| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2019/01857/И |
| Дугаар | 182/ШШ2020/01240 |
| Огноо | 2020-05-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 182/ШШ2020/01240
| 2020 оны 05 сарын 26 өдөр | Дугаар 182/ШШ2020/01240 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, шүүгч Ч.Даваасүрэн, Ж.Цэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгт оршин суух, С овогт Б.С /РД:ЦВ69032003/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт оршин байрлах, БП ХХК/хуулийн этгээдийн регистрийн дугаар:52/-д холбогдох,
17,923,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, хариуцагчийн өмгөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.С гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Цагдаагийн гудамж, Ботаник хаягт байрлах Велл март худалдааны төвийн 2 дугаар давхрын үйлчилгээний зааланд 2011 оны 05 дугаар сараас эхлэн 2017 оны 02 дугаар сарын 06-ийг хүртэл үйлчилгээний зааланд 2-20 дугаартай 9 м.кв талбайд бэлэн хувцас худалдаалах зориулалтаар түрээслэн ажиллаж байсан.
2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хийсэн ажлын байрны түрээсийн гэрээнд талбайн сарын түрээсийн төлбөрийн хэмжээг 1 м.кв-ийг 17,000 төгрөг байхаар тооцон, нийт 153,000 төгрөг, менежментийн зардал 20,000 төгрөг, нийт 173,000 төгрөг төлөхөөр тогтсон. Үйл ажиллагаа явуулж байх хугацаанд үе үе тогны хүчдэл асуудал гарч фускатель бууж гэрэл унтардаг мөн хамер үнэртдэг байсан ба үүнийг түрээслэгч бид нар менежерт нь хэлдэг байсан.
Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Цагдаагийн гудамж, Ботаник хаягт байрлах Велл март худалдааны төвд гал гарч их хэмжээний эд зүйлс шатаж нэр бүхий 39 хохирогчид их хэмжээний хохирол учраад байна. 2-20 дугаартай 9 м.кв талбайд манай гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгө, эд хогшил зэрэг дараах үнэлгээ бүхий хувийн өмч устан шатаж, манай гэр бүлд их хэмжээний хохирол учраад байна.
Тус гал түймрийн шалтгааны улмаас нэр бүхий 39 хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Болд-Эрдэнийн 1459, 1169, Гамшиг судлалын хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 9/34, 9/35, 9/67, 9/65, 9/63, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 9/99, 9/100, 9/101, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 9/125, Геологийн төв лабораторийн 2413, 2410, 2412, 2401, 2402, 2403, 2404, 2405, 2406, 2407, 2408, Гамшиг судлалын хүрээлэнгийн гамшгийн туршилт, шинжилгээний төвийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 9/144, 9/145, 149, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 225/362 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтуудаар Велл март худалдааны төв нь галын аюулгүй байдлыг хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу цахилгаан байгууламжийн дүрэм БД 43-101-03 дүрмийн 2.1.8-д цахилгаан утас ба кабелийн салбарлага, холболтыг шахуурга, гагнуур, гагнаас буюу боолтон хавчаар зэргийг ашиглан мөрдөж байхдаа цахилгаан техникийн ажил БНбд 3.05.06.90-ийн дагуу гүйцэтгэх ёстой гэж заасан заалт, галын аюулгүй байдлын хууль тогтоомж зэргийг тус тус зөрчсөний улмаас 2017 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө гэрлийн цахилгааны утсанд богино холболт үүсэж улмаар гал гарч нэр бүхий нийт 39 хохирогчийн эд зүйл галд шатаж 800 гаруй сая төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.
Велл март худалдааны төв нь галын аюулгүй байдлыг хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу гэрлийн цахилгааны утсанд богино холболт үүсэж улмаар гал гарч түрээслүүлэгч талын буруутай үйл ажиллагаанаас болж түрээслэгч Б.С надад доорх хэмжээний хохирлууд учраад байна.
Надад учирсан хохирлыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн Мөрдөн байцах тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.А ийн удирдамжийн дагуу Монгол улсын мэргэшсэн үнэлгээчин Э.Д, Ц.Т, Н.Мн нарын бүрэлдэхүүнтэйгээр хийсэн Хөрөнгийн үнэлгээ-ээр 17,923,950 төгрөгийн хохирлыг тогтоосон.
Иймд миний хувийн өмчид учирсан 17,923,950 төгрөгийн хохирлыг БП ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах БП ХХК-ийн Велл март худалдааны төвд лангуу түрээсэлдэг байсан. 1 м.кв талбайн нь 17,000 төгрөгийн үнэ бүхий 9 м.кв талбайд гэр бүлийн бизнесийн зориулалтаар ашиглаж, үйл ажиллагаа явуулдаг байсан. Нийт түрээс нь 173,000 төгрөг төлдөг байсан. Энэ түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа нь өөрөө 2010 оноос хойш гал гарах хүртэл хугацаанд үргэлжилж байсан. Талуудын хооронд хамгийн сүүлд 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай түрээсийн гэрээ байгуулагдсан байдаг. Уг түрээсийн гэрээ нь 1 жилийн хугацаатай ч гэсэн Иргэний хуулийн 296 дугаар зүйлд зааснаар талууд түрээсийн гэрээг цуцлах, хугацаа сунгах талаар санал гаргаагүй бол энэ нөхцлөөр сунгагдаж болно гэсний дагуу түрээсийн гэрээний харилцаа нь гал гарах хүртэл үргэлжилсэн. Ингээд түрээсийн харилцаа явж байх хооронд 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөр шилжих шөнө Велл март худалдааны төвд гал гарч, 39 хохирогчид их хэмжээний хохирол учирсан үйл явдал болсон. Энэ үйл явдлыг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, нийт 39 хохирогчид холбогдуулж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаад Эрүүгийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Велл март худалдааны төвтэй холбоотой асуудал нь эрүүгийн хуулиар зохицуулагдахгүй болсон тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гарсан байгаа. Бид ингээд эрүүгийн журмаар шалгагдаж дууссаны дараа Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ шаардлага нь БП ХХК буюу түрээслүүлэгчээс 17,923,950 төгрөг гаргуулах байгаа. Энэхүү шаардлагыг бид гэрээнээс үүдэлтэй хохирол гэж тодорхойлж байгаа. Яагаад гэвэл талуудын хооронд 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний 7.1-д зааснаар аль нэг тал гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй улмаас нөгөө талд хохирол учирсан бол бүрэн хариуцаж, барагдуулна гэсэн байдаг. Мөн гэрээний 4.2.4-т заасан түрээслүүлэгчийн үүрэгт түрээслэгчийн нийтийн эзэмшлийн хэсэг, ариун цэврийн өрөө болон шат, орц хэсгийн цэвэрлэгээ үйлчилгээ, хэвийн ажиллагааг хангах нөхцлийг бүрдүүлнэ гэсэн байгаа. Мөн түрээсийн гэрээтэй холбоотой шаардлагаас гадна Иргэний хуулийн 318 дугаар зүйлд түрээсийн эрх зүйн харилцаанд эд хөрөнгө хөлслөх гэрээний эрх зүйн зохицуулалт хамаарна гэж заасан байгаа. Тэгэхээр Иргэний хуулийн 288 дугаар зүйлд хөлслүүлэгчийн хүлээх үүрэгт хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг түрээслүүлнэ гэж байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч талаас хууль болон гэрээнд заасан үүргээ хариуцагч нь биелүүлээгүй гэж үзэж байгаа. Бид гэрээнээс үүдэлтэй хохирол шаардахын тулд аль нэг талын үүрэг зөрчсөн үйлдэл байх ёстой бөгөөд хариуцагчийн үйлдлийг буруутай үйл ажиллагаа гэж үзэж байгаа. Энэ нь хэрхэн тогтоогдож байгаа вэ гэхээр Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 225/362 дугаар шинжээчийн дүгнэлт зэргээр гал гарсан шалтгаан нөхцлийг тодорхой тайлбарласан байдаг. Ингэхдээ Велл март худалдааны төв нь галын аюулгүй байдлыг хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу Цахилгаан байгууламжийн дүрмийн 2.1.8, 3.5.06, Галын аюулгүй байдлын хууль тогтоомжийг тус тус зөрчиж, хангах ёстой байсан заалтуудыг хангаагүй байсан учраас гал гарсан гэсэн байгаа. Тэгэхээр цахилгаан утсанд богино холболт үүсэж, улмаар гал гарч түрээслэгч нарт хохирол гарсан учраас энэ гэрээний үүргийн зөрчилд хариуцагч тал буруутай байна гэж үзэж байгаа. Хариуцагч нь хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэгчид хохирол учирсан бөгөөд хариуцагч нь үүнийг нөхөн төлөх ёстой гэж үзэж байна. Бид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөн байцаагч болон хэрэг бүртгэгч нараас нийт 39 хохирогчид ямар хэмжээний хохирол учирсан бэ гэдгийг гаргасан байгаа. Энэ нь Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн даргын удирдамжийн дагуу хохирлын үнэлгээ, хохирол тооцох ажиллагаа явуулсан бөгөөд үүний дагуу хөрөнгийн үнэлгээ гарсан байдаг. Энэ үнэлгээг Монгол улсын мэргэжлийн үнэлэгч нар хийсэн бөгөөд 17,923,950 төгрөгийн хохирол гарсан байна гэдэг. Хариуцагч БП ХХК нь иргэний хэргийн хариуцагч болсон учраас эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон үйл баримт байгаа. Тэгэхээр бид энэ хэрэгт дахин шинжээч томилуулах гэхээр 2017 онд болсон үйл явдал бөгөөд барилга нь шатаад дахин ашиглалтад орсон байгаа. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл аудитын дүгнэлтэд маргаж байгаагүй. Тийм учраас хуульд заасан үндэслэлээр түрээсийн гэрээний дагуу хариуцагч БП ХХК-иас 17,923,950 төгрөг гаргуулж өгнө үү. Шаардлагын хувьд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 288 дугаар зүйлийн 288.1, 296 дугаар зүйлийн 296.1, Түрээсийн гэрээний 7.1, 4.2.4-т заасныг тус тус үндэслэж байгаа гэв.
Хариуцагч БП ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 02 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Цагдаагийн гудамж, Ботаник хаягт байрлах Велл март худалдааны төвд гал гарсан хэдий ч тухайн асуудалд БП ХХК-д буруутай гэсэн хууль хяналтын байгууллагын хүчин төгөлдөр шийдвэр тогтоол гараагүй буюу тус компанийг буруутай гэж үзээгүй. 2017 оны 02 дугаар сарын 06-07-нд шилжих шөнийн камерын бичлэгээс үзэхэд уг гал нь түрээслэгчийн лангуунаас эхэлж гарсан болох нь харагдах бөгөөд одоогоор тус гал түймрийг гаргасан буруутай этгээдийг олж тогтоогоогүй байгаа болно.
Хөрөнгийн үнэлгээгээр иргэн Б.С гийн түрээсэлж байсан Велл мартын төвийн 2-20 тоот 9 м.кв лангуунд нийт 3763 ширхэг бараа бүтээгдэхүүн /дотуур хувцаснаас гадна зузаан урт халаад, даавуун халаад, унтлагын өмд, зузаан өмд/ байсан гэж үзсэн нь бодит байдалд нийцэхгүй юм.
Иргэн Б.С нь Велл март худалдааны төвд 2-20 дугаартай 9 м.кв талбайд дотуур хувцас худалдаалдаг байсан. Гал гарсны дараа 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр анх хүсэлт гаргахдаа цаашид санал гомдолгүй учир 5,000,000 төгрөгийг бэлэн мөнгөний тусламж үзүүлнэ үү гэх хүслийг тус компанид гаргаж байсан. Өөрөөр хэлбэл иргэн Б.С д учирсан бодит хохирол 17,923,950 төгрөг байх боломжгүй гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.С гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөр шилжих шөнө Велл март худалдааны төвд гал гарсан хэдий ч тухайн асуудалд БП ХХК буруутай гэдгийг тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр гараагүй буюу буруутай гэж үзсэн зүйл байхгүй. Мэдээлэл, шинжлэх ухаан удирдлагын төвийн шинжээч нарын гаргасан 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 225/362 дугаар дүгнэлтэд ингэж заасан байдаг. Үүнд хоёр дугаар давхрын барааны гол хэсэгт байрлах 2 лангууны дээд талд байрлах гэрлийн бүрхүүл нь даавуун материал дээр унасан учраас гал гарах шалтгаан бүрдсэн байна гэж бичигдсэн байдаг. Гэтэл уг гал гарсан өдрийн камерын бичлэгт уг лангууны дээд талд гэрэл байхгүй бөгөөд гэрлийн бүрхүүл унаж байгаа нь огт бичигдээгүй байгаа. Нөгөө талаас учирсан хохирлын хэмжээний хувьд маргаантай байгаа. Яагаад гэвэл иргэн Б.С д учирсан хохиролд хийсэн хөрөнгийн үнэлгээний тайланд бидэнд хөрөнгийн байдалтай биечлэн танилцах боломж байхгүй байсан учраас хөрөнгийн үнэлгээг цагдаагийн байгууллагаас ирүүлсэн барааны жагсаалт, хэргийн материалд үзлэг хийж гаргасан гэж заасан байгаа. Өөрөөр бол уг хөрөнгийн жагсаалтыг гаргахдаа иргэн Б.С гийн тайлбарыг үндэслэж гаргасан байдаг. Ийм учраас уг хөрөнгийн үнэлгээ нь учир дутагдалтай, эргэлзээтэй юм гэж үзэж байгаа. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д хөрөнгийн үнэлгээ хийхэд ашиглаж байгаа мэдээллийн сан болон үйлчлүүлэгчээс ирүүлсэн гомдлыг дахин хянаж, шинжилсэн байх гэж заасан боловч үүнийг хангаагүй буюу Б.С гийн гаргасан тайлбарт үндэслэсэн байна гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэгч Б.С д учирсан бодит хохирлыг тогтоосон зүйл байхгүй байгаа. Гаалийн тухай хуульд мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлж буй бараагаа мэдүүлнэ гэж заасан байгаа. Гаалийн ерөнхий газрын А83 дугаар тушаалд гаалиар нэвтрүүлж буй барааны нэр, тоо хэмжээ зэргийг мэдүүлэхээр заасан байдаг. Өөрөөр бол иргэн Б.С нь Велл март худалдааны төвийн 2 давхарт түрээсэлж байсан 9 м.кв талбайд худалдаж байсан бараа материалаа Монгол улсын хилээр оруулж ирэхдээ Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3-т заасны дагуу мэдүүлсэн байх ёстой. Нэхэмжлэгчийн сүүлд гаргаж ирсэн баримтаас харахад 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хилээр гарч, 14-ний өдөр буцаж орсон байдаг. Гэтэл Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн баримтад 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Б.С гийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй байна гэсэн байгаа. Иймд нэхэмжлэгч нь хилээр ямар хэмжээний, ямар төрлийн бараа оруулсан болох нь тогтоогдохгүй байгаа. Мөн нэхэмжлэгч нь Велл март худалдааны төвд хүсэлт гаргахдаа цаашид гомдолгүй учраас бэлэн 5,000,000 төгрөгийн тусламж үзүүлнэ үү гэж байсан. Тийм болохоор нэхэмжлэгчид бодитоор 17,923,950 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх боломжгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч БП ХХК-д холбогдуулан Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 17,923,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч БП ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр №10 дугаартай Түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч нь өөрийн өмчлөлийн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Цагдаагийн гудамж Ботаник хаягт байрлах, Велл март худалдааны төвийн 2 давхрын зааланд 16 дугаартай 12 м.кв талбайд дотуур хувцас худалдаалах зориулалтаар, нэг сарын түрээсийн төлбөр 1 м.кв-ийг 17,000 төгрөгөөр тооцон, нийт 204,000 төгрөгөөр 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд түрээсийн байрны ашиглалтын болон үйл ажиллагааны зардалд тооцогдох менежментийн төлбөрт сар бүр тогтмол 20,000 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №10 Түрээсийн гэрээ болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.С гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Велл март худалдааны төвийн 2 дугаар давхрын үйлчилгээний зааланд 2011 оны 05 дугаар сараас эхлэн 2017 оны 02 дугаар сарын 06-ийг хүртэл үйлчилгээний зааланд бэлэн хувцас худалдаалах зориулалтаар түрээслэн ажиллаж байсан.
Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Велл март худалдааны төвд гал гарч их хэмжээний эд зүйлс шатаж, 2-20 дугаартай 9 м.кв талбайд эд хөрөнгө устан шатаж, их хэмжээний хохирол учраад байна.
...шинжээчийн дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтуудаар Велл март худалдааны төв нь галын аюулгүй байдлыг хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу цахилгаан байгууламжийн дүрэм БД 43-101-03 дүрмийн 2.1.8, БНбд 3.05.06.90-ийн дагуу гүйцэтгэх ёстой гэж заасан заалт, галын аюулгүй байдлын хууль тогтоомж зэргийг тус тус зөрчсөний улмаас 2017 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө гэрлийн цахилгааны утсанд богино холболт үүсэж улмаар гал гарч хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.
Велл март худалдааны төв нь галын аюулгүй байдлыг хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу гэрлийн цахилгааны утсанд богино холболт үүсэж улмаар гал гарч түрээслүүлэгч талын буруутай үйл ажиллагаанаас болж түрээслэгч Б.С надад доорх хэмжээний хохирлууд учраад байна.
Хөрөнгийн үнэлгээ-ээр 17,923,950 төгрөгийн хохирлыг тогтоосон... гэж тайлбарладаг.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзаж буй үндэслэлээ ...Велл март худалдааны төвд гал гарсан хэдий ч тухайн асуудалд БП ХХК буруутай гэдгийг тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр гараагүй буюу буруутай гэж үзсэн зүйл байхгүй.
Мэдээлэл, шинжлэх ухаан удирдлагын төвийн шинжээч нарын гаргасан 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 225/362 дугаар дүгнэлтэд ...хоёр дугаар давхрын барааны гол хэсэгт байрлах 2 лангууны дээд талд байрлах гэрлийн бүрхүүл нь даавуу материал дээр унасан учраас гал гарах шалтгаан бүрдсэн байна гэж бичигдсэн байдаг. Гэтэл уг гал гарсан өдрийн камерын бичлэгт уг лангууны дээд талд гэрэл байхгүй бөгөөд гэрлийн бүрхүүл унаж байгаа нь огт бичигдээгүй байгаа.
Нөгөө талаас учирсан хохирлын хэмжээний хувьд маргаантай байгаа. хөрөнгийн үнэлгээний тайланд бидэнд хөрөнгийн байдалтай биечлэн танилцах боломж байхгүй байсан учраас хөрөнгийн үнэлгээг цагдаагийн байгууллагаас ирүүлсэн барааны жагсаалт, хэргийн материалд үзлэг хийж гаргасан гэж заасан байгаа. Ийм учраас уг хөрөнгийн үнэлгээ нь учир дутагдалтай, эргэлзээтэй юм гэж үзэж байгаа.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д хөрөнгийн үнэлгээ хийхэд ашиглаж байгаа мэдээллийн сан болон үйлчлүүлэгчээс ирүүлсэн гомдлыг дахин хянаж, шинжилсэн байх гэж заасан боловч үүнийг хангаагүй буюу Б.С гийн гаргасан тайлбарт үндэслэсэн байна гэж үзэж байгаа.
Иймд нэхэмжлэгч Б.С д учирсан бодит хохирлыг тогтоосон зүйл байхгүй байгаа.
Б.С нь худалдаж байсан бараа материалаа Монгол улсын хилээр оруулж ирэхдээ Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3-т заасны дагуу мэдүүлсэн байх ёстой.
Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн баримтад 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Б.С гийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй байна гэсэн байгаа. Иймд нэхэмжлэгч нь хилээр ямар хэмжээний, ямар төрлийн бараа оруулсан болох нь тогтоогдохгүй байгаа. Мөн нэхэмжлэгч нь Велл март худалдааны төвд хүсэлт гаргахдаа цаашид гомдолгүй учраас бэлэн 5,000,000 төгрөгийн тусламж үзүүлнэ үү гэж байсан. Тийм болохоор нэхэмжлэгчид бодитоор 17,923,950 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх боломжгүй байгаа... гэж маргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.
Зохигчдын хэн алин нь өөрийн гаргаж буй шаардлага, татгалзлын үндэслэлийг нотлох үүргийг хуулиар хүлээдэг.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа нь түрээсийн гэрээний харилцаанд хамаарах бөгөөд энэхүү харилцаанаас үүссэн маргаан буюу шаардах эрх нь Иргэний хуульд заасан түрээсийн гэрээний эрх зүйн зохицуулалтад хамаарч байх бөгөөд зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээ бичгээр байгуулах хуулийн шаардлага хангасан, үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь бус хэсгийг түрээсэлсэн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хангагдах боломжгүй, энэ нөхцөлөөс үүдэн гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэлгүй гэж шүүх үзсэн болно.
Гэрээний дагуу түрээсийн төлбөрт түрээслэгч буюу нэхэмжлэгч Б.С нь 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгуудаар тогтоогдохоос гадна хариуцагч тал түрээсийн төлбөр төлсөн талаар маргаагүй.
Нэхэмжлэгч тал түрээсийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгуулахыг хүссэн байна.
Б.С нь 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр БП ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, дотуур хувцас худалдаалах зориулалттай талбай түрээсэлсэн байна. Гэрээний дагуу хариуцагч нь худалдааны зориулалттай талбайг түрээслүүлэх үүргийг хүлээсэн, уг үүрэг нь түрээслүүлэгчийн үндсэн үүрэгт багтжээ. Хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж байсан байна.
Үүнээс хойш 2017 оны 02 дугаар сарын 06-наас 07-ын өдөр хариуцагч БП ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Цагдаагийн гудамж, Ботаник хаягт байрлах Велл март худалдааны төвд гал түймэр гарсан, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн эрүүгийн хэрэгт гаргасан шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 225/362 дугаар дүгнэлтээр цахилгаан дамжуулалтын хүчилтөрөгч, гал түймэр гарахаас өмнө үүсэн байх ба Велл март худалдааны төвийн хоёрдугаар давхрын 2-34 тоот лангууны гэрэлтүүлгийн цахилгаан дамжуулагч утсаны /шилжилт эсэргүүцэл, хэт ачаалал, богино холбоо г.м/ үүдэн цахилгаан дамжуулах утасны холболт дээр цахилгаан богино холбоо үүссэний улмаас гал түймэр гарсан гэж тогтоожээ. /хх-ийн 7 дугаар тал/
Өөрөөр хэлбэл гал түймэр гарсны улмаас эд хөрөнгөд учирсан хохирлыг нэхэмжилсэн шаардлага болон үндэслэлийг хариуцагч БП ХХК нь нэхэмжлэгч Б.С тай байгуулсан түрээсийн гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол гэж үзэхээргүй байна.
Хэдийгээр түрээсийн гэрээний харилцаатай байх үед дээрх нөхцөл байдал бий болсон хэдий ч талуудын хооронд гэрээний бус үүрэг буюу зөрчлийн улмаас үүссэн үүргийн харилцаа байх бөгөөд гэм хор учруулснаас үүссэн үүрэг нь зөрчлийн улмаас үүссэн гэж үзэхээр байна.
Хэрэгт авагдсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 1474 дүгээр тогтоолоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 22, 2017 оны 03 дугаар сарын 06, 2017 оны 04 дүгээр сарын 12, Геологийн төв лабораторийн, Гамшиг судлалын хүрээлэнгийн гамшгийн туршилт, шинжилгээний төвийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтуудаар Велл март худалдааны төв нь галын аюулгүй байдлыг хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу галын аюулгүй байдлын хууль тогтоомж зэргийг тус тус зөрчсөний улмаас гэрлийн цахилгаан утсанд богино холболт үүсэж улмаар гал гарч нэр бүхий нийт 39 хохирогчийн эд зүйл галд шатаж 800,000,000 гаруй сая төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогджээ. /хх-ийн 9-10 дугаар тал/
Дээрх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 189 дүгээр зүйлд заасан Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэргийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон, Зөрчлийн тухай хуульд хамаарахаар тусгагдсан үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүсэж, хаасан байна. /хх-ийн 9-10 дугаар тал/
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцагчийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 11 дүгээр тал/
Хэргийн баримтаас үзвэл Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Цагдаагийн гудамж, Ботаник хаягт байрлах Велл март худалдааны төвд гал түймэр гарч нэхэмжлэгч Б.С гийн түрээсэлж байсан талбайн хэсэг шатсаны улмаас уг талбайд байсан эд хөрөнгө шатаж хохирол учирсан үйл баримт тогтоогджээ.
Гал түймэр нь БП ХХК-ийн өмчлөлийн Велл март худалдааны төвийн хоёр дугаар давхрын барааны тасгийн гол хэсэгт байрлах 2-34 дугаартай лангууны дээд таазны гэрлийн утасны холболтын цахилгаан дамжуулагчийн гадна бүрээс шатаж, шатах материал бараа дээр унаж галын голомт үүсгэн гал түймэр гарах нөхцөл бүрдсэн нь галын аюулгүй байдлыг хангах үүргээ хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, Галын аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөн үйлдлээс үүссэн нь нотлогдсон, хариуцагч гэм буруугүй болохоо нотолж чадаагүй байна.
Хариуцагч тал эрүүгийн хэрэгт гарсан шинжээчийн дүгнэлтүүдийг зөвшөөрөхгүй гэх боловч шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэг бүртгэлийн хэргийг хаасан тогтоолд гомдлоо гаргаагүй болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийг татгалзаж байгаа бол үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй, хэрэв өөрөө олж авах боломжгүй бол нотлох баримтыг бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байдаг. Хариуцагч хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад хийгдсэн шинжээчийн дүгнэлт болон хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайлан зөвшөөрөөгүй бол хариуцагч нь шинжээч томилуулах талаар хүсэлт гаргаагүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд маргааны зүйлийг шийдвэрлэсэн.
Хариуцагч БП ХХК-ийн хууль бус үйлдэл, уг үйлдлийн улмаас учирсан хохирол, эдгээрийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон тул гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч Б.С нь дээрх гал түймрийн улмаас түрээсийн талбайд байсан эд хөрөнгөд учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар гэм буруутай этгээдээс хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.
Гэм хор учруулсан этгээд гэм хор учирсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолсноос бусад тохиолдолд гэм хор учруулсныхаа хариуцлагыг хүлээнэ.
Иймд БП ХХК-ийн өмчлөлийн объект болох Велл март худалдааны төвд гал түймэр гарсны улмаас учирсан хохирол, эдгээрийн хоорондох шалтгаант холбоо нь зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байх тул тэрээр гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхийг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасан байна.
Нэхэмжлэгч нь хохирлын үнэлгээг гаргахдаа хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад хийгдсэн хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэж 17,923,950 төгрөгийн хохирлыг шаардсан, үүнээс гадна нэхэмжлэгч нь дээрх эд хөрөнгийг дахин ашиглах боломжгүй болсон бөгөөд хариуцагч дээрх баримтыг үгүйсгээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч БП ХХК-иас 17,923,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.С д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүх иргэдийн төлөөлөгчид 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 15 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу мэдэгдсэн боловч томилогдсон иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хуралдааныг хийлгэх гэсэн хүсэлтүүдийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч БП ХХК-иас гэм хорын хохиролд 17,923,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.С д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.С гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БП ХХК-иас 247,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.С д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС
ШҮҮГЧИД Ч.ДАВААСҮРЭН
Ж.ЦЭНГЭЛ