Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 183/2019/03229/И |
Дугаар | 001/ХТ2022/00502 |
Огноо | 2022-04-21 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2022/00502
“ХХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02872 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 00222 дугаар магадлалтай,
“ХХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Р.Б, Г.Ж нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 405,697.67 ам.доллар буюу 1,097,936,052 төгрөг гаргуулах, барьцааны гэрээнд заасны орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаалагчид шилжүүлж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Р.Бын өмгөөлөгч Ч.Отгонбаатар, хариуцагч Ү.Жгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Азжаргал нарын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрхэмбаяр, хариуцагч Ү.Жгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Азжаргал, хариуцагч Р.Бын өмгөөлөгч Ч.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “ХХБ” ХХК нь Р.Б, Г.Жнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 405,697.67 ам.доллар буюу 1,097,936,052 төгрөг гаргуулах, барьцааны гэрээнд заасны орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаалагчид шилжүүлж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02872 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Р.Б, Г.Жнараас зээлийн гэрээний үүрэгт 1,097,936,052.79 /нэг тэрбум ерэн долоон сая есэн зуун гучин зургаан мянга тавин хоёр төгрөг, далан есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХБ ХХК-нд олгож, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын ам, Наадамчдын гудамж, Бритиш таувер орон сууцны цогцолбор, В блок, 7 давхрын 701 тоот орон сууцыг барьцаалуулахыг хариуцагч Р.Б, Г.Жнарт даалгаж, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Р.Б, Г.Жнарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Наадамчдын зам гудамж 52 дугаар байр 701 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 154 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Богины ам гудамж, 26 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 316,04 м.кв талбайтай амрагчдын сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,647,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 5,647,630 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 00222 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02872 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын ам, Наадамчдын гудамж, Бритиш таувер орон сууцны цогцолбор В блок, 7 давхрын 701 тоот орон сууцны өмчлөх эрхийг барьцаалагч ХХБ ХХК шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг Ү.Ж, Р.Б нарт даалгасугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 5,647,630 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч Р.Бын өмгөөлөгч Ч.Отгонбаатар, хариуцагч Ү.Жгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Азжаргал нарын хяналтын гомдолдоо: Магадлалаар хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарласан гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. 1. Хүчин төгөлдөр байгуулагдсан зээлийн гэрээний харилцаа гэж буруу дүгнэсэн тухай: Давж заалдах шатны шүүх “...зээлдүүлэгч нь 2015.09.17-ны өдөр 308,000 ам.долларыг Ү.Жгийн 2600083149 тоот дансанд шилжүүлж, улмаар “Эко скүүл гарден” ХХК-д уг мөнгөн хөрөнгийг мөн өдрөө Т.Жаргалмаа, Р.Б 701 тоот орон сууцны төлбөр, зээл болон бэлэн бусаар төлөв” гэсэн утгатайгаар шилжүүлсэн нь тогтоогджээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зааж буй 308,000 ам.долларыг зээлдэгчийн зөвшөөрөлгүй “Эко скүүл гарден” ХХК-ийн дансанд шилжүүлсэн гэх үндэслэлээр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй. Учир нь зээлдэгчийн зөвшөөрөлгүй мөнгөн хөрөнгийг бусдад шилжүүлсэн буюу банк түүний харилцагчийн хооронд үүссэн уг асуудал нь талуудын зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргаанд хамааралгүй гэж үзэх тул энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй...” гэж дүгнэсэн. Хариуцагч нар нь нэхэмжлэлийг тэдний зөвшөөрөлгүй 308,000 ам.долларын мөнгөн хөрөнгийг захиран зарцуулсан гэж маргаагүй. Зохигчийн хооронд 2015.09.14-ний өдөр ОСЗГ90201/150914 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ” гэх нэртэй гэрээ байгуулсан ч тухайн харилцаа нь зээлийн гэрээний харилцаа биш. Хариуцагчийн “Экоскүүл гарден” ХХК-с худалдаж авч буй орон сууцны төлбөрийг нэхэмжлэгч санхүүжүүлэх буюу 308,000 ам.долларыг “Экоскүүл гарден” ХХК-ийн нэхэмжлэгчээс авсан зээлийн хөрөнгөөс хасалт хийж, бодитоор хариуцагч нарт 308,000 ам.доллар шилжүүлээгүй үйл баримтыг банк, эрх бүхий хуулийн этгээдтэй байгуулах зээлийн гэрээний харилцаа гэж дүгнэх үндэслэлгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн эрх зүйн харилцааг зөв тогтоогүй гэж маргасан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нь 308,000 ам.долларын хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн нь тогтоогдсон гэж буруу дүгнэлт хийсэн. Улмаар хуулийг буруу тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал, нэхэмжлэгч байгууллагын төв салбарын захирал, харилцагч нарын менежерийн гарын үсгээр баталгаажсан 2016.09.15-ны өдрийн “Орон сууцны зээлийн эргэн хяналтын тайлан” /хавтаст хэргийн 104-105 дахь тал/-гийн 8 дугаар хэсэг “Зээлийн хорооны хурлаас тавьсан нөхцөлүүдийн биелэлт”-н 8.2-т “Экоскүүл гарден” ХХК-н зээлээс хасалт хийлгэх” нөхцөлийг биелсэн гэж тайлбар хэсэгт тэмдэглэсэн байдаг. “Экоскүүл гарден” ХХК бритиш таувер орон сууцны цогцолборыг барихад “Улаанбаатар хотын банк” ХХК-с зээл авсан. “Экоскүүл гарден” ХХК-н барьсан барилгаас орон сууц худалдан авахад “Улаанбаатар хотын банк” ХХК-с худалдан авагч нарыг санхүүжүүлэх буюу худалдан авагч нартай “Орон сууцны зээлийн гэрээ” гэх нэртэй гэрээг байгуулан гэрээнд заасан орон сууцны төлбөрийг “Экоскүүл гарден” ХХК-н зээлээс хасалт хийдэг. Энэ үйл баримтын талаар талууд маргадаггүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид 308,000 ам.долларыг бодитоор шилжүүлээгүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үндсэн үүрэг биелэгдээгүй байхад тус гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх боломжгүй юм. Хэдийгээр нэхэмжлэгчээс хариуцагчид 308,000 ам.долларыг түүний зээлийн 2600083149 тоот данснаас 2600083148 тоот данс руу орлого болгон хийсэн бичилттэй 2015.09.17-ны өдрийн Мемориалын №201509185738029165-0 дугаартай баримт байх боловч уг баримтад харилцагч хэсэгт Ү.Жгийн гарын үсэг байдаггүй. Түүнчлэн 2015.09.17-ны өдөр Ү.Жгийн 2600083148 тоот данснаас 308,000 ам.долларыг “Ү.Ж, Р.Б 701 тоот орон сууцны төлбөр” гэх нөхцөлөөр “Экоскүүл гарден” ХХК-н 2600074560 тоот данс руу шилжүүлсэн гэх Улаанбаатар хотын банкны шилжүүлгийн баримт байх боловч мөн түүнд хариуцагч Г.Жгарын үсэг зураагүй байдаг. Нэхэмжлэгч зээлийн гэрээ байгуулж, мөнгө шилжүүлснээ нотлох үүрэгтэй. Зээлийн дансны хуулга, депозит дансны хуулга, шилжүүлгийн баримт зэргийг арилжааны банк өөрөө үйлддэг нэг талын баримт тул харилцагчийн гарын үсэггүй баримтыг үнэн зөв гэж дүгнэх боломжгүй, нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.” гэж заасан тул арилжааны банкны шилжүүлгийн болон мемориалын баримтыг харилцагчийн гарын үсэггүй тохиолдолд хүчин төгөлдөр гэж дүгнэн, үнэлэх боломжгүй байна. Нэхэмжлэгч байгууллагын төв салбарын захирал, харилцагч нарын менежерийн гарын үсгээр баталгаажсан 2016.09.15-ны өдрийн “Орон сууцны зээлийн эргэн хяналтын тайлан” болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар хариуцагч нар орон сууц худалдан авахад банк тэдний өмнөөс 308,000 ам.доллар төлбөрийг худалдагчид төлөх буюу санхүүжилтийг хийж, уг төлбөр “Экоскүүл гарден” ХХК-н зээлээс хасагдсан. Түүнчлэн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж хуульчилсан байдаг. Гэтэл ийнхүү хариуцагчийн зээлийн дансанд зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэлгүйгээр “Экоскүүл гарден” ХХК-н зээлээс хассан нь нэхэмжлэгч хийгээд хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй болохыг тодорхойлж байна. Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлгүй, шат шатны шүүх эрх зүйн харилцааг зөв тогтоогоогүй, хуулийг буруу тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй тул 1,097,936,052.79 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь буруу байна.
2. Барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэж, өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тухай: Давж заалдах шатны шүүх ...талууд барьцааны гэрээний 3.2.9-т “Төслийн онцлогоос шалтгаалан барьцааны зүйлийн өмчлөх эрхийн гэрчилгээ бусад бичиг баримт, бичгүүд нь дараа гарахаар бол тухайн гэрчилгээ, баримт бичгүүдийг батлагдсанаас хойш ажлын 3 хоногийн дотор барьцаалагчид шилжүүлж, эрх бүхий байгууллагад гэрээг бүртгүүлнэ” гэж заасан. Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нь ипотекоор хангагдах шаардлагын хэмжээ, түүний хүү, шаардлагыг биелүүлэх хугацаа зэргийг хамтран тодорхойлсон баримт бичиг үйлдэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болон үүрэг гүйцэтгүүлэгч хуульд заасан журмын дагуу ипотекийг бүртгүүлнэ” гэж заажээ. Иймд талууд өмчлөх эрхийн гэрчилгээ бусад бичиг баримт, бичгүүд дараа гарахаар бүртгүүлэхээр тохиролцсон гэж үзнэ...” гэж дүгнэн Р.Б, Г.Жнар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам, Наадамчдын гудамж, Бритиш таувер орон сууцны цогцолбор В блок, 7 давхрын 701 тоот орон сууцны өмчлөх эрхийг барьцаалагч “ХХБ” ХХК шилжүүлж, эрх бүхий байгууллага буюу улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хүчин төгөлдөр бус барьцааны гэрээний заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шаардлагаас өөр, нэхэмжлэгчийн шаардаагүй зүйлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нь шүүхэд “2015.09.14-ний өдрийн №ОСЗБГ92201/150914 дугаартай Зээлийн барьцааны гэрээний 3.2.9-д заасны дагуу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам, Наадамчдын гудамж, Бритиш таувер орон сууцны цогцолбор, В блок, 701 тоот 154 м.кв орон сууцны зориулалттай Ү-0000000000 дугаартай үл хөдлөх хөрөнгийг УБХБ-нд барьцаалуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөөгүй. Гэтэл хариуцагч нарт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам, Наадамчдын гудамж, Бритиш таувер орон сууцны цогцолбор, В блок, 701 тоот 154 м.кв орон сууцны зориулалттай Ү-0000000000 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгэл хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хариуцагчаас шаардаагүй зүйл гэж үзэхээр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын зарчимд үндэслэж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэдэг. Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулж шаардаагүй зүйлээр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүхүүд зохигчийн хооронд 2015.09.14-ний өдөр байгуулсан ОСЗБГ9201/150914 дугаартай “Орон сууцны зээлийн барьцааны гэрээ” нь хүчин төгөлдөр бус хэлцэл байхад хүчин төгөлдөр гэж буруу дүгнэлт хийсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацааны дотор гуравдагч этгээдэд түрээслэх, хөлслөх, үнэ төлбөргүйгээр түр ашиглуулахаар бусдын эзэмшилд шилжүүлэх эрхтэй” гэж заасан. Гэтэл талуудын хооронд 2015.09.14-ний өдөр байгуулсан ОСЗБГ9201/150914 дугаартай “Орон сууцны зээлийн барьцааны гэрээ”-ний 3.2.7-д “Барьцааны зүйлийг зориулалтын дагуу хэрэглээний хэвийн түвшинд ашиглах бөгөөд Гэрээний хугацаанд барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр барьцааны зүйлийг худалдах, бэлэглэх, барьцаалах, түрээслэх, хөлслөх, баталгаа, батлан даалт гаргах зэргээр гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх” үүргийг барьцаалуулагчид хүлээлгэсэн. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-т “Ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.” гэж заасан тул дээрх заалтын дагуу тус гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байсан. Өөрөөр хэлбэл, барьцаалуулагч /өмчлөгч/-ийн өөрийн өмчийг захиран зарцуулах эрхийг хязгаарласан тохиролцоотой хэлцэл хийвэл уг тохиролцоо хүчин төгөлдөр бус учраас үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд тэмдэглэл хийгдэх боломжгүй юм. Нөгөөтэйгүүр Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын ам, Наадамчдын гудамж, 52 байр, 701 тоот 154 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Ү.Ж, Б.Баргужин, Б.Бөртэ нар нь 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдэж, 000507092 дугаарын гэрчилгээ олгогдсон. Дээрхээс дүгнэхэд хариуцагч нар тухайн эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдээгүй байхад хэлцэл хийсэн байх бөгөөд барьцааны гэрээний дагуу тус орон сууцыг барьцаалсныг улсын бүртгэлд бүртгүүлээгүйг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Орон сууц бүрэн баригдаж дууссан, хаягжилт авсан байх тул ирээдүйд бий болох хөрөнгө гэж үзэхгүй тул Иргэний хуулийн 154 дүгээр зүйлд заасан хуулийн зохицуулалтаар орон сууц барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэн тохиолдолд барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлага үүсэх тул тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх нь үүсээгүй байхад үүрэг хүлээлгэсэн гэрээний үүргийг шаардах эрхгүй юм. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу магадлал, шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хяналтын журмаар гаргасан хариуцагч талын гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалыг хүчингүй болгон, шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.
6. Нэхэмжлэгч “ХХБ” ХХК нь хариуцагч Р.Б, Г.Жнарт холбогдуулан үндсэн зээл 266,442.39 ам.доллар, зээлийн хүүд 128,320.21 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 10,935 ам.доллар, нийт 405,697.67 ам.доллар буюу 1,097,936,052 төгрөгийг гаргуулах, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаалуулахыг даалгах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэлээс “орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаалуулахыг хариуцагч нарт даалгах” шаардлага нь барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах буюу гэрээний үүргийг хангуулах агуулгатай болохыг шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.
Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...зээлийн гэрээний зүйл болох 308,000 ам.долларыг өгөөгүй, “Эко скүүл гарден” ХХК-ийн зээлийн төлбөрт хасч тооцсон, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус...” гэж маргажээ.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг өөрчилж, барьцааны зүйл болох орон сууцны өмчлөх эрхийг барьцаалагч “ХХБ” ХХК-д шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгаж, бусад заалтыг хэвээр үлдээжээ.
8. Шүүх барьцааны гэрээний агуулга, талуудын хүлээсэн үүргийг зөв дүгнэсэн боловч үр дагаврыг өөр өөрөөр шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх барьцааны зүйлийн өмчлөх эрхийг банкинд шилжүүлж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.” гэж заасныг зөрчсөн тул магадлалыг хүчингүй болгоно. Иргэний хуульд зааснаар барьцаа нь уг эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх замаар үүргийг хангадаг арга бус харин барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга тул өмчлөх эрхийг шилжүүлсэн нь буруу юм. Энэ талаарх хариуцагч талын гомдол үндэслэлтэй байна.
9. Нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2015.09.14-ний гэрээгээр “Улаанбаатар хотын банк” ХХК нь Р.Б, Г.Жнарт 308,000 ам.долларыг жилийн 15,6 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээлдүүлэх, үүргийн гүйцэтгэлд өмчлөх эрхийн гэрчилгээг аваагүй байгаа Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын ам, Наадамчдын гудамж, Бритиш Таувер орон сууцны цогцолбор В блок, 7 давхрын 701 тоот орон сууц, Ү.Жгийн 2600083148 тоот долларын харилцах данс болон бусад арилжааны банкууд дахь харилцах дансны бүх орлогыг барьцаалахаар тохирчээ. “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг “ХХБ” ХХК-д шилжүүлэн нэгтгэснийг 2020.07.31-ний өдөр улсын бүртгэлд бүртгэж, “Улаанбаатар хотын банк” ХХК-ийг улсын бүртгэлээс хассан нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020.09.09-ний өдрийн албан бичгээр тогтоогдсон, нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.
10. Хоёр шатны шүүх зээлийн гэрээний төрөл, гэрээний хүчин төгөлдөр байдал, барьцааны гэрээний талуудын тохиролцоо, гэрээг хүчин төгөлдөр болгоход хариуцагчийн хүлээсэн үүрэг, гэрээг цуцлах журам, үндэслэл зэрэг эрх зүйн асуудлаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 453 дугаар зүйлийн 453.1, 166 дугаар зүйлийн 166.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасан зохицуулалтын дагуу хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийсэн боловч хариуцагч нарын биелүүлэх үүргийн хэмжээ, барьцааны гэрээний үр дагаврын талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүйг залруулах боломжтой гэж үзэв.
11. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Зээлдэгч Р.Б, Г.Жнар гэрээний хавсралтад зааснаар нийт 105,347 ам.долларыг төлсөн боловч үүргээ бүрэн биелүүлээгүй, 2017.04.14-ний өдрөөс хойш төлөлт огт хийгээгүй, үүргээ зөрчсөнөөс гэрээг цуцлах үндэслэл тогтоогдсон тул нэхэмжлэгч гэрээг цуцалж, 2019.11.07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч гэрээг цуцалснаар гэрээ дуусгавар болох тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн буюу гэрээний үүргийг шаардсан шаардлагыг хангах үндэслэлгүй болохыг хоёр шатны шүүх анхаараагүй, нэхэмжлэлийг бүрэн хангасан нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д заасан зохицуулалтыг зөрчжээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргасан байхад “талууд нийт 405,697,67 ам.доллар буюу 1,097,936,052 төгрөг төлөөгүй талаар маргаагүй” гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.
Иймд зээлийн гэрээг цуцалсан нь нэхэмжлэлийн үндэслэл болсон, нэхэмжлэл гаргаснаар гэрээг цуцлагдсан тул хариуцагч нар нэхэмжлэл гаргасан үеийн үүрэг 387,538 ам.доллар буюу 1,048,677,828 төгрөгийг төлөх үүрэгтэй, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулав.
12. Анхан шатны шүүх барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй болохыг зөв дүгнэж, шийдвэрлэсэн боловч барьцааны гэрээ хүчин төгөлдөр болоогүй байхад барьцааны зүйлээс үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, 175 дугаар зүйлийн 175.1-д нийцээгүй байна.
Талуудын байгуулсан барьцааны гэрээний 3.2.9-т “Төслийн онцлогоос шалтгаалан барьцааны зүйлийн өмчлөх эрхийн гэрчилгээ бусад бичиг баримт, бичгүүд нь дараа гарахаар бол тухайн гэрчилгээ, баримт бичгүүдийг батлагдсанаас хойш ажлын 3 хоногийн дотор барьцаалагчид шилжүүлж, эрх бүхий байгууллагад гэрээг бүртгүүлнэ” гэж тохирсон нь хууль зөрчөөгүй бөгөөд хариуцагч өмчлөх эрхийн гэрчилгээг авсан атлаа гэрээний энэ үүргээ биелүүлээгүй байна.
Үүргийн гүйцэтгэлд үл хөдлөх хөрөнгө барьцаалсан бол гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болно. Ийнхүү барьцааны гэрээ хүчин төгөлдөр болоогүй, харин хүчин төгөлдөр болгохын тулд гэрээний нэг талын үүргийг гүйцэтгүүлэх нэхэмжлэлийг гаргасан байхад шүүх барьцааны зүйлээс үүргийг хангуулах нэхэмжлэлийг нэгэн зэрэг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй байна.
Зүй нь барьцааны гэрээ хүчин төгөлдөр болсны дараа нэхэмжлэгч нь барьцааны зүйлээс үүргийг хангуулах нэхэмжлэлээ гаргах эрхтэй юм. Иймд барьцааны зүйлээс үүргийг хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулна. Энэ шийдвэр нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргахад нөлөөлөхгүй болно.
13. Хоёр шатны шүүх зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзсэн нь хэрэгт байгаа баримтад тулгуурласан, “зээлийг шилжүүлж аваагүй, үүрэг үүсээгүй, гэрээ хүчин төгөлдөр бус” гэх хариуцагчийн гомдол үндэслэл муутай байна. Зээлдүүлэгч нь 2015.09.17-ны өдөр 308,000 ам.долларыг Ү.Жгийн 2600083149 тоот дансанд шилжүүлж, улмаар “Эко скүүл гарден” ХХК-д уг мөнгөн хөрөнгийг мөн өдрөө “Ү.Ж, Р.Б 701 тоот орон сууцны төлбөр, зээл”-д гэсэн утгатайгаар шилжүүлсэн /1хав-82,234,246/, хариуцагч нар зээлд 105,347 ам.долларын төлөлт хийсэн, орон сууцны өмчлөгч болсноос үзэхэд зээлийг аваагүй, ашиглаагүй гэх үндэслэлгүй юм. Харин хянавал хэсгийн 8-д зааснаар хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 00222 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02872 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...1,097,936,052.79 /нэг тэрбум ерэн долоон сая есэн зуун гучин зургаан мянга тавин хоёр төгрөг, далан есөн мөнгө/” гэснийг “...1,048,677,828” гэж, “...олгосугай” гэснийг “олгож”, нэхэмжлэлээс 49,258,224 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 3 дах заалтыг “Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын ам, Наадамчдын гудамж, Бритиш таувер орон сууцны цогцолбор В блок, 7 давхрын 701 тоот орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай “ХХБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...5,647,630...” гэснийг “...5,401,339...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.12.18-ны өдөр төлсөн 5,647,630 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД