Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 354

 

 

 

 

 

    2020           3              26                                        2020/ДШМ/354                                 

Ч.Дид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Уянга,

шүүгдэгч Ч.Д,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Дийн өмгөөлөгч С.Төмөрбаатарын гаргасан давж заалдах гомдлоор Ч.Дид холбогдох 1906011130637 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 9-ний  өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Зурхайч овгийн Ч.Д, 1949 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 71 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу гудамжны 8 дугаар байрны 37 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн 96 дугаар гудамжны 401 тоотод оршин суудаг, /РД:ХЕ49030919/;

Булган аймгийн Сум дундын шүүхийн 1965 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 73 дугаар зүйлийн б-д хэсэгт  зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1967 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан;

Ч.Д нь 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Энхцэцэгтэй маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ч.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч.Дийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Ч.Дид оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ч.Дид сануулж, Ч.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хар өнгийн дотортой савхин дээл, цэнхэр өнгийн гар утасны гэр 1 ширхэг зэрэг эд зүйлсийг шүүгдэгч Ч.Дид буцаан олгож, хохирогч Ж.Энхцэцэг нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ч.Доос жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Дийн өмгөөлөгч С.Төмөрбаатар гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Ч.Д нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 120 дугаартай шийтгэх тогтоолд дурьдсан бусдад хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн талаараа маргахгүй байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 1 жил түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг 1 жил өнгөрсөн нь тогтоогдсон” гэх үндэслэлээр түүнд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг өөрчилж, түүний үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ч.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүрэн дэмжин оролцож байна. Тухайн үед Ж.Энхцэцэг миний өмсөж явсан гадуур хувцсыг урсан байхад ураагүй гэж үзсэнд би гомдолтой байдаг. ...” гэв.

Прокурор П.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ч.Дийн өмгөөлөгч С.Төмөрбаатарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Ч.Д нь 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Энхцэцэгтэй маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ж.Энхцэцэгийн “...Тухайн өдөр намайг Төрийн банкнаас гараад Хаан банк руу явах замд 13-69 УБС улсын дугаартай цагаан СRV загварын машин явган хүний зам дээр ухрах үйлдэл хийж байхдаа намайг машины урд талаар 10 настай хүүхдээ хөтлөөд явж байтал урагшаа хөдлөөд намайг шүргэсэн. Тэгэхээр би уг машины урд талын копут дээр нь “хөөш” гэж хэлээд гараараа тогшоод цааш явж байтал уг машины жолооч гэх бор нэхий дээлтэй эрэгтэй хүн араас дуудаад хэл амаар доромжлоод байхаар нь би ойртоод очтол миний зүүн нүд рүү 2 удаа гараараа цохиж, дээрх гэмтлийг учруулсан. ...” /1-хх-7-11, 12-13, 14-16, 177-179/,

гэрч С.Лхагважавын “...Машины урдуур өнгөрч байсан хүүхэд хөтөлсөн эмэгтэй машины копут дээр чанга цохихоор нь нөхөр машинаасаа буугаад “чи яагаад машин руу цохиод байгаа юм бэ” гэхэд нөгөө эмэгтэй уурлаад манай нөхөр рүү дайраад тэр хоёр барьцалдаж авсан. Тэр хоёр бие биенийгээ тавихгүй, үл таних эмэгтэй манай нөхрийг өшиглөөд байсан ба манай нөхөр ч түүнийг цохиж байсан. Тухайн үед би машинаас буугаад тэр эмэгтэйг боль гэж хэлэхэд намайг “хөгшин авгай минь чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлэхээр би үснээс татаад тэр хоёрыг салгасан. ...” /1-хх-20-22/,

Ч.Дийн яллагдагчаар өгсөн “...Тухайн үед хохирогч миний нэхий дээлийг ураад намайг 3-аас 4 удаа өшиглөхөөр нь би түлхсэн. Тэгтэл миний нүүрийг маажих гээд дайраад байхаар нь би гэдийж байгаад цохисон байсан. Би тухайн үед хохирогчийг цохино гэж бодоогүй, над руу дайраад байхаар нь би өөрийн мэдэлгүй цохисон байсан. ...” /1-хх-63-68/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Ж.Энхцэцэгийн биед зүүн  нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. ...”1990 дугаартай /1-хх-29, 110-111/ дүгнэлт,

эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-хх-26/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-хх-27-28/, хохирлын баримтууд /1-хх-52-57/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ч.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ч.Дийн хохирогч Ж.Энхцэцэгийн нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ч.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Дийн өмгөөлөгч С.Төмөрбаатарын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Ч.Дид оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг өөрчилж, түүний үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж,

мөн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “..2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. ...” гэж тус тус заажээ.

Тухайн гэмт хэргийг шүүгдэгч Ч.Д нь 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлджээ.

Дээрх гэмт хэргийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө яллагдагчаар татсан байх тул шүүхийн шатанд хэрэг маргааныг шийдвэрлэх хүртэл буюу шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болтол хөөн хэлэлцэх хугацааг тоолох хууль зүйн үндэслэлгүй учир шүүгдэгч Ч.Дийн өмгөөлөгч С.Төмөрбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Дийн өмгөөлөгч С.Төмөрбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах,

эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ