Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 140/2021/00487/И |
Дугаар | 001/ХТ2022/00724 |
Огноо | 2022-06-10 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2022/00724
“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн
тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 140/ШШ2021/00071 дүгээр шийдвэртэй,
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 205/МА2022/00009 дүгээр магадлалтай,
“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ын нэхэмжлэлтэй,
“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-т холбогдох
Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2021.11.04-ний өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацааны ажилгүй байсан цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргалын гаргасан гомдлоор
Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, түүний өмгөөлөгч Б.Энхжаргал, хариуцагчийн төлөөлөгч Д.Отгон, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-т холбогдуулан тус газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2021.11.04-ний өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацааны ажилгүй байсан цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 140/ШШ2021/00071 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Дархчуул овгийн Санжийн Ганбат (РД:ИМ74060111)-ыг Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1,558,872 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган, зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 39,879 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
3. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 205/МА2022/00009 дүгээр магадлалаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 71 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацааны ажилгүй байсан цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгоны давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч байгууллага давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргал 2022.05.04-ний өдөр хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.05.27-ны өдрийн 001/ШХТ2022/00586 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангасан гэж үзээд гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.04.07-ны өдрийн 205/МА2022/00009 дүгээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт байхад анхан шатны шүүхээс хуулийг зөрүүтэй хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
5.1. Хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухайд: Давж заалдах шатны шүүхийн магадлалд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын бүтэц, орон тоог цөөрүүлсэн байна гэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслээгүй бөгөөд 2020 онд жолооч 2 байсан, 2021 онд 2 жолоочоор цөөрүүлсэн, хасагдсан зүйлгүйгээр батлагдсан байдаг. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны бүтэц, орон тоо өөрчлөгдөхөд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-тай нийлээд 2 жолоочтойгоор ажиллаж байсан байхад хилийн Арц суурийн боомтод ажилладаг ажилтныг жолооч гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэн жолоочоор томилсон тушаал хэрэгт байхгүй атал 3 жолооч байсан гэж үндэслэлгүй, нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрлэсэн.
5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 онд батлагдсан хуулиар) 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэг болон Улсын дээд шүүхийн тайлбарт орон тоо цөөрүүлсэн гэдэг нь нэг орон тоогоор буурсан байхыг ойлгохоор заасан байхад давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 онд батлагдсан хуулиар) 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэхээр хуульчилсан бөгөөд аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь 1 сарын өмнө буюу 30 хоногийн өмнө мэдэгдээгүй байхад давж заалдах шатны шүүхээс хуулийг зөрүүтэй тайлбарлаж үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
6. Хариуцагч тал “нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.
ХЯНАВАЛ:
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
8. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-аас “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-т холбогдуулан “Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2021.11.04-ний өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацааны ажилгүй байсан цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх”-ээр шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгосон.
9. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “... Би 2014.09.02-ны өдөр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-т жолоочоор ажилд орсон. 2019.05.10-ны өдөр ажлаасаа халагдаад өдийг хүртэл хохироод явж байна... нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэснийг,
хариуцагч эс зөвшөөрч, “... 2021.09.10-ны өдрийн А/84 дүгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалд заасны дагуу “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” өмнө 51 орон тоотой байсныг 50 болгон цөөрүүлсэн. Мөн энэ дотроо үйлчилгээний албан тушаалтан буюу бусад үйлчилгээний ажилтны тоо 8 байсныг 7 болгож нэг орон тоо цөөрүүлсэн. Энэхүү шийдвэрийг үндэслээд Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын эрхийн хүрээнд 2021.10.01-ний өдөр А/45 дугаар тушаалаар бүтэц орон тоог шинэчлэн баталсан... Ингэхдээ чухал шаардлагатай буюу зайлшгүй ажиллах ёстой албан тушаалтны орон тоог баталсан. Энэхүү тушаалаар жолоочийн орон тоо 3 байсныг 2 болгосон, зайлшгүй шаардлагатай лаборантын орон тоог шинээр бий болгож, жолоочийн орон тоог нэгээр хассан. Уг тушаалыг үндэслээд 2021.11.04-ний өдөр ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалыг гаргасан… Энэхүү тушаалдаа орон тоо цөөрсөн шалтгаанаар “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”ыг ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалж 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгосон. Мөн “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-тай ажил хүлээлцсэн хугацааг тооцож 2021.11.08-ны өдрөөр ажил хүлээлцсэн акт үйлдсэн байгаа... нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.
10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “хэрэгт авагдсан баримтаар Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “ажилтны орон тоог цөөрүүлсэн” гэх үйл баримт тогтоогдоогүй тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж түүний эрх зүйн байдлыг дордуулан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь буруу байна, мөн хариуцагч хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан журмыг зөрчсөн” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийхдээ хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.
11. Харин давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, анхан шатны шүүхийн алдааг залруулсан нь үндэслэл бүхий болжээ. Учир нь, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021.09.16-ны өдрийн А/84 дүгээр тушаалын хавсралтаар Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын бүтэц, орон тоог тогтоохдоо 2021 онд 50 орон тоотой байхаар, үүнээс үйлчилгээний бусад ажилтан 7 байхаар баталсан. Уг тушаалын дагуу Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021.10.01-ний өдрийн А/45 дугаар тушаалаар өөрийн байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа 2021 онд 50 орон тоотой байхаар, үүнээс бусад 7 ажилтны орон тоог жолооч 2, үйлчлэгч 2, нярав 1, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн 1, зайлшгүй шаардлагатай лаборантын ажилтны орон тоог 1-ээр нэмж (6 болгосон) баталжээ. Хэдийгээр 2020 оны бүтэц орон тоог баталсан тушаалын хүснэгтэд жолоочийн орон тоо “3” гэсэн нь засвартай байх боловч 2021 оны 8 сарыг дуустал 3 жолооч ажиллаж байсан нь хариуцагч байгууллагын цалингийн хүснэгтээр тогтоогдож байна.
12. Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын баталсан орон тооны хязгаарт багтаан өөрийн байгууллагын онцлог, ажлын шаардлага, нөхцөл боломжид тохируулан бүтэц, орон тоог батлах нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.9, түүнчлэн Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4-т нийцэх бөгөөд ийнхүү жолоочийн орон тоог 1-ээр багасгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “...ажилтны орон тоог цөөрүүлсэн” гэсэн үндэслэлд хамаарна.
13. Иймд, Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг үндэслэж, жолооч нарын сахилга хариуцлага, ур чадвар, ажлын шаардлага, автомашины хугацаа, хүрэлцээ зэргийг харгалзан нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагч байгууллагын даргын 2021.11.04-ний өдрийн А/48 дугаар тушаал хууль ёсны байх тул “... 2021 оны бүтэц орон тоо өөрчлөгдөхөд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-тай нийлээд 2 жолоочтойгоор ажиллаж байсан, … жолоочоор томилсон тушаал хэрэгт байхгүй байхад 3 жолооч байсан гэх үндэслэлгүй, нотлох баримтгүй дүгнэлт өгсөн… Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 онд батлагдсан хуулиар) 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэг болон Улсын дээд шүүхийн тайлбарт орон тоо цөөрүүлсэн гэдэг нь нэг орон тоогоор буурсан байхыг ойлгохоор заасан байхад давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарласан...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 5.1-д заасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.
14. Түүнчлэн, давж заалдах шатны шүүхээс “...ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлээ “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д 2021.10.05-ны өдөр өгч, 2021.11.04-ний өдөр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар “нэг сарын өмнө” мэдэгдсэн гэж үзэх ба анхан шатны шүүх “2021.11.05-ны өдөр дуусна, хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй” гэж дүгнэсэн нь дээрх хуулийн агуулга, ач холбогдлыг алдагдуулсан...” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байх тул “... аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь 1 сарын өмнө буюу 30 хоногийн өмнө мэдэгдээгүй байхад давж заалдах шатны шүүхээс мөн хуулийг зөрүүтэй тайлбарлаж үндэслэлгүй дүгнэлт гаргасан...” гэх (Тодорхойлох хэсгийн 5.2) гомдол үндэслэлгүй юм.
15. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 205/МА2022/00009 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД