Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 183/2020/00526/И |
Дугаар | 001/ХТ2022/00520 |
Огноо | 2022-04-26 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 001/ХТ2022/00520
“Р Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2020/00793 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1043 дугаар магадлалтай,
“Р Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Ц.Ат холбогдох
Гаражийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт 38,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүний гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “Р Э” ХХК нь Ц.Ат холбогдуулан гаражийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт 38,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2020/00793 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р Э ХХК-ийн хариуцагч Ц.Ааас гэрээний үлдэгдэл төлбөр 38 850 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Р Э ХХК-аас гаражийн урьдчилгаанд төлсөн 10 000 000 төгрөгийг гаргуулан хариуцагч Ц.Ат олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ривер гарден эстэйт ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1043 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2020/00793 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүний хяналтын гомдолдоо: ...Магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэснийг эс зөвшөөрч ИХШХШ тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.1-д заасныг үндэслэн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Ц.А нь 2017.05.04-ны өдөр “Р Э” ХХК-тай гаражийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж Ривер гарден хотхоны 405-р байрны В1 давхарт дулаан зогсоол захиалж, урьдчилгаа төлбөр болох 10,000,000 төгрөгийг төлсөн болон үлдэгдэл 25,900,000 төгрөгийг төлж барагдуулаагүй тухай талууд маргаагүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гэрч Ж.Оын “Ривер гарден хотхоны В-112 тоот зогсоолыг Ц.Ааас авч ашиглаж байсан, харин Номин холдингоос зогсоолыг буцаан хураан авсан, өөр машин байрлуулах болсон тул түүнээс хойш ашиглаагүй” гэх мэдүүлгийг хуульд зааснаар үнэлж нэхэмжлэгч нь 2019.08-р сард гэрээний зүйл болох В-112 авто зогсоолыг буцаан авсан үйл баримтыг тогтоож Иргэний хуулийн 225-р зүйлийн 225.1-д заасныг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Харин давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэх хэсэгт “Зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээс үзвэл маргаан бүхий авто зогсоол нь хариуцагчийн эзэмшилд байгаа нь тогтоогдоогүй, захиалгын гэрээг Ж.От шилжүүлсэн гэх боловч баримтгүй, зогсоолын эзэмшил бодитоор хэнд байгаа нь тодорхойгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах шаардлагатай” гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. ИХШХШ тухай хуулийн 25-р зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, ....түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж хуульчилсан ба нэхэмжлэгч өөрийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулаагүй, нотлоогүй үр дагаврыг шүүхийн буруутай үйл ажиллагаа мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлага болж буй В-112 авто зогсоолын өмчлөл Ц.А огт шилжиж байгаагүй, эзэмшил, ашиглалт нь дуусгавар болсон бөгөөд талуудын хооронд байгуулсан гаражийн захиалга хөрөнгө оруулалтын гэрээний 3.6-д “Захиалагч энэхүү гэрээний 2.2-д заасан төлбөр төлөх хугацааг хожимдуулсан тохиолдолд гүйцэтгэгч нь энэ талаар 3 удаа сануулах ба эхний 2 сануулгыг утсаар болон амаар өгөх ба 3 дахь сануулгыг бичгээр өгснөөс хойш төлбөрөө 15 хоногийн дотор төлөөгүй бол гүйцэтгэгч нь захиалагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж гэрээг дангаар цуцлах эрхтэй” гэж заасан нөхцөл хэдийн бүрдсэн ба нэхэмжлэгч энэхүү эрхээ хэрэгжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаас үнийг нь шаардаж буй автозогсоолыг түүний өмчлөл, эзэмшил ашиглалтад шилжүүлээгүй байж үнийг шаардаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд түүний хуульд заасан ямар эрх ашиг зөрчигдөж байгаа нь тодорхойгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” үндэслэлийн хүрээнд хянаж, гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалыг хүчингүй болгон, шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.
6. Нэхэмжлэгч “Р Э” ХХК нь хариуцагч Ц.Ат холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 38,850,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гэрээ цуцлагдсан гэж маргасан байна.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс 10,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал буюу зогсоолын эзэмшил бодитоор хэнд байгаа нь тодорхойгүй, энэ талаар зохигч мэтгэлцэж чадаагүй гэж үзсэн нь хэрэгт байгаа баримтад нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгоно. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, зохигч мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн байх ба хяналтын шатны шүүхээс хэрэгт байгаа баримтын хэмжээнд шийдвэрт хууль хэрэглээний асуудлаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
8. Талууд 2017.05.04-ний өдөр гэрээ байгуулж, ...байрны В1 давхрын В-112 тоот автомашины дулаан зогсоолыг 35,900,000 худалдах-худалдан авахаар тохирч, Ц.А нь мөн өдөр 10,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 25,900,000 төгрөгийг 2017.07.10-ны дотор төлөхөөр тохирсон, “Р Э” ХХК нь гэрээний зүйлийг Ц.Аын эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгсөн, хариуцагч үлдэгдэл төлбөр болох 25,900,000 төгрөгийг төлөөгүй үйл баримтыг талууд маргаагүй байна. Үүнээс гадна хариуцагч Ц.А нь 2018.10.04-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, Их Монгол улс гудамж, 405 дугаар байр, 501 тоот 4 өрөө орон сууцаа Ж.От худалдсан, 2018.10.12-ны өдөр Ж.О автомашины зогсоолын үнэд 10,000,000 төгрөгийг Д.Байгалийн дансанд буюу Ц.Ат шилжүүлсэн баримт хэрэгт авагджээ.
9. Нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр, уг гэрээ хэрэгжсэн гэх үндэслэлээр хариуцагчаас гэрээний үүргийг буюу автозогсоолын үнэ 25,900,000 төгрөг, алданги 12,950,000 төгрөгийг шаардсан бол хариуцагч нь орон сууцаа худалдснаар автозогсоол хэрэгцээгүй болсон, худалдан авагч Ж.О зогсоолыг авна гээд миний урьдчилгаанд төлсөн 10,000,000 төгрөгийг надад өгсөн, “Р Э” ХХК-ийн захирал Хүрэлхүүд энэ талаар мэдэгдсэн, Ж.О нь автозогсоолыг 1 жил эзэмшиж байсан боловч нэхэмжлэгч буцаан авсан байна, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргасан.
10. “Р Э” ХХК нэхэмжлэлийн үндэслэлээ худалдах-худалдан авах гэрээ гэж тодорхойлсон тул гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээний дагуу шаардах эрхтэй эсэх эрх зүйн асуудлаар буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэл бий эсэхийг шүүх дүгнэх учиртай бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагад Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7-д заасан зохицуулалтыг сонгосон нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болжээ. Талуудын байгуулсан худалдах-худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Талуудын хоорондох маргааны зүйл нь гэрээний хүчин төгөлдөр байдал бус харин гэрээ цуцлагдсан эсэх асуудал бөгөөд шүүх нэхэмжлэлийн үндэслэлд хамаарахгүй хуулийг баримталж шийдвэр гаргасан нь хууль хэрэглээний алдаатай болжээ. Нэхэмжлэгч нь гэрч Ж.Оын “...Ц.Атай гэрээ байгуулж 4 өрөө орон сууц худалдаж аваад гаражийг ашиглаж машинаа тавьж байсан, орон сууцны төлбөрт гаражийн үнэ орсон гэж бодсон, хэд хоногийн дараа Ц.А утасдаад гаражийн урьдчилгаа 10,000,000 төгрөгийг өгчих, гаражийн асуудлыг би яриад зохицуулна гэж хэлэхээр нь мөнгийг шилжүүлсэн, гэтэл 2019.08 сараас “Номин холдинг” ХХК хурааж аваад манай машиныг зогсоохоо больсон, гараж худалдан авах талаар тус компанитай бид гэрээ байгуулаагүй тул бидэнд хамаагүй...” гэсэн мэдүүлэг, гаражийн ашиглалтын зардлыг Ж.О төлж байсан үйл баримт, хариуцагчийн тайлбарыг үгүйсгэж баримт гаргаагүй, нэхэмжлэлийн үндэслэлээ нотолж чадаагүй байна. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ. “Р Э” ХХК-ийн хамаарал бүхий этгээд “Номин холдинг” ХХК нь гэрээний зүйл болох автомашины зогсоолыг 2019.08 сард хураан авсан нь гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэл болно. Иймд нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардах эрхгүй.
11. Хариуцагчийн зүгээс гэрээ цуцлагдсан гэж маргаж байгаа боловч гэрээ цуцлагдсаны үр дагаврыг шаардаагүй байхад анхан шатны шүүх “нэхэмжлэгчээс 10,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож” шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцээгүй тул залруулах шаардлагатай.
12. Ц.А нь орон сууцаа Ж.От худалдсан, “Р Э” ХХК-д автозогсоолын урьдчилгаа төлбөрт төлсөн 10,000,000 төгрөгөө Ж.Оаас авсан, уг автозогсоолыг Ж.О эзэмшиж байсан, 2019.08 сард зогсоолыг хурааж авсан гэх гэрч Ж.Оын мэдүүлгийг нэхэмжлэгч няцаагаагүй үйл баримт тогтоогдсон байхад “автозогсоол хэний эзэмшил ашиглалтад байгаа нь тогтоогдоогүй” гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Харин энэ хэсгийн 10, 11-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1043 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2020/00793 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ц.Ааас 38,850,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “Р Э” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.06.10-ны өдөр төлсөн 352,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД