Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 192

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар       

Нэхэмжлэгч: Л.Б

Төв аймгийн Зуунмод сум, ...

Хариуцагч:   Өмнөговь аймаг дахь   ...

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар илүү суутган авсан 17 031 294 төгрөгийн төлбөр гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, А.Ч, гэрч С.О, Б.Д, нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие “Жи...” ХХК-д хууль эрх зүйн зөвлөгөө тусламж үзүүлж ажиллаж байх явцад Өмнөговь аймгийн “Чунхуа Мак-Нарийн сухайт” ХХК-аас байгууллага хоорондын төлбөр тооцоогоор авах төлбөрийн маргаантай 425 782 361 төгрөгийн асуудлыг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд биечлэн оролцож шийдвэрлүүлсэн. Гэтэл Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч О-тай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гэрээ байгуулахдаа үндсэн төлбөрийн 6 хувь хүртэл суутган авч, төлбөр биелүүлэхээр тохиролцсон боловч Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хууль зөрчиж, хэтэрхий их мөнгө өөрөөр хэлбэл 42 782 000 төгрөгийг суутган авсан байна. Энэ тухай гомдлоо дээд байгууллага болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандахад төвлөрсөн мөнгө хөрөнгөнөөс танд олгох боломжгүй гэсэн хариу өгсөн юм. Би Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай удаа дараа утсаар ярьж биечлэн очиж уулзсан боловч удахгүй таны мөнгийг өгнө гэж хуурсаар өдийг хүрлээ. Иймд Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны урамшуулал мэтээр үндэслэлгүйгээр гэрээнээс илүү суутган авсан 25 000 000 төгрөгийг надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Нэхэмжлэгч Л.Б би Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 25 000 000 төгрөгийг 17 031 294 төгрөг болгон багасгаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжид 243 107 төгрөг төлсөн болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, А.Ч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай төлбөр авагч “Жи...” ХХК-ийг төлөөлөн ирж хуулийн зөвлөх Л.Б, нягтлан бодогч Б.Д нар нь 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч С.О-тай зардал гаргуулах тухай 1/204 дугаартай гэрээг төлбөр авагч хуулийн этгээдээс олгосон итгэмжлэл, хүсэлтийн дагуу тус тус байгуулсан. Урамшууллын гэрээг байгуулахдаа 2 тал харилцан тохиролцсоны үндсэн дээр 10 хүртэлх хувиар байгуулах талаар хуульчилсан байна. Урамшууллын гэрээг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасны дагуу 10 хувиар гэрээг байгуулж 2 тал гарын үсэг зурж, төлбөр авагч хуулийн этгээдийн тамга, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэг тус тус дарж баталгаажуулсан байна. Хэрэв тухайн үедээ шийдвэр гүйцэтгэгчтэй 6 хувиар тохиролцож гэрээг байгуулсан бол үүнийг нотлох баримт байгаа эсэх нь тодорхойгүй, шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт 6 хувиар тохиролцож байгуулсан гэрээ байхгүй, харин 10 хувиар тохиролцож байгуулсан гэрээ байсныг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн болно. Тийм учраас нэхэмжлэлийн энэ хэсэг нь үндэслэлгүй гэж үзэж байна. ...Мөн тус алба нь 2 талын харилцан тохиролцож байгуулсан урамшууллын гэрээний дагуу төлбөрийн үнийн дүнгийн 10 хувийг суутган авсан байна. Харин хууль зөрчиж гэрээнд заасан хувиас илүү их мөнгө суутгаж аваагүй байна. Төлбөр авагч “Жи...” ХХКомпаний захирал Г.Г нь тус албанд ирүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 15/55 дугаартай албан бичигт “Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны гэрээг урьд тохиролцсоноор итгэмжлэгдсэн төлөөлөгч хуулийн зөвлөх Л.Б, нягтлан бодогч Б.Д нарын хийсэн гэрээгээр тооцож үйл ажиллагаа явуулж болно” гэжээ.

Төлбөр авагч “Жи...” ХХКомпани нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан өргөдөл гаргасан байдаг. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 5/407 дугаартай албан бичгээр  “Жи...” ХХКомпаний өргөдөлд хариу өгөхдөө холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хянаж ...хариуг өгсөн байна. Мөн иргэн Л.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандаж “шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд “Жи...” ХХК-ийг төлөөлөн оролцсоны цалин, хөлсийг шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээний дагуу суутгасан мөнгөнөөс авах”-ыг хүссэн өргөдөл гаргасан байдаг ба “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 5/847 дугаартай албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д заасны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төлбөрийн үнийн дүнгийн 10 хувиар урамшуулал тооцохоор гэрээ байгуулсныг үндэслэн суутгал хийсэн нь хуульд нийцжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагчийг та төлөөлөн оролцсон, эрхээ хэрэгжүүлсний улмаас “Ж...” ХХК-иас авах цалин, хөлсөө шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын мөнгөнөөс авахаар шийдвэр гүйцэтгэгчтэй харилцан тохиролцсон талаарх өргөдөл үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулахаар гэрээ байгуулагдсан ба төлбөр авагчийг төлөөлөх эрх хэрэгжүүлсэнтэй холбоотой цалин, хөлсийг танд олгох шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас байхгүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна. Цалин, хөлс гаргуулах асуудлаа төлөөлүүлэх эрх олгож гэрээ байгуулсан “Жи...” ХХК-иас шаардаж, гэрээтэй холбоотой маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэхийг танд зөвлөж байна” гэсэн хариуг танд албан бичгээр өгч байжээ. Нэхэмжлэгч Л.Б нь тус албатай удаа дараа утсаар ярьж, биечлэн уулзсан боловч удахгүй таны мөнгийг өгнө гэж хуурсаар өдийг хүрлээ гэсэн үг нь зарим талаараа үндэслэлгүй гэж үзэж байна. Л.Б нь тус албаны дарга болон ахлах шийдвэр гүйцэтгэгч, хариуцсан тойргийн шийдвэр гүйцэтгэгч нартай биечлэн уулзаж нэхэмжлэлд дурдсан асуудлаар тухайн үед гомдол гаргаж байсан нь үнэн бөгөөд чухам эдгээр хүмүүсээс хэн гэдэг ямар албан тушаалтан нь “удахгүй таны мөнгийг өгнө гэж хэлсэн талаар хүний нэр, цаг хугацаа огт дурдаагүй байгаа нь өөрийнхөө санааг бусдад зөв зүйл мэтээр ойлгуулах гэсэн санааг гаргасан байна” гэж үзэхэд хүргэж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшууллыг хуулийн дагуу харилцан тохиролцож гэрээ байгуулж нийт 42 579 736 төгрөг суутган авч ШШГЕГ-т 14 902 907  төгрөг, Татварт 2 767 683 төгрөг, Шийдвэр гүйцэтгэгчид 24 909 145 төгрөгийг тус тус холбогдох газар болон шийдвэр гүйцэтгэгчид шилжүүлэн олгож ажилласан.

Л.Б нь “Жи...” ХХК-ыг төлөөлж “Чин...” ХХК-д холбогдох дээрх асуудлаар шүүхэд оролцох эрх олгогдоогүй этгээд байна. Иймд Л.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 онд гэрээ байгуулахдаа тойргийн харьяаллын дагуу шийдвэр гүйцэтгэгч материалаа хүлээж аваад гэрээгээ байгуулаад гэрээгээ батлуулаад явдаг байсан. Тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлд заасан үндэслэлээр урамшуулал суутгадаг байсан. Гэрээ байгуулах үед нь би байгаагүй ч гэсэн сүүлд нь ирсэн. Ирэхэд ийм хүмүүс ирээд, ингээд надтай гэрээ байгуулаад явлаа, энэ гэрээгээ батлуулаад 1 хувийг нь өгч явуулахгүй бол болохгүй гэсэн. Би материалыг нь үзчихээд энэ 10 хувиар байгуулсан юм уу, гэрээн дээрээ 10 гээд биччихсэн байсан. 10 хувь гэсэн байна, яахав хүсээд тохиролцсон бол 10 хувиар байгуулаад явдаг л байсан. Энэ 10 хувиар байгуулсан юм уу гэсэн чинь тэгсэн юм гэсэн. Тэгвэл төлбөр авагч байгууллагаас буюу нэхэмжлэгч талаас 10 хувиар гэрээг байгуулъя гэсэн захирлын тамга тэмдэгтэй бичиг авах ёстой шүү гэдгийг хэлээд би гэрээг нь баталгаажуулаад гаргасан. Сүүлд нь “Жи...” ХХК-ийн захирал Г гэдэг хүнээс манай хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Л.Б нарын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай урьд нь тохиролцсон гэрээний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж болно гэсэн утгатай албан бичиг ирүүлсэн байсан. Тэгээд 10 хувиар явуулах талаар захиралтайгаа тохиролцсон зүйл юм байна гэж ойлгосон. Гэрч нүүрэлдүүлэн байцаах явцад тодорхой асуусан. 10 хувь байсан юм уу, 6 хувь байсан юм уу гэдэг нь хамаагүй. Миний хувьд танд л мөнгө өгөөгүй, та хохирчихоод байгаа учраас “Жи...” ХХК-ийг шүүхэд татаад асуудлаа тавиад цалингаа авчихаж яагаад болдоггүй юм бол гэж бодож байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд энэ байгууллагыг итгэмжлэлээр төлөөлж байгаа. Төсөвт байгууллага гэдгийг Л.Б гуайд хэлмээр байна. Төсвөөс цалингаа авдаг, төсвийн байгууллага учраас тантай эвлэрэн хэлэлцээд 10 000 000 төгрөг өгье гээд тодорхой эвлэрч чадахгүй. Хувь тохирно гэдгийг гэрээгээр баталгаажна гэж л ойлгож байгаа. Харилцан тохиролцох, 6 хувиар, 4 хувиар, 10 хувиар гэж тохиролцож байгаа бол гэрээгээр баталгаажуулаад тэр гэрээн дээр гарын үсэг зураад тамга тэмдэг дарагдаагүй байсан ч та нэг хувийг нь аваад явах ёстой гэсэн ойлголттой байна. Тэр гэрээн дээр хувь тавигдсаны үндсэн дээр та бүгдийг гарын үсгээ зураад тамга тэмдгээ дараад явсан болов уу гэж би ойлгож байна. Энэ Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлээд байгаа 17 031 294 төгрөгийг 425 000 000 төгрөгөөс 6 хувийг нь миний цалин гэж ойлгож нэхэмжлээд байгааг ойлголоо. Энэ нэхэмжлээд байгаа мөнгийг манайх таны цалинг өгнө гэж тохиролцож гэрээ байгуулсан зүйл байхгүй. Миний хувьд компаниасаа нэхэмжлээд явах боломжтой юм болов уу, компани чинь шийдэж өгөх юм болов уу гэж бодож байна гэв.

Гэрч С.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Жи...” ХХК-ийн материал ирээд нэхэмжлэгч талтай анх гэрээ байгуулаад 2 зүйлийг тохиролцсон гэж Л.Б яриад байгаа. Нэг тохиролцоо нь “Жи...”  ХХК-аас авах Л.Б гуайн цалинг Чин... ХХК-ийн төлбөрөөс би аваад өгье гэж ярьж байсан тохиолдол байхгүй. Сүүлд нь нэхэмжлэгчтэй утсаар яриад та дансаа өг, таны данс руу мөнгө шилжүүлье гэж ярьж байсан тохиолдол байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Байгальмаа гэдэг хүнээс энэ арга хэмжээг ямар шатанд шийдэх тухай тийм албан бичиг хэргийн материалд тухайн үед явуулж байсныг санахгүй байна. Энэ урамшууллын гэрээтэй холбоотой, энэ маргаантай холбоотой асуудлыг яаралтай шийдэж хариуг ирүүл гэсэн албан бичиг ерөнхий газраас ирүүлж байгаагүй. Хувийн хэрэгт тийм бичиг байхгүй. Хавтаст хэргийн 39-р хуудсанд авагдсан “Жи...” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох Б.Д гэдэг хүнээс Л.Б-ийн цалинг наад мөнгөнөөсөө өг гэсэн албан бичгийг намайг ажиллаж байхад ирүүлсэн. Тэр албан бичгийн талаар Х.Б ахлахаас асууж байсан. Анх гэрээ хийхэд хүсэлт дээрээ Г гэдэг хүний гарын үсэгтэй ирж байсан. Тухайн үед сүүлийн гурван зуун хэдэн сая төгрөг орж ирэхэд Л.Б гуайд өгөх хэрэггүй, компанийнхаа дотоод асуудлыг бид хоорондоо зохицуулна гээд шилжүүлээгүй шууд компани руугаа мөнгөө шилжүүлж авсан. Гэрээний асуудлаар тохиролцоо хийхэд Х.Б байсан. Л.Б утсаар ярихдаа Төв аймгийн шийдвэр гүйцэтгэлд өртэй байна, бичгээ өгье, шилжүүлээд өгөөч гэж хэлж байсан. Би гэрээгээ өөрчлөх юм уу, яах юм бэ гээд ярьсан чинь манайх бичгээр явуулна гээд шууданд хийгээд явуулсан байсан. 10 хувиар байгуулсан гэрээгээ өөрчлөх үү, яах уу гээд асуусан. Хурдан хугацаанд төлбөрийг барагдуулж өгөхөөр бол 10 хувиар байгуулъя, цаг хугацаа алдах юм бол гэрээгээ өөрчилнө шүү гэж өөрсдөө хэлсэн шүү дээ. Сүүлийн мөнгө орж ирэхээр Б.Д гуай за битгий шилжүүлээрэй байгууллагын асуудал гэсэн. Сонинбаатар дарга энэ мөнгийг танайх руу шилжүүлэх үү, Баатар-Эрдэнэ рүү шилжүүлэх үү гэж асуусан. Төлбөрийнхөө дансыг манайх албан бичгээр өгсөн учраас тэр данс руу л шилжүүлсэн. Гүйцэтгэх баримт бичиг дээр Жи... ХХК-ийн тийм тоот данс руу хий гэсэн хүсэлттэй гэв.

Гэрч Б.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Л.Бтэй хамт ирээд С.Отай гэрээ байгуулж гарын үсэг зураад хувиа 6 хувиар тохирчихоод гэрээн дээрээ хувиа бичээгүй. Бусад бүх юмыг нь би бичсэн. Тэгээд тэрийгээ орхиод явсан. Даргынх нь тамга байхгүй, дарга нь байхгүй гээд бид үлдээгээд автобус явах гээд яараад явсан. Бичиг баримтаа буцааж аваагүй шүү дээ. Би чамтай хамт явсан биз дээ. Хоёулаа гараад чамаас чи чинь 6 хувь гэж юу яриад байгаа юм бэ, захирал бид нар яриад 4.5-5 хувь байдаг юм байна гэж байсан шүү дээ гээд асуусан шүү дээ. Тэгсэн чинь чи хуулийн ажил мэдэхгүй, энэ чинь зардал их байдаг гээд нэмчихлээ гэхээр нь би за тийм юм байлгүй гээд дуугүй байсан. Та хоёр л хоорондоо яриад тийм зүйл болсон. Би оролцоод янз бүрийн юм яриагүй. Би харин тэр гэрээг бичсэн нь ёстой үнэн. Хувиа тавиагүй нь үнэн. Харин бусдыг нь бичээд Жи... ХХК-ийн тамгыг дараад л үлдээсэн. Харин дарга нь байхгүй байсан. Нэг маягт гаргаж ирээд за бич гэсэн. Тэгэхээр нь л би бичсэн. С.Отай хуйвалдсан тийм юм байхгүй. Чи чинь С.О Улаанбаатар хотод ирсэн байна, С.Од 2 000 000-3 000 000 төгрөг хэрэгтэй байна гэж байна, чи том компанийн нягтлан бодогч хүн байна, чи мөнгийг нь гаргаад өгчихөөч гэсэн. Би захирал байхгүй юм чинь яаж хүний мөнгийг гаргаж өгөх юм, чи өөрөө учраа ол гэж хэлсэн. Та хоёр чинь тийм зүйл болоод байсан биз дээ. Чиний өвчтэй зовлонтойг манай байгууллага даяараа мэднэ. Ялангуяа би мэднэ. Урьдчилаад түрүүчийн мөнгөнөөс нь цалингаа авмаар байна, би бас С.Оаас гуйлаа, Чин...ХХК-аас гуйлаа гээд чи надад ярьсан. Тэгж авч болж байвал урьдчилаад авсан ч яадаг юм гэж би хэлсэн. С.О над руу яриад танай өмгөөлөгч надаас ингэж гуйгаад байна, та нэг бичиг явуулаач ээ гэсэн. Би бичиг явуулсан шүү дээ. С.О надаас гуйсан. Би явуулсан. Тэгээд би мэдэхгүй. Талийгаач Энхбаяр дарга дээр хамт ирсэн биз дээ. Тэр хүн чинь С.Оыг дагуулж орж ирээд тэр дарга нь байсан хүн чинь шүүх, цагдаа гэж яваад яах юм бэ, хэл ам гаргамааргүй байна, энэ дээр ямар буруу үйлдэл болсон, юу болсныг дотооддоо яриад шийдчих ёстой асуудал гээд энэ хүүхдийг дуудсан. Цагдаа сэргийлэх болоод байх шаардлагагүй, юу болоод байгаа юм гээд их уурлаж байсан. Тэгээд намайг түр гарч бай гээд тэр талийгаач та 3 л ярьсан шүү дээ. Юу ярьсныг мэдэхгүй. Би бодохдоо та хоёрыг л хуйвалдаад энэ 4 хувийн мөнгийг авсан юм байна, яагаад надаас нэхээд байгаа юм бол гэж чамайг анх хардаад сүүлдээ ойлгосон. С.О буруу хийжээ гэж ойлгосон. Тэгээд би чиний төлөө тэр хүнтэй уулзаад, би бас аминдаа учрыг олж өгчих гээд их явсан. Тэгээд эцэстээ эндхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага дээр л унадаг юм байна лээ. Манай захирал хүртэл чамд хэлсэн шүү дээ. Манайх чамд мөнгө өгөхгүй, манайд дутуу мөнгө орж ирсэн, чи хувиа бид нарт буруу хэлж их мөнгө авсан, чи тэр шийдвэр гүйцэтгэлийн хүнээсээ зөрүү цалингаа олж ав, манайх мөнгө гаргаж өгч чадахгүй гээд албан ёсоор хэлсэн. Захирал үүн дээр чинь намайг хардсан. Та 6 хувь гээд байсан биз дээ. Яагаад 10 хувийг суутгаад байгаа юм бэ гэхээр нь би хэлэх үг олдоггүй. Энэ зөрүү буруу зүйл болсон байх, өмгөөлөгч учрыг нь олох байлгүй дээ гэж хэлсэн. Манай захирал тэгээд яагаад эцсийн тооцоо хийгээд байгаа юм бэ, наадах чинь тооцоо хийх болоогүй байна шүү дээ гэж хэлж байсан. С.О төлбөр тооцоо дууслаа гэж ярьсан. Би ч Чин...ХХК руу нэг удаа ярьсан. Бид өгөх ёстой юмаа өгчихлөө, одоо тэр шийдвэр гүйцэтгэлийн албаны залуутай л ярь гэж хэлж байсан. С.О Л.Б-ийн цалинг олгоё, бичиг өг гэж яриад би бичиг өгсөн шүү дээ. Л.Б-ийн ар гэрийн байдал ийм байгаа, Л.Б-ийн цалинг олгож болно гээд зөндөө юм бичээд өгсөн. Гэрээн дээр эхлээд хувь тавиагүй хоосон үлдээж гарчихаад дараа нь 10 хувь гэж бичсэн асуудал дээр харин та хоёр хуйвалдсан байх. Захирал надад та чинь хөгшин хүн байж юун олон янзын юм ярьдаг юм гэж байсан. С.О, Л.Б та хоёр чинь надаас илүү холбоотой байсан шүү дээ. Чи С.Оыг Улаанбаатар хотод ирсэн байна, 2 000 000 төгрөг билүү 3 000 000 төгрөг билүү С.Од өгөх гэсэн юм, чи гаргаад өгчих гэж хэлж байсан. Захирал байхгүй, би хүний мөнгөнөөс хулгай хийх юм уу, чи өөрөө л учраа ол гэж би хэлсэн биз дээ. 2016 оны 03 сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэх газар руу хүсэлт явуулах үед 20 000 000 төгрөг оруулдаг гаргадаг эрх надад байсан юм. Тэгээд удалгүй цуцлагдсан. Тэр бичгийг чинь би захиралд хэлээгүй. Яагаад гэвэл захиралд хэлж болохгүй, захирал зөвшөөрөхгүй. Би өөрөө тэр бичгийг өгсөн. Чин...манай компани хоёрын энэ маргаан олон жил явсан учраас тэр мөнгө орж ирж дууссаны дараа Л.Б манайхаас цалингаа авах ёстой байсан үе. Бүр захирал өөрөө тэгж хэлсэн байсан. Эхлээд 4.5-5 хувь байдаг гэж захирал бид нар ойлголцоод тэгээд шийдвэр гүйцэтгэл дээр очоод 6 хувиар тохирсон. Би очингуутаа захиралд хэлээгүй. 2-3 хоногийн дараа хэлсэн. Захирал мэдэж байсан. Мөнгө орж ирсэн чинь 10 хувь нь байхгүй байсан. Тэгээд бид нарын дунд хардалт үүсээд захирал надад анх 4.5 гэж байсан сүүлдээ 6 боллоо гэж байсан, одоо миний мөнгөнөөс 10 хувийг нь авсан байна гээд над руу уурласан. Би хэлэх үг олдоогүй. 6 хувиар тохирсон гэж яагаад очингуутаа хэлээгүй вэ гэхээр захирал тэр үед гаднаас хөрөнгө оруулагч нар ирсэн гээд надтай уулзах завгүй байсан. Дараа нь нэг мөнгөний асуудал болоод надтай нэг уулзахад нь би хэлсэн юм. Тэр үед юу ч дугараагүй юм. За ч гээгүй, тийм үү ч гээгүй юм. Шийдвэр гүйцэтгэлд нэг хувь төлнө гэдгийг, Л.Бд цалин хөлсний асуудлаар тэдэн хувийн цалин өгнө гэдэг асуудлыг мэдэж байсан. 6 хувь болсныг би захиралд хэлээд бид бүгдээрээ мэдэж байсан. Энэ хүнийг ажлаа сайн хийдэг гээд манай захирал урамшуулал өгдөг байсан. Энэ хүн чинь өөрөө ажлаасаа салдаггүй байсан. Манай захирал магтдаг байсан. Тэгээд манай захирал 3, 4, 5 хувийг өгч байсан тохиолдол байгаа. Гэхдээ үүн шиг их мөнгө манайх шүүхдэж байгаагүй. Наадах чинь эхлээд 1 тэрбум төгрөг байж байгаад сүүлдээ 425 000 000 болоод зогссон юм. Төлбөр тооцоо дууссан гэхэд л манайх дөчин хоёр сая таван зуун хэдэн мянган төгрөг дутуу байсан. Хорь гаруй сая төгрөг урамшуулалд суутгагдаад цаана нь хорь гаруй сая төгрөг дутуу байхад чинь төлбөр тооцоо дууссан гээд байхаар нь юу яриад байгаа юм бэ гэж Л.Бэс асуусан. Төлбөр тооцоо дууссан, одоо цалингаа авъя гээд Л.Б гаднаас орилоод орж ирсэн. Би үлдсэн мөнгө нь орж ирсэн байна уу гээд хуулгаа харсан чинь орж ирээгүй байсан. Дуусаагүй шүү дээ одоо хорь гаруй сая төгрөг дутуу шүү дээ гээд би хэлсэн чинь дууссан, манайх авдаг мөнгөө авсан, шилжүүлэх мөнгөө шилжүүлчихсэн гэнэ гэхээр нь би дотроо Л.Б надаар янз бүрийн бичиг хийлгээд, С.О ч утасдаад, Л.Б ч утасдаад байсан болохоор үлдсэн 4 хувийг нь энэ хоёр авчихаж гэж бодоод манай захирал, геологич гээд олон хүн байсан болохоор дуугараагүй юм. Тэгээд ажил тарсны дараа Л.Баатар-Эрдэнийг дуудсан. Манайх 6 гэдгээрээ бодоод манай төлбөр дуусаагүй гэдгийг мэдэж байсан гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Б нь Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 17 031 294 төгрөг гаргуулахыг шаарджээ.  

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргадаг.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1433 дугаартай шүүгчийн захирамжаар “Чин...” ХХК-аас 425 782 361 төгрөг гаргуулан Жи... ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Улмаар тус захирамжийг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж гарч гүйцэтгэх хуудас олгогдсоноор Өмнөговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба уг захирамжийг гүйцэтгэх ажиллагааг явуулжээ. /хх-30-32/

2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Жи... ХХК-ны гүйцэтгэх захирал Г.Г компанитай холбоотой төлбөр тооцоо болон шийдвэр гүйцэтгэлийн бүх үйл ажиллагаанд 2 жилийн хугацаанд оролцох эрхийг Л.Б, Б.Д нарт  итгэмжлэн олгосны дагуу /хх-34/ мөн өдөр тэд Өмнөговь аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газрыг төлөөлж шийдвэр гүйцэтгэгч С.Отай шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээг байгуулж /хх-33/ улмаар Шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулж төлбөр төлөгч “Чин...” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 60 000 000 төгрөг төлсөнөөс 54 000 000 төгрөгийг, 2016 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр 45 000 000 төгрөг төлсөнөөс 40 500 000 төгрөгийг /хх-40/, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 320 797 361 төгрөг төлсөнөөс 288 717 625 төгрөгийг /хх-45/ Жи... ХХК-д шилжүүлж, гүйцэтгэлийн ажиллагаанд оролцжээ. 

Чин... ХХК нь 427 797 361 төгрөг төлж шүүгчийн захирамжийг биелүүлсэн байх ба шийдвэр гүйцэтгэх алба 42 579 736 төгрөг суутган авчээ. /хх-16, 21/ Дээрх үйл баримт тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаангүй байна.

Нэхэмжлэгч тал нь шийдвэр гүйцэтгэгчтэй урамшууллын гэрээ байгуулахдаа 6 хувиар тохирсон тул 17 031 294 төгрөг илүү суутгасан мөнгө нь өөрийн цалинд авах ёстой мөнгө гэж тайлбарлан маргадаг, хариуцагч тал урамшууллын гэрээг 10 хувиар тохирсон гэж маргадаг.

2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Жи... ХХК-ны захирал GUAN HAIMING компанийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргаж хууль бусаар суутгагдсан мөнгийг авах эрхийг Л.Бд 3 жилийн хугацаатайгаар итгэмжлэн олгожээ. /хх-88/

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1 дэх хэсэгт ...хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж тамга тэмдэг дарсан байх хуулийн шаардлага тавигдаж энэ шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байхаар заажээ.

Жи... ХХК-ныг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь SIQINGAOWA, Y.MINGDU, Г болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх ба компанийн гүйцэтгэх захирал SIQINGAOWA болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Жи... ХХК-ыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгож буй GUAN HAIMING нь хуулийн этгээдийн эрх баригч гэдэг нь нотлогдохгүй байх тул түүнийг итгэмжлэл олгох эрх бүхий этгээд гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн итгэмжлэл нь  хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул хүчин төгөлдөр бус итгэмжлэл байна.

 Л.Б нь “иргэн Л.Б-ийн хувиар нэхэмжлэл гаргасан, би гэрээ байгуулсан гэрээний нэг тал ...хууль бусаар илүү суутган авсан 17 031 294 төгрөгийг гаргуулж надад олгож өгнө үү” гэсэн тайлбараас шүүх нэхэмжлэлийн эрх зүйн байдлыг иргэн Л.Б-ийн эрх ашиг зөрчигдсөн эсэхээр тодорхойлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Л Баатар-Эрдэнэ нь нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Шийдвэр гүйцэтгэгч С.Отай шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай 1/204 дугаартай гэрээг байгуулахдаа урамшууллын хэмжээг 6 хувиар тохирсон, гэж мөн 10 хувиар суутгаж авсан мөнгөний зөрүү 17 031 294 төгрөгийг нь  Жи... ХХК-аас надад олгох цалин болж байгаа гэж тайлбарлан маргадаг.

Нэхэмжлэгч Л.Б “...гэрээ байгуулахдаа үндсэн төлбөрийн 6 хувь хүртэл суутган авч, төлбөр биелүүлэхээр тохиролцсон боловч Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хууль зөрчиж, хэтэрхий их мөнгө өөрөөр хэлбэл төлбөрийн 10 хувь буюу 42 782 000 төгрөгийг суутган авсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны урамшуулал мэтээр үндэслэлгүйгээр 17 031 294 төгрөгийг гэрээнээс илүү суутган авсан,  уг гэрээг байгуулах үед гэрээн дээр 10 хувь гэж бичээгүй, урамшууллаа 6 хувь гэж амаар тохирсон, хувиа бичээгүй гарын үсгээ зурсан гэрээ үлдээсэн гэж тайлбарлан энэ байдлаа гэрч Дуламжавын “...би журмыг нь үзээд 4.5-5 хувь байдаг гэж хэлсэн. Яг эднийд ирээд 4.5 хувь шүү дээ гэж маргалдаагүй, би гэрээн дээр “хувь” бичилгүй  толгойг нь бичээд гарын үсэг тамга дараад өгсөн нь үнэн. Хамгийн дээд тал нь 5 хувь гэж яриад байсан хэрнээ 6 хувиар тохирчихъё гээд байсан. Би яг тэр мөчид захиралд 6 хувиар тохирсон гэдгийг хэлээгүй. Сүүлд нь л би зөрүү мөрүүг нь мэдсэн. 10 хувь гэдэг яриа ерөөсөө яриагүй. Би гэрээний маягт дээр 6 ч гэж бичээгүй, 10 ч гэж бичээгүй хоосон орхиод тамгаа дараад гарын үсэг зураад өгсөн” гэсэн мэдүүлгээр нотолдог.

Хариуцагч тал  “2015 онд гэрээ байгуулахдаа тойргийн харьяаллын дагуу шийдвэр гүйцэтгэгч материалаа хүлээж аваад гэрээгээ байгуулаад гэрээгээ батлуулаад явдаг байсан. Тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлд заасан үндэслэлээр урамшуулал суутгадаг байсан. Би материалыг нь үзчихээд энэ 10 хувиар байгуулсан юм уу, гэрээн дээрээ 10 гээд биччихсэн байсан. 10 хувь гэсэн байна, яахав хүсээд тохиролцсон бол 10 хувиар байгуулаад явдаг л байсан. Энэ 10 хувиар байгуулсан юм уу гэсэн чинь тэгсэн гэж байсан” гэсэн тайлбарыг гаргаж гэрч С.Оы “Хурдан шуурхай барагдуулж өгвөл бид 10 хувиар тохиръё гээд 10 хувь гэж бичээд өгсөн. Би 10 хувь гэж бичээгүй. Б.Д гуай өөрөө бичиж өгсөн...” гэсэн мэдүүлгээр болон 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээ зэргээр нотолдог.

Талуудаас гэрээнд бичигдсэн хувь болох “10” гэсэн тооны бичгийн хэвийг шинжлүүлэх, шинжээч томилуулах хүсэлтийг хэн аль нь ч гаргахгүй байна. 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ” гээд 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан” гэжээ.

Талууд шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох талаар хүсэл зоригоо илэрхийлсэн, гарын үсгээ зурсан байх тул талуудын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан 1/204 дугаартай “Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай” гэрээний нэг тал Л.Б нь тухайн гэрээний харилцаанд Жи... ХХК-г төлөөлж оролцсон байх тул тэрээр өөрийн цалин, хөлсөө урамшууллын гэрээний  дагуу шаардах эрхгүй байна.

Нэхэмжлэгч тал урамшууллыг 6 хувь гэж амаар тохирсон, зөрүү 4 хувийг өөрийн цалин хөлс гэж тохирсон гэх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байх төдийгүй Б.Дын “...Би гэрээний маягт дээр 6 ч гэж бичээгүй, 10 ч гэж бичээгүй...”гэсэн мэдүүлгээр няцаагдаж байна.

Иймд Л.Б шийдвэр гүйцэтгэлийн газартай шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын гэрээний зөрүү 4 хувь буюу 17 031 294 төгрөгийг өөрийн цалин хөлс гэж тохиролцсон гэдэг нь тогтоогдохгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0.5-10 хүртэлх хувиар урамшуулна.” гэж шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах талаар зохицуулжээ.

Шийдвэр гүйцэтгэлийн газрыг шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын гэрээний дагуу 10 хувиар урамшуулал суутган авсныг буруутгах боломжгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч компаниас Л.Б-ийн цалин хөлс гэх 17 031 294 төгрөгийг авсан гэдэг нь тогтоогдохгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэг заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243 107 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар талууд 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Р.УРАНЧИМЭГ