Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2020/01197

 

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2020/01197

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 0-р хороо,Х овогт Ц-ийн Э-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 0-р хороо Н овогт Б-ийн А,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 0-р хороо,  Б овогт Э-ын Б нарт холбогдох 1 266 480 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Э хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 11-р сарын 12-нд Б.А-тэй уулзаж Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 0 тоот 2 өрөө байрыг 6 сарын хугацаатай 2019 оны 5-р сарын 14-нийг хүртэл, сард 900 000 төгрөг, байрны ашиглалтын зардлыг төлөхөөр гэрээ байгуулсан. Бүрэн тавилгатай байр учраас 1 сарын барьцаа болон төлбөрт 1 800 000 төгрөгийг авсан. Энэ байр нь манай ахын байр байсан, байранд оруулсны дараа хүүхэд нь гадаадаас ирэх болоод цааш амьдрах боломжгүй болсон. Иймд би өөрийнхөө, энэ байрны 4 тоот 2 өрөө байранд Э.Б-ыг оруулсан. Гэтэл 2 дахь сараасаа эхлээд байрныхаа мөнгийг төлөхгүй удсан, 3 сар болоход барьцааных нь мөнгийг хасч тооцоход 2 сарын мөнгө төлөөгүй байсан. Тухайн үед Э.Б-тай байнга уулзаж мөнгөө төлөхгүй бол байраа суллаж өг гэж шаардаж байсан. Одоо 2019 оны 04-р сарын 12-ноос 5-р сарын 12-ныг хүртэлх төлбөр 900 000 төгрөг, байрны хэрэглээний зардал 150 000, усны тоолуур эвдэлсний 45 000 төгрөг, телевизийн тавиурын хөл эвдэлсний 50 000 төгрөг, телевизийн удирдлага 10 000 төгрөг, удирдлагын төхөөрөмж 25 000 төгрөг, уртасгагчийн 20 000 төгрөг, хөргөгчний 2 ширхэг тавиур 30 000 төгрөг нийт 1 266 480 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн 3-р хорооны 0 тоотод гэрээ хийж ортол, энэ байранд хүн орохоор болчихлоо, өөр байр руу орчих гэсэн. Өөр байр руу нүүж ороход хүндрэлтэй байсан, бид нарт эд хогшил, тоног төхөөрөмж хүлээлгэж өгөөгүй. Тавилгагүй, сарын 600 000 төгрөгийн байр олон байсан, миний охин 3 хүүхэдтэй учраас ийшээ тийшээ юм нүүлгээд яахав гээд эдний байранд орсон. Ороход зурагтын тавиур нь эвдэрхий байсан, эхний сарын түрээсийг төлсний дараа байрны төлбөрийг цаг тухайд нь төлж чадаагүй. Хүргэн гадаад явсан учраас мөнгө нь удсан, гэтэл Ц.Э мөнгөө өгөхгүй байна гээд зурагтын удирдлага, тоног төхөөрөмжийг салгаад аваад явсан. Гэрт зурагтгүй болчихлоор хүүхдүүд үзэж харах юмгүй болж, 13-р хороолол руу хадам аавынх руугаа явсан. П.Э төлбөрөө өгөхгүй байна гээд охины иргэний үнэмлэх, хүргэний жолооны үнэмлэхийг авсан. Зурагт үзэх боломжгүй болгосон, сүүлийн 2 сар бараг амьдраагүй байхад одоо ийм юм ярьж, нэхэж байгааг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Э нь Б.А, Э.Б нарт холбогдох орон сууц хөлсөлсний хөлс, эд хөрөнгөнд учруулсан хохирол 1 266 480 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Ц.Э нь Б.А-тэй 2018 оны 11-р сарын 14-ний өдөр Орон сууц хөлслөх гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 0 тоот тавилга, эд хогшил бүхий 2 өрөө сууцыг 6 сарын хугацаатай хөлслүүлэх, хөлслөгч сарын 900 000 төгрөгийн хөлс төлөхөөр /хх 5-6/ тохирчээ.

 

Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Хөлслүүлэгч хөлслүүлэхээр тохирсон байрыг хөлслөгчид хүлээлгэж өгсөн боловч тухайн сууц нь эрхийн доголдолтой, өөрөөр хэлбэл, тухайн сууц нь бусдын өмчлөлийн байр байсан, өмчлөгч ирснээр цаашид хөлслөгч тухайн сууцыг эзэмших боломжгүй болсон нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

Улмаар хөлслүүлэгч нь улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэгдсэн, өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 0 тоот сууцанд хөлслөгчийг оруулсан, үүнээс талуудын хооронд маргаан гарчээ.

 

Талууд гэрээ байгуулсан хэлбэрээр орон сууц хөлслүүлэх гэрээг өөрчлөөгүй байх ба хөлслөгч 4 тоот сууцыг хөлслөх, сар бүр 900 000 төгрөг төлөх, ашиглалтын зардлыг төлөхөөр тохирсон гэх үндэслэлгүй.

 

Нөгөө талаас, Ц.Э нь тавилга, эд хогшил бүхий сууцыг баримтаар хүлээлгэж өгөөгүйгээс гадна зурагтын удирдлага, интернетийн тоног төхөөрөмжийг өөрөө салгаж авсан, хариуцагч нар усны тоолуур, телевизийн тавиур, удирдлага, төхөөрөмж, уртасгагч, хөргөгчийн тавиур зэрэг эд зүйлийг эвдэлж хохирол учруулсан нь баримтаар тогтоогдоогүй, тухайн сууцанд 2 сар байгаагүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй.

 

Өөрөөр хэлбэл, хөлслүүлэгч эрхийн доголдолгүй эд зүйл хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй буруутай гэж дүгнэлээ.

 

Түүнчлэн Ц.Э нь төлбөрөө төлөхгүй байна гэх үндэслэлээр бусдын иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг эрх олгосон бичиг баримтыг хурааж авсан нь буруу болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302-р зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.А, Э.Б нараас 1 266 480 /нэг сая хоёр зуун жаран зургаан мянга дөрвөн зуун ная/ төгрөг гаргуулахыг хүссэн Ц.Э нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 945 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Шийдвэрийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА