Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2016/0751

 

Иргэн Ж.*******гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Ж.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд, гуравдагч этгээдийн өмгөөлөгч В.Удвал нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Ж.*******гийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн 9.1.2, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж. *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.******* давж заалдах гомдолдоо: “2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 74 дугаартай “Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн 9.1.2, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон” Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1.3ахиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй. Үүнд:

“И.Амартүвшинг ажлаас чөлөөлөх тухай 2016 оны б/83 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай” 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн б/83 тоот Архангай аймгийн Засаг даргын захирамжийн үндэслэх хэсэгт “Аймгийн Хөгжимт драмын театрын дарга И.Амартүвшинг ажлаас чөлөөлөх тухай 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн б/53 дугаар захирамж нь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөн хүлээснийг баталсан шүүгчийн захирамжийг хэрэгжүүлээгүй, зарим хуулийн зохицуулалтыг зөрчиж гаргасан байна” гэсэн нь тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн. Тухайн захиргааны актын үндэслэх хэсэгт тусгасан аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөн хүлээснийг баталсан шүүгчийн захирамжийг хэрэгжүүлээгүй гэх үндэслэл байхгүй. Учир нь И.Амартүвшингийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг нь “И.Амартүвшинд сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах тухай” б/59 дүгээр захирамжийг хүчингүй болгож, И.Амартүвшинг эгүүлэн Хөгжимт драмын театрын даргаар томилсон Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/269 дүгээр захирамжийг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг тус бүрдээ бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон” байдаг.

Уг захирамж гарсны дараа буюу 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр И.Амартүвшин нь аймгийн Засаг даргад хандаж “И.Амартүвшин миний бие нэр дэвшигчийн шаардлагыг бүрэн хангаж, орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, сонгуулийн сурталчилгааны ажилтай байгаа бөгөөд удахгүй 6 хоногийн дараа сонгуулийн санал авах өдөр болох гэж байгаа тул Архангай аймгийн Хөгжимт драмын Театрын даргын үүрэгт ажлыг 2016 оны 7 дугаар сарын 01-ийг хүртэл хүлээн авах боломжгүй байгааг мэдэгдэж байна” гэсэн хүсэлтийг ирүүлсэн байдаг. Үүний дагуу 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр б/53 тоот Архангай аймгийн Засаг даргын захирамжаар “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсгийг тус тус үндэслэж, Хөгжимт драмын театрын дарга И.Амартүвшинг орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 2 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж, Архангай аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар тогтоолоор нэр дэвшигчээр бүртгэгдсэн баримтуудыг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн байдаг. Учир нь Хөгжимт драмын театрын даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь хэсэгт заасан төрийн үйлчилгээний удирдах албан тушаал юм.

И.Амартүвшин нь дахин аймгийн Засаг даргад 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гаргасан хүсэлтдээ “Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 2 дугаар тойрогт нэр дэвшин, сонгуулийн сурталчилгааныхаа ажлыг гүйцэтгэж байгаа энэ цаг үеийн нөхцөл болон аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 94 тоот албан бичигт тусгагдсан нөхцөл байдлаас шалтгаалж, Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргын ажлыг хүлээн авах боломжгүй байх тул намайг Архангай аймгийн Хөгжимт драмын Театрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэрийг 2016 оны 6 дугаар сарын 24-ний 13 цагаас өмнө гаргаж өгнө үү” гэжээ. Дээрх хоёр хүсэлтээс харахад И.Амартүвшин нь өөрөө ажлаа хүлээн авах боломжгүйгээ мэдэгдсэн буюу ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүлээн зөвшөөрснийг баталж байгаа юм.

Сонгуулийн хорооноос Сонгуулийн хууль тогтоомжоо баримтлан И.Амартүвшинг ажлаа өгсөн байхыг шаардсан бичиг хүргүүлсэн байдаг. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэж заасны дагуу аймгийн Засаг дарга И.Амартүвшинг аймгийн Хөгжимт драмын театрын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Иймд анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргын ажил, албан тушаалаа авч албан үүрэг, эрхээ эдлээгүй байхад дахин 2 хоногийн дараа 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн б/53 дугаар захирамжаар И.Амартүвшинг ажлаас нь чөлөөлсөн захиргааны актыг гаргасан байна. Дээрх үндэслэлээр гуравдагч этгээдийг эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж Архангай аймгийн Хөгжимт драмын театрын дарга И.Амартүвшинг томилсон 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн б/83 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй, Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд сул орон тоо гараагүй байна гэж тус тус дээр дурдсан нотлох баримтуудаа ямар ч үндэслэлгүй үгүйсгэж хууль зөрчсөн дүгнэлт хийсэн.

Сонгуулийн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжоор сонгуульд өрсөлдөж ажлаасаа чөлөөлөгдсөн албан тушаалтны ажлын байрыг хадгалах зохицуулалт байхгүй, Сонгуулийн тухай хуульд зааснаар ажил албан тушаалаасаа чөлөөлөгдсөн буюу албан үүргээ гүйцэтгээгүй байхаар зааж өгсөн байхад “албан тушаалаа авч албан үүрэг, эрхээ эдлээгүй байхад 2 хоногийн дараа чөлөөлсөн нь гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдсөн” гэсэн дүгнэлт өгч байгаа нь үндэслэлгүй, И.Амартүвшингийн эрх ашиг нь зөрчигдөөгүй болохыг анхаарч үзнэ үү.

Харин И.Амартүвшин нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 74 дугаартай Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр сонгуульд ч нэр дэвшиж, ажлын байраа ч хадгалж үлдэж байгаа нь Сонгуулийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжууд болон нэхэмжлэгч Ж.******* миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

2. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хассан буюу нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй.

2016 оны 09 дүгээр сарын 30-ны 153 дугаартай “Нотлох баримтаас хасах тухай” Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн И.Амартүвшингийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Засаг даргад гаргасан хүсэлт нь хуульд заасан арга хэрэгсэлээр олж авах шаардлагыг хангаагүй байх тул нотлох баримтаас хасах нь зүйтэй гэсэн хэсгийг эс зөвшөөрч байна.

Учир нь И.Амартүвшингийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Засаг даргад гаргасан хүсэлтийг гаргуулах хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 14-нд тус захиргааны хэргийн шүүхэд хүргүүлсэн боловч уг нотлох баримтыг гаргуулж аваагүй байсан учир 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр дахин хүсэлт хүргүүлсэн. Хүсэлтийг шүүх хүлээн аваад 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 127 тоот шүүгчийн захирамжаар шүүх хурлыг 14 хоногийн хугацаатай хойшлуулсан атлаа уг нотлох баримтыг гаргуулж хэрэгт хавсаргаагүй байсан тул өмгөөлөгчид байсан хуулбар хувийг нотариатаар батлуулан шүүхэд өгөхөд нотлох баримтаас хассан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 32.2-т “Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй”, 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй”, 32.4-д “Шүүх хуралдаан товлохоос өмнө хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй, түүнчлэн нотлох баримт цуцлуулахыг захиргааны хэргийн шүүхээс шаардах эрхтэй” гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн.

Мөн уг хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь хэрэв тухайн баримтыг эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Шүүх шаардлагатай гэж үзвэл тухайн баримтын эх хувийг шаардан авах эрхтэй” гэж заасан байхад шүүх эх хувийг хуулбар баримттай тулган үзэлгүй шууд нотлох баримтаас хассан. Мөн нэхэмжлэгч Ж.*******гийн Авлигатай тэмцэх газраас 2014 онд авч байсан Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргаар ажиллахад ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн албан бичгийг холбогдох газруудаас гаргуулж авах тухай гаргасан хүсэлтийг мөн хангаж шийдвэрлэж өгөөгүй зэрэг байдлууд нь нэхэмжлэгч Ж.******* надад ашигтай байх нотлох баримтуудыг санаатайгаар гаргуулалгүйгээр ашиг сонирхлын зөрчилтэй, нэг талыг хэт барьсан шүүхийн шийдвэр гарсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Давж заалдах гомдлын 1, 2 дугаар хэсэгт заасан хууль зөрчсөн, хэт нэг талыг барьсан хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасныг үндэслэн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 74 дугаартай “Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн 9.1.2, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон” Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах гомдлын дагуу хэргийг хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ж.******* 2010 оны 09 сарын 01-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран сайхны удирдагчаар ажиллаж байгаад тус аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн б/74  тушаалаар Хөгжимт драмын театрын даргын үүргийг хавсран гүйцэтгэсэн, 2016 оны 02 дугаар сараас Хөгжимт драмын театрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, уран сайхны удирдаачийн албан үүргээсээ чөлөөлөгдсөн байна.

Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн б/50 дугаар захирамжаар 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн б/59 дугаар захирамжийг хүчингүй болгож, И.Амартүвшинд Хөгжимт драмын театрын даргын ажлыг хүлээлгэн өгөх ажлын хэсгийг байгуулсан ба тус аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон нөхцөл байдал тогтоогдож байна.

Дээрх хугацаанаас хойш 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн б/53 дугаар захирамжаар А.Амартүвшинг ажлаас чөлөөлж, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн б/54 дүгээр захирамжаар Ж.*******г аймгийн Хөгжимт театрын даргын албан тушаалд томилсон. Харин 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн б/83 дугаар захирамжаар б/53 дугаар /И.Амартүвшинг ажлаас чөлөөлөх тухай/ захирамжийг хүчингүй болгож, мөн өдрийн б/84 захирамжаар б/54  дугаар /Б.*******г ажилд томилох тухай/ захирамжийг хүчингүй болгосон байна.

Шүүхэд Ж.******* нэхэмжлэл гаргасан бөгөөд аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн б/83 дугаар захирамж болон мөн өдрийн б/84 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар шаарджээ. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой.

И.Амартүвшин нь 2016 оны Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн сонгуульд 2 дугаар тойрогт нэр дэвшиж өрсөлдсөн болох нь тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаангүй байна. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т зааснаар “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэж заажээ. И.Амартүвшинг ажлаас чөлөөлсөн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн б/53 дугаар захирамж хуулийн дээрх заалтын агуулгатай нийцэж гарчээ.

Энэхүү захирамж нь И.Амартүвшингийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байх бөгөөд захирамж гарснаас хойш ч гэсэн тэрээр “...Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэрийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө гаргаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж байжээ. Өөрөөр хэлбэл, өөрийг нь ажлаас чөлөөлөхийг хүсэж, чөлөөлсөн захирамжийг бичгээр үйлдэж, ёсчлон яаралтай гаргаж өгөхийг И.Амартүвшин хүссэн байна гэж дүгнэв.

Хавтаст хэргийн 123 дугаар хуудсанд авагдсан И.Амартүвшингийн хүсэлт, Архангай аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 94 тоот албан бичиг, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 04/730 тоот албан бичиг зэргийг үндэслэн давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн Ж.*******гийн тухайд нэхэмжлэлдээ дурдаж буй “... хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан, надад ямар нэгэн алдаа дутагдал гараагүй. ...Миний охин өнөөдөр 10 сартай. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуй нэгж байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно … гэсэн хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлүүд тогтоогдож байна.

Түүнчлэн маргаан бүхий акт болох Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн б/83 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт “Аймгийн Хөгжимт драмын театрын дарга И.Амартүвшинг ажлаас чөлөөлөх тухай” 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн б/53 дугаар захирамж нь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөн хүлээснийг баталсан шүүгчийн захирамжийг хэрэгжүүлээгүй ...” гэсэн үндэслэлийг дурджээ.  Дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж үзэх боломжгүй. Тодруулбал И.Амартүвшингийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг нь “И.Амартүвшинд сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах тухай” б/59 дүгээр захирамжийг хүчингүй болгож, И.Амартүвшинг эгүүлэн Хөгжимт драмын театрын даргаар томилсон Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/269 дүгээр захирамжийг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг тус бүрдээ бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэж үзэхээр байна.

Уг захирамж гарсны дараа буюу 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр И.Амартүвшин нь аймгийн Засаг даргад хандаж “И.Амартүвшин миний бие нэр дэвшигчийн шаардлагыг бүрэн хангаж, орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, сонгуулийн сурталчилгааны ажилтай байгаа бөгөөд удахгүй 6 хоногийн дараа сонгуулийн санал авах өдөр болох гэж байгаа тул Архангай аймгийн Хөгжимт драмын Театрын даргын үүрэгт ажлыг 2016 оны 7 дугаар сарын 01-ийг хүртэл хүлээн авах боломжгүй гэж мэдэгдэж байснаас гадна тэрээр “...Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэрийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө гаргаж өгнө үү” гэж хүсэлт гаргаж байжээ.

Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.7, 9 дүгээр зүйлийн 9.1.2, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “И.Амартүвшинг ажлаас чөлөөлөх тухай 2016 оны б/53 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай” б/83, мөн өдрийн “Ж.*******г ажилд томилох тухай 2016 оны б/54 дүгээр захирамжийг хүчингүй болгох тухай” б/84 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.*******г урьд эрхэлж байсан Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

             

            ШҮҮГЧ                                                            Э.ХАЛИУНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Д.БААТАРХҮҮ

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР