Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2020/01205

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, шүүгч О.Одгэрэл, шүүгч Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Г/РД: /,

 

Нэхэмжлэгч: Н.Ц/РД: / нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: П.М/РД: /,

 

Хариуцагч: Б.Б/РД: / нарт холбогдох

                                                             

Гэм хорын хохиролд 3 073 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэгмэд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Г, Н.Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн П.М Б.Б нар бидний өмчлөлтэй газарт 2010 оны 8 сард дур мэдэн бууснаас болж бид газрын маргаанаа шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан бөгөөд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 9 сарын 2-ны өдрийн 1365 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 11 сарын 14 өдрийн 895 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2012 оны 1-р сарын 12-ны өдрийн 34-р тогтоолоор уг хашааны газар нь бидний өмчлөлийн газар болох нь тогтоогдож, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 9 сарын 6-ны 155/01 дугаартай шийдвэрээр уг газрыг албадан чөлөөлүүлж бид газраа авч хашаагаа барьсан юм.

Иргэн П.Мгийн 2 айлын газар эзэмшсэн байсан бөгөөд тэдний гэрийг манай хашаанаас хамар хашаанд шилжүүлсэн. Энэ үед иргэн П.Мгийн хашаандаа хаалга хийгээгүй байсан бөгөөд бид хүн чанар гарган хаалгаа хийтэл манай хашааны хаалгаар орж гарч байж болохыг зөвшөөрсөн бөгөөд энэ нь бидэнд том алдаа болсон юм. Хэд хоноод бид хашаандаа орох гэсэн боловч тэд биднийг оруулахгүй байснаас гадна элдвээр доромжилж байлаа.

2013 оны 8 сарын 27-нд бид хашаандаа контейнер буулгахаар очиход бидний хашдаг дотор талаа нь цоожилж нохой тавин уг хашааг манай хашаан гэж хэл амаар доромжилж байсан тул аргагүйн эрхэнд ачиж очсон контейнераа гудамжинд буулгасан юм. Ингээд контейнераа тавих өөр газар хайж байгаад 2013 оны 9 сараас Дамбадаржаагийн Ойчдын гудамжинд айлын хашаанд түрээсээр тавиулсан. Бид энэ талаар мөн шүүхэд хандсан бөгөөд мөн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 сарын 25-ны өдрийн 2320/с дугаар шийдвэр, иргэний хэргийн давж заалдах шатны 10-р шүүхийн 2014 оны 4 сарын 30-ны өдрийн 377-р магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 6 сарын 12-ний өдрийн 344 тогтоолоор контейнер зөөсөн зардлаа П.Мгийн гэр бүлээс гаргуулан авсан юм. Ингээд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд удаа дараа өргөдөл гаргасны үндсэн дээр 2014 оны 11 сарын 7-ний өдрийн 155/76 шийдвэрээр уг газрыг дахин чөлөөлүүлсэн юм. Энэ үед уг айл нь хашаандаа хаалга хийгээгүй, хамар хашаа буулгасан манай хашаанд гэр барьж барилгын материал буулгасан байдалтай байсан. Ингээд бид хашаагаа чөлөөлүүлсний дараа дахин нэмэлт зардал гаргаж хашааны хамраа босгох мөн даруй контейнераа зөөж авчирч тавих шаардлага гарсан бөгөөд үүнд дараах зардлууд гарсан тул уг зардлыг Мгийнхээс гаргуулахаар нэхэмжилж байна.

1. Контейнер айлын хашаанд түрээсээр тавиулсан хөлс 14capх30,000=420,000 төгрөг

2. Шинээр 15м хашаа барих материалын үнэ 223,000 төгрөг

3. Уг материалыг Цайз захаас Дамбадаржаад хүргүүлсэний хөлс 30,000 төгрөг

4. Контейнер айлын хашаанаас авчирч буулгасны хөлс 200,000 төгрөг, нийт 873,000 төгрөг

Бид энэ нэхэмжлэлээ шүүхэд даруй өгөхийг хүссэн боловч иргэн П.М, Б.Б нар дахин захиргааны хэргийн шүүхэд манай хашааны газрын асуудлаар гомдол гаргасан тул боломжгүй болсон.

Ингээд уг асуудал дахин үргэлжилсээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 5-ны өдрийн 128/ШШ2018/0783 дугаар шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 сарын 11-ний өдрийн 221/ША2019/0213 дугаартай магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 9 сарын 9-ний өдрийн 251 дугаартай тогтоолоор уг газрыг бидний өмчийн газар болохыг дахин тоггоож өгсөн бөгөөд үүнтэй холбоотойгоор гарсан дараах зардлуудыг мөн иргэн М, Б нараас гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд:

  1. Энэ бүх хугацаанд өмгөөлөгч авч ажиллуулсан хөлс 1,200,000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөг
  2. 2011 оны 9 сараас 2019 оны 9 cap хүртэлх 8 жилийн сэтгэл санаа, цаг хугацаа, биеийн хүчнийг зарцуулсан хөлс 1,000,000/нэг сая/ төгрөг

Ийнхүү иргэн М, Б нараас нийт 3,073,000/гурван сая далан гурван мянга/ төгрөг нэхэмжилж байгааг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч П.М, Б.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэгмэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Г.Г, Н.Ц нарын нэхэмжлэлтэй П.М, Б.Бд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна.

Нэхэмжлэгч сэтгэл санааны хохиролыг нэхэмжлэх бөгөөд Иргэний хуульд зааснаар сэтгэл санааны ямар хохирол хэдийн хугацаанд ямар шалтгааны улмаас хохирсон эсэх нь нотлогдохгүй, тийм баримт хэрэгт байхгүй, мөн өмгөөллийн хөлсийг нэхэмжлэх бөгөөд аливаа хүн, хуулийн этгээд өмгөөлүүлэх нь хүний эрх бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэх нь зайлшгүй гарах зардал биш тул үндэслэл ба бусад зардлыг баримтаар нотлоогүй тул Иргэний хуульд заасан үдэслэлгүй мөнгийг нэхэмжилж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн нэхэмжлэгч нь 3,073,000 төгрөгийг дараах задаргаагаар нэхэмжилсэн байна. 1. Сэтгэл санааны хохирол 1,000,000 төгрөг гэж байгаа. Ямар шалтгааны улмаас сэтгэл санаа нь хохирсон юм үүнийг нотлох нотлох баримт байхгүй. 2. Өмгөөллийн хөлс нэхэмжилж байгаа. Хэрэгт 2013 оны хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байсан. Аливаа хүн, хуулийн этгээдийг өмгөөлөх хөлс зайлшгүй шаардлагатай зардал биш гэж үзэж байна. Гараар бичигдсэн нэг баримт байсан. Ямар нэгэн санхүүгийн баримтаар нотлогдсон зүйл байхгүй. Тухайн гарган өгч буй баримтаар ямар нэгэн зүйлийг нотолсон зүйл байхгүй. Тухайн баримтад юу гэж бичигдсэн байна вэ гэвэл 2013 оны 09 дүгээр 03-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл түрээсэлсэн түрээс 420,000 төгрөг болж байна гэж бичсэн. Нэхэмжлэгч тайлбартаа газрын маргаантай холбоотой асуудлыг дурдаж байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэр байгаа. Шийдвэр нь нэхэмжлэлийн шаардлагыг хангасан гол үндэслэл болж байгаа. 2013 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн түрээсийн зардал 200,000 төгрөг гэж байгаа. Зардалд 420,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Он сарыг нь харахаар 09 дүгээр сарын 03-ны өдөр гэж байгаа. Тэгэхээр он сарын хувьд зөрүүтэй байгаа юм. Мөн шинээр хашаа байшин барьсан зардал 223,000 төгрөг гэсэн баримт хэрэгт авагдсан байсан. Тухайн баримтад зурагдсан гарын үсгийг нь харахаар зөвхөн хүлээлгэн өгсөн хүний гарын үсэг байгаа. Хүлээн авсан хүний гарын үсэг байхгүй. Санхүүгийн баримт байхгүй байсан бол тухайн этгээдийг гэрчээр асуугаад нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ёстой байсан. Мөн хавтаст хэрэгт дахин зөөсөн гэсэн 200,000 төгрөгийн баримт байгаа. Энэ баримт өмнөх санхүүгийн баримтаас ялгаагүй. Нэг машины улсын дугаар бичигдээд гарын үсэг зурагдсан байсан. Тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч мөн эсэх нь тодорхойгүй. Ийм нөхцөл байдал харагдаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

                       

Нэхэмжлэгч Г.Г, Н.Ц нь хариуцагч П.М, Б.Б нарт холбогдуулан контейнер/чингэлэг/ айлын хашаанд түрээсээр тавиулсан хөлс 420 000/дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг, хашааны материалын үнэ 223 000/хоёр зуун хорин гурван мянга/ төгрөгийг, материал хүргүүлсний хөлс 30 000/гучин мянга/ төгрөгийг, контейнер/чингэлэг/ авчирч буулгасны хөлс 200 000/хоёр зуун мянга/ төгрөгийг, өмгөөллийн хөлс 1 200 000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг, сэтгэл санааны хохиролд 1 000 000/нэг сая/ төгрөгийг, нийт 3 073 000/гурван сая далан гурван мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч П.М, Б.Б нар нь зардлыг баримтаар нотлоогүй тул Иргэний хуульд заасан үдэслэлгүй мөнгийг нэхэмжилж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нар нь Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Бэлхийн 32-1 гудамж, 38 тоотод байрлах газрын өмчлөгч болох нь зохигчийн тайлбар, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2320/с дугаар шийдвэрийн болон Улсын Дээд Шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 344 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нар нь 2013 оны 8 дугаар сард Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Бэлхийн 32-1 гудамж, 38 тоотод байрлах газарт чингэлэг буулгахаар очсон боловч хариуцагч нар нь тус газарт чингэлгийг буулгуулаагүй болох нь зохигчийн тайлбар, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2320/с дугаар шийдвэрийн болон Улсын Дээд Шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 344 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нар нь чингэлгийг өөрсдийн өмчлөлийн газарт бус өөр газар руу тээвэрлүүлэн өөр газарт буулгасан болох нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2320/с дугаар шийдвэрийн болон Улсын Дээд Шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 344 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 422.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь чингэлгийг 2013 оны 9 дүгээр сараас 2014 оны 11 дүгээр сар хүртэл иргэн Г.Батцэнгэлийн эзэмшил газарт төлбөртэй хадгалуулж, хадгалалтын хөлсөд 420 000/14x30000=420000/ /дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг төлсөн болох нь 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нар нь чингэлгийг иргэн Г.Батцэнгэлийн эзэмшил газраас тээвэрлүүлэн өөрийн өмчлөлийн газарт хүргүүлсэн хөлсөд 200 000/хоёр зуун мянга/ төгрөгийг төлсөн болох нь фото зураг, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нар нь 38 тоотод байрлах нэхэмжлэгч нарын өмчлөлийн газарт барьсан байсан 15/арван тав/ метр хамар хашааг нураасны улмаас нэхэмжлэгч нар нь шон, дай, банз худалдан авч, тээвэрлүүлэн 15/арван тав/ метр хамар хашааг дахин барьсны улмаас нэхэмжлэгч нарт 253 000/223000+30000=253000/ /хоёр зуун тавин гурван мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь фото зураг, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Баримт, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Зарлагын баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нар нь чингэлгийг өмчлөлийн газарт буулгуулаагүй, хамар хашааг нураасан үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд нийт 873 000/420000+223000+30000+200000=873000/ /найман зуун далан гурван мянга/ төгрөгийн гэм хорын хохирол учирсан болох нь фото зураг, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн баримтууд, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Зарлагын баримт, 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа ... учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь нэхэмжлэгч нарт учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байх тул хариуцагч нараас нийт 873 000/найман зуун далан гурван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нар нь хариуцагч нараас өмгөөллийн хөлс 1 200 000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгч нар нь өмгөөллийн хөлсөд 1 200 000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоодохгүй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй оролцох шаардлагагүй тул хариуцагч нараас өмгөөллийн хөлсөд 1 200 000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нар хариуцагч нараас сэтгэл санааны хохиролд 1 000 000/нэг сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө.”, 511 дүгээр зүйлийн 511.1-т “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд ... эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлд дурдсан үндэслэл нь эдийн бус гэм хорыг учруулсан гэх үндэслэлд хамаарахгүй ба түүнчлэн хариуцагч нар нь сэтгэл санааны хохирол учруулсан болох нь тогтоогдохгүй байх тул хариуцагч нараас 1 000 000/нэг сая/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас нийт 873 000/найман зуун далан гурван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2 200 000/3073000-873000=2200000/ /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.М, Б.Б нараас нийт 873 000/найман зуун далан гурван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г, Н.Ц нарт олгож, үлдсэн 2 200 000/хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.М, Б.Б нараас нийт 873 000/найман зуун далан гурван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г, Н.Ц нарт олгож, үлдсэн 2 200 000/хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Г.Г, Н.Ц нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64 118 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.М, Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 25 502 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г, Н.Ц нарт олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ

 

 

                                              ШҮҮГЧ                                    О.ОДГЭРЭЛ

 

 

                                                                         Б.УУГАНБАЯР