиж чадахгүй, ээж Хөвсгөл аймагт гэрлэлтийг бүртгэдэг байгууллагад уламжлаад батлуулчихна гэж гэрлэлтийн баталгаа хийлгэсэн байгаад Дархан-Уул аймгийн шүүхэд хэрэг явдал болоод ирэхэд М гэрлэлтийн баталгаа хуурамч байсан, хүчин төгөлдөр бусад тооцуулна гээд хүчингүй болгосон байдаг. Би 2016.04.22-ны өдөр Мэд маш хүнд зодуулж цагдаад хандсанаар түүнд Эрүүгийн хуулийн 99.1 дүгээр зүйл ангид зааснаар ял өгч байсан. Тухайн үед М эгч нарынхаа хамт ирж охин бид хоёрыг гэрээс хөөж гаргасан. Ингээд анхан шатны шүүхийн шийдвэр гарч, 2018.06.07-ны өдрөөс охин бид хоёр гэртээ эргэж очсон.

Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд хүүхдийг аавтай нь уулзахыг эсэргүүцсэн, зөвшөөрөхгүй байсан зүйл байхгүй. Тухайн үед минйи биеийн гадаад төрх байдал, биеийн байдал шарх, сорив, тархи, толгой маш хүнд гэмтэлтэй байсан учраас М дахиад зодоод, заналхийлээд, хаана тааралдсан газар чинь ална гэсэн нөхцөл байдлуудаас үүдэн шүүх түр хугацаанд охин бид хоёртой уулзахыг хориглож байсан боловч энэ нь гурван сарын хугацаатай байсан, дараа нь хүүхэдтэйгээ уулзах эрхтэй болсон. Ингэж шүүхээс гурван сарын хугацаанд хүүхэдтэй түр уулзуулахгүй болсныг гурван жилийн хугацаанд өөрийгөө халхлах халхавч болгож, М өнөөдрийг хүртэл хүүхэдтэйгээ нэг ч удаа уулзаж, хүүхдийн асуудлаар хандаж, нэг ч удаа зөвлөлдөж байгаагүй. 2017.09.01-ний өдөр хүүхэд сургуульд орох гээд бичиг баримтаа өгөөч гэхэд миний хүүхэд биш гэж хэлсэн. 2017 оны 02 дугаар сард шүүхийн шинжилгээний газар бид гурав очиж шинжилгээ өгч 99.99 хувиар охин Мийн хүүхэд болох нь тогтоогдсон байхад өнгөрсөн хугацаанд Мийн хүүхэддээ гүйцэтгэсэн үүрэг огт байхгүй учраас хариуцагч хуулийн дагуу хүүхэддээ тэтгэмж өгч байгаа гэдгийг ойлгохгүй байна.

Мийн эцэг хүний харгис, хэрцгий, ёс зүйгүй байдлыг охин И багаасаа мэдэрч, бид нарын зодоон, цус, нөжтэй байдлыг харж энэ увиагүй үйлдлүүдийг сэтгэл санаагаараа бүрэн мэдэрч өссөн учраас хүүхдээ Мийн асрамжид үлдээх ямар ч боломжгүй. Хүүхдээ сургах, хүмүүжүүлэх үйл явцад эхийн оролцоо байхгүйгээр хүүхэд энэ бүхэнд яаж хамрагдах вэ, мөн хэн хүүхдийг зөөж, асарч хамгаалж байгаа вэ гэдгийг би харуулах зорилгоор хүүхдийн хамрагдсан сургалтын төлбөрийн нэгээхэн хэсгийг нэхэмжилсэн. Охин бид хоёрыг эмнэлэгт хэвтэж байгааг М байнга мэддэг хэрнээ эцэг хүний байдлаар нэг ч удаа эргэж ирж бидэнд туслаж байгаагүй гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: 2016 оны 04 дүгээр сараас хойш нэхэмжлэгчтэй асуудалтай байгаа. Бид хоёр албан ёсны гэр бүл биш. Гэрлэлтийн баталгаа гэрчилгээ байхгүй. А.Э нь хүүхдээ Цайхун сургуульд сургах талаарх асуудлаар надтай ярилцаагүй. Монгол Улс ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгодог байхад энэ хүн өөрөө ямарч орлогүй, мөн надтай ярилцаагүй байж үнэтэй сургуульд явуулсан байна. Монголын оюун ухааны академийн сургалтын талаар надтай огт яриагүй тул үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, сургуулийн хоолны төлбөр нь хүүхдийн тэтгэлэгт хамрагдаж байгаа тул үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, хичээлийн сургалтын төлбөрт  2017 оны төлбөрийг төлсөн баримт өмнөх шүүх хурлын эвлэрийн гэрээний хэрэгт байгаа, хоцрогдол арилгах сургалт нь хүүхдийн хичээлийг хийлгэхгүй сургалтанд явуулсан нь надад хамааралгүй гэж үзэж байна. Хүүхдийг хөгжүүлэх лего сургалтад явуулсан гэх асуудал нь хүүхдийн хичээлийг хийлгэхгүй олон төрлийн сургалтанд явуулж байгааг улсын сургуулийн хувьд хоргилдог. Харин хувийн сургуулийн хувьд яадаг эсэхийг би мэдэхгүй, хүүхдийн авъяас чадварыг хөгжүүлэх зорилгоор суралцуулсан бүжгийн төлбөр хэтэрхий өндөр байна. Мөн монгол модел агентлагийн сургалтын төлбөр гээд хүүхдийг багаас нь хэтэрхий олон сургалтанд зэрэг явуулсан байна.

Эдгээр төлбөрийг миний бие хуулийн дагуу төлж байгаа. Шүдний эмнэлэгийн хувьд хүүхэд нийгмийн даатгалаараа үнэ төлбөргүй үзүүлэх боломжтой тул нэхэмжлэгчийн бүх үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд 2016 оны 04 сарын 04-ний өдөр миний Голомт банкинд байсан хадгаламжийг А.Э нь Белги улс руу эгч рүүгээ очих гэсэн юм гэж миний валютын дансны хамтран эзэмшигч болгоод дараа нь миний нэрийг хассан байсан. Тухайн дансанд байсан мөнгийг өөрийнхөөрөө захиран зарцуулсан, сая гаруй төгрөгийг найзуудтайгаа архи ууж үрсэн байсан. Нотлох баримт нь хаан банкны дансны хуулга байгаа. Мөн хүүхэд хаана байгаа нь мэдэгдэхгүй байхад Э нь намайг хүүхэдтэйгээ уулзахыг хоргилсон шүүгчийн захирамж гаргуулж байсан. 9 сард хүүхдийн цэцэрлэгийн багш нь утсаар залгаж И цэцэрлэгтээ ирэх юмуу гэж асуух үед мэдсэн, ээж нь хүүхдийг хаашаа явуулах гэж байгаа талаараа надад огт мэдэгдээгүй, Эын дүү нь надтай месенжерээр харьцахдаа охиныг гадаадад гадаад ажилчдын хүүхдийн цэцэрлэгт хамруулсан талаар хэлсэн. Хүүхдийг олон төрлийн сургалтанд явуулаад дараа нь төлбөр нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Энэ хэргийг Дарханы шүүхэд 40 саяын эвлэрсэн хэрэгт шийдсэн байгаа учир хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тэгээд ч Э бид хоёр албан ёсны гэр бүл биш болохоор хүлээн зөвшөөрөхгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд хүүхдийн асрамж өөрчлүүлэх хүсэлттэй байгаа. Дархан Уул аймгийн шүүхэд 2018 оны 06 сарын 07-ны өдрийн 725 дугаартай шүүгчийн захирамжаар Э бид хоёрын маргааныг шийдвэрлэхэд охиныг Эын асрамжид өгсөн. Э одоо орлого байхгүй хүүхдээ гэртээ хараад байж байгаа гэдэг зүйл хэлж байгаа тул охиноо өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                       

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч А.Э нь хариуцагч Б.Мэд холбогдуулан 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, охин Мийн Игийн сургуулийн, эмчилгээний нэмэлт зардалд 7.122.800 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлж Дархан-Уул аймаг дахь Цайхун сургуулийн 2017, 2018 оны сургалтын төлбөрт 4.500.000 төгрөг, 2017-09-01-ний өдрөөс 2019-06-01-ний өдрийг хүртэлх хугацааны Монголын оюун ухааны академийн сургалтын төлбөрт 1.465.000 төгрөг, 2018-09 дүгээр сараас 12 дугаар сар хүртэлх хугацааны Цайхун сургуулийн хоолны төлбөр 388.800 төгрөг, хичээлийн хоцрогдол арилгах сургалтын 2 сарын төлбөрт 240.000 төгрөг, Цайхун сургуулийн хүүхдийн бүтээлч чадварыг хөгжүүлэх лего сургалтын 1 сарын төлбөр 80.000 төгрөг, хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор суралцуулсан бүжгийн сургалтын төлбөрийн 20 хувь болох 350.000 төгрөг, Монгол модел-2 загварын агентлагийн 2019-03-01-ний өдрөөс 2019-06-01-ний өдрийг хүртэлх хугацааны 1 сарын сургалтын төлбөрт 79.000 төгрөг, Харзтай шүдний эмнэлэгт 2019-2019 онд үйлчлүүлсэн нийт төлбөрийн нэг удаагийн зардал 65.000 төгрөг, 2016-07-07-ний өдрөөс 2016-09-21-ний өдрийг хүртэлх хугацаанд Малайз улсад амьдрах, суралцах, аялах хэрэгцээнд зарцуулсан нийт төлбөрийн 30 хувь болох 6.551.388 төгрөг нийт 13.719.188 төгрөгийг гаргуулахаар шаарджээ /хх-1, 163-165, 196-198/.

 

А.Э, Б.М нар нь 2009 онд оюутан байхдаа танилцаж, тэдний дундаас 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр охин Хайрхан овогт Мийн И төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, М.Игийн 0000917904 №388 тоот төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хх-6, шүүх хуралдааны тэмдэглэл/.

 

А.Э нь Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Мэд холбогдуулан “хамтын амьдралтай байсныг болон хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлэх” тухай үндсэн нэхэмжлэлийг,

хариуцагч Б.М нь “гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, хамтын амьдралтай байсныг болон эцэг тогтоолгох, 17.200.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргаж, 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 725 дугаар шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж,

талууд хамтын амьдралтай байсанд маргаагүй, эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад хэн аль нь маргаагүй, 2011-04-13-нд төрсөн охин Игийн асрамж тогтоолгох шаардлагын тухайд талууд эх Эын асрамжид үлдээх, охин Ид хүүхдийн тэтгэлэгийг хуульд зааснаар төлөх,

Дархан-Уул аймгийн Дархан сум 14-р баг 2-р хороолол 46 дугаар байрны 72 тоот 49,18 м.кв талбай бүхий 2 өрөө Ү-2003016931 улсын бүртгэлийн дугаар бүхий орон сууцны Голомт банкны зээлийн үлдэгдэл /нэхэмжлэл өөрчлөх үеийн/ 35.000.000 төгрөг, уг байрны урьдчилгаа 19.000.000 төгрөгийн 5.000.000 төгрөгийг оруулж тооцон нийт /эвлэрч хэлэлцсэн хөрөнгийн үнэлгээг/ 40.000.000 төгрөгөөр тохирч 40.000.000 төгрөгийг Б.Мэд А.Э нь төлсөн үед М.М нь А.Э, охин М.И нарын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх эрхийг бүртгэлийн газарт даалгахаар,

А.Э нь 40.000.000 төгрөгийг Б.Мэд шилжүүлмэгц Б.М нь өөрийн Дархан-Уул аймгийн Орхон сумын Ноёнхонгор 17-1710 байршилтай гэр бүлийн хэрэгцээний 717/00717 м2 га газрыг /гэрчилгээний дугаар 000555232/, мөн Б.М нь өөрийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн орхон сумын Ноёнхонгор 17/1708 байрлалтай гэр бүлийн хэрэгцээний 669/00699 м2 /гэрчилгээний дугаар 000555353/ газрыг тус бүр эзэмших эрхийг А.Э, М.И нарт шилжүүлэх, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 8 айлын газар эзэмшилээс гадна хашааны 12.000.000 төгрөг, хүүхдийн сургалтанд зарцуулсан гэх 5.200.000 төгрөгийг А.Э нь Б.Мэд төлөх, 40.000.000 төгрөгт оруулж тооцохоор,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 25-р хороолол 1 дүгээр хэсэг 11 тоот амины орон сууцны зориулалттай 500/0-500/ м2 газрыг /гэрчилгээний дугаар 000555323/ Б.Мийн эзэмшилд байлгаж, түүний үнэ 25.000.000 төгрөгийн ногдох хэсэг 16.666.000 төгрөгийг А.Э, М.И нарт олгосон нь талуудын тохирсон орон сууцны үнэлгээнд оруулан тооцогдож тохирсон болно гэж эвлэрсэн байна /хх-97-98/.

 

Нэхэмжлэгч нь охин М.Иг сургуульд элсэн орсон тул сургалтын төлбөр, хүүхдийн авьяас чадвар, сэтгэхүй, оюун ухааныг хөгжүүлэх зорилгоор хамрагдсан сургалтын төлбөрийн нэгээхэн хэсэг, аялалын зардлыг 30 хувь, сургуулийн хоолны төлбөр, хүүхдийн шүдний эмчилгээний нэг удаагийн төлбөр зэрэгт нийт 13.719.188 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн шаардсан.

 

Хариуцагч нь Монгол Улсад боловсролыг үнэ төлбөргүй олгож байхад миний зөвшөөрөлгүйгээр хувийн сургуульд оруулж, сургалтанд хамруулж, хүүхдийг олон төрлийн сургалтанд нэхэмжлэгч дур мэдэн хамруулсан, хуулиар тогтоосон тэтгэлэг төлж байгаа тул эдгээр зардал тэтгэлэгт хамаарч төлөгдөж байгаа, Дархан-Уул аймгийн иргэний шүүхэд 2018 онд шийдвэрлэгдсэн хэрэгт хүүхдийн аялалын зардлын асуудал шийдэгдсэн тул зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж заажээ.

 

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээх” бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3-д “хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох” үүрэгтэй гэж,

Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Үндсэн хуульд заасны дагуу төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” гэж,

Бага, дунд боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д “...Сургалтын нэмэгдэл зардлыг эцэг, эх, асран хамгаалагчаас гаргуулж болно” гэж заасан боловч Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлд хүүхдийн хөгжих эрхийг дэмжиж, түүнд боловсрол эзэмшүүлэхээр нэхэмжлэгч нь “Цайхун” ерөнхий боловсролын сургуульд охин Иг оруулсан байх бөгөөд мөн хуулийн 6.2-д “хүүхэд хөгжих эрхээ амралт, чөлөөт цагаараа тоглож наадах, хүүхдийн зуслан, сувилалд амарч сувилуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах, хөгжлийн төв, ордонд суралцах зэрэг хэлбэрээр эдэлнэ” гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т “хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, алан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах нь эцэг эхийн үүрэг” гэж зааснаар охин М.Иг сургуулиас зохион байгуулсан болон бусад бүжгийн, загварын, оюун ухааныг хөгжүүлэх зэрэг сургалтанд суралцуулсныг буруутгах үндэслэлгүй тул хүүхдийн эцэг, эх дээрх сургалттай холбоотой гарсан зардлыг хамтран хариуцах үүрэгтэй.

 

Зохигчийг хамтын амьдралтай байх хугацаанд охин М.И төрсөн болон бүжгийн, загварын сургалтанд хамрагдаж байсан талаар хариуцагч үгүйсгэж маргаагүй бөгөөд зохигчид өөр хоорондын таарамжгүй байдлаас шалтгаалан 2016 оны 4-р сараас хойш тусдаа амьдарсан байх бөгөөд энэ хугацаанд охин И эхийн асрамжид байсан талаар ч талууд маргаагүй.

 

Эцэг эх тусдаа амьдарсан ч үр хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэх эрх болон үүрэг хэн алинд нь хэвээр үлддэг тул талууд тухайн асуудлаар тохиролцоонд хүрэхгүй гагцхүү хүүхдийг эд хөрөнгийн адил хуваах шилжүүлэх, дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаанд харилцан тооцох хэмжүүр болгон бие биедээ гомдсон сэтгэлийн өш хонзон тайлах хэрэгсэл болгон зохисгүй байдал гаргаж байгааг буруу гэж үзнэ.

 

Эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болдоггүй, гагцхүү хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр өөрчлөгдсөнөөр хүүхдийн хүмүүжил өсөн бойжилтод оруулах эцэг, эхийн хувь нэмэр оролцоо өөрчлөгддөг тул хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хөгжих эрхээ хэрэгжүүлэхээр амралт, чөлөөт цагаараа тоглож наадах, хүүхдийн зуслан, сувилалд амарч сувилуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах, суралцах зэрэг асуудлууд нь дан ганц тэтгэлгийн мөнгө тогтоосноор шийдвэрлэгдэхгүй тул хариуцагчийн зөвшөөрөлгүй төлбөртэй сургуульд оруулж, сургалтанд хамруулсан, хүүхдийг хэтэрхий олон сургалтанд хамруулж байна гэснээр И хүүхдийн нэмэлт зардлыг гаргуулахгүй байх үндэслэл болохгүй юм.

 

Нэхэмжлэгч нь охин М.Иг Дархан-Уул аймаг Дархан сумын ерөнхий боловсролын “Цайхун” сургуулийн 2а ангид суралцдаг бөгөөд сургалтын төлбөр нь 2017-2018 оны хичээлийн жилийн төлбөр 2.200.000 төгрөг, 2018-2019 оны хичээлийн жилийн төлбөр 2.300.000 төгрөг байгаа, бусад сургалтанд хамрагдсан, эмчилгээ хийлгэсэн, Малайз улсад аялаж сургалтанд хамрагдсан талаарх баримтуудыг хэрэгт нотлох баримтаар өгсөн гэж тайлбарлаад “Цайхун” ерөнхий боловсролын сургуулийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн сургалтын менежерийн тодорхойлолт /хх-4/, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Цайхун сургууль сурагчийн эцэг, эхтэй байгуулах гэрээ /хх-5/ зэрэг баримтыг нотлох баримтаар гаргасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаас үзэхэд хүлээн авагчийн нэр нь Цайхун солонго гээд 1А сур төлбөрт 880.000 төгрөгийг 2017-09-29-нд, 1А сур төлбөрт 1.320.000 төгрөгийг 2017-12-19-нд, 2а сур төлбөрт 920.000 төгрөгийг 2018-09-17-нд, 2А сур төлбөрт 1.380.000 төгрөгийг 2018-11-19-нд төлсөн тухай мөнгөн шилжүүлгийн баримтаар нийт дүн нь 4.500.000 төгрөг байна /хх-7-8/,

хүлээн авагчийн нэр нь Цайхун солонго 2А И хоолны төлбөрт 300.000 төгрөгийг 2018-11-22-нд шилжүүлсэн худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн баримт /хх-9/, Цайхун сургуулийн кассын орлогын ордер дугаар байхгүй 2018-11-22-ны өдрийн огноотой 2А Игийн 11-р сарын хоолны төлбөрт 38.400 төгрөг, 12-р сарын хоолны төлбөрт 50.400 төгрөг төлсөн тухай баримтаар нийт дүн нь 388.800 төгрөг /хх-9/,

хүлээн авагчийн нэр нь Л.Отгонзаяа гээд оюун ухааны акем сургалтын төлбөрт 300.000 төгрөгийг 2017-07-17-нд, 300.000 төгрөгийг 2017-09-19-нд /давхардсан/, 100.000 төгрөгийг 2018-09-07-нд, 420.000 төгрөгийг 2017-12-19-нд, 45.000 төгрөгийг 2017-10-11-нд шилжүүлсэн баримтаар нийт дүн нь 1.165.000 төгрөг /хх-10-12/,

И гутлын үнэ гээд 30.000 төгрөгийг 2018-06-05-нд Д.Оюундэлгэр гэх хүлээн авагчийн дансанд шилжүүлсэн баримт /хх-13/,

хүлээн авагчийн нэр нь Д.Гуамарал гээд шүдний үнэ гээд 65.000 төгрөгийг 2018-03-05-нд шилжүүлсэн баримт /хх-13/,

хүлээн авагчийн нэр нь С.Намжилсүрэн гээд хоцрогдол арилгах багшийн төлбөр М.И гээд 120.000 төгрөгийг 2017-10-05-нд шилжүүлсэн баримт /хх-14/, Эоос гээд 120.000 төгрөгийг 2017-12-04-нд шилжүүлсэн баримтанд “хоцрогдол арилгах багшийн төлбөр М.И” гэх бичвэрийг Хаан банкны орлогын мэдүүлэгийн баримт дээр гараар бичсэн засвартай баримт /хх-14/,

 хүлээн авагчийн нэр нь Х.Тэмүүлэн гээд И бүжгийн төлбөр гээд 40.000 төгрөгийг 2018-04-11-нд, 120.000 төгрөгийг 2018-06-05-нд, 140.000 төгрөгийг 2018-03-13-нд, мандатын төлбөр 20.000 төгрөгийг 2018-06-05-нд шилжүүлсэн баримтаар нийт дүн нь 320.000 төгрөг /хх-15-16/,

хүлээн авагчийн нэр нь Б.Золзаяа гээд И загварын сургалтын төлбөрт 79.000 төгрөгийг 2019-04-05-нд төлсөн баримт /хх-150/,

хүлээн авагчийн нэр нь Г.Мөнхсайхан гээд 2а И лего сургалтын төлбөрт 80.000 төгрөгийг 2019-02-27-нд төлсөн баримт /хх-151/,

М.Игийн Е1656926 дугаартай гадаад паспортын 8-9-р хуудсанд MALAYSIA 2016 AUG 19 KELUAR гэх гурвалжин тамга, 32-33-р хуудсанд BUYANT-UKHAA 2016 JUL 07, 2016 SEP 21 гэх тэмдгүүд дарагдсан /хх-78, 167/,

Биконхаус малайз сдн Бхд компани Биконхаус бэлтгэл сургууль, шри петалин гэх “И нь Биконхаус бэлтгэл сургууль, шри петалид 2016-07-11-нээс хойш суралцаж байгаа сурагч мөн болохыг тодорхойлов. Одоогийн байдлаар тэрээр манай Вайт росес 4 ангид элсэн суралцаж байгаа” гэх тодорхойлолт /хх-79-80, 169-170/,

Биконхаус малайз сдн Бхд компани Биконхаус бэлтгэл сургууль, шри петалин мөнгөний баримтад оюутны нэр М И, анги бүлэг Вайтросес, төлбөрийн хэлбэр онлайн банк, огноо 2016-09-13 гээд нэр төрөл гэдэгт 1-3-р сарын сургалтын төлбөр, улирал 2, сурах бичиг, бүртгэлийн хураамж, урьдчилгаа /буцаан олгох/, даатгал жилийн 6% gst, сургуулийн дүрэмт хувцас, биеийн тамирын хувцас гээд нийт 9235,20 доллар гэсэн тодорхойлолт /хх-83-86, 171-172/,

Мийн И УБ-буянт ухаа, Пек-бээжин, кул-клиа, пек-бээжин, Уб-буянт ухаа гэх тасалбар /хх-81-82, 173-174/ зэрэг баримтууд авагдсан.

 

Дээрх баримтаас хүлээн авагчийн нэр нь Цайхун солонго 2А И хоолны төлбөрт 300.000 төгрөгийг 2018-11-22-нд шилжүүлсэн худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн баримт /хх-9/ байхад Цайхун сургуулийн кассын орлогын ордер дугаар байхгүй 2018-11-22-ны өдрийн огноотой 2А Игийн 11-р сарын хоолны төлбөрт 38.400 төгрөг, 12-р сарын хоолны төлбөрт 50.400 төгрөг төлсөн тухай баримтын хамт гаргасан байх боловч эдгээр гурван баримтын огноо нэг өдрийнх, Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан хоолны төлбөрт 300.000 төгрөгийг шилжүүлсэн атлаа тусад нь кассын орлогын ордер гэх баримт үйлдсэн байх тул банкны баримтыг үндэслэн 300.000 төгрөгийг хоолны төлбөрт 2018-11-22-ны өдөр төлсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Мөн Эоос гээд 120.000 төгрөгийг 2017-12-04-нд С.Намжилсүрэнгийн дандсанд шилжүүлсэн баримтанд “хоцрогдол арилгах багшийн төлбөр М.И” гэх бичвэрийг Хаан банкны орлогын мэдүүлэг гэх баримт дээр гараар бичсэн засвартай баримт байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан үндэслэлээр нотлох баримтаар үнэлээгүй болно /хх-14/.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангасан байх тул эдгээр баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу Цайхун сургуулийн 2017, 2018 оны сургалтын төлбөр 4.500.000 төгрөгний 50 хувь болох 2.250.000 төгрөг, Цайхун сургуулийн хоолны төлбөр 300.000 төгрөгний 50 хувь болох 150.000 төгрөг, оюун ухааны академийн сургалтын төлбөр 1.165.000 төгрөгний 50 хувь болох 582.500 төгрөг, шүдний эмчилгээний төлбөрт төлсөн 65.000 төгрөгний 50 хувь болох 32.500 төгрөг, хичээлийн хоцрогдол арилгах зорилгоор хамрагдсан сургалтын төлбөрт төлсөн 120.000 төгрөгний 50 хувь болох 60.000 төгрөг, Игийн бүжгийн сургалтын төлбөрт төлсөн 320.000 төгрөгний 50 хувь болох 160.000 төгрөг, Игийн загварын сургалтын төлбөрт төлсөн 79.000 төгрөгний 50 хувь болох 39.500 төгрөг, Лего сургалтын төлбөрт төлсөн 80.000 төгрөгний 50 хувь болох 40.000 төгрөг зэргийг тус тус хариуцагч Б.Мээс гаргуулахаар шийдвэрлэв.

 

Хариуцагч нь охин Иг Малайз улсад сургалтанд хамрагдсан зардал болох 5.200.000 төгрөгийг Дархан-Уул аймгийн шүүхээр шийдвэрлэгдсэн гэж татгалзлаа тайлбарласан боловч хэрэгт нотлох баримтаар авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 725 дугаартай зохигчдын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 8 айлын газрын хашааны үнэ 12.000.000 төгрөг, хүүхдийн сургалтад зарцуулсан гэх 5.200.000 төгрөг нийт 17.200.000 төгрөгийг нэхэмжлэгч А.Эоос гаргуулахаар хариуцагч Б.М шаардсан байх бөгөөд нэхэмжлэгч А.Э уг мөнгийг хариуцагчид төлөх 40.000.000 төгрөгт оруулж тооцохоор талууд эвлэрсэн байна.

 

Дээрх эвлэрсэн байдлаас үзэхэд хүүхдийн сургалтын зардалд зарцуулсан 5.200.000 төгрөгийг хариуцагч Б.М нь нэхэмжлэгч А.Эоос шаардаж сөрөг нэхэмжлэл гаргаснаар талууд эвлэрсэн байх тул хамтын амьдралтай байсныг болон хүүхдийн асрамж, тэтгэлэг, дундын эд хөрөнгийн маргаан шийдвэрлүүлэхээр гаргасан шаардлагад нэхэмжлэгч нь хүүхдийн Малайз улсад суралцахтай холбогдон гарсан зардлыг хариуцагчаас шаардаагүй байх тул И хүүхдийн нэмэлт зардал гаргуулахаар тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй энэ хэрэгт нэхэмжлэгч А.Э нь охин Иг Малайз улсын Куала лампур хотын Биконхаус малайз сдн Бхд компани Биконхаус бэлтгэл сургуульд 3 сарын хугацаанд суралцахад гарсан онгоцны тасалбар, сургалтын болон хувцасны төлбөр, аялалын зардал зэрэгт зарцуулсан нийт зардлын 30 хувь болох 6.551.388 төгрөгийг хариуцагч Б.Мээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн шаардсан тул хариуцагч Б.Мийн Малайз улсад аялаж, суралцахтай холбогдон гарсан зардлын асуудлыг өмнө нь шүүх шийдвэрлэсэн гэх тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зааснаар үндэслэлээ нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.

 

Түүнчлэн Голомт банкны бүтээгдэхүүн сонгох хүсэлтийн огноо 2013-12-18-ны өдөр байх бөгөөд харилцагчийн товч мэдээлэлд А.Э, валютын төрөл нь USD гэж сонгогдсон /хх-73/, Голомт банкны мөнгөн хадгаламжийн гэрээг А.Э нь Голомт банкны Дархан салбартай 2016-04-04-ний өдөр байгуулж, хамтран эзэмшигчээр Б.М бүртгэгдсэн /хх-75, 122/ байх бөгөөд 2016-04-29-ний өдөр мөнгөн хадгаламжийн гэрээг цуцлах хүсэлтийг Б.М гаргасан байх /хх-76, 123/ боловч тухайн үед хадгалуулсан 2529 долларыг нэхэмжлэгч дээрх банкнаас авч охин Иг Малайз улсад аялаж, суралцахад зарцуулсан талаарх, хариуцагчийн хүсэлтээр хадгаламж цуцлагдсан нь үндэслэлгүй гээд Мийн авсан долларыг банкинд буцаан төлүүлж байсан, тэр үед хариуцагч Б.М нь нэхэмжлэгч А.Эын бие эрх чөлөөнд халдсан асуудлаар цагдаа шүүхийн байгууллагаар шалгагдаж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч тал үгүйсгэж маргаагүй бөгөөд хариуцагч Б.М нь 2016-04-22-ны өдөр нэхэмжлэгч А.Эын эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдож түүнийг гэм буруутайд тооцсон 180 дугаартай шийтгэх тогтоол Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2016-10-03-ны өдөр гарсан байна /хх-68-72/.

 

Мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтуудаар охин И нь Малайз улсын Куала лампур хотын Биконхаус малайз сдн Бхд компани Биконхаус бэлтгэл сургуульд 3 сарын хугацаанд суралцахад сургалтын төлбөр, сурах бичиг, бүртгэлийн хураамж, даатгал, сургуулийн дүрэмт хувцас, биеийн тамирын хувцасны зардалд төлсөн Малайзын 9235 рингитийг /хх-172/ уг төлбөрийг төлсөн 2016-09-13-ны өдрийн Монгол банкны ханш 543,99 ринггитээр тооцоход 5.023.747,6 төгрөг байх тул үүний 50 хувь болох 2.511.873,5 төгрөгийг, онгоцны тасалбар нь 1.355.500 төгрөг /хх-174/ байх тул үүний 50 хувь болох 677.750 төгрөгийг хариуцагч Б.Мээс гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэх, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, тэжээн тэтгэхэд адил тэгж эрх эдэлж, үүрэг хүлээх тул дээрх зардлын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон төлбөрийн тал буюу 50 хувийг хариуцагч буюу 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, охин Игийн эцэг Мэд хариуцуулан, Цайхун сургуулийн 2017, 2018 оны сургуулийн төлбөрт 2.250.000 төгрөг, Цайхун сургуулийн хоолны төлбөрт 150.000 төгрөг, оюун ухааны академийн сургалтын төлбөрт 582.500 төгрөг, шүдний эмчилгээний төлбөрт 32.500 төгрөг, хичээлийн хоцрогдол арилгах зорилгоор хамрагдсан сургалтын төлбөрт 60.000 төгрөг, бүжгийн сургалтын төлбөрт 160.000 төгрөг, загварын агентлагийн сургалтын төлбөрт 39.500 төгрөг, Лего сургалтын төлбөрт 40.000 төгрөг, Малайз улсын Куала лампур хотын Биконхаус малайз сдн Бхд компани Биконхаус бэлтгэл сургуульд 3 сарын хугацаанд суралцахад сургалтын төлбөр, сурах бичиг, бүртгэлийн хураамж, даатгал, сургуулийн дүрэмт хувцас, биеийн тамирын хувцасны зардалд 2.511.873,5 төгрөгийг, онгоцны тасалбарт 677.750 төгрөг, нийт 6.504.124 төгрөгийг хариуцагч Б.Мээс гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

Хариуцагч Б.М нь охин Иг өөрийн асрамжинд авах тухай сөрөг шаардлагыг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гаргасан /хх-160-161/.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 725 дугаартай шүүгчийн захирамжаар А.Эын нэхэмжлэлтэй Б.Мэд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцээд зохигчид хамтын амьдралтай байсанд, И охины эцэг тогтоолгох, түүний асрамж тогтоолгох шаардлагын хүрээнд талууд эвлэрч охин Иг эх Эын асрамжид үлдээж шийдвэрлэсэн байна /хх-62-64/.

 

Зохигчдыг тусдаа амьдарсан цаг хугацаанаас хойш охин И нь эхийн асрамжид байсан байх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг бөгөөд мөн хуулийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж, хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхээр заасан ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр тус тус заасан байх ба охин И эцэг, эхийн аль алинтай нь хамт байх, уулзах, эрүүл мэнд өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, боловсрол эзэмших эрхтэй, түүнийг асран хамгаалах, тэтгэх, хүмүүжүүлэхэд нэхэмжлэгч А.Э, хариуцагч Б.М нар адилхан эрх, үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй.

 

Хариуцагч нь хүүхдийн эх эрхэлсэн тодорхой ажилгүй гэж нэхэмжлэлд дурдсан байх тул цаашид үр хүүхдээ өсгөөд тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх боломжгүй гэж сөрөг шаардлагын үндэслэлээ тайлбарласан боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч А.Э нь Да Шенг Болд Монгол ХХК-д зөвлөхөөр ажилладаг тухай тодорхойлолт /хх-127, 128/, Ворлд алтан дэлхийн гайхамшиг ХХК-ийг бизнесийг эрхлэн явуулдаг тухай тодорхойлолт /хх-129/ нотлох баримтаар авагдсан байна.

 

Бага насны хүүхдийн одоогийн амьдарч буй нөхцөл байдал, эхийн асрамжийн талаар дутагдалтай асуудал тогтоогдоогүй нөхцөлд түүний дассан орчныг солих нь хүүхдийн оюун ухаан, хөгжил, эрүүл мэнд, сэтгэхүйд муугаар нөлөөлөх боломжтой учир хүүхэд одоогийн амьдарч буй нөхцлийг өөрчлөх тодорхой шалтгаан тогтоогдоогүй, И охины сургуулийн, сургалтанд, эмчилгээнд, аялалд хамрагдсан талаарх нэмэлт зардлыг нэхэмжлэгч шаардсан үндэслэлээр хүүхдийн асрамжийг өөрчлөх үндэслэлгүй тул харицагч Б.Мийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид охин Игоос санал авахуулах шаардлаггүй гэж хүссэн учир шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар дээрх хүүхдээс санал аваагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс 2018-12-18-нд төлсөн 128.915 төгрөг, 2019-05-06-нд төлсөн 119.772 төгрөг, нийт 248.687 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд дэмжсэн шаардлага нь 13.719.188 төгрөг тул үүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж нь 226.546 төгрөг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар илүү төлсөн 22.141 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч А.Эод, хариуцагч Б.Мээс хангагдсан шаардлага болох 6.504.124 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 119.016 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Эод тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хариуцагч  М / /-ээс 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Игийн сургалтын, эмчилгээний, аялалын зэрэг зардалд нийт 6.504.124 /зургаан сая таван зуун дөрвөн мянга нэг зуун хорин дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  Э / /-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.215.064 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, охин М.Иг өөрийн асрамжид авахыг хүссэн хариуцагч Б.Мийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэмэлт тэтгэлэг гаргуулах, гарсан зардлыг хариуцуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Б.Мэд, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх А.Эод тус тус даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2018-12-18-нд төлсөн 128.915 төгрөг, 2019-05-06-нд төлсөн 119.772 төгрөг, нийт 248.687 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн данснаас 22.141 төгрөгийг, хариуцагч Б.Мээс 119.016 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Эод олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЯНЖИНДУЛАМ