Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2020/01472

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2020/01472

Улаанбаатар хот

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: СХД-ийн 00 дугаар хороо, Ө хороолол,00 дүгээр хороолол 00 тоотод байрлах “М” ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: БГД-ийн 00 дугаар хороо, О төвийн 0 дугаар давхар 000 тоотод байрлах “Х и” ХХК /РД:0000000/-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 79,179,707 төгрөг, ажлын үр дүнгийн доголдлыг арилгасантай холбоотой зардал 28,258,065 төгрөг, нийт 107,437,773 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.Жаргал, Ц.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

                                                                                                           

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Х и” ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Зөгийн байрны дотор халаалт, цэвэр усны засварын ажил гүйцэтгэх гэрээ”, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Зөгийн балны үйлдвэрийн халаалт, цэвэр ус, бохирын угсралт засварын ажил гүйцэтгэх гэрээ” тус тус байгуулж, эдгээр гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байрлах зөгийн бал савалгааны үйлдвэрийн дотор сантехникийн засварын ажлыг гүйцэтгэсэн. Талууд 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “Дотор халуун, хүйтэн усан хангамж, гал эсэргүүцэх системийг угсарсан, сорилтоор шалгасан акт”, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “Дотор халаалтын системийг угсарсан, сорилтоор шалгасан акт” гэх нэртэй баримтаар ажлын явцыг баталгаажуулж, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн орой ажлыг бодитоор хүлээлцсэн.

Нам даралтын зуухыг галлаж ажил хүлээлцсэн 2019 оны 10 дугаар сарын 23-ны орой хариуцагчийн******* С.Нэмэхбаяр ямар ч асуудалгүй, зүгээр гэж хэлээд хотруу буцсан. Улмаар компанийн ажилчид шөнийн 22 цаг хүртэл ажиллаж байгаад харьсан ба 24-ний өглөө 10 цагийн үед нөөцийн сав задарч, их хэмжээний тосол асгарсан байдалтай байсан. Тэр даруй хариуцагчтай холбогдсоны дагуу******* С.Нэмэхбаяр нь 24-ний өдрийн орой үйлдвэр дээр ирсэн ба тэрээр насос ажиллахгүй байгаа тул засуул, эсхүл солиулаад ир гэж зөвлөсөн. Үүний дагуу компанийн ажилтнууд Улан-үдэ хот руу явсан ба үйлдвэрлэгчийн дүгнэлтээр аливаа доголдолгүй болох нь тогтоогдсон.

Улмаар гүйцэтгэгч гэрээт ажлын доголдлыг нэн даруй засварлаж хэвийн байдалд оруулах үүргээ хүлээн зөвшөөрөөгүй тул хөндлөнгийн байгууллага болох “****************************” ХХК-аар газар дээр нь судалгаа хийлгэж, үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн байдалд оруулахад шаардлагатай ажил, зөвлөгөөг тодруулах зорилгоор дүгнэлт гаргуулсан. Дүгнэлтүүдэд халаалтын шугам хоолой болон халаалтын тогоог сольж шинэчилсэн боловч яагаад халахгүй байгаа шалтгааныг жагсааснаас харвал гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үндсэн үүргүүдээ ноцтой зөрчиж биет байдлын доголдолтой ажил нийлүүлсэн болох нь илэрхий болсон.

Гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрөлтэй эрхэлдэг үйл ажиллагааны чанар, гэрээнүүдээр хүлээсэн үндсэн үүргүүдийг шударгаар гүйцэтгэнэ гэх итгэлд үндэслэж ажил гүйцэтгүүлж, холбоотой зардлуудыг гаргасан. Гэтэл гүйцэтгэгч ажлын доголдлыг хүлээн зөвшөөрөөгүйгээс нэхэмжлэгч нэмэлт хугацаа тогтоох нь үр дүнд хүрэхгүй, үйлдвэрийн үйл ажиллагаа бүрэн зогссоны улмаас хүлээх хохирол нэмэгдэхээр байсан. Тиймээс гүйцэтгэгчийн үүргийн зөрчил, ажлын доголдлын улмаас нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нэхэмжлэгчид 107,437,773 төгрөгийн хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр нэхэмжилж байгаа болно. Үүнд 2019.04.22-ны өдрийн гэрээний төлбөр 17,482,850 төгрөг, 2019.05.27-ны өдрийн гэрээний төлбөр 4,170,100 төгрөг, Улан-Үдэ хотод насосны дүгнэлт гаргуулсантай холбоотой зардал 533,674 төгрөг, “****************************” ХХК-аар дүгнэлт гаргуулсантай холбоотой зардал 1,500,000 төгрөг, шинэчлэн засварлуулахтай холбоотой зардал 13,424,391 төгрөг, “Эм******* Пи и Эс” ХХК-ийн ажлын хөлс 12,800,000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 3,500,000 төгрөг, үйлдвэрийн үйл ажиллагаа бүрэн зогссон хугацаанд олох байсан орлого 2019 оны 11 дүгээр сард 14,112,484 төгрөг, 2019 оны 12 дугаар сард 39,914,273 төгрөгийн хохирол тус тус учирсан. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК-аас манай компанид хуучин сантехникийн шугам хоолойг шинэчлэн засварлуулах хүсэлт тавьсан. Бид барилгын халаалтын системийн зураг байх шаардлагатай гэж хэлэхэд нэгэнт байгаа шугамыг шинэчлэхийн тулд заавал зураг зуруулж, илүү зардал гаргахыг хүсэхгүй байна гэсэн. Тэгэхээр нь хуучин байсан байдлаар нь солиход асуудал байхгүй гээд 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээг байгуулж, ажил гүйцэтгэсэн.

Хоёр дахь гэрээ буюу 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн гэрээгээр цэвэр усны шугам хийх тухай гэрээ юм. Захиалагч зуухыг өөрсдөө ОХУ-аас авахаар шийдлээ гэж хэлсэн. Зуухаа авч ирсний дараа “та нар нэгэнт цэвэр усны засварын ажил хийх юм чинь холболт хийгээд өгөөч” гэж хэлсэн. Тийм ч учраас хоёр дахь гэрээний төсвийн задаргаанд “зуух угсралт” гэсэн төлбөр оруулж өгсөн. Нэгэнт захиалагч байгууллага зуухаа аваад ирсэн учраас “бидэнд холбоход ямар нэгэн асуудал байхгүй. Танай байгууллага уг зуухны үйлдвэрлэгчийн зааварчилгааг аваад ир, тухайн зааварчилгаан дээр холболтын схем байгаа” гэж хэлсэн. Бид холболтын ажлаа хийж дуусгасан. Тэгэхэд бидэнд намар халаалтын улирал эхлэх учраас халаалтын системээ ажиллуулж өгөөрэй гэж хэлсэн.

Бид намар очоод дахин системээ шалгаад зуухыг ажиллуулж эхэлсэн. Зуухыг галлахад систем нь эргэж халсан. Үүнийг М.Барасаагийн мэдүүлгээр нотолно. Бид 24 ширхэг паар угсарсан. М.Барасаагийн тайлбар дээр “эцсийн цэг дээр халж эхэлсэн” гэж байгаа юм. Эцсийн цэг гэдэг нь замдаа 23 халаах хэрэгслийг халаачихаад эцсийн цэг халж, систем өөрөө ажиллаж эхэлсэн гэсэн үг. Бид 7-22 цаг хүртэл харсан. Ингээд систем ажиллаж эхэлсэн, шөнийн галлагааг мэргэжлийн хүнээр хийгээрэй гээд хүлээлгэж өгөөд хот руу буцсан.

Маргааш өглөө “М” ХХК-аас “тосол асгарчихлаа” гэж ярьсан. Бид тэр орой нь очсон учраас маргааш өглөө захиалагч байгууллага, манай тал байлцаж юунаас болж тосол асгарсан тухай онош гаргасан. Халаалтын системийг эргүүлэх гол хүчин зүйл нь насос юм. Насос эргэхгүй бол зууханд хэт халалт үүсээд аль нэг газраараа тургих магадлалтай. Энэ доголдол гарахад насос эргүүлээгүй, эсхүл систем бөглөрсөн байж магадгүй гээд “М” ХХК-ийн*******үүдийг байлцуулаад бөглөрсөн эсэхийг үзсэн. Тэгэхэд насост даралт гаргахгүй байсан. Насос даралт гаргахгүй байна гээд “М” ХХК-аас М.Барас, н.Оч-Эрдэнэ, н.Билгүүн, Томоко нарт орон нутгийн мэргэжлийн байгууллагаар үзүүлье гэж хэлсэн. Орон нутгийн мэргэжлийн байгууллагаас хоёр мэргэжлийн хүн ирж үзсэн. Хоёр******* ирж үзээд насос даралт гаргахгүй байна, та нар насосоо солих юм уу, ямар нэгэн байдлаар арга хэмжээ аваарай гэж хэлсэн. Захиалагч байгууллага насосыг бид нийлүүлсэн, баталгаат хугацаатай учир насосоо авсан газраараа шалгуулаад ирье гэж хэлсэн. Бид “насосоо шалгуулаад ир, зүгээр байвал угсраад өгье, дахиад ажиллуулаад үзье” гэж ярилцаж тохирсон. Тэгээд Улан-Үдэ хот руу яваад насосоо авч ирэхдээ биднийг дуудна гэж хэлсэн. Ингэж тохиролцсон байж чимээгүй болчихсон. Би холбогдох гэж үзсэн, утсаа аваагүй. Ингээд байж байтал “****************************” ХХК-ийн дүгнэлт гэсэн зүйл гараад ирсэн. Бид өмнө нь насос асуудалтай байна гэсэн чинь тус компаниас халаалтын систем яагаад халахгүй байгаа талаар дүгнэлт гараад ирсэн. Шал өөр дүгнэлт гаргаж ирээд зөв хийсэн зүйлээ өөр байгууллагаар үгүйсгэхээр нь бид тайлбар өгсөн. Бид хийсэн ажлаасаа татгалзаагүй. Тоног төхөрөөмжийг бид хариуцахгүй учраас бидний буруу биш гэж хариу явуулсан. Хэргийн материалд авагдсан насос шалгасан гэсэн дүгнэлтийг бидэнд үзүүлээгүй. Энэ дүгнэлтүүдэд тухайн системд тосол асгарлаа гэх зүйл байгаагүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

               Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Х и” ХХК-нд холбогдуулан ашиглах боломжгүй материалын зардал 21,652,950 төгрөг, насос дүгнэлт гаргуулсантай холбоотой зардал 533,674 төгрөг, ажлын доголдлыг хэвийн байдалд оруулахтай холбоотой дүгнэлт гаргуулах зардал 1,500,000 төгрөг, шинэчлэн засварлахтай холбоотой материалын зардал 13,424,391 төгрөг, доголдлыг засварлуулах зардал 12,800,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3,500,000 төгрөг, олох байсан орлого 54,026,757.75 төгрөг, нийт 107,437,773 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

               Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

               Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Х и” ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Зөгийн байрны дотор халаалт, цэвэр усны засварын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, уг гэрээгээр “Х и” ХХК нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байрлах зөгийн байрны халаалт, цэвэр усны угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, “М” ХХК хариу төлбөрт нь 25,609,760 төгрөг төлөх,

2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Зөгийн балны үйлдвэрийн халаалт, цэвэр ус, бохирын угсралт засварын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, уг гэрээгээр “Х и” ХХК нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байрлах зөгийн байрны халаалт, цэвэр ус, бохирын угсралт засварын ажлыг хийж гүйцэтгэх, “М” ХХК хариу төлбөрт нь 13,016,630 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон болох нь бичгээр байгуулсан гэрээ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэсэн зохицуулалтад нийцэж байна. Зохигч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч гэрээнд заасан хөлс төлөх үүргээ биелүүлсэн, талууд 2019 оны 09 дүгээр сарын 22-23-ны өдөр ажил хүлээлцэх акт /хэргийн 37-38 тал/ үйлдсэн атлаа хариуцагч 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрээнд заасан ажлыг хийж хүлээлгэн өгсөн, улмаар ажлыг хүлээлгэн өгсөн өдрөөс 1 хоногийн дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр халаалтын системийн нөөцийн сав задарч тосол асгарсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон бөгөөд талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т зааснаар гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзэх бөгөөд нэхэмжлэгчийн хүлээн авсан дулааны тоног төхөөрөмжид нөөцийн сав задарч гэрээнд заасан дулааны шугам угсралт засварын ажлын үр дүн гараагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй буюу нөөцийн сав задарч, тосол асгарсан бөгөөд хариуцагч уг доголдлыг арилгах ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж байна гэж тайлбарладаг бол хариуцагч захиалагчийн шилжүүлсэн насос чанарын шаардлага хангаагүйн улмаас нөөцийн сав задарсан доголдлыг хариуцахгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн зүгээс 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “****************************” ХХК-аар хийлгэсэн зөгийн балны савалгааны үйлдвэрийн дулааны шугам, тоног төхөөрөмжийн ажиллагааны доголдлын талаарх судалгааны дүгнэлт гаргуулсан байна. /хэргийн 46-47 тал/

 

Хариуцагч “Х и” ХХК нь “****************************” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан дүгнэлттэй танилцсан байх бөгөөд “халаалтын системийг усаар дүүргэж шалгахад насос даралт гаргахгүй, эргэлтийн насос хүчин чадал хүрэхгүй системийг эргүүлж чадаагүй зууханд хэт их даралт үүсч, даралтыг багасгах зориулалттай аваарын клапин ажиллаагүй улмаас дотор системээр дамжин нэмэлт усны сав руу түрэгдэн тосол гадагшилсан, барилгын куб эзэлхүүнээ бодсон дулааны ачаалал 85,8 квт, зуухны хүчин чадал 150 квт байгаа нь 2 дахин их хүчин чадалтай зуух сонгосон нь гэрээний 4.3-т зааснаар захиалагч талаас нийлүүлж байгаа материал тоног төхөөрөмжийг гүйцэтгэгч тал хариуцахгүй” гэсэн хариуг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 19/84, 19/85 дугаартай албан бичгээр өгсөн байна. /хэргийн 50-51 тал/

 

Дээрх баримтаас үзэхэд ажил гүйцэтгэгчийн зүгээс гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой болохыг хүлээн зөвшөөрсөн агуулгатай байх бөгөөд харин уг доголдол нь ажил гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас үүсээгүй, захиалагчийн шилжүүлсэн материал ажлын үр дүнд муугаар нөлөөлсөн тул доголдлыг арилгахаас татгалзсан гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т зааснаар ажил гүйцэтгэгч нь ажил гүйцэтгүүлэхээр захиалагчийн шилжүүлсэн материал, ажил гүйцэтгэх аргын талаар захиалагчийн өгсөн зааварчилга нь ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр байвал захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй, харин мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4-т зааснаар захиалагч нь ажил гүйцэтгэгчийн тавьсан шаардлагын дагуу чанар муутай буюу шаардлага хангахгүй материалыг сольж өгөх, буруу зааварчилгаагаа өөрчлөх, ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах үүрэгтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, “Х и” ХХК нь “М” ХХК-ийн шилжүүлсэн зуух болон түүний дагалдах тоног төхөөрөмж, ажил гүйцэтгэх аргын талаар өгсөн зааварчилгаа нь ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр байвал цаг тухайд нь “М” ХХК-нд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд зуух болон дагалдах тоног төхөөрөмж, эсхүл зааварчилгаагаа өөрчлөх хүртэл ажлыг гүйцэтгэхгүй байх боломжтой байна.

 

Захиалагч “М” ХХК-аас ажил гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн тоног төхөөрөмжийн хүчин чадал хоорондоо уялдаагүй нь ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр байгааг ажил гүйцэтгэх явцад “Х и” ХХК-ийн зүгээс захиалагчид нэн даруй мэдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-т зааснаар засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагаа нь барилгын ажилд хамаарах бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.11, 40.2-т барилгын ажил гүйцэтгэгч барилга байгууламжид хэрэглэгдсэн материал, тоног төхөөрөмж, зураг төсөлд заасан техникийн үзүүлэлтийг хангаж байгааг нотлох, шаардлагатай тохиолдолд лабораторийн шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулан баталгаажуулах үүрэгтэй, барилгын ажил гүйцэтгэгч барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно гэж тус тус заасан.

 

“Х и” ХХК нь дулааны тоног төхөөрөмжийг техникийн үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг нотлох үүрэгтэйгээс гадна зураг төсөлгүйгээр барилгын ажил гүйцэтгэсэн байх тул захиалагчийн шилжүүлсэн материал ажлын үр дүнд муугаар нөлөөлсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.

 

Иймд хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын зарим хэсэг доголдолтой болох нь тогтоогдсон тул хариуцагчийг Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх” үүргээ зөрчсөн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Захиалагч энэ шаардах эрхийг хэрэгжүүлэхийн тулд ажил гүйцэтгэгчээс эхлээд доголдлыг арилгахыг шаардаж нэмэлт хугацаа тогтоож өгсөн байх ёстой. Ажил гүйцэтгэгч энэ хугацаанд доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй бол өөрөө засварлаж, гарсан зардлыг төлүүлэхээр шаардлага гаргана.

 

Захиалагч “М” ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 228 дугаартай албан бичгээр “2019 оны 10 дугаар сарын 23-ны орой нам даралтын зуухыг галлаж ажил хүлээлцэх явцад нөөцийн сав задарч их хэмжээний тосол асгарч үйлдвэрийн үйл ажиллагаа зогсонги байдалтай байна. Үүнтэй холбогдуулан үйлдвэрийг хэвийн үйл ажиллагаанд оруулах шаардлагатай засвар үйлчилгээг хийж өгнө үү” гэсэн мэдэгдэл (хэргийн 49 тал)-ээр доголдлыг арилгуулахаар шаардлага гаргасан гэж үзэхээр байна. Ажил гүйцэтгэгч “Х и” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 19/84, 19/85 дугаартай албан бичгээр “захиалагч талаас нийлүүлж байгаа материал, тоног төхөөрөмжийг гүйцэтгэгч тал хариуцахгүй” гэх үндэслэлээр доголдлыг арилгахаас татгалзсан болох нь тогтоогдож байх тул захиалагч талаас нэмэлт хугацаа тогтоох нь үр дүнгүй гэж үзэхээр байна.

 

Иймд захиалагч “М” ХХК нь доголдлыг арилгахын тулд өөр этгээдээр гүйцэтгүүлэн, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Ажлын доголдлыг арилгасан зардал болон хохирлын хэмжээний хувьд, талууд халаалт, цэвэр ус, бохирын угсралт засварын ажлын төсөвт /хэргийн 36 тал/ зуух халаалтын узелийн материалын төсвийг 4,170,100 төгрөг (НӨАТ орсон) -өөр тохиролцсон, нэхэмжлэгчээс “****************************” ХХК-аар дүгнэлт гаргуулсантай холбоотой зардалд 750,000 төгрөг /хэргийн 117 тал/, “Эм Энд Пи И Эс” ХХК-аар гүйцэтгүүлсэн ажлын хөлс 6,400,000 төгрөг /хэргийн 119 тал/, Алъяска ахуйн тосолын үнэ 6,231,000 төгрөг, троник, хаалтын үнэ 16,000 төгрөг, зуух унтраахад гарсан хог хаягдлын тээвэрлэлт хийх түлшний үнэ 52,000 төгрөг, халаалтын шугам сүлжээ шинэчлэн засах ажилд трубаны үнэ 756,000 төгрөг, 7 нэр төрлийн материал авахад 249,500 төгрөг тус тус шилжүүлсэн (хэргийн 123, 125, 126 тал) болох нь “М” ХХК-ийн голомт банк дахь дансны хуулга, зарлагын баримт зэргээр тогтоогдож байх тул нийт 18,624,600 төгрөгийг ажлын доголдлыг арилгахтай холбогдсон зардалд тооцож хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

 

Харин нэхэмжлэлээс үлдэх “****************************” ХХК-аар дүгнэлт гаргуулах зардал 750,000 төгрөг, “Эм Энд Пи И Эс” ХХК-ийн ажлын хөлс 6,400,000 төгрөгийг төлсөн гэж үзэх, 7,193,391 төгрөгийн ямар бүтээгдэхүүн үйлчилгээг авсан болох нь баримтаар нотлогдохгүй байна.

Мөн ашиглах боломжгүй болсон материалын зардал 17,482,850 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлсний урьдчилгаа 3,500,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын борлуулалтын орлогоос олох байсан ашиг 14,112,484 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын борлуулалтын орлогоос олох байсан ашиг 39,914,273 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулах шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтад “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасны дагуу шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, Алтанбулагаас Улан-Үдэ хот хүртэл ирж очих машины түрээсийн зардалд 300,000 төгрөг төлсөн гэх баримт нотлох баримтын шаардлага хангаагүй /хэргийн 129 тал/, зочид буудлын зардалд 83,980 төгрөг төлсөн талаар баримт хэрэгт авагдаагүй, хоол, шуудан холбоо, оношлогоо дүгнэлт гаргуулах зардлын баримт /хэргийн 130-137 тал/ -д бүтээгдэхүүн үйлчилгээг авсан байгууллага, иргэний нэр тодорхойгүй, нэхэмжлэгч байгууллагын санхүүгийн тамга бүхий жагсаалтыг үндэслэн 17,482,850 төгрөгийн материалыг дахин ашиглах боломжгүй болсон гэж үзэх боломжгүй, мөн “М” ХХК-ийг 2019 оны 11-12 сард ямар хэмжээний ашиг олох байсныг хэрэгт авагдсан тус компанийн санхүүгийн тамга бүхий жагсаалт, нотлох баримтын шаардлага хангаагүй санхүүгийн тайлан, “М” ХХК-аас бусад байгууллагад гаргасан бүтээгдэхүүн захиалганд оруулахгүй байсан хүссэн хүсэлт /хэргийн 143-162 тал/ зэргийг үндэслэн тогтоох боломжгүй, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс авсан хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээний хөлсийг хохиролд тооцох үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлээс үлдэх 88,813,173 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр хариуцагч “Х и” ХХК-аас 18,624,600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 88,813,173 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч “Х и” ХХК-аас 18,624,600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 88,813,173 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 695,138 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х и” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 251,073 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.БАТЧИМЭГ