Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 1725

 

 

 

 

 

            2020        05          14

                                 101/ШШ2020/01725

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О

 

Нэхэмжлэгч: Э ХХК нарын гаргасан,

 

Хариуцагч: Н-т холбогдох,

 

Дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Э ХХК нь ГХХК-иас зээл авч, уг зээлийн үүрэгт өөрийн өмч ...хаягт байрлах 218.5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 350 м.кв талбайтай газрын хамт барьцаалуулсан.

 

Энэхүү зээл нь богино хугацаатай, хүүгийн нөхцөл их зэргээс шалтгаалан төлж чадаагүй хугацаа хэтэрч, тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар 26-ны өдрийн 0248 тоот захирамжаар Э ХХК болон О нараас 137,305,205.00 төгрөг гаргуулж Г ХХК-нд олгохоор болсон.

 

Ингээд хариуцагч Нхаръяа *******ийн шийдвэр гүйцэтгэгч Өнь барьцаа хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахаар С ХХК-ийг шинжээчээр томилоход тус хөрөнгийг 240,350,000.00 төгрөгөөр үнэлсэн байсан.

 

Гэвч уг хөрөнгийг банкинд барьцаалах үед 218.5 м.кв талбайтай байсан боловч хожим зээл авч, хөрөнгө оруулалт хийсээр 145.92 м.кв талбайтай өргөтгөл барьсан бөгөөд цэвэр, бохир ус, дулаан, цахилгаанд холбосон. Гэтэл хөрөнгийн үнэлгээний тайланд 218.5 м.кв талбайтайгаар 240,350,000.00 төгрөгөөр үнэлсэн байна. Зүй нь, тухайн хөрөнгүүдийг хамт үнэлсэн бол илүү өндөр болно.

 

Нөгөө талаар үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ 345.92 м.кв талбайтай газрыг хамт үнэлээгүй орхисон байна. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар аливаа хөрөнгийн үнэлгээг гаргахдаа 2-3 аргыг хэрэглэхээр заасан ба Үнэлгээний олон улсын стандартын 105.10 зүйлийн 4 дэх хэсэгт үнэлгээчин өөр өөр үнэ цэнийг дундажлахгүйгээр харин шинжлэн тодруулах замаар тайланд тусгана гэснийг зөрчсөн.

 

Өөрөөр хэлбэл, нийт үнийг дундажлан гаргаснаар сөрөг нөлөө үзүүлсэн гэж үзэж байгаагаас гадна өртгийн аргаар үнэлгээ хийсэн тооцооллыг хавсралтаар үзүүлэв гэсэн боловч уг аргаар хийсэн тооцоолол байхгүй байна. Төвийн шугамд холбогдсон байршил сайтай газрыг үл хөдлөх хөрөнгийн хамт үнэлээгүй, 145.92 м.кв талбайтай өргөтгөлийг үнэгүйдүүлсэн байна. Бодит байдал дээр 218.5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө нь 145.92 м.кв талбайгаар нэмэгдсэн байхад 218.5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ гаргасан учраас гомдолтой байна.

 

Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Н2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 21 тоот тогтоолын дагуу СХХК-ийн шинжээч Оминий бие ...хаягт байрлах 218.5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 350 м.кв талбайтай газарт үнэлгээ тогтоосон.

 

Нэхэмжлэгчийн хэлснээр 2019 оны байдлаар үнэлгээний олон улсын стандарт 2017 үйлчилж байсныг дагаж мөрдсөн. Тогтоолын дагуу 218.5 м.кв талбайтай хувийн сууцны үл хөдлөх хөрөнгийг 350 м.кв өмчлөлийн газрын хамт үнэлсэн ба Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар зах зээлийн жишиг хандлага, өртгийн хандлагын аргыг хослуулан хэрэглэж үнэлгээ хийсэн. Зах зээлийн жишиг хандлагын арга нь дотроо нийтэд арилжаалах, харьцуулан жиших гэсэн аргад хуваагддаг бөгөөд хэргийн материалын 40-41 дэх талд өртгийн хандлагын аргаар 295,117,544.00 төгрөгөөр үнэлсэн.

 

Харин зах зээлийн жишиг үнийн аргыг хэрэглэхдээ газар болон газрын өртөг шингэсэн ба үнэлгээ хийж байгаа хөрөнгөтэй хамгийн ойр үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулан хавтаст хэргийн 33,34 дахь талд дүгнэлтэд тодорхой дурдсан.

 

Үнэлгээний олон улсын стандартын 105 дахь заалтын 30.6-д заасныг харгалзан үзэж, итгэлцүүр өгч итгэлцүүрийн дүн дээр 1 м.кв нь газрын өртөг шингэсэн байдлаар 1,100,000.00 төгрөг, нийт 245,350,000.00 төгрөгийн үнэлгээ гарсан” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

            “Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2018/02484 тоот захирамжаар Э ХХК, Онараас 138,219,881.00 төгрөгийг гаргуулж Г ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн.

 

           Дээрх шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул төлбөр төлөгч үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлиин ******* дугаарт бүртгэгдсэн *******,*******,******* тоотод байрлах 350 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй 218.5 м.кв талбайтай хувийн сууцыг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 19261821/01 дугаар тогтоолоор битүүмжилж, тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 19261821/04 тоот тогтоолоор барьцаалан хураасан.

 

            Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар барьцаалан хураасан үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг авахад талууд харилцан тохиролцож, үнийг тогтоогоогүй тул шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээний СХХК нь зах зээлийн үнэлгээг тогтоолгоход 240,350,000.00 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээний тайланг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шинжээчээс хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар 55.3-д зааснаар талуудад 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мэдэгдсэн.

 

           Ингээд талуудад дуудлага худалдаанд үнэлүүлсэн үнэлгээний 70 хувиас эхлэн дуудагдахыг сануулж, эрх, үүргийг тайлбарласан. Одоо шинжээчийн тогтоосон үнэ болох 240,350,000.00 төгрөгийн 70 хувь 168,245,000.00 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон.

 

           Төлбөр төлөгч Э ХХК, Онараас төлбөр гаргуулахаар барьцаа хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулахтай холбоотой ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О, Э ХХК нараас хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2018/02484 тоот захирамжаар Г ХХК-ийн нэхэмжлэлтэй Э ХХК болон Онарт  холбогдох 137,305,205.48 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэжээ /х.х-ийн 4-6 хуудас/.

 

Тодруулбал, тус 101/ШШ2018/02484 тоот захирамжаар хариуцагч Э ХХК болон О нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул тэдгээрээс зээлийн гэрээний үүрэгт  137,305,205.48 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-нд олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар болжээ.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зохигчид уг захирамжийн хүчин төгөлдөр болсон эсэх талаар маргаагүй ба тус шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШЗ2019/11017 тоот захирамаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 101/ГХ2019/00883 тоот гүйцэтгэх хуудсыг олгосон байна /х.х-ийн 7, 61, 62 хуудас/

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өгсөн баримтаар тус байгууллага төлбөр төлөгч нараас 137,305,205.48 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн дээрх шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 19261821 тоот тогтоол гаргаж, энэ талаар төлбөр төлөгч нарт мэдэгджээ /х.х-ийн 63, 66, 67, 74, 75, 76 хуудас/.

 

Улмаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээг авч, төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгөх, тэдгээртэй уулзах, хөрөнгийн лавлагааг бусад этгээдээс авах болон эд хөрөнгийг битүүмжлэх, хураах зэрэг ажиллагааг гүйцэтгэсэн эсэх талаар зохигчид маргаагүй /х.х-ийн 64, 65, 68, 70, 71, 75 хуудас/.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Дараах хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гээд 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө” гэж заажээ.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг уг худалдааг явуулахаас өмнө төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцоогүй тохиолдолд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хараат бус, мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн ийнхүү хөрөнгийн үнэлгээг тогтоох үндэслэл бий болдог байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар талуудын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалуулсан ...хаягт байрлах 218.5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн тус хаягт байршилтай 350 м.кв талбайтай газрын өмчлөгчөөр төлбөр төлөгч Онь тус тус бүртгэлтэй ажээ /х.х-ийн 12, 13 хуудас/.

 

Ингээд шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч болон өмчлөгч Э ХХК, Онарт маргааны зүйл болох дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн талаар санал ирүүлэхийг мэдэгджээ /х.х-ийн 79 хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Э ХХК нь эдгээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч этгээд биш боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож буй үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал өгөх эрхтэй этгээд болно /х.х-ийн 77, 78 хуудас/.

 

Гэтэл төлбөр төлөгч болон өмчлөгч нараас тухайн үл хөдлөх хөрөнгийг 601,293,000,000.00 төгрөгөөр үнэлсэн бол төлбөр авагч ГХХК-иас уг үнэлгээг үл хүлээн зөвшөөрч зах зээлийн үнэлгээг шинжээчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өгсөн байна /х.х-ийн 81 хуудас/.

 

Тус хүсэлтийн дагуу хариуцагч Н2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 21 тоот тогтоолоор уг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний СХХК-ийг томилсон ба тус компанийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд дурдсанаар барьцааны зүйлийг 240,350,000.00 төгрөг гэж үнэлжээ /х.х-ийн 85-87, 90-119 хуудас/.

 

Энэ дүгнэлтэд дурдсан болон хөрөнгийн үнэлгээчин О-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар барьцаа хөрөнгийн үнийг зах зээлийн харьцуулалтын арга болон өртгийн аргад тулгуурлаж, өнөөгийн ханшийг тогтоосон ба өртгийн аргаар үнэлэхэд 294,157,544.00 төгрө, зах зээлийн /нийтэд арилжаалах болон харьцуулах хэлбэр/ аргаар үнэлэхэд 240,350,000.00 төгрөг болжээ.

 

Хөрөнгийн үнэлгээчний шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон үнэлгээний тайланг үзвэл барьцаа хөрөнгөтэй ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн үнийг судалсан байх тул нэхэмжлэгчийн бодит байдалтай бүрэн танилцаагүй, дотоод засал чимэглэлийн хувьд илүү үнэ цэнэтэй гэх тайлбар үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, СХХК-ийн дүгнэлтэд уг үнэлгээг ямар эх сурвалжид тулгуурлан үндэслэсэн, үнэлгээний ямар аргыг хэрэглэсэн, ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн ханш хэдэн төгрөг байсан талаар ойлгомжтой, тодорхой дүгнэсэн байна. 

 

Хөрөнгийн үнэлгээний тухай 3 дугаар зүйлийн 3.1.1-д ”үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хэлнэ” гэж, мөн 4 дүгээр зүйлий 4.1.1-д “хараат бус байх” гэж, түүнчлэн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байна” гэж тус тус заасан бол Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна” гэж заажээ.

 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хөрөнгийн үнэлгээчин Онь тусгай зөвшөөрөлтэй, түүнд хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байгаагаас гадна СХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа явуулдаг ажээ /х.х-ийн 120, 121 хуудас/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Э ХХК болон Онар шинжээч СХХК-ийн үнэлгээг үл хүлээн зөвшөөрч, уг орон сууцны зах зээлийн ханшийг 240,350,000.00 төгрөгөөс илүү гэж маргаж буй тохиолдолд үүнийг баримтаар нотлох ёстой боловч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ үндэслэл бүхий тодорхой баримтаар нотлоогүй, энэ талаар холбогдох баримтыг шүүхэд өгөөгүй, харин хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн үнэлгээг үндэслэн төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1-д зааснаар дуудлага худалдааны санал болгох доод үнийг тооцсон нь хуульд нийцсэн байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ”үйлчлүүлэгч гэж хөрөнгийн үнэлгээ хийлгэж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдийг хэлнэ” гэж, мөн 5 дугаар зүйлийн 5.1-д Хөрөнгийн үнэлгээг дараахь үндэслэлээр хийнэ” гээд 5.1.1-д “үнэлгээчин болон үйлчлүүлэгч харилцан тохиролцсон”, 5.1.2-д “хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр” гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, хөрөнгийн үнэлгээг зөвхөн үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэсэн шүүхийн захирамж болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтоолоор хийх ёстой гэж ойлгохгүй ба иргэн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хөрөнгийн үнэлгээчинд хүсэлт гаргаж, харилцан тохиролцон дүгнэлт гаргуулах боломжтой юм.

 

Гэвч нэхэмжлэгч Э ХХК болон Онар маргаж буй үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханшийг 240,350,000.00 төгрөгөөс илүү гэдэг тайлбараа нотлохгүй байна.

 

Харин нэхэмжлэгч Э ХХК болон Онараас барьцаалуулсан хөрөнгөөс салгаж үл болох 145.92 м.кв талбайтай өргөтгөл барьсан учраас үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийхдээ тухайн өргөтгөлийг үнэлээгүй тул гомдож байна гэсэн.

 

Гэтэл Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, мөн 165 дугаар зүйлийн 165.1-д “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ” гэж тус тус зааснаар төлбөр авагч ГХХК нь гагцхүү барьцаалагдсан бөгөөд шүүхийн шийдвэр, захирамжид заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй /х.х-ийн 137-141 хуудас/.

 

Үүнийг тус хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тодорхой заасан бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2018/02484 тоот захирамжид 145.92 м.кв талбайтай өргөтгөлийг үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа хөрөнгө гэж дурдаагүй байна /х.х-ийн 60-63 хуудас/.

 

Нөгөө талаар Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-д “Устгах буюу зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох бүрдэл хэсэг нь хуульд заасан тохиолдолд иргэний эрх зүйн харилцааны бие даасан объект болно” гэж, түүнчлэн 85.2-т “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” гэж тус тус зааснаар талууд 145.92 м.кв талбайтай өргөтгөлийг бүрдэл хэсэг хэмээн зөвшөөрч, үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалаагүй байна.

 

Тодруулбал, тус хуулийн 165 дугаар зүйлийн 165.5-д “Хэвийн бус аж ахуйн үйл ажиллагаагаар олж авсан, эсхүл аж ахуйн хэвийн үйл ажиллагаагаар олж авсан боловч бусдын өмчлөлд шилжээгүй байгаа үл хөдлөх эд хөрөнгийн бүрдэл хэсэг, үр шимд ипотек нэгэн адил хамаарна” гэж зааснаар бүрдэл хэсгийг барьцааны зүйлд хамааруулж болох хэдий ч үүрэг гүйцэтгүүлэгч болон үүрэг гүйцэтгэгч нар харилцан тохиролцсон байх учиртай.   

 

Мөн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.4-т “Барьцааны эрх нь үндсэн шаардлага, түүнтэй холбоотой бусад дагалдах эрх болон энэ хуулийн 88 дугаар зүйлд заасан үр шимд нэгэн адил хамаарна” гэж заасан боловч тус 145.92 м.кв талбайтай өргөтгөл нь энэ хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д заасан үр шим биш учраас хамт барьцаалагдсан гэж үзэхгүй.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Э ХХК болон Онарын гаргасан хариуцагч Н-т холбогдох ...хаягт байрлах ... тоот улсын бүртгэлий дугаартай 218.5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байршилтай Г-... тоот улсын бүртгэлийн дугаартай ... м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШЗ2020/05317 тоот захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг үүгээр дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР