Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2022/00497

 

“Ж Э Б К ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/02375 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 00143 дугаар магадлалтай,

“Ж Э Б К ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Ө.Хд холбогдох

Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт нийт 67,694,666 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтантуяагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “Ж Э Б К ББСБ” ХХК нь Ө.Хд холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 67,694,666 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/02375 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ө.Хаас зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 67.694.666 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэгч “Ж Э Б К ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 636.825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 00143 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/02375 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Ө.Хаас зээлийн гэрээний үүрэгт нийт 67 694 666 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ж Э Б К ББСБ” ХХК-д олгосугай гэж өөрчлөн, Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Ө.Х нь нэхэмжлэгч “Ж Э Б К ББСБ” ХХК-д 67 694 666 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хотхон, Махатма Ганди гудамж, 26 дугаар байрны 25 тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү-2206030798 дугаартай, 94.55 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хотхон, Махатма Ганди гудамж, 26/27 дугаар байрны зоорины 130 тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 18.48 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай гэж нэмж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “3” гэж дугаарлан “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 636 825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Хаас улсын тэмдэгтийн хураамжид 636 825 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн “3” дахь заалтыг “4” гэж, “4” дэх заалтыг “5” гэж тус тус өөрчилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 636 825 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтантуяа хяналтын гомдолдоо: Магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Магадлалдаа ...хариуцагч талын татгалзал, тайлбарт дурдсан үндэслэлээр түүнийг хүүгийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн төлбөр төлөхийг шаардах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүгийн төлбөр хуримтлагдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Зээлдэгч нь гэрээгээр тохирсон хугацаанд үүргээ гүйцэтгэх боломжгүйн улмаас гэрээний хугацааг 2019.11.15-ны өдрөөс 2021.05.15-ны өдөр хүртэл сунгасан, улмаар зээлдэгч 2020.04.08-ны өдөр гэрээг цуцлах тухай хүсэлт гаргаж, нэхэмжлэгч нь шүүхэд 2020.05.14-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх тул зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгө ашигласны төлбөр хүүгээс чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлгүй байна... гэж дүгнэсэн нь, нэхэмжлэгчийн анхан шатны шүүх хуралдаан дээр болон давж заалдах гомдолдоо, ...Зээлийн гэрээний 10.2.2-т “Зээлдэгч энэхүү гэрээний заалтыг ноцтой зөрчсөн тохиолдолд зээлдүүлэгч гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцална”, 2.1.9-д “ноцтой зөрчил гэж зээлдэгч нь зээлийн үндсэн өр, түүний хүүгийн төлбөр, тэдгээртэй холбоотой бусад төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн, зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарийг 1 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдлийг”... гэж заасан. Өөрөөр хэлбэл хариуцагч Ө.Х нь зээлийн гэрээний үүргийг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан тул зээлийн гэрээг дангаар цуцлах эрх манай компанид үүссэн...гэж тов тодорхой бичиж, улмаар 2019.12.15-аас эхлэн Иргэний хуулийн 219.3-т заасан нөхцөл байдал үүссэнийг мэдсээр байж өөрийнхөө бүрэн эрхийн дагуу гэрээг цуцлаагүйгээр үл барам, гэрээний уг заалтад заагдсан эрхээ нэн даруй хэрэгжүүлэхгүй хугацааг сунжруулан хүүний хуримтлал үүсгэж ашиг орлого олж байгаа илт хууль бус үйлдлийг өөгшүүлэн дэмжиж, гэрээний талуудын харилцан эрх тэгш байх, харилцан бие биеийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагыг маш тодорхой заасан дээрхи заалтыг үнэлэлгүйгээр, зөвхөн хариуцагчид бүх хариуцлагыг үүрүүлж байгаа нь шүүх, гэрээг огт үнэлэхгүй байна гэж харагдаж байна. Үндсэндээ бол “Гэрээ нь талуудын чин хүсэл зориг, тэгш эрх, харилцан тэнцвэрт байдлын үндсэн дээр байгуулагддаг өөрөөр хэлбэл талуудын үүрэг хариуцлага, ямарваа ажлын гүйцэтгэгдэх хэм хэмжээг тодорхойлсон тэдгээрийн хоорондын харилцан хамаарал бүхий үйлдлийн дарааллыг тусгайлан зохицуулах зориулалттай ба гэрээгээр зохицуулсан харилцаа нь хуулиар зохицуулсан харилцааг илүү нарийвчлан зохицуулсан баримт бичиг юм. Иймд талууд гэрээ байгуулахдаа тэгш эрхтэйгээр хүсэл зоригоо илэрхийлж, хуульд нийцүүлэн өөрсдөө журмаа чөлөөтэй тохиролцох боломжтой байдаг” гэсэн гэрээний тухай үндсэн ойлголтыг, шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхаарч үзэхгүй байгаа нь гэрээ бол ёс төдий зүйл гэсэн ойлголтыг төрүүлэхээр байна. Хариуцагчийн хувьд, уг 2018.04.06-ны өдөр байгуулагдсан 80,000,000 төгрөг зээлсэн зээлийн гэрээний хугацаанд, үндсэн зээлийн төлбөрт 24,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 43,152,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,915,000 төгрөг нийт 48,467,000 төгрөгийг төлсөн ба одоо байгаа үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл болох 56,000,000 төгрөгийг төлөхөөс татгалзаагүй ба харин зээлийн хүүнд тооцогдож байгаа 11,694,666 төгрөгнөөс, дэлхий нийтэд Корона вируст халдварт өвчин тархаж, Монгол улс хил хаасны улмаас хариуцагчийн бизнес нь доголдсон гэдэг нь хэрэгт авагдсан Ө.Хын ХААН банкинд дахь дансны хуулганаас үзвэл орлого нь зээл авах үеийнхээс буурсан нь харагдана. Иймд дэлхий нийтийг хамарсан цар тахал буюу корона вирусын улмаас Монгол банк болон Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл шинэ төрлийн корона вирусын улмаас санхүүгийн салбарт үүсэх сөрөг нөлөөллийг бууруулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, Банкны активын ангиллын журам, зээлийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг дүгнэх журамд өөрчлөлт оруулснаар зээлд бүтцийн өөрчлөлт хийх буюу зээлийн гэрээний хугацааг сунгах, зээлийн төлбөрийг хойшлуулах боломжийг санхүүгийн хүндрэлд орсон зээлийн хэвийн төлөх боломжгүй зээлдэгч нарт олгож, шийдвэрлэснийг баримтлан 2020.01.27-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүү болох 7,016,800 төгрөгийг хасаж өгнө үү гэж хүсээд байгаа юм. Шийдвэрийн үндэслэх хэсгийн, ...хариуцагч Ө.Х нь дэлхий нийтийг хамарсан цар тахал буюу корона вирусын улмаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэдэг газар эрхэлж байсан ундаа, усны бөөний төвийн үйл ажиллагаа зогссон тул зээлийн төлбөр төлөхөд хүндрэл үүсэж, энэ талаар нэхэмжлэгч “Ж Э Б К ББСБ” ХХК-д мэдэгдэж, Засгийн газар, Монгол банкнаас гаргасан шийдвэрийн дагуу зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлт гаргасан шийдвэрийн дагуу зээлийн үлдсэн болон хүүгийн төлбөр 11,694,666 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн зээлдэгчтэй холбоо барьсан тэмдэглэл гэх баримтыг хэн, хэзээ үйлдсэн болох нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Түүнчлэн ...хариуцагч зээлдэгч Ө.Х нь дээрх шийдвэрийн дагуу 2020.04.08-ны өдөр нэхэмжлэгч “Ж Э Б К ББСБ” ХХК-д зээлийн эргэн төлөлтийг хугацаандаа төлж чадахгүй байгааг харгалзан үзэж, зээлийн эргэн төлөлт, хүүг царцаах зогсоох, зээлийн гэрээг цуцлах хүсэлт гаргасныг хэрхэн шийдвэрлэсэн болох нь тогтоогдохгүй байх бөгөөд хүсэлтийг хүлээн авч зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах боломжгүй гэж үзвэл зээлийн гэрээг цуцлах эсхүл үргэлжлүүлэх талаар хариу мэдэгдэх үүрэгтэй. Энэ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзахаас өмнө үүрэг гүйцэтгэгч хариу шаардлага гаргасан, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзсаны дараа хариу шаардлага нэн даруй гаргах боломжтой тохиолдолд хамаарч байх зээлдүүлэгч нь гэрээнээс татгалзаж болохгүй... гэж дүгнэснийг үндэслэлтэй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд үзэж байна. Мөн нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо, ...2020.03.17-ны өдрийн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлаар банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооноос олгосон зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учирч буй зээлдэгчид нь зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө түр хугацаагаар эргүүлэн төлөх боломжгүй тохиолдолд тухайн зээлдэгчийн зээлийн ангиллыг хэвээр үлдээж, “зээлийн мэдээллийн сан”-д ангилал бууруулж мэдээлэхгүй байх, зээлдэгчийн зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөх үүрэг хэвээр байх бөгөөд зээлдэгчийн үйл ажиллагаанд хүндрэл гарсан бол зээлийн төлбөрийг хойшлуулах, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргах боломжтой... гэсэн ЗГ-ын шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд дурьдсан байхад нэхэмжлэгч ч тэр, шүүх ч тэр яагаад ЗГ, Монгол банк, СХЗХ-ноос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг үл тоомсорлож зээлдэгчийг хүндрэлтэй нөхцөл байдалд ороод байхад нь улам шахамдуулаад байгааг үнэхээр ойлгохгүй байна. Гэрээнд ямарваа заалт дутуу байх тохиолдол гардаг бөгөөд тухайн заалтын дутуугаас үүссэн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх тохиолдол гардаг. Гэвч манай тохиолдолд дутуу зохицуулалтгүй, гэрээний 10.2.2, 2.1.9, 2.1.10, 7.1.4 заалтууд маш тодорхой заасан байгааг харвал энэхүү маргаан нь шүүхээр шийдүүлээд байх шаардлагагүй нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч “Ж Э Б К ББСБ” ХХК гэрээгээр олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдэх боломжтой ба энэ тухайгаа зээлдэгчид албан ёсоор мэдэгдэн шийдэх боломжтой байсан нь харагддаг. Иймд магадлалын, зээлийн хүүний төлбөрт төлөх 11,694,666 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг өөрчилж 7,016,800 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” эсэх үндэслэлээр хянаад хангах үндэслэлгүй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч “Ж Э Б К ББСБ” ХХК нь хариуцагч Ө.Хд холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, үндсэн төлбөр 56,000,000 төгрөг, хүүд 11,694,666 төгрөг, нийт 67,694,666 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах  нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч зээлийн хүү 11,894,666 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

7. Анхан шатны шүүх гэрээг цуцлах үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулжээ.

8. Талууд 2018.04.06-ны өдөр гэрээ байгуулж, 80,000,000 төгрөгийг, 18 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлэх, зээлдэгч Ө.Х нь зээл болон хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн, үүргийн гүйцэтгэлд зээлдэгч өөрийн өмчлөлийн орон сууц, автомашины зогсоолыг барьцаалсан, гэрээний хугацааг 18 сарын хугацаагаар 2021.05.15-ны өдөр хүртэл сунгасан үйл баримт тогтоогджээ. “Ж Э Б К ББСБ” ХХК нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж, 80,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн байна.

9. Шүүх зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд зээл олгосон гэж үзсэн нь Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйлийн зохицуулалтад нийцсэн, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах үндэслэл болсон, давж заалдах шатны шүүх эдгээр эрх зүйн асуудлаар хийвэл зохих дүгнэлтийг хийж, хариуцагчаас 67,694,666 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, барьцааны зүйлээс үүргийг хангуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451, 156, 157, 174, 175 дугаар зүйл, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

10. Гэрээний хугацаа 2019.10.06-ны өдөр дууссан бөгөөд зээлдэгч Ө.Х нь нэхэмжлэгчид хандан “цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан зээлийн эргэн төлөлт хийх боломжгүй болсон тул 2020.04.06 хүртэл зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлөх, түүнээс хойш хугацааны хүүг зогсоож, зээлийн гэрээг цуцлах” агуулгаар хүсэлт гаргасан, ийм учраас зээлийн гэрээний хугацааг сунгасан байдлыг зээлдэгчид үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа өгсөнтэй адилтган үзэх үндэслэлтэй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ.” гэж заасныг зөрчөөгүй байна.

11. Хэрэгт байгаа баримтаас үзвэл гэрээний хугацааг сунгасан хэдий ч цар тахал үүсэхээс өмнө буюу 2019.10 сар гэхэд хариуцагч нь үүргээ биелүүлэх үүрэгтэй байсан тул зээлийн хүүг багасгах үндэслэлгүй байна. Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзсанд аль буруутай тал нь хохирол хариуцахыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан ба хариуцагч үүргээ зөрчсөн буруутай тул зээлийн хүүг багасгах, улмаар нэхэмжлэгчийг гэрээг цуцлаагүй гэж буруутгах нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчинө. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 00143 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 128,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

                             ШҮҮГЧИД                                                        Г.БАНЗРАГЧ

                                                                                                     П.ЗОЛЗАЯА

                                                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ