Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2019/02160

 


 

2019 оны 10 сарын 11 өдөр

   Дугаар 183/ШШ2019/02160

         Улаанбаатар хот

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, ,,,,,,,,,,,,, тоот хаягт оршин суух, , А /РД:..../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, ............... тоот хаягт оршин суух, Б /РД:....1/-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16 470 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанзул оролцов.                                        

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Р.Бт өөрийн эзэмшлийн ....УНС улсын дугаартай Dongfeng маркийн чирэгч зориулалттай машин,       ....ГЧ улсын дугаартай чиргүүлийн хамт нийт 37 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, төлбөрийг 20 000 000 төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл 17 000 000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр худалдан авагч Р.Б төлж барагдуулах, хэрвээ хугацаандаа төлөөгүй бол гүйцэтгээгүй үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алданги тооцох болзолтой автомашин худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Би автомашинаа Р.Бт хүлээлгэн өгсөн. Р.Б нь 20 000 000 төгрөгөө бэлнээр төлсөн, үлдэгдэл мөнгөнөөс 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 4 000 000 төгрөг төлсөн. Иймээс үлдэгдэл 13 000 000 төгрөг, алданги 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 17 000 000 төгрөгөөс 21 хоногийн алданги бодоход 1 785 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл       13 000 000 төгрөгөөс 26 хоногийн алданги 1 690 000 төгрөг, нийт 16 475 000 төгрөгийг автомашин худалдах, худалдан авах гэрээний үүргийн дагуу Р.Баас гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Р.Бт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16 470 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Р.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбараа нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... өөрийн эзэмшлийн ....УНС улсын дугаартай, Dongfeng маркийн чирэгч зориулалттай машин, ....ГЧ улсын дугаартай чиргүүлийн хамт 37 000 000 төгрөгөөр Р.Бт худалдахаар тохирч, 2019 оны 06 сарын 26-ны өдөр 20 000 000 төгрөгийг, 07 сарын 24-ний өдөр 4 000 000 бэлнээр авсан, үлдэх       13 000 000 төгрөгийг, алдангийн хамт гаргуулна.” гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2019 оны 06 сарын 26-ны өдөр төлбөр барагдуулах тухай хэлцэл байгуулагдаж, уг хэлцлээр худалдан авсан тээврийн хэрэгслийн үлдэгдэл 17 000 000 төгрөгийг 2019 оны 07 сарын 03-ны өдөр Б.Ат төлөх, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор тохирсон байна. Мөн ....УНС улсын дугаартай, Dongfeng маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Р.А 2019 оны 06 сарын 26-ны өдөр бүртгэгдсэн болох нь авто тээврийн гэрчилгээгээр тогтоогдож байна.  /хх-3/

 

Талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасанд нийцсэн тул нэхэмжлэгч Б.А болон хариуцагч Р.Б нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.  

 

            Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-т эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцохоор заасан тул гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж дээрх гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

 

            Нэхэмжлэгч Б.А нь тээврийн хэрэгслийг болон түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагч Р.Бын өмчлөлд шилжүүлж үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Харин хариуцагч Р.Б нь төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 2019 оны 06 сарын 26-ны өдрийн байдлаар 17 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь талуудын хооронд байгуулагдсан төлбөр барагдуулах хэлцлээр тогтоогдож байх ба хариуцагч нь 2019 оны 07 сарын 24-ний өдөр 4 000 000 бэлнээр өгсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх тул хариуцагчийн худалдах худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг                  13 000 000 төгрөг байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хариуцагч татгалзаж шүүхэд тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй тул нэхэмжлэгчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1, 42.4-т зааснаар бодит байдалд нийцсэн, үнэн зөв гэж үзэв.

 

            Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан төлбөр барагдуулах тухай хэлцэлд төлбөрийг 2019 оны 07 сарын 03-ны өдөр төлөх, энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасанд нийцэх тул шүүх хариуцагч Р.Баас худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 13 000 000, хугацаа хэтрүүлсэн 46 хоногийн алданги 2 990 000 төгрөг, нийт 15 999 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.А шаардах эрхтэй гэж дүгнэв.

 

Иймд хариуцагч Р.Баас 15 999 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 485 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 241 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 237 945 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Хариуцагчид шүүхээс шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасанд нийцүүлэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Баас 15 999 000 /арван таван сая есөн зуун ерэн есөн мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ат олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 237 945 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэнээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Д.МӨНХЦЭЦЭГ