Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 375

 

 Б.С, Г.Т, Б.Э  нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Ц.Гансүлд,

            шүүгдэгч  Г.Т, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Д.Даваадорж,

шүүгдэгч Б.Э-н өмгөөлөгч С.Халиунаа, Б.Бат-Ерөөлт,

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа,    

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Эрдэнийн бичсэн 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 11 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч Б.С, шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Д.Даваадорж, М.Билгүтэй нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.Т, Б.Э, Б.С нарт холбогдох 1902 00339 0179 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Т овгийн Г-н Т, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, хадам эмээ, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт ............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .........../;

2. Х т овгийн Б-н Э, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ....................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .................../,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 9А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;

3. Б овгийн Б-н С, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр ............ аймгийн .............. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, “Т..б...” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт .............. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ................./,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

Г.Т нь Б.Э-тай санаатай нэгдэж бүлэглэн, гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдан төлөвлөж, үүрэг оролцоог нь хуваарилсны дагуу Б.Э нь 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй гялгар уутанд савласан 0.0510 грамм хэмжээтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Б.С-д худалдсан,

2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 2 тусдаа гялгар уутанд савласан нийт 0.9283 грамм хэмжээтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг зохион байгуулсан,

Б.Э нь Г.Т-тэй санаатай нэгдэж бүлэглэн, 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Т-с худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй гялгар уутанд савласан нийт 0.0510 грамм хэмжээтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Б.С-д худалдсан,

2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Т-с худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 2 тусдаа гялгар уутанд савласан нийт 0.9283 грамм хэмжээтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн,

Мөн ганцаараа 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 4 ширхэг хөх цэнхэр өнгийн капсултай, “Залеплон” гэх бодисын агууламжтай, “Анданте” гэх нэршилтэй эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Б.С-д худалдсан гэмт хэргийг,

Б.С нь 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй гялгар уутанд савласан 0.0510 грамм хэмжээтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг ........... УНҮ улсын дугаартай, “Соната-7” загварын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Г.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Т-г бусадтай бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан, худалдаалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Э-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдаалсан, хууль бус хориглосон эм бэлдмэлийг худалдаалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.С-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Г.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Б.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар хорих ялаар, Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн Б.Э-н биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тооцож, шүүгдэгч Г.Т, Б.Э, Б.С нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Т, Б.Э нарын тус бүр цагдан хоригдсон 32 хоног, Б.С-н цагдан хоригдсон 8 хоногийг тэдний эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч нарын холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Г.Т-н 2013 оны 5 дугаар сарын 8-ны өдөр төрсөн охин Т-н Э, 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Т-н Е нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Б.Э-с хураан авсан гялгар ууттай, 0.8321 грамм, 0.0962 грамм хэмжээтэй мөс гэх нэршилтэй бодис, гялгар ууттай хөх цэнхэр өнгийн соруул, хагархай тарианы шил, 1, 2 гэсэн хаягтай гялгар ууттай хөх цэнхэр өнгийн капсултай “запеллон” бодис агуулсан 6 ширхэг, капсул дотроо хоосон 2 ширхэг “Анденте” гэх эм, Б.С-с хураан авсан гялгар ууттай, 0.0510 грамм хэмжээтэй “мөс” нэршилтэй бодис, хуйлж ороосон 100 төгрөгийн дэвсгэрт, соруул, хагархай тарианы 2 ширхэг шил, “Анденте” гэх эм зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа, 3 ширхэг сидитэй 56 хуудас зэргийг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Эрдэнэ бичсэн эсэргүүцэлдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.Үүнд:

1. Анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдалд тулгуурлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийхдээ шүүгдэгч Б.Э-г Г.Т-тэй санаатай нэгдэж бүлэглэн, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар худалдсан, хадгалсан гэмт хэргийг гардан гүйцэтгэж гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь тогтоогдсон гэж үзсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч Б.Э-г зөвхөн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдаалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хийсэн дүгнэлттэй нь зөрчилдөж байх ба хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

2. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, ... эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байхад шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулахдаа түүнд 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Ц.Гансүлд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурор Г.Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулахдаа түүнд 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 1 жил 1 сарын хорих ялыг биеэр эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Би архи, тамхи хэрэглэдэггүй, гэмт хэрэгт холбогдохоос өмнө хар тамхи мансууруулах төрлийн зүйл хэрэглэж үзээгүй, мэдээгүй байсан ба тухайн хэрэг гарах өдөр ажлаа хөөцөлдөөд явж яваад Э-тай уулзаад түүний биед хар тамхи байсан гэдгийг мэдээгүй. Түүний санал болгосноор саваагүй зангаасаа болж уруу татагдан хэрэглэж үзээд тэр даруйдаа цагдаагийн ажилтнуудад баригдсан. Миний бие анхнаасаа үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөвөөр тогтвортой мэдүүлж, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулаагүй, шүүх хуралд гэм буруу дээр огт маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, шүүхээс гагцхүү хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг нэг удаа харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хорих ялыг биеэр эдлүүлэхгүйгээр тэнсэж өгөхийг хүссэн.

Би маш их зүйл ойлгож ухаарч, хийсэн үйлдэлдээ гэмшиж, ар гэрийнхнээсээ ичиж байна. Би саяхан аав болж анхны хүүхдээ өлгийдөн авсан. Миний хүү 3 сартай, эхнэр маань ажил хийдэггүй, саяхан хагалгаанд орж, намайг хоригдсон цагаас хойш 200.000.000 төгрөгийн байрны зээлтэй маш хүнд байдалд амьдарч байна. Миний ар гэрийн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа байдлуудыг харгалзан надад оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг өршөөж, биеэр эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.С-н өмгөөлөгч Н.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Б.С нь гэм буруу дээрээ маргаагүй, анхнаасаа хэргийн талаар тогтвортой мэдүүлэг өгсөн. 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн бол тэнсэх боломжтой байсан гэж үзэж байна. Шүүгдэгч Б.С-н ар гэрийн байдлыг харгалзаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.    

Шүүгдэгч Г.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн үйлдлийн хор холбогдлыг ухамсарлан ойлгож, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа бөгөөд бага насны хоёр охинтой, өрх толгойлсон эцэг, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэгт давж заалдах шатны шүүхээс бодитоор үнэлэлт, дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Т-н өмгөөлөгч Д.Даваадорж, М.Билгүтэй нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...бид шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэж өгөхийг хүсэж дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү гэснийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасн үндэслэлийг зааж өмгөөлөгчдийн гаргасан саналыг хүлээж авах боломжгүй” хэмээн дүгнэжээ.

Бидний зүгээс дээрх байр суурьтайгаар шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэх талаар өмгөөллийн үгээ явуулсан болно.

Дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх эсэх нь тухайн шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмын нэг илрэл боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэм хэмжээг хэрэглэн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулж болдог бөгөөд Г.Т-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хэм хэмжээг хэрэглэж болох нөхцөл байдал харагдаж байна. Иймд дээрх хуулийн заалтыг хэрэглэж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Т-н өмгөөлөгч Д.Даваадорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Иймд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Т-н өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...  Г.Т нь ар гэрийн байдлын хувьд эхийнх нь биеийн байдал муу, бага насны хоёр хүүхэдтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ... эргэлзээ гарвал ... шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Уг заалтыг баримталбал шүүгдэгч Г.Т-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Г.Т-н гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдлыг харгалзан үзэж, оногдуулсан ялыг нь багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Э-н өмгөөлөгч С.Халиунаа тус шүүх хуралдаанд “... Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Б.Э-н өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Б.Э нь мансууруулах үйлчилгээтэй эмийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдсан үйлдэл дээрээ маргаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн сонгох санкцтай. Хорих ялын доод хэмжээ 1 жил, дээд хэмжээ 5 жил хүртэл хугацаагаар тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтыг баримталсан юм болов уу гэхээр баримтлаагүй байдаг. Өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн тайлбар алга. ...” гэв.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Б.С, Г.Т, Б.Э  нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Э нь Г.Т-тэй санаатай нэгдэж бүлэглэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй гялгар уутанд савласан нийт 0.0510 грамм хэмжээтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Б.С-д худалдсан,

дээрх нэршилтэй 2 тусдаа гялгар уутанд савласан нийт 0.9283 грамм хэмжээтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн,

мөн ганцаараа 4 ширхэг хөх цэнхэр өнгийн капсултай, “Залеплон” гэх бодисын агууламжтай, “Анданте” гэх нэршилтэй эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Б.С-д худалдсан гэмт хэрэгт холбогдож, прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, ..., эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл, хэмжээг заажээ.

Гэтэл анхан шатны шүүх Б.Э-г хууль бус хориглосон эм бэлдмэлийг худалдаалсан гэмт хэрэг үйлдсэн тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, тухайн зүйл, хэсэгт байхгүй хорих ялын доод хэмжээнээс доогуур ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.  

Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э-г Г.Т-тэй бүлэглэн, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар худалдсан, хадгалсан гэмт хэргийг гардан гүйцэтгэж гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтдаа шүүгдэгч Б.Э-г зөвхөн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдаалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Б.Э-г бусадтай бүлэглэсэн гэмт хэргийн шинжийг, мөн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан үйлдлийг орхигдуулж бичсэн нь буруу болжээ.

Иймд энэ талаар бичсэн прокурор Г.Эрдэнийн 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 11 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.С, Г.Т, Б.Э  нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлэх болсон тул шүүгдэгч Б.С, шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Д.Даваадорж, М.Билгүтэй нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр Б.Э-н түрийвчнээс гялгар ууттай 1.1 гр, 0.3 грамм жинтэй метамфетамины агууламжтай нунтаг бодис, 12-13 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслээс 0.07 грамм жинтэй метамфетамины агууламжтай нунтаг бодис тус тус илэрсэн байхад прокурор яллах дүгнэлтдээ “мөс” гэх нэршилтэй, гялгар уутанд савласан 0.0510 грамм, 0.9283 грамм хэмжээтэй гэж, анхан шатны шүүх 0.07 грамм, мөн хоёр тусдаа уусанд савласан нийт 1.4  грамм хэмжээтэй гэж мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээг өөр өөр байдлаар бичсэн байх тул энэ талаар анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ тухайн бодисуудын аль хэмжээ нь үндэслэл бүхий гэж үзэж болох талаар дүгнэлт хийх нь зүйтэйг дурдаж байна.