Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 293

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Оролмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сугармаа

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

иргэний нэхэмжлэгч / итгэмжлэгдсэн төлөөлөгч /Б.Балдандорж,

шүүгдэгч Д.Ванчиндорж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дондовын Ванчиндоржид холбогдох эрүүгийн  201619000342 тоот хэргийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1971 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Сэргэлэн сум 5 дугаар баг Авдарын уул гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Дондовын Ванчиндорж, /РД:НЭ71050497/

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Ванчиндорж Төв аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар баг 500 морьтны манаач Дондов гэх айлд 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэн Б.Түмэндэмбэрэлийг хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн зодож бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч Д.Ванчиндорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Б.Түмэндэмбэрэл ах эхлээд намайг цохиж зодоод байсан учраас би босоод цохисон юм.  Өмнө нь ч би тэдний малыг хараад 2 сарын хугацаанд ажил төрөлд нь тусалдаг байсан. Б.Түмэндэмбэрэл ахтай хуурай ах дүүгийн харилцаатай байдаг юм. Ахыгаа зодсондоо гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэсэн мэдүүлэг.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Балдандорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Д.Ванчиндоржийн үйлдсэн хэргээс болж миний ах эрүүл мэндээрээ хохирч байна. Эмчилгээний 4.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг.

 

 

Хохирогч Б.Түмэндэмбэрэл хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн:  2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр манайх босоогүй цай ундаа хийгээгүй байж байтал Дондов гэх хүн Ванчиндорж Ваанчиг гэх хоёр хүүхдээ дагуулаад гурвуулаа ирсэн. Тэгсэн Ваанчиг нь Түмээ ахаа хоёулаа уулзая гэсэн тэгээд би гараад Ваанчигтай уулзсан чинь мал зарах уу гэсэн. Би манайд зарах мал байхгүй туранхай байгаа гэтэл туранхай нь хамаагүй авах хүн байна гээд байхаар нь хонь, ямаа хоёр үзүүлсэн болж байна гээд бариад авсан. Тэгсэнээ мөнгө нь одоо байхгүй би зараад мөнгийг нь орой авчираад өгье гэсэн. Тэгэхээр нь би та нар авсан мөнгөө одоо хүртэл өгөөгүй байж би хамт явна гээд хамт явсан. Тэгээд "Ногоон дов"-ын хажууд байдаг нэг айлд хонио 80.000 төгрөгөөр зараад аймгийн төв орж ирээд шаттай 12 айлын орон сууцанд ямаагаа 70.000 төгрөгөөр зарсан. Тэгсэн 50.000 төгрөг өгөөд 20.000 төгрөгөө Хустайн зуслангийн дэлгүүр дээр очоод авчих гэсэн. Тэгээд Ванчиндорж тэр айлд авчирсан ямаагаа гаргаж өгсөн. Тэр айлаас гараад Энхтайванд миний таньдаг айлд очихдоо би Заяа төвөөс 1 шил 0.75 литрийн Ерөөл архи авч очоод уусан. Тэр газраас гараад Хустайн зусланд байдаг дэлгүүр очоод би Ваанчиг 2 шил архи 2 сав 2.5 литрийн пиво авчирсан байх би сайн мэдэхгүй байна. Тэгээд бид хэд Дондовынд очоод авсан архиа уусан. Би нилээд согтсон,намайг Ванчиндорж зодоод нүүр нүд хавдсан Дондов хүү Ваанчиг хоёр хүргэж өгсөн...гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/

 

Гэрч Л.Дэлгэржаргал хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: Би нөхөр Ванчиндоржийн хамт хадмынхаа гэрт Сэргэлэн сумын 500 морьтон гэдэг газар очоод байсан юм. 2016 оны 05 дугаар сарын 19-ний өглөө эрт намайг унтаж байхад манай хадам аав Дондов, Ваанчиг ах, Ванчиндорж нар гараад явцгаасан. Тэгээд удалгүй бүгдээрээ согтуу мөн хамт Түмэндэмбэрэл гэдэг хүн ирсэн. Тэдний яриагаар урд Түмэндэмбэрэл нь хадам аав ах нарыг машинаараа мал ачаад явж зарж өгөөч гэж, одоогоос 3-4 жилийн өмнө Түмэндэмбэрэл ах манай нөхөрт туувар тууж өг гээд ИЖ-П-5 маркийн мотоцикль өгсөн байсан. Тэгээд 2015 онд Ванчиндорж, Түмэндэмбэрэл ахтай аймгийн төв дээр уулзаад малыг нь Атар сум руу тууж өгсөн. Би тэдний гүү малыг нь зун сааж өгсөн. Өвөл нь би жирэмсэн болохоор хяналтанд орох гээд аймгийн төвд ирсэн юм. Энэ үедээ нөгөө мотоциклоо өвөлжөөн дээр нь орхиод ирсэн байсан. Тэрнийгээ сая уулзаад байхдаа Ванчиндорж мотоциклоо асуусан чинь "чамд өгөхгүй" гэхээр нь би дотроос нь түлхүүр багажаа авъя хаана байгаа юм бэ, гэтэл Түмэндэмбэрэл би чамд хэлэхгүй, мотоциклийг чинь өгөхгүй гээд манай нөхрийн толгой руу гараараа цохиод байсан. Ванчиндорж нилээн тэсээд суугаад байсан. Би нөхрөө унт гэж хэлээд Түмэндэмбэрэл гуайг "одоо болно, настай хүн байж" гээд хэлсэн чинь над руу агсараад дайраад байсан. Энэ үед нь Ванчиндорж баруун нүд нь тус газар нь цохичихсон юм. Би тэр хоёрыг салгаад Ванчиндоржийг орны хажууд суулгаж байтал Түмэндэмбэрэл гуай сандал аваад шидсэн. Тэр нь манай нөхрийн гарт оносон юм. Тэгээд Түмэндэмбэрэл гуай өөрөө газраас босох гэж байгаад ширээний булан мөргөөд унах үед баруун хөмсөгний дээд талдаа язарчихсан юм. Би тэр цусыг нь тогтоож өгөөд угааж өгсөн юм. Гэтэл Түмэндэмбэрэл гуай "Муу хоёр пизда" зэргээр дуудаад байсан. Би хадмындаа байгаа хүн та настай хүн байж айлын бурхан тахилыг нураачих гээд утсаар дуудсан. Манай хадам аав тухайн үед Түмэндэмбэрэл гуайн хашааг нь янзалж байсан юм. Хадам аав ирээд Түмэндэмбэрэл гуайг загнаад Ванчиндорж бид хоёр аймгийн төв дээр авчирсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/

 

Гэрч Дондов хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн:...Түмэндэмбэрэл урд өдөр нь манайхаар ирээд мөнгөний боломж байна уу, банкны мөнгөө төлмөөр байна гэж байсан. Харин миний таньдаг хоёр хүн хонь, ямаа авна гэж байсан.

Өглөө эрт очсон тэгсэн тэднийх босоогүй байсан. Тэндээс хоёр мал барьж аваад манай хойд талд байдаг айлд хонио зарсан. Тэгээд төвд орж ирээд манай дүү Цэцэгээд ямаагаа өгсөн. Тухайн үед манай дүү Ванчиндорж ямааг нь гаргаж өгсөн. Ямаа гаргаж байхад 1 шил архи уусан байхаа би сайн санахгүй байна. Архи аваад уугаад байсан. Яг хэдэн шил архи авч уусан талаар мэдэхгүй байна. Манайд очоод Түмэндэмбэрэл, Ваанчиг,  Ванчиндорж 3 архи уугаад үлдсэн. Бямба бид 2 хашаан дээр юм хийж байгаад гэртээ ирсэн чинь Түмэндэмбэрэл, Ванчиндорж хоёр зодолдож, Түмэндэмбэрэлийн нүүр, нүд хавдсан, хөмсөг нь шалбарсан байсан. Тэгээд Ванчиндоржийг эхнэртэй нь аймаг оруулж өгөөд ирсэн чинь Түмэндэмбэрэл унтаж байхаар нь түүнийг босгоод гэрт нь хүргэж өгсөн...гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн эмч Ц.Ганболорын гаргасан 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 244 тоот: Б.Түмэндэмбэрэлийн биед хоёр нүдний дээд доод зовхинд цус хуралт, хаван хавдаг, баруун хөмсгөнд зулгаралт, зүүн зовхинд зулгаралт, баруун доод зовхинд зулгаралт, эрүү, дух, баруун нуруу, гуя, зүүн өгзгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй...гэсэн дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлт: Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч И.Ганболорын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн гаргасан 244 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Б.Түмэндэмбэрэлийн биед тухайн үед 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, дух, баруун хацар, нуруу, зүүн гуя, өгзөгнд цус хуралт, баруун хөмсөг, зүүн дээд зовхи, баруун доод зовхинд зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинж гэмтлүүд байна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Цаашид Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Б.Түмэндэмбэрэлийн тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа нь 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Д.Ванчиндоржийн зодсон гэх үйлдэлтэй холбоогүй байх ба үүнээс хойш үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Б.Түмэндэмбэрэлийн тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа нь гэмтлийн гаралтай үүссэн байх боломжтой ба яг хэзээ үүссэнийг цаг хугацааны хувьд нарийвчлан тогтоох боломжгүй...гэсэн дүгнэлт /хх-ийн 74-75 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ванчиндорж Төв аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар баг 500 морьтны манаач Х.Дондов гэх айлд 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэн Б.Түмэндэмбэрэлийг хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн зодож бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Түмэндэмбэрэлийн мэдүүлэг, гэрч Л.Дэлгэржаргалын мэдүүлэг, гэрч Х.Дондовын мэдүүлэг, шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 244 тоот дүгнэлт, шүүгдэгч Д.Ванчиндорж хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шинжээч нарын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1115 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад

нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Ванчиндоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

       

Шүүгдэгч Д.Ванчиндоржид холбогдох хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Ванчиндорж нь хохирогч Б.Түмэндэмбэрэлд 200.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна. 

1Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                             ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Боржигон овогт Дондовын Ванчиндоржийг  бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ванчиндоржийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 /найм/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу /192.000х8=1.536.000/ 1.152.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.           Шүүгдэгч Д.Ванчиндорж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч нь хохирогчид 200.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

4.           Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Ванчиндорж нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

5. Хохирогч Б.Түмэндэмбэрэл нь эмчилгээний болон бодит хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Д.Ванчиндоржид авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.