Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2020/00797

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2020/00797

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б М

 

Хариуцагч: Б Б

 

Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол /16063/ 83Б байрны 105А тоотод байршилтай 47,02м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх, олох байсан орлого 24,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.З

                                нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д

                                хариуцагчийн төлөөлөгч С.А 

                                гэрч Л.Б

                                         нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.М миний бие Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16063/ 83Б байрны 105 А тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 47,02м.кв талбай 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч юм. Энэхүү үл хөдлөх хөрөнгийг анх Б нь худалдан авах, миний бие худалдах хүсэл зоригоо илэрхийлсэн тул 2015 оны 9 дүгээр сард тус орон сууцны эзэмшлийг шилжүүлсэн. Бтой төрөл садангийн холбоотой байсан тул түүнд итгэн байрыг шилжүүлж байсан бөгөөд 2015 оны 9 дүгээр сараас өнөөдрийг хүртэл Бын хүү болох Б.Б тус байранд амьдарч байна. Тухайн үед орон сууцны худалдах үнийг 75,000,000 төгрөгөөр тохиролцож байсан боловч огт төлбөр төлөлгүй дээрх байрыг ашигласаар байна. Улмаар Б.Бас түүний хууль бус эзэмшлээс байрыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардаж байсан боловч шаардлагыг биелүүлэхгүй байсаар өдийг хүрлээ. Ийнхүү Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасан шаардах эрхээ хэрэгжүүлж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа болно. Б.Бгийн хууль бус эзэмшлээс Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16063/ 83Б байрны 105А тоот хаягт байрлах орон сууцыг чөлөөлүүлэх, 2015 оны 09сараас 2019 оны 09сар хүртэлх буюу 48 сарын хугацаан дахь байр ашигласан зардал буюу нэг сарыг 500,000 төгрөгөөр тооцон нийт 24,000,000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Иймд Б.Бг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, учирсан хохирол 24,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Бд холбогдуулж, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 83Б байр, 105А тоот хаягт байрлах орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, учирсан хохирол 24,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 83Б байр, 105А тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 47,02 м.кв талбай бүхий 2 өрөө үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Б.М юм. Үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.М болон Л.Б нар худалдах, худалдан авах зорилгоор харилцан тохиролцож, уг хүсэл зоригоо илэрхийлж 2015 оны 09 сард тус орон сууцны эзэмшлийг Л.Бт шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь Л.Бтой төрөл садангийн холбоотой байсан учир төлбөр мөнгөний хувьд асуудалгүйгээр байрны эзэмшлийг шилжүүлсэн. Өнөөдрийг хүртэлх хугацаанд тус байранд Л.Бын хүү Б.Б амьдарч байгаа. Тухайн үед орон сууцны худалдах үнийн дүнг талууд  75,000,000 төгрөг гэж тохирсон. Гэвч энэ төлбөрийг огт төлөөгүй, уг байранд амьдарч ашиглаж 4 жилийн хугацаа өнгөрсөн байна. Төлбөрийг төлөөгүй олон жил өнгөрсөн учир орон сууцанд амьдарч, бодитоор эзэмшиж байгаа Б.Бгийн хууль бус эзэмшлээс удаа дараа шаардаж байсан ч тодорхой үр дүн гараагүй. Иймд Иргэний хуулийн 106.1, 106.3 дахь хэсэгт заасны дагуу Б.Бгийн хууль бус эзэмшлээс Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 83Б байр, 105А тоот орон сууцыг чөлөөлүүлэх шаардлага гаргасан. Мөн 2015 оны 9 дүгээр сараас нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2019 оны 9 дүгээр сар хүртэл 48 сарын хугацаанд Б.Б ямар ч төлбөр мөнгө төлөлгүй ашиглаж байсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч Б.М орон сууцыг бусад этгээдэд хөлслүүлсэн бол олох ёстой орлогыг нэг сарын 500,000 төгрөг гэж тооцож 24,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр 494,000 төгрөг гэж тогтоогдсон дүнгээр 23,712,000 төгрөг шаардаж байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.М нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Учир нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн агуулга нь өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан байдаг. Б.М өмчлөгч гэдэгтэй хэн ч маргадаггүй. Үүнийг үгүйсгэх баримт хавтаст  хэрэгт авагдаагүй. Иймд хэлцэл хийгээгүй, өөрийнх нь өмчлөлийн сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа энэ хүнд шаардлага гаргаж байсан. Хүлээж аваагүй, мэдэхгүй, аавтай ярь гэдэг хандлага гаргаж байсан учир ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч нь хүлээн зөвшөөрөхгүй, компанитай холбоотой төлбөрт шилжүүлсэн гэж хэлдэг.  2 байр гэж тохирсон гэж ойлголоо. Нөгөө байрыг шаардсан уу гэхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч “мэдэхгүй,нэг байраа авсан” гэж хэлдэг. Гэрчээр оролцож байгаа хүн шаардаж байсан гэж хэлж байна. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа, татгалзлаа нотлох үүрэгтэй. Шаардлагатай бол шүүхэд хүсэлт гаргах эрх нь нээлттэй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор татгалзлаа нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Шүүгчийн асуултад хариулахдаа 2 талд нөгөө талаас Б гэх хүн энэ орон сууцанд амьдраад, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна. Эсхүл хөлсийг төлөх асуудал яригдана. Иймд үнийг тодорхойлж, шаардлага тавьсан. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг өгсөн. Мөн хариуцагч төлөөлөгч Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсгийг ярьж байна. Хүсэл зоригоо илэрхийлсэн гэдэг. Гэтэл энэ нь онцлог харилцаа юм. Гэрчийн хэлснээр бүгд эрх зүйч, хуульч мэргэжилтэй хүмүүс гэж ойлгож байгаа. Гэтэл орон сууцтай холбоотой хэлцэл, яриа байсан бол хэлцлийг хуульд заасан хэлбэрээр хийх боломжтой, хийхгүй бол болохгүй гэж сайн мэдэж байсан. Огт тийм хэлцэл хийгдээгүй. Хийгдээгүй учир өнөөдөр нотлогдохгүй байна. Орон сууцтай холбоотой хэлцэл хийх байсан Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийн дагуу хэлцэл бичгээр байх, нотариатаар гэрчлүүлсэн байх зэрэг шаардлагатай байсан. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дахь  хэсэгт “Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ” гэж заасан байдаг. Энэ хэлцэл ямар шаардлагатай байх нь энд байгаа. Б.М хэзээ ч өөрийн ах Л.Бтой компанийн эрх шилжүүлсэн гэдэгтэй маргаагүй. Хүлээн зөвшөөрдөг. Холбогдох баримтууд нь ч гэсэн эх хувиараа байгаа. Огт 2 өөр, хоорондоо хамааралгүй, төлбөр төлөх асуудал яригдаагүй байхад эдгээрийг хольж байна гэж ярьдаг. Энэ компанийг шилжүүлсэнтэй холбоотой гомдол санал байдаг бол энэ асуудлыг тусд шийдвэрлүүлэх бүх боломж, эрх нь байгаа. Хуульч, эрх зүйч боловсролтой бол арга замаа маш сайн мэдэж байгаа. Нэг орон сууцны харилцаа, нөгөө компанийн эрх шилжүүлэхтэй холбоотой харилцаа байхад эдгээрийг хутгаж, холиод хамааралтай байдлаар тайлбарлаж байна. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Сөрөг нэхэмжлэл дээр хариуцагч нь Б.Б огт мэдэхгүй,байгаагүй гэдэг. Гэтэл ааваасаа авсан гэж хэлдэг. Тэгснээ одоо өмчлөгчөөр тогтоолгох хүсэлт гаргаж байна. Өмчлөгчөөр тогтоолгох гэж байгаа бол хуульд заасан ямар үндэслэлээр тогтоолгох гэж байна вэ? Худалдах, худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээтэй холбоотой асуудал байсан бол ийм шаардлага ярих үндэслэлтэй. Гэтэл ийм үндэслэл байхгүй. Б.Б өөрөө хэлцэл хийж, тэр байрыг аваагүй гэдгээ ярьсаар байж өмчлөгчөөр тогтоолгох хүсэлт гаргасан байна. Энэ нь боломжгүй юм. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол Жалханц хутагт Данзанбазарын гудамж 83Б байрны 91 тоотод оршин суух Б.М Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 83Б байрны 105А тоот 47.02 метр квадрат талбай бүхий 2 өрөө сууцыг 2015 оны 9 дүгээр сараас өнөөдрийг хүртэл амьдарч байна. Албадан гаргах болон 2015 оны 9 дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сар хүртэл 48 сарын хугацааны төлбөр 24,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Мөн энэхүү орон сууцыг өөрийн садан төрлийн хамаатан болох Л.Бод 75,000,000 төгрөгөөр зарах саналыг шууд зөвшөөрч орон сууцыг эзэмшүүлсэн мэт хууль бус нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч Б.Мийн төрсөн ах Л.Б нь миний төрсөн эцэг бөгөөд 2015 оны 9 дүгээр сард аав маань өөрийн эзэмшдэг нэг хүний гишүүнтэй “Очир адъяа” ХХК мөн компанийн нэр дээр байх Төв аймаг Алтанбулаг сумын нутагт дэвсгэрт байрлах ашигт малтмалын хайгуулын XV-019529 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байсан ба 2015 оны 9 сард Б.М 2,2 өрөө бүхий 2 ширхэг орон сууцаар зарахаар болсон нэг байр гаргаж өгсөн. Миний хүү ороод амьдарч бай гэж түлхүүр авч ирж өгсөнөөр миний бие өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болно. Иймд нэхэмжлэгч Б.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд миний эцэг Л.Бын эзэмшлийн орон сууц болохыг тогтоож өгөх нь зүйтэй гэж үзэж байна.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Б миний төрсөн эцэг Л.Б нь “Очир адъяа” ХХК-ийн захирал бөгөөд компанийн хувьцааг 100 хувь дангаар эзэмшдэг байсан. “Очир адъяа” ХХК-ийн нэр дээр байдаг Төв аймгийн Алтан булаг сумын богины ам нэршилтэй 73 га газрыг ашигт малтмалын хайгуулын ХҮ-019529 дугаартай тусгай зөвшөөрлийн хамтаар 2015 оны 9 дүгээр сард иргэн Б.Мийн хүсэл зоригоор Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.3 дахь заалтуудыг үндэслэн хэлцэл хийж, “Очир адъяа” ХХК-ийн 100 хувийн хувьцаа тусгай зөвшөөрөл зэргийг шилжүүлж, компанийн хувьцааны оронд 2 өрөө бүхий 2 ширхэг орон сууц авахаар тохиролцсон болно. Ингээд Б.М нь 2015 оны 9 дүгээр сард урьдчилгаа болгон одоо Б.Б миний амьдарч байгаа Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 83Б байрны 105А тоот 2 өрөө орон сууцыг миний эцэг Л.Бод  өгсөн бөгөөд дараа нь үлдсэн 1 ширхэг орон сууцыг өгөхөөр болж компани болон тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл Б.М нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.3 дахь заалтуудыг зөрчин байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээ өгөхгүй хохироосоор байна. Энэхүү орон сууц нь “Очир адъяа” ХХК болон тусгай зөвшөөрлийн хамт Б.Мийн өмчлөлд шилжүүлж өгсний үр дүнд бий болсон хөрөнгө юм. Өөрөөр хэлбэл миний эцэг Л.Б Б.Мтэй хийсэн хэлцлийн үндсэн дээр уг байрыг авч хүү нь болох Б.Б би тус байранд 2015 оны 9 дүгээр сараас өнөөдрийг хүртэл амьдарч байгаа тул миний бие өмчлөгч болон үндэслэлтэй хэмээн үзэж байна. Иймд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.3 дахь заалтуудыг үндэслэн тус байрны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Ариунаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Мийн нэхэмжлэлтэй энэ хэрэгт Б.М, Л.Б нар нь 2015 оны 9 сард хэлцэл хийн, хүсэл зоригоо илэрхийлж, үүний үндсэнд Б.М нь Л.Бод орон сууцны эзэмшлээ шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэлд энэ талаар дурдсан ба нэхэмжлэгч талын хэлснээр нотлогдож байна. Гэтэл Б.М нь Л.Бтой хэлцэл хийсэн байж яагаад Б.Бг хариуцагчаар татсан бэ? Б.Б нь анх хэлцэл хийсэн хүн биш, тухайн үед Б.Мийг танихгүй, хараагүй байсан. Орон сууцыг Л.Бод өгсөн байж Л.Боос байрыг нэхэмжилж нэхэмжлэгчээр татахгүй, Б.Бгааг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Л.Б, Б.М нар нь 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр “Очир адъяа” ХХК-ийг шилжүүлэх, шилжүүлж авах хэлцэл хийж, хэлцлийн дагуу энэ компанийн 100 хувийн хувьцааг шилжүүлж авснаар Б.М Л.Бод 2 өрөө бүхий 2 орон сууц өгөх аман хэлцэл хийсэн. Энэ хэлцлийн үндсэнд 2015 оны 9 сард Б.М Л.Бод 2 өрөө эхний 1 ширхэг байрыг өгсөн. Дараагийн байрыг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Л.Б хэлсэн ёсоороо энэ компанийн эрх шилжүүлэх бэлэглэлийн гэрээг хийж өгсөн. Бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээн дээр байрны үндэслэлийг заагаагүй байдаг.Учир нь энэ 2 хүн садан төрлийн холбоотой, нэг эцэг, эхийн хүүхдүүд төрсөн ах дүү хоёр юм.  Хоёул асрамжийн газар тусдаа өссөн. Иймд хүний ах төрсөн дүүдээ заавал ингэнэ гэсэн шаардлага тулгаагүй, итгэлцлийн үндсэн дээр бэлэглэлийн гэрээн дээр байрны үндэслэлийг заагаагүй. Б.М 2 ширхэг байр өгөөд оронд нь “Очир адъяа” ХХК-ийг шилжүүлж өөртөө бүрэн авах үндэслэл нь энэ компанийн нэр дээр 73 га газрын ашигт малтмалын тусгай зөвшөөрөл байсан. Энэ компанийн ашиг орлого, үнэ цэнийг ихэд сонирхож, тусгай зөвшөөрлийн ашиг орлогыг өөрийн болгох, ашиглах үндсэнд 2 өрөө байр өгч, компанийг авах хэлцэл хийсэн. Үүнээс үүдэлтэй Л.Б авсан байрандаа хүүгээ оруулсан байдаг. Б.М энэ компанийг шилжүүлж авсан нь улсын бүртгэлээр нотлогддог.Энэ байран дээр маргаж байгаа маргаан нь анх компанийг шилжүүлж авах үед Б.М 2 өрөө байр өгнө гэж, Л.Б тусгай зөвшөөрөл, үйл ажиллагаатай компаниа өгөх хэлцэл хийгдсэнээс үүдэлтэй. Б.М нь барилгын компанитай, хэд хэдэн орон сууц барьж, ашиглалтад оруулсан, үйл ажиллагаагаа удаан явуулж байгаа компанийн захирал юм билээ. Түүнээс байраа худалдаад, ах нь байрыг нь авах гээд, байран дээр үнэ цэнэ ярьж хийсэн зүйл байгүй. Компаниа шилжүүлж аваад 2017 оны ашигт малтмалын төлбөрийг Б.М өөрөө төлсөн баримт хавтаст хэрэгт байдаг. Өөрөө тусгай зөвшөөрлийн мөнгийг төлж шилжүүлж авч, цааш нь 76 га газрыг ашиглах сонирхлын үүднээс энэ компанийг авч, 2 өрөө байр өгсөн. Гэтэл одоо яагаад буцааж байраа авах гэж байна вэ? Тийм бол Л.Быг хариуцагчаар таталгүй, Б.Бг хариуцагчаар татсан нь ойлгомжгүй байгаа. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин сөрөг нэхэмжлэлийн тухайд Б.Б эцгийнхээ өгсөн байранд 4 жил орчим амьдарсан. Энэ хооронд удаа дараа гарахыг шаардаж байсан гэж байна. Ийм зүйл байхгүй шаардаж байгаагүй. Үүнийгээ нэхэмжлэгч нотлоогүй. Аавынхаа хэлцэл хийсэн байранд Б.Б өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Б.М эзэмшлээ шилжүүлж өглөө гээд түлхүүрээ өгч, тухайн үед хүлээн зөвшөөрсөн. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Дээр нь нэмж 1 байр өгөх ёстой хэлцэл байгаа ч үүнийгээ биелүүлээгүй. Б.Б өнөөдрийг хүртэл аавынхаа авч өгсөн байранд амьдарч байгаа учир энэ байрны эзэмшигч, өмчлөгч болох нь үндэслэлтэй гэж үзэж байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.З шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Б.Мийн нэхэмжлэлтэй Б.Бд холбогдох “Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, 83Б байр, 105А тоот хаягт байрлах 47 м.кв 2 өрөө орон сууцыг Б.Бгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай” иргэний хэрэгт хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан байх бөгөөд үүнийг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Хариуцагч нь “Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 83Б байр, 105А тоот хаягт байрлах 47 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэг гэж тодорхойлжээ. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр ... хийнэ” гэж заасан бөгөөд үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай хэлцлийг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана” гэж заасан. Гэтэл хариуцагч нь “Очир-Адьяа” ХХК-ийн 100 хувийн хувьцаа болон тусгай зөвшөөрлийг шилжүүлсний хариуд дээрх орон сууцыг шилжүүлэн авсан гэх боловч 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Эрх шилжүүлэх гэрээ”, “Бэлэглэлийн гэрээ”-ээр “Очир-Адьяа” ХХК-ийн 100 хувийн хувьцааг нэхэмжлэгчид хариу төлбөргүйгээр шилжүүлсэн буюу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх талаар дурьдаагүй байна. Уг компанийн эрх шилжүүлсэн хэлцлийн зорилго нь маргаж буй орон сууцтай холбоогүй тул хариуцагч өмчлөгч болох үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч болон Л.Б нарын хооронд маргаж буй Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 83Б байр, 105А тоот хаягт байрлах 47 м.кв 2 өрөө орон сууцыг нэг талаас худалдах, нөгөө талаас худалдан авах хүсэл зориг илэрхийлэгдсэн боловч энэ тухай талуудын хооронд хуульд заасан хэлбэрээр гэрээ байгуулагдаагүй. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэж заасан нь хариуцагчийг маргаан бүхий бүхий орон сууцны өмчлөгч гэж үзэх үндэслэл болохгүй. Анх нэхэмжлэгч болон Л.Б нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах тухай амаар хэлцэл хийгдэж байсан боловч орон сууцны эзэмшлийг шилжүүлж байгаа үйлдэл нь нэхэмжлэгчийн орон сууц худалдах хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж байгаа хэлбэр болохоос тухайн эд хөрөнгийн өмчлөгч болохыг хүлээн зөвшөөрсөн үйлдэл биш болно. Өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах талаар талуудын хүсэл зориг нэгдсэн боловч худалдан авагч тохиролцсон төлбөрийг төлөөгүй нь уг хэлцэл биелэгдэх боломжгүй нөхцөл байдлыг бүрдүүлж цаашлаад хууль ёсны өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөөр байна. Иймд хариуцагч нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 83Б байр, 105А тоот хаягт байрлах 47 м.кв 2 өрөө орон сууцыг хууль болон гэрээний үндсэн дээр өмчлөх үндэслэл байхгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов. Учир нь:

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Б.Бд холбогдуулан Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол /16063/ 83Б байрны 105А тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205047381 дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай 47,02м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх, учирсан хохиролд түрээслэж олох байсан орлого 24,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан ба мөнгөн төлбөрийн шаардлагаа хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад 23,712,000 төгрөг болгон багасгажээ. Дээрх шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй ба энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч өөрөө байх, өмчлөгч нь өмчлөх эрхийг шударгаар олж авсан байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь өмчлөгчийн эд хөрөнгийг эзэмших эрхгүй байх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн урьдчилсан нөхцөл юм.   

 

Маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Б.М 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, өмчлөх эрхээ баталгаажуулсан байна. Энэ үйл баримтад талууд маргаагүй болно.

 

Дээрх шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч “миний эцэг Л.Б нь өөрийн эзэмшлийн “Очирадъяа” ХХК-ийн нэр дээрх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газрыг 2 өрөө бүхий 2 орон сууцаар буюу 250,000,000 төгрөгт тооцож өгөхөөр тохиролцсоны дагуу компанийн эрх болон хувьцааг шилжүүлж маргаж буй орон сууцыг эзэмшилдээ авсан” гэж маргав.

 

“Очирадъяа” ХХК-ийг Л.Б үүсгэн байгуулж 2007 оны 3 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба уг компанид Төв аймгийн Алтанбулаг сумын Богины ам нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр олгожээ. Тухайн компанийн эрх болон хувьцааг Б.Мт шилжүүлэх бэлэглэлийн гэрээг 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр байгуулж, улсын бүртгэлд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бүртгүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Дээрх гэрээнд компанийн хувьцааг хариу төлбөргүйгээр шилжүүлэхээр зааж, төлбөрийн өөр ямар нэг нөхцөл заагаагүй байна. Нэхэмжлэгч нь “Очирадъяа” ХХК-ийн хувьцааг үнэ төлбөргүйгээр бэлэглэлийн журмаар шилжүүлж авсан ба үүнтэй холбоотой өөр маргаантай асуудал байгаа, харин маргаан бүхий орон сууцыг 75,000,000 төгрөгөөр худалдахаар Л.Бтой тохирч шилжүүлсэн гэж тайлбарлав. Иймд маргаж буй орон сууцыг өмчлөл, эзэмшилд шилжүүлэх гэрээг Л.Б, Б.М нар хийсэн, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийн асуудлаар маргаантай байгаа үйл баримт тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгч биш буюу хөрөнгөө шаардах эрхгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх зарчмыг үндэслэн нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрх бүхий этгээд гэж үзэв.

 

Хариуцагч нь орон сууцыг эзэмшилдээ байлгаж байгаагийн хувьд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж заасны дагуу эзэмшигч этгээд мөн боловч Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт “Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна” гэж зааснаар орон сууцны өмчлөгч Б.Мийн шаардах эрхийн хүрээнд Б.Б нь түүний орон сууцыг эзэмших эрхгүй этгээд болно. Иймд Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 83Б байрны 105А тоотод байршилтай 47,02м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлөх үндэслэлтэй байна.

 

Маргаж буй орон сууцыг хариуцагчийг эзэмшиж байх хугацаанд хөлслөж олох байсан орлогыг алдагдуулсан үндэслэлээр 2015 оны 9 дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд нэг сарын хөлсийг 494,000 төгрөгөөр тооцож хохиролд 23,712,000 төгрөг шаарджээ. Хариуцагч нь Л.Боос эрх олгогдсоны дагуу орон сууцыг эзэмшиж байсан тул Б.Мийг орон сууцаа ашиглаж орлого олоогүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй. Иймд 23,712,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

 

Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 83Б байрны 105А тоотод байршилтай 47,02м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчээс хариуцагчийн эцэг Л.Б худалдаж авсан үндэслэлээр өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Өмчлөх эрх хууль болон гэрээний дагуу үүсдэг бөгөөд үүнээс өөр арга замаар үүсэх боломжгүй. Гэрээ гэдэг бол гэрээний талуудын хүсэл зориг харилцан нийцсэн хүсэл зоригийн илэрхийлэл. Маргаан бүхий орон сууцны талаар зохигчийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд энэ асуудлаар талууд маргаагүй. Иймд хариуцагчийг гэрээний дагуу орон сууцыг өмчлөх эрхтэй гэж үзэх үндэслэлгүй байна. Хуулийн дагуу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх гэр бүлийн гишүүд дундаа хамтран өмчлөх, хөрөнгө нийлж холилдох, өв залгамжлах, дундаа хамтран болон хэсгээр өмчлөх, гэр бүлийн гишүүн хуваарьт хөрөнгөө гэр бүлийн бусад гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөд шилжүүлэх замаар үүснэ. Дээрх үндэслэлүүдийн алинаар ч маргаж буй орон сууцыг өмчлөх эрх хариуцагчид үүсээгүй байна. Иймд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.      

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол /16063/ 83Б байрны 105А тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205047381 дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай 47,02м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч овогт Бын Бгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлээс 23,712,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Бгийн нэхэмжлэлтэй Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол /16063/ 83Б байрны 105А тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205047381 дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай 47,02м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай Б.Мт холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 810,900 төгрөгөөс 348,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 462,750 төгрөг, хариуцагч Б.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Мт олгож, хариуцагч Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                                                                             

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Т.ГАНДИЙМАА