Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
Хэргийн индекс | 182/2020/00823/И |
Дугаар | 182/ШШ2020/01073 |
Огноо | 2020-05-12 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 182/ШШ2020/01073
2020 05 12 | 182/ШШ2020/01073 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж
Нэхэмжлэгч: Б овогт Р.Г /РД:ЧЕ67/, Сонгинохайрхан дүүрэг,
Хариуцагч: НШШГГ , Сүхбаатар дүүрэг, өөрийн байр
Гуравдагч этгээд: ВК ББСБ ХХК /РД:5762375/, Чингэлтэй дүүрэг
анхны болон хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/01840 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2290 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 001/ХГ2019/00470 дугаар тогтоолоор Р.Г ээс 20,255,591 төгрөгийг гаргуулж Эй Ар И Си Моргаж корпорэйшн ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө буюу Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, 21-р хороолол, 8б байр 12 тоотод байрлах 40 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2201004943 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууц нь охин Баярчимэг, хүү Мөнх-Эрдэнэ бид гуравт ногдох дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө юм. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нар болох охин, хүү хоёрт албан ёсоор танилцуулаагүй, мэдэгдээгүй битүүмжилж улмаар худалдан борлуулсан. Мөн үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ хийлгэх, үнэлгээнд гомдол гаргах хуульд заасан эрх байгаа талаар мэдэгдээгүй атлаа албадан дуудлага худалдаануудыг явуулсан. Албадан дуудлага худалдаа явуулах тухай ч мэдэгдээгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг зөрчиж тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарын эрхийг ноцтойгоор зөрчсөн. Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасны дагуу дуудлага худалдааны үнэ тогтоохдоо хэрхэн яаж тогтоосон нь тодорхойгүй төдийгүй өмчлөгч нарт мэдэгдээгүй хуулийг зөрчсөн. Энэ нь зах зээлийн бодит үнэлгээ, үнээс доогуур болсон байна. Анхны албадан дуудлага худалдаанд хөрөнгийг худалдан авах санал ирээгүй тул хоёр дахь албадан дуудалага худалдааг цагаан сарын баярын өмнөх өдөр зохион байгуулсан. Гэтэл хоёр дахь дуудлага худалдаагаар бидний орон сууц зарагдсан нь үнэлгээ хэтэрхий доогуур байсныг гэрчилнэ. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолоор хийгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, 21-р хороолол, 8б байр 12 тоотод байрлах 40 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2201004943 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцны анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/01840 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2290 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 001/ХГ2019/00470 дугаар тогтоолоор Р.Г ээс 25,255,591 төгрөгийг гаргуулж Эй Ар И Си Моргаж корпорэйшн ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч үүргийг эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2201004943 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, 21-р хороолол, 8б байр 12 тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан худалдан борлуулж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Гүйцэтгэх баримт бичгийг 2019 оны 07 сарын 29-ний өдөр хүлээн авч, төлбөр төлөгч Р.Г т төлбөр төлөх тухай мэдэгдлийг 2019 оны 07 сарын 30-ны өдөр гардуулсан боловч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул барьцаа хөрөнгийг 2019 оны 10 сарын 02-ны өдрийн 19271357/3 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 10 сарын 29-ний өдрийн 19271357/5 дугаар хураах тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр авагч болон төлбөр төлөгч талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтооход 102,569,600 төгрөгөөр үнэлсэн. Дээрх үнэлгээний тайланг 2019 оны 11 сарын 29-ний өдөр хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.1-д зааснаар үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Р.Г ийн оршин суугаа хаягаар очиж хүү Г.М д гардуулж төлбөр төлөгчид дамжуулахаар мэдэгдлийг хүлээн авсан.
Анхны албадан дуудлага худалдаанд шинжээчийн тогтоосон үнэ 102,259,600 төгрөгийн 70 хувь буюу 71,798,720 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон оруулах тухай 2020 оны 01 сарын 07-ны өдрийн 1/6 дугаартай тогтоолыг 2020 оны 01 сарын 09-ний өдөр Р.Г т гардуулсан. 2020 оны 01 сарын 24-ний өдрийн анхны дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаанд шинжээчийн тогтоосон үнийн 50 хувь болох 51,284,800 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоон оруулах тухай 2020 оны 02 сарын 04-ний өдрийн 2/4 дугаартай тогтоол, 4/4240 дугаартай мэдэгдлийн хамт Р.Г т гардуулан өгсөн. 2020 оны 02 сарын 21-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 53,284,800 төгрөгөөр барьцаа хөрөнгө худалдан борлогдсон тухай 2020 оны 03 сарын 03-ны өдрийн 4/6794 дугаар мэдэгдлээр Р.Г т мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201004943 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, 21-р хороолол, 8б байр 12 тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгоход 102,569,600 төгрөгөөр үнэлсэн. Тухайн орон сууцны өмчлөгч нь нэг хүн бөгөөд, албадан дуудлага худалдааны талаар түүнд байнга мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна гэв.
Шүүх нэхэмжлэл, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/01840 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2290 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 001/ХГ2019/00470 дугаар тогтоол, гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, зарлан дуудах мэдэгдэл, эд хөрөнгө битүүмжлэх болон хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэх хуудас, шинжээч томилох тухай тогтоол, шинжээчийн хөрөнгийн үнэлгээний тайлан, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мэдэгдэл, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Г НШШГГ т холбогдуулан орон сууцны анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байна.
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/01840 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2290 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 001/ХГ2019/00470 дугаар тогтоолоор Р.Г ээс 25,255,591 төгрөгийг гаргуулж Эй Ар И Си Моргаж корпорэйшн ББСБ ХХК-д олгох, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байх ба төлбөр төлөгч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул НШШГГ шийдвэрийг албадан гүйцэтгэхээр барьцааны хөрөнгө болох Р.Г ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201004943 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, 21-р хороолол, 8б байр 12 тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр авагч болон төлбөр төлөгч талууд үнийн санал өгөөгүй гэсэн үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж орон сууцыг үнэлүүлсэн байна.
Шинжээч орон сууцыг 102,569,600 төгрөгөөр үнэлсэн. Дээрх үнэлгээний тайланг 2019 оны 11 сарын 29-ний өдөр хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.1-д зааснаар үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Р.Г ийн оршин суугаа хаягаар очиж хүү Г.М д гардуулж төлбөр төлөгчид дамжуулахаар мэдэгдлийг хүлээн авсан байна.
Анхны албадан дуудлага худалдаанд шинжээчийн тогтоосон үнэ 102,259,600 төгрөгийн 70 хувь буюу 71,798,720 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон оруулах тухай 2020 оны 01 сарын 07-ны өдрийн 1/6 дугаартай тогтоолыг 2020 оны 01 сарын 09-ний өдөр Р.Г т гардуулсан, 2020 оны 01 сарын 24-ний өдрийн анхны дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаанд шинжээчийн тогтоосон үнийн 50 хувь болох 51,284,800 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоон оруулах тухай 2020 оны 02 сарын 04-ний өдрийн 2/4 дугаартай тогтоол, 4/4240 дугаартай мэдэгдлийн хамт Р.Г т гардуулан өгсөн, 2020 оны 02 сарын 21-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 53,284,800 төгрөгөөр барьцаа хөрөнгө худалдан борлогдсон тухай 2020 оны 03 сарын 03-ны өдрийн 4/6794 дугаар мэдэгдлээр Р.Г т мэдэгдсэн байдлууд тогтоогдож байна.
Барьцааны орон сууцны өмчлөгч зөвхөн Р.Г болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Р.Г т шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу тухай бүрт нь мэдэгдсэн, нэхэмжлэгч орон сууцны үнийг бага үнэлсэн гэдэг боловч тэр талаар баримт ирүүлээгүй, тухайн үедээ орон сууцны үнэлгээний талаар гомдол гаргаж байгаагүй, хариуцагч орон сууцны анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулахад алдаа гаргасан байдал үгүй байх тул НШШГГ т холбогдуулан гаргасан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай Р.Г ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч орон сууцны албадан дуудлага худалдааг хууль бус болсон гэж үзэн хүчингүй болгуулах тухай гомдлыг урьдчилан шийдвэрлүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГ т холбогдох, анхны болон хоёр дахь дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай Р.Г ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Г ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д зааснаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/01840 дугаар шийдвэрийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг 7 хоногт гардан авах үүрэгтэй, эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ С. БУД