Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 1936

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г ХХК ийн нэхэмжлэлтэй,   

 

Хариуцагч: Г.Ц,

 

Хариуцагч: Д.Б нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 150,000,000 төгрөг, хүү 52,520,542 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,967,123 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 16,000 төгрөг, нийт 208,503,665 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ГХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Ц, Д.Б нар нь 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ГББСБ ХХК-д хандан 150,000,000 /нэг зуун тавин сая/ төгрөгийн зээл авах өргөдөл гарган, ББСБ-д зээл олгох журмын дагуу холбогдох материалуудыг бүрдүүлэн өгсөн. ГББСБ ХХК болон Г.Ц, Д.Б нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ЗГ0701180794 тоот зээлийн гэрээ байгуулан 150,000,000 /нэг зуун тавин сая/ төгрөгийг 12 /арван хоёр/ сарын хугацаатай, жилийн 30 хувийн үндсэн хүүтэйгээр эргэн төлөх нөхцөлтэй, үл хөдлөх хөрөнгө худалдан авах зориулалтаар зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Г.Ц, Д.Б нар нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ЗБ0701180794 дугаартай барьцааны гэрээ байгуулан тэдний өмчлөлийн дараах эд хөрөнгийг барьцаалсан. Үүнд: 1. үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт ЗБ0701180794 дугаартай Барьцааны гэрээг 2018 оны 09-р сарын 14-ний өдөр Улсын бүртгэгчийн 11/145 дугаар тамгаар баталгаажуулан ГББСБ ХХК-ийн барьцаанд бүртгэснийг баталгаажуулсан.  Зээлийн гэрээний 2.3-т заасан “Зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үндсэн зээлээ төлөөгүй тохиолдолд хуваарь зөрчсөн үндсэн зээлд нэмэгдүүлсэн хүүг 1.2.3-д зааснаар тооцох ба гэрээний хугацаа дууссан эцсийн өдрөөс эхлэн үндсэн зээлийн төлөгдөөгүй нийт өрийн үлдэгдлээс зээл төлөгдөж дуустал үндсэн хүүг 1.2.2-д зааснаар нэмэгдүүлсэн хүүг 1.2.3-д заасан хувиар тус тус тооцон авна. Зээлдэгч үндсэн зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 222.5 болон 452.2-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх” үүрэг хүлээсэн. Мөн зээлийн гэрээнд “Зээл болон зээлийн хүү төлөх график”-ийн дагуу сар болгон үндсэн зээл, зээлийн хүүг тогтмол төлж байхаар харилцан тохиролцсоноор зээлдэгч гарын үсэг зурж баталгаажуулан хүлээн зөвшөөрсөн. Г.Ц, Д.Б нар нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зээлийн хүүнд нийт 17,753,431 /арван долоон сая долоон зуун тавин гурван мянга дөрвөн зуун гучин нэгэн/ төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Г.Ц, Д.Б нар нь Зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн сар бүр үндсэн зээлээс 50,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү хуримтлагдах үндэслэл болсон. Зээлдэгчид нь зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул, ББСБ-н зүгээс зээлээ төлөх талаар удаа дараа сануулж, зээл төлөх хугацаа өгч мэдэгдэж байсан. 2019 оны 09 дүгээр  сарын 14-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон ч зээлдэгч нь зээлээ өнөөдрийг хүртэл төлөөгүй тул шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд үндсэн зээл 150,000,000 /нэг зуун тавин сая/ төгрөг, зээлийн хүү 52,520,542 /тавин хоёр сая таван зуун хорин мянга таван зуун дөчин хоёр/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,967,123 /таван сая есөн зуун жаран долоон мянга нэг зуун хорин гурван/ төгрөг, нотариатын төлбөр 16,000 /арван зургаан мянган/ төгрөг, нийт 208,503,665 /хоёр зуун найман сая таван зуун гурван мянга зургаан зуун жаран таван/ төгрөгийн хамт Г.Ц, Д.Б нараас гаргуулж өгнө үү. Зээлдэгч зээлийн өрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд Зээлийн барьцааны гэрээний 2.1 дэх заалтад заасны дагуу доорх барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, тоот хаягт байршилтай, 140,66 м.кв талбайтай Ү-2204032772 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн зээл 150 сая төгрөг, хүү, 52 520 542 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 967 123 төгрөг, нотариатын зардал 16 000 төгрөг, нийт 208 503 665 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь хариуцагчтай зээлийн гэрээ байгуулж 150 сая төгрөг зээлүүлсэн. Үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцааны гэрээ байгуулж, 5 өрөө орон орон сууц барьцаалсан. Хариуцагч нар нь хүүнд нийт 17 753 431 төгрөг төлсөн. Үүнээс өөр төлбөр төлөөгүй. Хариуцагч нь гэрээний хавсралтад заасны дагуу төлөх төлбөрөө төлөөгүй тул хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох болсон. Нэхэмжлэгч нь удаа дараа зээлээ төлөх талаар мэдэгдэж байсан. Гэрээний хугацаа дууссан боловч төлөөгүй тул нэхэмжлэл гаргасан. Барьцаа хөрөнгөө худалдана гээд мөн банкнаас зээл хөөцөлдөж байна гэсэн тул өнөөдрийг хүртэл шүүхэд хандаагүй. Энэ талаар төлөөлөгч сая өөрөө хэлсэн. Мөн хуульд зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөгдөхгүй. Зээлийн гэрээний 2.3,  2.7-д энэ талаар заасан. Хүү өндөр байсан гэж байна. Банк бусын хувьд сарын 2.5 хувь гэдэг нь их биш юм. Гэрээнд талууд гарын үсэг зурсан гэв.

 

Хариуцагч Г. Цшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Б, Г. Цбид ГББСБ биднээс 208,503,665 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэт өндөр хүү тогтоон иргэд биднийг хохироож байгаад гомдолтой байна гэжээ.

 

Хариуцагч Г.Ц төлөөлөгч Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нийт 1,6 тэр бумын зээл авсан. Анх зээл хөөцөлдөж байхад бид өндөр дүнтэй зээлийг банк уруу шилжүүлдэг гээд зээл авахуулсан. Тэгээд банк уруу шилжээгүй. Захиралтай нь уулзахад банкаа хөөцөлд гэсэн боловч бүтээгүй. Бид үл хөдлөхөө зараад зээлээ төлөхөөр тохирсон боловч зарагдаагүй. Үндсэн зээл 150 сая төгрөг болон 2019.9.14-ний өдөр хүртэлх хүүг зөвшөөрнө. Бусад хэсгийг зөвшөөрөхгүй. Анх кристалл тауныг тусад нь төлж болох уу гэхэд бүх зээлээ төл гэсэн. Бид хууль зүйн мэдлэггүй тул мэдээгүй. Нэг гэрээтэй гэж байсан. Нэхэмжлэгч нь барьцаа найдвартай байсан тул хугацааг явуулаад байсан. Банканд шилжүүлж өгнө гээд явуулаад байсан гэв.

 

Хариуцагч Г.Ц төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргээс харахад зээл авсан талаар маргахгүй байна. 2018-2019 оны хүүг зөвшөөрч байгаа юм. Зээл нь хүмүүсийн санхүүгийн хэрэгцээнд дөрөөлж хэт өндөр хүүтэй байна. Иргэний хуулийн 282.2-т шүүх хүүг бууруулж болохоор байгаа. Жилийн 30 хувийн хүү гэдэг нь хэт өндөр хүү байна. Нийт хүүний 20 хувийг хөнгөлөх нь зах зээлийн бодит байдалд нийцэх юм. Худалдаж авсан үл хөдлөх нь үйлчилгээний зориулалттай бөгөөд цаг үеийн байдлаас болоод зээлээ төлж чадаагүй юм. Иймд хүүний тодорхой хувийг чөлөөлж өгнө үү. Зээлийн зориулалт нь үл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэж байна. Цар тахлаас болж ашиг олох боломжгүй болсон байгаа юм. Хүүг боломжийн гэж байна. Гэтэл 30 хувийн хүү нь хаана ч байхгүй хүү юм. Шүүх эрхийнхээ хүрээнд хүүг хасаж өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ГХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 150,000,000 төгрөг, хүү 52,520,542 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,967,123 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 16,000 төгрөг, нийт 208,503,665 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Г. Цнь үндсэн зээл 150,000,000 төгрөг, гэрээний хугацаанд хамаарах хүүг төлөхийг зөвшөөрсөн боловч хүү хэт өндөр байсан, нэхэмжлэгч нь зээлийг банкны зээлд шилжүүлж өгөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх хуралдаан даргалагчаас хуралдааныг нээж, хуульд зааснаар шүүх хуралдааны дэгийг танилцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан эрхийг тайлбарлан өгч татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг лавласан. Шүүх хуралдаанд оролцогчид татгалзан гаргах хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдаан үргэлжилж, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасан. Улмаар шүүх хуралдааныг завсарлуулан хүсэлтийг хэлэлцэж, хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гаргасан. Энэ үед хариуцагч Г.Цын төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б нь хүсэлтийг хүлээн авахаас татгалзсантай холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан.

Шүүх хуралдаан тодорхой дэг, дэс дарааллаар явагдах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасныг тайлбарласан боловч татгалзан гаргах хүсэлт гаргаагүй байна. Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар татгалзан гаргах үндэслэл тогтоогдсон тухайн үед гэж зохицуулсан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан үндэслэлд хамаарахгүй юм. Учир нь хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх нь шүүхэд олгосон бүрэн эрхийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой ажиллагаа юм. Мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.2 дахь заалтад үндэслэл тогтоогдсон үед гэдэг нь татгалзан гарах этгээдэд холбогдох үүргийн талаар бөгөөд харин зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ талаар мэдэгдэх тухай зохицуулалт юм. Иймд хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь шүүгчийг татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй, өөрөөр хэлбэл татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асууж, байхгүй гэж хариулсанаас хойш хүсэлт хүлээн авахаас татгалзах тухай захирамж гарах хүртэл хугацаанд шүүгчийг татгалзан гаргах үндэслэл бий болсон гэж үзэх боломжгүй. Эдгээр үндэслэлээр шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлт нэгэнт гаргаагүй, улмаар үндэслэлгүйгээр хүсэлт гаргасан нь шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзсэн болно. Иймд шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаагүй гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй. Мөн дээрх үндэслэлийг хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгчид тайлбарласны дараа тэрээр ойлголоо гээд шүүх хуралдаан үргэлжлэхэд татгалзаагүй болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч Г. Цнар нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр ЗГ0701180794 дугаартай зээлийн гэрээ байгуулжээ. /хэргийн 13-15 дугаар тал/

Зээлийн гэрээ нь 150,000,000 төгрөгний үнэтэй бөгөөд 12 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүү төлөхөөр тохиролцон байгуулсан байна. Улмаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 150,000,000 төгрөгний зээлийг олгосон болох нь Хаан банкны 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1178061 дугаартай төлбөрийн даалгаврын хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 22 дугаар тал/ Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй.

 

            Нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарт үндсэн үйл ажиллагааг зээлийн үйл ажиллагаа гэж бичигдсэн бөгөөд тусгай зөвшөөрлийн хуулбарыг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагчид үндсэн зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүрэг үүсжээ.

            Хариуцагч Г.Ц, түүний төлөөлөгч нь гэрээний хугацаа буюу 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хүүг төлөхийг зөвшөөрсөн боловч энэ хугацаанаас хойшхи хүүг төлөх үндэслэлгүй гэж маргасан.

            Гэвч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3, 22 дугаар зүйлийн 3-т зааснаар зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлөөгүй бол зээлийг төлөх хүртэлх хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх тул хариуцагч Г.Ц, түүний төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

 

            Дээрх үндэслэлээр хариуцагч Г.Ц зээлийн гэрээний дагуу буцаан төлөх үүргийг тооцвол: Үндсэн зээл 150,000,000 төгрөг бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 1 жил 7 сарын хугацаа өнгөрсөн байх тул 1 жилд 45,000,000 төгрөг, 7 сард 26,250,000 төгрөг, нийт 71,250,000 төгрөгний хүү тооцогдоно.

 

            Хариуцагч Г.Ц төлөөлөгчийн өмгөөлөгч нь зээлийн гэрээний хүү нь хэт өндөр, хариуцагчид илтэд хохиролтой байх тул хүүг багасган тооцох талаар тайлбар гаргасан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-д зээлийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол шүүх хүүгийн хэмжээг багасган тооцож болох талаар зохицуулсан.

            Зээлийн гэрээнд хүүг жилийн 30 хувь гэсэн байх тул сарын хүү нь 2.5 хувь байна. Улмаар хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч нь зээлийн хүү сарын 2.5 хувь байх нь бодит байдалд нийцэхгүй, зах зээлийн жишгээс хэт өндөр бөгөөд зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн гэх тайлбараа нотолж чадаагүй. Мөн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлсон гэж үзэхээр байна. Иймд шүүх зээлийн хүүгийн хэмжээг багасгах үндэслэлгүй байна.

           

            Түүнчлэн хариуцагч Г.Ц төлөөлөгч нь нэхэмжлэгчийг зээлийг банкны зээлд шилжүүлээгүй, мөн барьцаа хөрөнгийг борлуулах талаар өгсөн амлалтаа биелүүлээгүй гэж маргасан. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдэгч нь зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй тул зээл төлөгдөөгүй үйл явдалд зээлдүүлэгчийг буруутгах боломжгүй. Мөн хууль зүйн мэдлэггүйн улмаас зээлээ барьцаа хөрөнгийг худалдаж төлөх талаар мэдээгүй гэх боловч Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар хууль мэдээгүй, буруу ойлгосон байх нь ямар нэг давуу байдал үүсгэхгүй юм.

 

            Зээлийн гэрээний 1.2.3, 2.3-т зээлийг хугацаандаа төлөөгүй бол үндсэн зээлийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр заажээ.  Үүнээс нэмэгдүүлсэн хүүг тооцвол 14,250,000 төгрөг юм.

           

Эдгээр үндэслэлээр зээлдэгч буюу хариуцагч Г.Ц зээлийн гэрээний дагуу хүлээх нийт үүргийг тооцвол 235,500,000 төгрөг бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг нийт 17,753,431 төгрөг төлсөн гэж тайлбарласан. Хариуцагч Г.Цэрэнжаргалын төлөөлөгч нь төлсөн төлбөрийн талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж, маргаагүй зөвшөөрсөн.

Иймд хариуцагч Г. Цнь зээлийн гэрээний дагуу 217,746,569 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Гэвч нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 208,487,665 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд уг шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Мөн нэхэмжлэгч нь нотариатаар үйлчлүүлсний төлбөрт 16,000 төгрөг төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн. /хэргийн 23 дугаар тал/ Уг баримтын цаг хугацааг нэхэмжлэл гаргасан цаг хугацаатай харьцуулан үзвэл нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах зорилгоор нэмэлт төлбөр төлсөн гэж үзэхээр байна.

Эдгээр үндэслэлээр хариуцагч Г.Цс 208,503,665 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Харин хариуцагч Д.Б нь дээрх зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээгээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээний харилцаанд оролцоогүй байна. Иймд хариуцагч Д.Бд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Зохигчид 2018 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр ЗБ0701180794 дугаартай барьцааны гэрээ байгуулж, 11-1270859 дугаартай барьцаалбар үйлдсэн байна. /хэргийн 16-18 дугаар тал/ Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагыг хангаж хүчин төгөлдөр болжээ. Уг барьцааны гэрээний зүйл нь нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүрэг, тоот, эрхийн улсын бүртгэлийн Y-2204032772 дугаарт бүртгэгдсэн 5 өрөө орон сууц байна. Иймд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Г.Цс зээлийн гэрээний үүрэг, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд нийт 208,503,665 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ГХХК-д олгож, хариуцагч Д.Бд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Г. Цнь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, тоот, эрхийн улсын бүртгэлийн Y-2204032772 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн  шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,270,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Цс 1,270,688 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс 2 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД