Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2022/00460

 

“Г П ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01936 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1638 дугаар магадлалтай,

“Г П ББСБ” ХХК нэхэмжлэлтэй

Г Ц, Д.Б нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 150,000,000 төгрөг, хүү 52,520,542 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,967,123 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 16,000 төгрөг, нийт 208,503,665 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Д.Бат-Эрдэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгэлийн хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батнасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золбаяр, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “Г К П ББСБ” ХХК нь Г Ц, Д.Бнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 208,503,665 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01936 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г Цаас зээлийн гэрээний үүрэг, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд нийт 208,503,665 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Г К П ББСБ” ХХК-д олгож, хариуцагч Д.Бд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Г Ц нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристалл таун хотхон /13311/, Их Монгол улсын гудамж, 802 дугаар байр, 306 тоот, эрхийн улсын бүртгэлийн Y-0000000000 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,270,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г Цаас 1,270,688 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс 2 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1638 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01936 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г Цаас зээлийн гэрээний үүрэг, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд нийт 208 503 665 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “К ББСБ” ХХК-д олгож, хариуцагч Д.Бд холбогдох зээлийн гэрээний үүрэгтэй холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 270 688 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Д.Бат-Эрдэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгэл хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч “Г К П ББСБ” ХХК болон хариуцагч Г Ц, Д.Бнарын хооронд 2018.09.14-ний өдөр 12 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулагдсан. Үүнээс харахад зээлийн гэрээний хугацаа 2019.09.14-ний өдөр дуусгавар болсон байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн баримт болох зээлийн дансны хуулгаас харахад зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрөөр тасалбар болгосон байгаа нь учир дутагдалтай юм. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 451 дүгээр зүйлийн 451.2 дахь заалтад зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд хүү авах эрхээ алдана гэж заасан байдаг. Мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх заалтад “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан байдаг. Үүнээс харахад нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэж гэрээний дагуу хэн алинд нь эрх, үүрэг үүсдэг. Энэ ч утгаараа нэхэмжлэгч “Г К П ББСБ” ХХК-ий зүгээс 2019.09.14-ний өдөр зээлийн гэрээ дуусгавар болсон үед шаардах эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан. Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч биднийг банкнаас зээл хөөцөлдөж байгаа, үл хөдлөх хөрөнгөө зараад зээлээ төлөх гэж байгаа хэмээн шүүхэд мэдүүлдэг боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, бидний зүгээс ч ийм утгатай тайлбарыг гаргаж байгаагүй билээ. Мөн дэлхий нийтэд тархаад буй Ковид-19 цар тахлын хүрээнд авагдсан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосны улмаас бидний бизнесийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн, мөн өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд алданги тооцохгүй байх талаар албан ёсны шийдвэр гарсан байхад анхан болон давж заалдах шатны шүүх үүнийг үл ойшоож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж байгаа нь холбогдох хууль, тогтоомжид нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2020.02.14-ний өдрөөс 2020.04.06-ны өдрийн хооронд тооцсон хүү болох 10,232,876 төгрөг, алданги болох 2,046,575 төгрөг, нийт 12,279,451 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” эсэх үндэслэлээр  хэргийг хянан хэлэлцээд, хариуцагч Д.Бат-Эрдэний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч “Г К П ББСБ” ХХК нь хариуцагч Г Ц, Д.Бнарт холбогдуулан зээлийн үүрэгт үндсэн зээл 150,000,000 төгрөг, хүү 52,520,542 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,967,123 төгрөг, нотариатын төлбөр 16,000 төгрөг, нийт 208,503,665 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нар зээлийн хүү хэт өндөр, цар тахлаас болж ашиг орлого олох боломжгүй болсон, хүүг багасгаж өгнө үү гэж маргажээ. /хх 1-4, 32/

7. Анхан шатны шүүх хариуцагч Г Цаас 208,503,665 төгрөгийг гаргуулж “Г К ПББСБ” ХХК-д олгон, барьцааны зүйлээс үүргийг хангуулж, хариуцагч Д.Бд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагч Д.Бнь барьцааны гэрээний хувьд хариуцагч тул түүнд холбогдох зээлийн гэрээний үүргийг хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан, Иргэний хуулийн 451, 156, 157,174,175 дугаар зүйл, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хариуцагчийн эрх зүйн байдлыг тодорхой болгосон тул магадлалыг хэвээр үлдээх  үндэслэлтэй гэж үзэв.

8. “Г К П” ХХК, Г Ц нар 2018.09.14-ний өдрийн зээлийн гэрээгээр, 150,000,000 төгрөгийг, үл хөдлөх хөрөнгө худалдан авах зориулалтаар, жилийн 30 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэх, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Г Ц, Д.Бнарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристалл таун хотхон 802 дугаар байр, 306 тоот 5 өрөө орон сууцыг барьцаалжээ. /хх 16-18/

Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээний үүргийг талуудын хэн аль нь биелүүлэх үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, зээлийн үүргийг Г Ц, барьцааны үүргийг Г Ц, Д.Бнар хамтран хариуцах, зээлийн үүргийн хэмжээ зэрэг эрх зүйн асуудлаар шүүх хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийжээ. Гэрээгээр жилийн 30 хувийн хүү тогтоосон нь сарын хүү 2,5 хувь, банк, банк бус хуулийн этгээдээс нийтэд зарласан хүүгийн хэмжээтэй харьцуулахад хүүг хэт өндөр гэж үзэх үндэслэлгүй байна.

9. Хариуцагч тал хяналтын журмаар гаргасан гомдолдоо “нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэл гаргах өдрөөр бус гэрээний хугацаа дууссан өдрөөр тооцох ёстой” гэж, “цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдсон, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд алданги тооцохгүй албан ёсны шийдвэр гарсан болохыг шүүх анхаараагүй, 2020-02.14-2020.04.06-ны өдрийн хооронд тооцсон хүү, нэмэгдүүлсэн хүү 12,279,451 төгрөгийг хасч өгнө үү” гэх үндэслэлийг заажээ.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан байдаг тул гэрээний хугацаагаар үүргийг тодорхойлох ёстой гэх гомдол үндэслэлгүй байна. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах нь талуудын эрх бөгөөд цар тахлын улмаас гэрээний хугацааг сунгах, төлөлтийг хойшлуулах эсэх талаар талууд тохироогүй тул шүүх хариуцагчийн биелүүлэх үүргийг багасгах эсвэл чөлөөлөх үндэслэлгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1638 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 211,422 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Г.АЛТАНЧИМЭГ

                ШҮҮГЧИД                                                            Г.БАНЗРАГЧ

                                                                                             П.ЗОЛЗАЯА

                                                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                             Х.ЭРДЭНЭСУВД