Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 339

 

 

 

 

 

 

     2020          3              24                                      2020/ДШМ/339

 

 

 

                         Т.Ц, Б.Тнарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Н.Анхбаяр,

шүүгдэгч Т.Ц, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

шүүгдэгч Б.Тэмүүжин, түүний өмгөөлөгч Ж.Ганболд,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Ц, шүүгдэгч Б.Тэмүүжин, түүний өмгөөлөгч Ж.Ганболд нарын гаргасан давж заалдах гомдлоор Т.Ц, Б.Тнарт холбогдох эрүүгийн 1905021170565 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Зах-Уул овгийн Т.Ц, 2000 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 3, эх, хойд эцэг нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, 7 дугаар баг, Хүнсчдийн 4-51 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: МЕ00231913/;

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн шүүгчийн захирамжаар  11 сар 1 хоногийн хугацааны өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзагдсан;

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж 1 жил 6 сарын хорих ялаар тогтоож, 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

 

2. Боржигон овгийн Б.Т, 1999 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хойд эцэг нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, Өргөө баг, Өнгөт хороолол 7-28 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ТА99010211/;

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны  өдрийн  21 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;

 

            Б.Тэмүүжин, Т.Ц нар нь бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 4 дүгээр байрны 2 дугаар орцонд насанд хүрээгүй хохирогч Д.Номун, А.Тэмүүлэн нарын Самсунг эс-7 загварын 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдэж, 505.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,

 

2019 оны 5 дугаар сарын 10-ны орой Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 50а байрны орчимд иргэн Т.Саруултөгс, М.Маргад нарын Самсунг жи-3, LG 5 загварын гар утаснуудыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдэж, 378.560 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,

 

2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар  хорооны нутаг дэвсгэр, 69 дүгээр байрны орчим насанд хүрээгүй Н.Баярдаш, Д.Пүрэвдорж нарын эд хөрөнгийг авахаар довтолж, “гар утсаа өг, хүнд хэлвэл ална шүү” хэмжээн хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, “SKY IM-100, LG X-power” маркийн гар утаснуудыг дээрэмдэж 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 42 дугаар байрны 4 дүгээр орцонд насанд хүрээгүй Бат-Үйлсийн “Самсунг жи-7” загварын гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэж, 234.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,

 

2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 2 дугаар байрны 2 дугаар орцонд насанд хүрээгүй хохирогч Ж.Бүрэнжаргалын “Самсунг нөт-5” загварын гар утас, 3000 төгрөг зэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон,

 

2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Төмөр замын дээд сургуулийн зүүн талын 7 шар байрны орчим насанд хүрээгүй Э.Энхтүвшингийн эд хөрөнгийг авахаар довтолж, “гар утсаа өгөхгүй бол ална шүү” хэмээн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлж, “Iphone-6” загварын гар утсыг дээрэмдэж, 280.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдэж, бусдад нийт 1.700.560 төгрөгийн хохирол учруулж, дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Т.Ц, Б.Тнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Болортуяагийн Тэмүүжин, Зах-Уул овгийн Т.Ц нарыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж, бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Тэмүүжинг 5 жил хорих ялаар, шүүгдэгч Т.Цыг 6 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Тэмүүжинд оногдуулсан 5 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Т.Цт оногдуулсан 6 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тэмүүжингийн  цагдан хоригдсон 26 хоног, шүүгдэгч Т.Цын урьд цагдан хоригдсон 232 хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.    

 

Шүүгдэгч Т.Ц давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч Э.Энхтүвшин, гэрч Лхагва-Очир нарыг оролцуулах хүсэлтэй байна. Эдгээр хүмүүсийг шүүх хуралдаанд оролцуулснаар хэргийн нөхцөл байдал болон мэсний чанартай зүйл хэрэглэсэн буюу хутгыг биедээ авч яваагүй болох нь бүрэн нотлогдох үндэслэлтэй. Миний бие бусдад учруулсан хохирлоо цагдан хориотой байсан учир төлж чадаагүй. Цаашид ял эдлэх хугацаандаа тодорхой ажил хөдөлмөр эрхэлж учруулсан хохирлоо барагдуулах хүсэл эрмэлзэлтэй байгаа. Миний бие үнэн зөвийг тогтоолгон, өөрийн буруутай үйлдэлд, хариуцлагыг тооцуулах хүсэлтэй байгааг минь анхаарч үзэн эрх зүйн байдлыг минь дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг өөрчилж өгнө үү. Би дахин гэмт хэрэгт холбогдохгүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Тдавж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Т.Цын хамт хохирогч Э.Энхтүвшин, Лхагва-Очир нарыг дээрэмдэхдээ ямар ч төрлийн зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй нь үнэн. Уг хэрэгт зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй гэдгийг Э.Энхтүвшин, Лхагва-Очир нар нотолно. Хохирогч Э.Энхтүвшин нь анхан шатны шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцож чадаагүй. Тиймээс давж заалдах шатны шүүх хуралд Э.Энхтүвшинг гэрчээр татан оролцуулж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн эсэхийг тодруулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Тэмүүжингийн өмгөөлөгч Ж.Ганболд давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Тэмүүжин, Т.Ц нар 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын дээд сургуулийн зүүн тал 7 шар байрны орчим насанд хүрээгүй Э.Энхтүвшингийн эд хөрөнгийг авахаар довтолж, “гар утсаа өгөхгүй бол ална шүү” хэмээн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж хүч хэрэглэхээр заналхийлж, гар утсыг нь дээрэмдэж 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б.Тэмүүжинг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзэж байна. Учир нь, Б.Тэмүүжин, Т.Ц нар мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт дээрх хэргийн талаар тогтвортой, эргэлзээгүй, үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тухайлбал, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: Т.Цын “Энхтүвшин энэ хэрэг дээр худлаа яриад байна, Бид хоёр орц руу ороод хутга байхгүй байхад хутгатай байсан гэж мэдүүлсэн, Бид хоёр хутга байгаа гэж худлаа хэлсэн болохоос яг хутга байгаагүй” гэсэн мэдүүлэг, Б.Тэмүүжингийн ”Энхтүвшингийн хэрэг дээр хутга гаргаагүй, хутга байхгүй байсан мөртлөө хутга байгаа шүү гэж хэлж айлгасан” гэсэн мэдүүлгүүдийг тогтвортой өгсөн байдаг. Харин дээрх мэдүүлгүүдийн эх сурвалжийг нотлох насанд хүрээгүй гэрч Б.Лхагва-Очирын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй байдаг. Тухайлбал, насанд хүрээгүй гэрч Б.Лхагва-Очир мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “надад гар хүрсэн асуудал байхгүй, манай найзыг элэгдсэн, хоёулаа хутгатай байсан, доор үүдэнд сууж байсан залуу нь дэлгэдэг тонгорог барьчихсан байсан, ногоо залуугийн барьж байсан хутгыг нь бол би харж чадаагүй” гэжээ /1хх19/. Насанд хүрээгүй гэрч Б.Лхагва-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Энхтүвшингээс мөнгө байна уу гэтэл Энхтүвшин байхгүй, ээж хагалгаанд орох гэж байгаа болохгүй гэхэд утсыг нь гаргуулж ирээд хүн амьтнаас тусламж хүсвэл тусалсан хүнтэй чинь хутгална гэж хэлсэн. Бор иштэй хутга байсан. Намайг цаашаа хараад зогс гэж байсан ба намайг эргээд харахад халаасанд нь бор иштэй хутга байхыг харсан гаргаж ирсэн эсэхийг хараагүй” гэжээ. Насанд хүрээгүй гэрч Б.Лхагва-Очир шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг бусад баримттай харьцуулж, нотлох баримтыг магадлах аргаар шалгаж үзвэл нотолгооны ач холбогдолтой гэж үзэж нотлох баримтад тооцох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Мөн өмгөөлөгчөөс насанд хүрээгүй хохирогч Э.Энхтүвшин шүүх хуралдаанд оролцуулж мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв эсэхийг магадлуулан шалгуулах хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг хангаагүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь нэг талыг барьж, нэг талын баримтад үндэслэсэн.  Б.Тнь Э.Энхтүвшинг дээрэмдэхдээ зэвсэг хэрэглэж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалтай, эргэлзээгүй, бүрэн дүүрэн нотлогдохгүй  тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримтлан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Т.Цын өмгөөлөгч Л.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн хэрэг нь гэрч Лхагва-Очир, Энхтүвшин нарын мэдүүлэгт үндэслэж хутга хэрэглэсэн гэсэн асуудал яригдаж, шүүхээр шийдвэрлэгдсэн. Хэрэгт хутгыг хэн, хэрхэн яаж хэрэглэсэн эсэх, хутга үнэхээр байсан эсэхийг нотлох баримт хавтас хэрэгт байхгүй. Миний үйлчлүүлэгчийн зүгээс тухайн гэмт хэргүүдийг үйлдэхдээ ямар нэг байдлаар хутга хэрэглээгүй, тийм зүйл байхгүй талаар мэдүүлдэг. Мөн гэрч Лхагва-Очир энэ талаар зөрүүтэй мэдүүлдэг. Тэрээр анхан шатны шүүх хуралдаанд “халааснаас нь хутганы иш цухуйж байсан, гэхдээ хэрхэн яаж хэрэглэснийг хараагүй” гэж мэдүүлсэн. Лхагва-Очирын мэдүүлэг эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байх тул шүүх хуралдаанд гэрч Энхтүвшинг оролцуулах саналыг шүүхэд өмнө гаргаж байсан. Гэвч шүүх уг хүсэлтийг хүлээж авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь нэг талыг барьж асуудалд хандсан гэж үзэж байна. Уг гэмт хэрэг нь зүйлчлэлтэй холбоотой шүүгдэгч нарын эрх зүйн байдалд нөлөөлөх ач холбогдолтой тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Н.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүгдэгчид болон өмгөөлөгч нар насанд хүрээгүй гэрч нар хэргийн үйл баримтад эрс зөрүүтэй мэдүүлэг өгсөн тул тус хэрэгт хутга хэрэглэсэн гэж үзэх боломжгүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна. Хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад насанд хүрээгүй гэрч Лхагва-Очир, Энхтүвшин нар нь шүүгдэгч О.Тэмүүжин, Т.Цогт-Очир нарыг гар утсыг дээрэмдэх явцдаа зэвсгийн чанартай эд зүйл буюу хутга хэрэглэж, айлган сүрдүүлж “ална шүү” гэж заналхийлж эд хөрөнгөд халдсан гэх мэдүүлгийг удаа дараа тогтвортой өгсөн байдаг. Мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг хэргийн бодит байдлаас зөрүүтэй гэдэгт хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй. Учир нь, уг хэрэгт хутга хэрэглэсэн эсэхэд хохирогч, насанд хүрээгүй гэрч Энхтүвшин шууд заасан ба шүүгдэгч нартай маргаан, өс хонзон огт байхгүй.  Насанд хүрээгүй гэрч Лхагва-Очирын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгийг хэргийн нөхцөл байдал зөрүүтэй гэж дүгнэх боломжгүй. Тухайн гэрч нь бага насны хүүхэд бөгөөд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэйг тайлбарлаж мэдүүлэг авсан байдаг. Шүүгдэгч нар хутга хэрэглээгүй гэж мэдүүлдэг ч насанд хүрээгүй гэрч хутга байсныг мэдүүлдэг.  Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн оролцоо, учруулсан хохирол, хор уршиг, мөн гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, тохирсон ял шийтгэл оногдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын тухайд, таваас дээш жилийн хугацаагаар хорих ялтай бөгөөд шүүгдэгч нарын учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байдлыг харгалзан үзэж гэм буруутай байдалд нь тохирсон ялыг ялгамжтай  оногдуулсан. Түүнчлэн, хохирогч нарын мэдүүлгийг шүүгдэгч нарын мэдүүлэгтэй харьцуулсан байдлаар хууль зүйн дүгнэлт хийх заалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй. Өөрөөр хэлбэл, насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлгийг шүүгдэгч нарын мэдүүлэгтэй харьцуулж шүүгдэгч нар үнэн ярьж байгаа эсэхийг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй тул насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй учир хэргийн үйл баримт, зүйлчлэл тохирсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Б.Тэмүүжин, Т.Ц нар нь бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 4 дүгээр байрны 2 дугаар орцонд насанд хүрээгүй хохирогч Д.Номун, А.Тэмүүлэн нарын Самсунг эс-7 загварын 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдэж, 505.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,

 

2019 оны 5 дугаар сарын 10-ны орой Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 50а байрны орчимд иргэн Т.Саруултөгс, М.Маргад нарын Самсунг жи-3, LG 5 загварын гар утаснуудыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдэж, 378.560 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,

 

2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар  хорооны нутаг дэвсгэр, 69 дүгээр байрны орчим насанд хүрээгүй Н.Баярдаш, Д.Пүрэвдорж нарын эд хөрөнгийг авахаар довтолж, “гар утсаа өг, хүнд хэлвэл ална шүү” хэмжээн хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, “SKY IM-100, LG X-power” маркийн гар утаснуудыг дээрэмдэж 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 42 дугаар байрны 4 дүгээр орцонд насанд хүрээгүй Бат-Үйлсийн “Самсунг жи-7” загварын гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэж, 234.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,

2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 2 дугаар байрны 2 дугаар орцонд насанд хүрээгүй хохирогч Ж.Бүрэнжаргалын “Самсунг нөт-5” загварын гар утас, 3000 төгрөг зэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон,

 

2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Төмөр замын дээд сургуулийн зүүн талын 7 шар байрны орчим насанд хүрээгүй Э.Энхтүвшингийн эд хөрөнгийг авахаар довтолж, “гар утсаа өгөхгүй бол ална шүү” хэмээн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлж, “Iphone-6” загварын гар утсыг дээрэмдэж, 280.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдэж, бусдад нийт 1.700.560 төгрөгийн хохирол учруулж, дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн болох нь:

 

Насанд хүрээгүй хохирогч Э.Энхтүвшингийн “...би 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 14 цагийн үед хичээлээ тараад найз Лхагва- Очирын хамт Баянгол дүүргийн Төмөр замын дээд сургуулийн зүүн талын 7 шар байрны орчим явж байсан чинь орцны урд сууж байсан нэг хүүхэд дуудаад юм асууя гэхээр нь би орохгүй гэсэн чинь зүгээр ор гээд миний араас түлхээд найз бид хоёрыг оруулсан. Тэгээд дээшээ шатаар дагуулж гараад буланд зогсож байгаад миний халаасанд байсан гар утсыг аваад кодоо гарга гэж хэлсэн. Тэгэхээр нь үгүй гэж хэлсэн чинь нэг хутга гаргаж ирээд кодоо гарга гэж хэлэхээр нь би айгаад гар утасны кодыг гаргаж өгсөн. Тэгсэн 16 кодоо гарга гэж хэлсэн би бүх кодоо нөгөө хүүхдэд гаргаж өгсөн. Намайг нэг удаа гэдэс рүү цохиод найз бид хоёрыг хамгийн дээд давхар луу гүй гэж хэлээд өөрсдөө гараад явсан. ...”  /1хх 16-17/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Лхагва-Очирын “...2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн үед хичээлээ тараад харих гээд найз Энхтүвшингийн хамтаар барилгын 75-р байрны үүдээр алхаж явсан чинь хөөе наашаа хүрээд ир юм асууя гэж хэлээд очсон чинь та хоёр энэ хавийнх уу гэсэн чинь тийм гэж хэлсэн чинь цаана нь сууж байсан нэг залуу руу заагаад та хоёр тэр ахтайгаа очоод уулзаадах гэж хэлсэн. Тэгээд орц руу ороод тэр залуу дээр нь очсон чинь дээшээ гараадах гэж хэлээд куртикний халааснаас хутга гаргаж ирээд харуулаад дээшээ гар гэж хэлсэн. Манай найз утсаа гаргаж ирэхгүй байсан чинь элэгдээд, нэгжээд утсыг нь гаргаад ирсэн. Тэгээд манай найзын утасны кодыг гаргуулж аваад дээшээ гар гэж хэлсэн. Бид хоёр дээшээ гараад харсан чинь гараад зугтаасан. ...” /1хх 18-19/,

 

Насанд хүрээгүй хохирогч Н.Баярдашийн “...өнөөдөр 16 цагийн орчим найз Пүрэвдоржтой хорооллын Москва рестораны автобусны буудал дээр уулзаад Пүрэвдоржийн гэр лүү явж байсан. Пүрэвдоржийн гэр лүү явах замд Гранд Хилл зочид буудлын зүүн талаар урагшаа далан руу явж байхад нэг нь сургуулиа төгсөөд удаагүй юм шиг 20 орчим насны хар өнгийн бомбиртай дотуур нь хар өнгийн малгайтай цамцныхаа малгайг нь өмсчихсөн хүзүүндээ том чихэвч зүүчихсэн туранхай ойролцоогоор 170 см өндөртэй царайг нь сайн харж чадаагүй нөгөөх нь 20 гаран насны саарал өнгийн ноосон цамцтай халимаг үстэй том нүдтэй хацар нь том уруул нь жижигхэн хацарны дээд хэсгээрээ барзгардуу царайтай, махлагдуу, нөгөөхөөсөө бага зэрэг намхан хүн бид хоёрыг дуудаад бомбертой ах нь та 2 миний дүү шүү гэж дагуулж явж байгаад нэг бор шартай байрнуудын дунд аваачаад Пүрэвдорж бид хоёрыг нэг нэгээр нь салгаад намайг хорь орчим насны хар өнгийн бомбертой дотор нь хар өнгийн малгайтай цамцтай нь ...намайг авч яваад миний халаасыг ухаад миний гар утсыг авчихсан. ...” /1хх 62-63/,

Насанд хүрээгүй хохирогч Д.Пүрэвдоржийн “...гэр рүү явах замд Гранд Хилл зочид буудлын зүүн талаар урагшаа далан руу явж байхад нэг нь сургуулиа төгсөөд удаагүй юм шиг 20 орчим насны ...нөгөөх нь 20 гаруй насны саарал өнгийн ноосон цамцтай халимаг үстэй, хацар нь том уруул нь жижигхэн... махлагдуу хүн бид хоёрыг дуудаад бомбертой ах нь та хоёр миний дүү шүү гээд дагуулж явж байгаад нэг бор шартай байрнуудын дунд аваачаад Баярдаш бид хоёрыг нэг нэгээр нь салгаад...авч явж миний халаасыг ухаад миний гар утсыг авчихсан. Бид хоёрыг жоохон чанга ярихаар чимээгүй бай эсхүл ална шүү гээд айлгаад байсан. ...” /1хх 69-70/,

 

Насанд хүрээгүй хохирогч Д.Номуны “...би найз Тэлмүүнтэй хамт 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн орчим манай ангийн хүүхэд Тэнүүнээс мөнгө авах зорилгоор 20 дугаар сургуулийн баруун талд байдаг Сот 4 байрны урдуур явах үед Сотын 4 дүгээр байрны орцноос 18-20 насны хоёр залуу гарч ирээд бид хоёрыг шууд дагаад явсан. Тэгээд Тэлмүүн бид хоёр 4 дүгээр байрны 2 дугаар орцонд ороод Тэнүүнтэй уулзаж мөнгө авчихаад доошоо буухад орцны үүдэнд нөгөө араас дагаад байсан хоёр залуу зогсож байсан. Тэгээд орцоор гарах гэтэл бид хоёрыг гаргахгүй дээгүүрээ цагаан хантаазтай залуу нь миний хацар цээж рүү цохисон. Тэгсэнээ тэр цагаан хантаазтай залуу нь миний нуруу руу тохойлдсоноо мөнгө байна уу гэхээр нь би байхгүй гэтэл шууд миний халаасыг нэгжиж эхэлсэн... халаасанд байсан миний самсунг эс-7 маркийн гар утсыг аваад утасныхаа пин кодыг хэл гэхээр нь би мэдэхгүй гэхэд тэр цагаан хантаазтай залуу намайг дээшээ 5 давхар луу гар гэхээр нь би дээшээ гараад цонхоор харах гээд болохгүй болохоор нь орцоор гарч ирэхэд тэр хоёр залуу гараад явчихсан байсан. ...” /1хх 125-126/,

 

Насанд хүрээгүй хохирогч А.Тэлмүүний “...2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр би найз Номуны хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4 дүгээр байрны 2 дугаар орц руу орж 3 давхарт гарч хүүхэдтэй уулзчихаад шатаар бууж байтал орцны хаалганы дэргэд 18-аас 19 насны хоёр залуу тааралдаад нэг нь миний нүүр лүү алгадаад нөгөө залуу нь манай найз Номуны гэдэс рүү нь цохисон. Тэгээд намайг алгадсан залуу дуугүй байгаарай гээд миний халаасыг ухаад самсунг эс-7 маркийн гар утсыг аваад ямар хогийн утас вэ гэж байгаад бид хоёрыг шатаар дээшээ гар гээд бид хоёрыг дээшээ гарангуут орцны хаалга онгойлгоод зугтсан. ...” /1хх 131/,

 

Насанд хүрээгүй хохирогч Г.Саруултөгсийн “...2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн орчим өөрийн найз болох Маргадтай Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 25 дугаар байр дээр байдаг сагсны шийдэн дээр уулзаад Маргад бид хоёр тамхи татах гээд 50а байрны урд талын далантай хэсэг дээр тамхи татаад байж байхад далангаас хоёр залуу өгсөөд бид хоёрыг чиглээд ирсэн. ...намайг шууд алгадаад авсан, харин нөгөө хамт явж байсан залуу нь бид хоёрыг утсаа гаргаад ир гэхээр нь үгүй гэсэн чинь тэр хоёр залуугийн жинсэн яктай 20 гаруй насны залуу нь намайг шууд алгадаад авсан. Би өөрийн гар утас болох 2016 оны Самсунг жи-5 загварын хар саарал өнгийн гар утсыг өгсөн. Маргад бас гар утсаа гаргаж өгч байсан. ...”/1хх 202/,

 

Хохирогч М.Маргадын “...2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагийн үед гэртээ байж байхад найз Саруултөгс нь бэлтгэл тарчихлаа гараад ирээч гээд дуудсан юм. Тэгээд бид хоёр хамт зам дагуу алхаж байгаад 50а байрны урд талд очоод тамхи татаад зогсож байхад далангаас 20 гаруй насны хоёр эрэгтэй хүн ирээд саарал өмдтэй, цэнхэр өнгийн яктай 170 см өндөртэй ах намайг шууд алгадсан. Яагаад энд тамхи татаад байгаа юм бэ гээд миний гэдэс рүү нэг удаа цохисон...нөгөө хар хослолтой ах миний халааснаас миний гар утсыг авсан юм. ...” /1хх 206-208/,

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Бат-Үйлсийн “...2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 42 дугаар байрны хажууд явж байтал 16-18 насны хоёр залуу байрны буланд тааралдаад бага зэргийн махтай 170 см өндөртэй залуу нь намайг чи манай дүүг зодсон бацаан мөн үү, чи аль сургуульд сурдаг юм гэхээр нь би 49 дүгээр сургуульд сурдаг юу яриад байгааг чинь ойлгохгүй байна. Ямар нэгэн хүүхэд зодоогүй гэсэн чинь цуг байсан бараан хувцастай өндөр туранхай залуу нь намайг нааш ир гэж дагуулаад 42 дугаар байрны дүгээр орцонд оруулаад ах нь чамайг аятайхан байвал зодохгүй, ах нь нэг хүүхэд дуудах гэсэн юм ахдаа утсаа өгөөдөх гээд чанга дуугаар хэлэхээр нь би айгаад халаасандаа байсан самсунг жи-7 маркийн гар утсаа гаргаж өгтөл кодоо гаргаад өг гэхээр нь би кодоо гаргаад өгсөн. Тэгсэн миний утсыг үзэж байгаад ... намайг 5 давхар луу гараад хүүхэд дуудаад өг гэхээр нь би дээшээ 5 давхарт гартал ямарч хүүхэд байхгүй доод орцны хаалга дуугархаар нь доошоо гүйгээд гартал алга болсон байсан. ...” /1хх 243/,

Насанд хүрээгүй хохирогч Ж.Бүрэнжаргалын “...2019 оны 5 дугаар сарын 7-ны 20 цагийн үед давтлагаа тараад гэр лүүгээ харих гээд байрныхаа хойд талын 2 дугаар байрны орчим явж байтал гэнэт араас нэг хүн ирээд хүзүүгээр тэврээд миний халаасанд хутга байгаа шүү ийшээ ор, орилох юм бол ална шүү гэж хэлээд намайг хоёр дугаар байрны орц руу авч орсон... тэгээд орцоор ороод чамд утас гэж байна уу цэх зогс гэж хэлээд миний халаасыг ухаад гар утас буюу миний халаасанд байсан 3000 төгрөгийг авсан. Тэгээд намайг одоо энэ байрны гурван давхарт гар, хэрэв чамайг бууж ирэх юм бол би чамайг ална гэж хэлээд намайг гурван давхар луу гаргасны дараа зугтсан. ... ” /2хх 186/,

 

Шүүгдэгч Б.Тэмүүжингийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 8-ны Төмөр замын дээд сургуулийн хажууд байх байрны гадаа тамхи татаад зогсож байсан. Тэгсэн өндөр нас 2 хүүхэд явж байхаар нь Т.Ц тэр хоёр хүүхдийг дуудаад орц руу оруулсан.Тэгээд дээшээ гаргаад мөнгө байн уу гэж асуусан чинь өндөр нь түвийвчнээсээ 2500 төгрөг гаргаж өгсөн. Тэгэхээр нь мөнгийг нь аваад утсаа гаргаад ир гэсэн чинь намхан нь байхгүй гэсэн. Өндөр нь би утсаа өгөхгүй гэсэн чинь Цогтоо очоод халаасыг нь ухаад Айфони 6 маркийн гар утсыг нь авсан. Тэр хоёр хүүхдийг дээшээ гар гэж хэлээд бид хоёр гараад зугтсан. Утсыг  Монтел дээр очиж ченжид 68.000 төгрөгөөр зарсан. Дээрэм хийхдээ хутга ашиглаагүй, цохиж зодсон асуудал байхгүй. ...” /1хх 34-35/,

...2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр найз охин Учралтай модны хоёрт уулзаад тэндээсээ Гранд хилл зочид буудлын хажууд тамхи татаад зогсож байсан чинь 3-4 ангийн бололтой 2 жааан хүүхэд хажуугаар өнгөрөхөөр нь Цогтоо тэр хоёр хүүхдийг дуудаад би та хоёрын ах шүү дуугүй дагаад яв гээд хөтлөөд ойролцоох байрны хажууд очоод Цогтоо тэр хоёр хүүхдийн халаасыг ухаад 2 гар утсыг нь аваад явах гэсэн нэг хүүхэд нь утасны кейсны ард байгаа иргэний үнэмлэхийг ядаж өгчихөөч гэхээр нь иргэний үнэмлэхийг нь Цогтоо авч өгөөд тэгээд бид хоёр шууд зугтаачихсан. ЛЖ маркийн гар утсыг 40.000 төгрөгөөр  тавиад тэндээ Монтел ороод би цагаан өнгийн Скай гар утсыг гадаа нь зогсдог ченжид 70.000 төгрөгөөр зарсан. /1хх 97-98/,

...2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Т.Цын бид хоёр UB пласын хажууд 5 давхар байр луу 2 хүүхэд яваад орохоор нь араас нь дагаж ороод зогссон. Цогтоо өндөр хүүхдийнх цээж рүү нэг удаа цохисон. Би нөгөө хүүхдийг хацар хэсэгт нь нэг удаа алгадсан.  Тэгээд гар утсаа өг гэсэн чинь ар тал нь хагархай Самсунг эс-7 маркийн гар утас өгсөн. Цогтоо нөгөө хүүхдийнх утсыг авсан. Хагархай Самсунг эс-7 гар утсыг монтел дээр 60.000 төгрөгөөр зарсан. Харин Цогтбаярын авсан Самсунг эс-7 гар утсыг нэрийг нь мэдэхгүй ломбарданд 70.000 төгрөгөөр би өөрийнхөө бичиг баримтаар тавьсан. ...” /1хх 163-167/,

...2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр хуучин тээврийн товчооны орчим Цогтбаярын хамт явж байгаад нэг байрны гадаа зогсож байтал Цогтбаяр гэнэт алга болсон. Хаачсан юм бол гээд харж байтал орцноос гарч ирээд намайг гүйгээрэй гэж хэлээд өөрөө бас гүйсэн. Яагаад гүйгээд байгаа талаар асуухад халааснаасаа нэг гар утас гаргаж ирсэн. Бид хоёр гар утсаа Монтел дээр 70.000 төгрөгөөр зарсан. ...” /2хх 209-212/,

 

Шүүгдэгч Т.Цын яллагдагчаар өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 8-ны Төмөр замын дээд сургуулийн хажууд байх байрны гадаа тамхи татаад зогсож байсан. Тэгсэн өндөр нас 2 хүүхэд явж байхаар нь би дуудаад тэр ахтайгаа очоод уулзчих юм асуугаадхая гээд орцонд сууж байсан Тэмүүжинг заасан тэгсэн тэр хоёр очихгүй гэхээр нь би тэр хоёрыг орц руу түлхээд оруулсан. Орцонд оруулаад утсаа гаргаж ир гэхэд утсаа өгөхгүй гэхээр нь би надад хутга байгаа шүү гэсэн чинь дэлгэц нь хагархай Айфонь 6 маркийн саарал өнгийн гар утас гаргаж ирсэн. Тэгээд утасныхаа кодыг гаргаад өг гэж хэлээд кодыг нь гаргуулаад тэр хоёрыг дээшээ шатаар гүй гэж хэлээд дээшээ гүйхэд нь Тэмүүжин бид хоёр гарч зугтаасан. Монтел дээр очоод Тэмүүжин гадаа зогсдог хүмүүст утсыг нь 100.000 төгрөгөөр өгсөн. Би дээрэм хийхдээ хутга ашиглаагүй. Тухайн үед надад ямар нэгэн хутга байгаагүй. Хутга байгаа шүү гэж хэлсэн. Тухайн хүүхдүүдийг зодоогүй. ...” /1хх 38-39/,

... 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр фэйсбүүкээр танилцсан Учрал гэдэг охинтой модны хоёрт уулзчихаад тэндээсээ Гранд хилл зочид буудлын хажууд тамхи татаад зогсож байсан чинь 3-4 ангийн бололтой 2 жаахан хүүхэд хажуугаар өнгөрөхөөр нь би дуудаад би та хоёрын ах шүү дуугүй дагаад яв гээд дагуулаад ойролцоох байрны хажууд очоод халаасыг нь ухаад Тэмүүжин бид хоёр ухаад 2 гар утас гаргаж аваад шууд зугтаачихсан. Скай гар утсыг 70.000 төгрөгөөр, ЛЖ гар утсыг 30.000 төгрөгөөр тавьсан. Би яг хаана тавьсаныг мэдэхгүй байна. ...”/1хх 101-102/,

...2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Тэмүүжин бид хоёр UB пласын хажууд 5 давхар байр луу 2 хүүхэд яваад орохоор нь араас нь дагаад ортол доошоо бууж ирж байхаар нь өндөр хүүхдийнх нь гэдэс рүү нэг цохиосон гар утсыг нь авсан. Нөгөө хүүхдийнх нь утсыг Тэмүүжин авсан. Тэмүүжингийн авсан хагархай Самсунг эс-7 гар утсыг монтел дээр 60.000 төгрөгөөр зарсан. Харин миний авсан Самсунг эс-7 гар утсыг нэрийг нь мэдэхгүй ломбарданд 70.000 төгрөгөөр тавьсан. ...” /1хх 157-159/,

...2019 оны 5 дугаар сарын 7-ны орой 21 цагийн үед Тэмүүжинтэй Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр хуучин тээврийн товчооны орчим явж байтал нэг өндөр залуу явж байсан. Би араас нь очоод хүзүүгээр нь тэврээд намайг дагаад орц руу ор гэж хэлсэн. Тэгээд надад хутга байгаа шүү эргэж харж болохгүй гэж хэлээд халаасанд нь байсан Нөүт 5 маркийн гар утас, 3000 төгрөг байсныг нь аваад гарсан. Тэмүүжин хамт байсан гэхдээ үйл явдал болоход миний хажууд байгаагүй. Бид хоёр гар утсаа Монтел дээр 70.000 төгрөгөөр зарсан. ...” /2хх 215-217/,

 

“Ашид Билгүүн” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан- iphone 6 маркийн гар утас 280.000 төгрөг, /1хх 27-28/, “Ашид Билгүүн” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан-Sky IM-100s 100.000 төгрөг /1хх 77-79/, “Ашид Билгүүн” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан-LG X power-150.000 төгрөг /1хх 81-83/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Т.Ц, Б.Тнарыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдэж, гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч Т.Ц, Б.Тнарын бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар заналхийлж довтолж зэвсэг хэрэглэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй. 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Тэмүүжин, Т.Ц нарыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Тэмүүжинг 5 жил хорих ялаар, шүүгдэгч Т.Цыг 6 жил хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байдлыг харгалзан ял шийтгэл болон ял эдлэх дэглэмийг  ялгамжтай оногдуулсан нь  хууль зөрчөөгүй.

 

Шүүгдэгч Т.Цын “... Зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй, хутгыг биедээ авч яваагүй тул эрх зүйн байдлыг минь дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг өөрчилж өгнө үү. ...”,

 

Шүүгдэгч Б.Тэмүүжингийн “... Уг хэрэгт зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй гэдгийг Э.Энхтүвшин, Лхагва-Очир нар нотолно. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү. ...”,

 

Шүүгдэгч Б.Тэмүүжингийн өмгөөлөгч Ж.Ганболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн нь нотлогдолгүй тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлүүлэхээр  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, насанд хүрээгүй хохирогч Э.Энхтүвшингийн “...миний халаасанд байсан гар утсыг аваад кодоо гарга гэж хэлсэн. Тэгэхээр нь үгүй гэж хэлсэн чинь нэг хутга гаргаж ирээд кодоо гарга гэж хэлэхээр нь би айгаад гар утасны кодыг гаргаж өгсөн....” /1хх 16-17/, насанд хүрээгүй гэрч Б.Лхагва-Очирын “... Тэгээд орц руу ороод тэр залуу дээр нь очсон чинь дээшээ гараадах гэж хэлээд куртикний халааснаас хутга гаргаж ирээд харуулаад дээшээ гар гэж хэлсэн. Манай найз утсаа гаргаж ирэхгүй байсан чинь элэгдээд, нэгжээд утсыг нь гаргаад ирсэн. Тэгээд манай найзын утасны кодыг гаргуулж аваад дээшээ гар гэж хэлсэн. Бид хоёр дээшээ гараад харсан чинь гараад зугтаасан. ...” /1хх 18-19/, насанд хүрээгүй гэрч Б.Лхагвадоржийн анхан шатны шүүх хуралдаанд өгсөн “... Хэнд нь хутга байсныг санахгүй байна. Бор иштэй хутга байсан.Түвшөөг цаашаа хараад зогссон байхад нь би эргээд хартал хутга байсан. ... ” /3хх 71/ нарын мэдүүлгүүдээс үзэхэд гэрч, хохирогч нар мэдүүлгийн зөрүүгүй, мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хуралдаанд “ хутга хэрэглэсэн” талаар тууштай мэдүүлдэг бөгөөд шүүгдэгч Т.Ц, Б.Тнар нь хутга харуулж насанд хүрээгүй хохирогч Э.Энхтүвшингийн гар утсаа өгөхийг шаардсаны улмаас насанд хүрээгүй хохирогч айж, эд хөрөнгөө хамгаалахад чиглэсэн эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдал сэтгэхүйн хувьд бий болж эд хөрөнгөө дээрэмдүүлсэн байна.

 Иймээс шүүгдэгч Т.Ц, Б.Тнарын үгүйсгэсэн мэдүүлгийг үндэслэл бүхий гэж үзэж гэмт хэрэг үйлдэхдээ “зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй” гэсэн үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй, мөн шийтгэх тогтоол хууль ёсны гарсан тул хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шаардлагагүй, тул шүүгдэгч Т.Ц, Б.Тэмүүжин, түүний өмгөөлөгч Ж.Ганболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Т.Ц, Б.Тэмүүжин, түүний өмгөөлөгч Ж.Ганболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ   

 

ШҮҮГЧ                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                       

 

                        ШҮҮГЧ                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ