Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2019/02036

 

 

 

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2019/02036

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С ХХК

д холбогдох,

ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирол 41.933.700 төгрөг гаргуулахыг иргэний хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Мөнхтунгалаг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч  Н ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа:  Н ХХК нь С  ХХК-иар сэндвичэн барилгын дээврийг угсрах ажлыг гүйцэтгүүлж 47.500.000 төгрөгийн төлбөр төлсөн. Тухайн ажил гүйцэтгэсний дараа доголдол үүсэж, нийгэмд аюултай, хүний амь нас, эрүүл мэндэд ихээхэн хэмжээний хохирол учруулж болзошгүй байдлыг бүрдүүлсэн. Тухайлбал, дээврийн ажлыг чанаргүй гүйцэтгэсний улмаас дусаал гоожиж, их хэмжээний борооны ус барилгад нэвтэрсэн, С  ХХК-ийн гүйцэтгэсэн дээврийн ажилд хэрэглэсэн хөөсөнцөр нь галд тэсвэртэй байхаар заасан боловч дээврийн хэсгээс гарсан хөөсөнцөр галд шатамхай болох нь тогтоогдсон, хяналтын итгэмжлэгдсэн инженерүүдийн холбооны тэргүүн Түмэндэмбэрэлийн сэндвичэн дээврийн чанарын дүгнэлтээр чанарын шаардлага хангаагүй болох нь тогтоогдсон байна. Манай компанийн зүгээс С  ХХК-ийн доголдлыг засварлахад дараах зардлууд гарсан. Үүнд: сэндвичэн дээврийн засварт материалын зардал 20.539.800 төгрөг, Өү жэй айХХК-тай NU2018044 тоот дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж сэндвичэн дээврийн дотор засварын ажлын хөлс 9.494.870 төгрөг, гадна засварын ажлын хөлс 5.491.000 төгрөг, хяналтын итгэмжлэгдсэн инженерүүдийн холбооны дүгнэлт хийлгэсэн зардал 500.000 төгрөг, ус алдсанаас болж дахин хийгдсэн заслын ажлын зардал 5.119.300 төгрөг болно. Иймд сэндвичэн дээврийн гадна болон дотор талыг чанаргүй гүйцэтгэсний улмаас учирсан хохирол 41.933.700 төгрөгийг С  ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч С  ХХК шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч  Н ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад түүнийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна. Үүнд: гэм хор арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь дэндүү нэг талыг барьсан үндэслэлгүй шаардлага байна. Гэм хорын хэмжээ буюу нэхэмжлэлийн дүн нь бодитой биш байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа бөгөөд татгалзах үндэслэлээ нотлох үүргийн хүрээнд манай компани нотлох баримт шүүхэд гаргаж өгөх, мөн шүүхэд хүсэлт гаргах замаар нотлох баримт бүрдүүлүүлэх болно гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2016 оны 9 дүгээр сард нэхэмжлэгч байгууллагын барилгын дээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. 2 жил 6 сарын дараа дээврээс ус гоожсон гэх үед нь манайхаас засварын ажлыг хийж өгнө гэсэн. Гэтэл засах гээд очиход  Н ХХК-ийн инженер манай гаргаж өгөх материал дутуу байна, дараа ирэхээр чинь материалыг бэлдээд байж байя гэж хэлсэн байдаг. Манайх уг дээврийн засварын ажлыг хийж өгнө гэсэн бодолтой байсан. Гэтэл ӨХХК-иар 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хийлгэсэн байна. Манайхаас ажил хийхгүй гэж татгалзаагүй. Нэхэмжлэгчийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ӨХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээн дээр ажлын хөлс 8.344.000 төгрөг гэж бичигдсэн байгаа боловч нэхэмжлэгч тайлбарлахдаа 9.494.870 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байна. Тэгэхээр гэрээтэй нь төлсөн үнийн дүн зөрөөд байгаа юм. Мөн материалын зардал нэхэмжлээд байгаа боловч гэрээний 2.1 дэх заалтад материал, техникийн зардал, багаж хэрэгсэл, зөөвөрлөх ажлын хөлс, хүн хүч хоол унааны зардал бүгд ажлын хөлсөнд багтсан болно гэж заасан байна. Мөн материалын зардал гаргасан гэх боловч ямар ч нотлох баримт байхгүй байна. Хэдийгээр бидний хооронд анх хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээ байхгүй боловч манайх доголдолтой ажил гүйцэтгэсэн гэдэгтэй маргалдаагүй. Анхнаасаа талууд анх ажил гүйцэтгэх явцдаа битүү хучилттай барилга байсныг зураг зөрчөөд хямдхан хийлгэх гээд сендвичэн дээвэртэй барилга хийлгэсэн байдаг юм билээ. Гадна талаасаа цастай байхаар дотор талаасаа дулаан цохиод ус нэвтрэхээс аргагүй болоод байгаа юм. Энэ талаар хяналтын инженерүүд захиалагч буруутай гэдгийг тодорхой заасан байна. Дээврийн сендвичэн материал галд тэсвэртэй, тэсвэргүй асуудал огт яригдахгүй байх гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Н ХХК нь хариуцагч С  ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирол 41.933.700 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба н зарим хэсгийг хангах үндэстэй гэж үзлээ.

З 2015, 2016 онуудад ажил гүйцэтгэх гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, хариуцагч С  ХХК нь нэхэмжлэгч байгууллагын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах худалдаа, үйлчилгээний 3 давхар барилгын сэндвичэн дээврийг угсрах ажлыг хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч  Н ХХК нь ажлын хөлсөнд 47.500.000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцсон болох нь зохигчдын тайлбар болон С  ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 25/56 тоот,  Н ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1/047, 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1/116 тоот албан бичгүүд зэргээр нотлогд байна. /хх75-77/

Талуудын хооронд бичгээр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь хэн алинд нь байхгүй гэсэн үндэслэлээр нотлох баримтаар гаргаж өгөөгүй боловч ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, ажил хийгдсэн, төлбөр төлөгдсөн талаар маргаагүй болно.

Харин нэхэмжлэгч  Н ХХК-иас хариуцагч С  ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдол, ажлын чанарын талаар маргаж байна.

Хариуцагч С  ХХК нь нэхэмжлэгч  Н ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах худалдаа, үйлчилгээний 3 давхар барилгын сэндвичэн дээврийг угсрах ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн, 2016, 2017 онуудад дуудсан цагт тухайн барилгын дээврийн засварын ажлыг хийж гүйцэтгэж ирсэн боловч хийж гүйцэтгэсэн ажил чанарын доголдолтой хийгдсэн байна.

Учир нь сендвич дээврийн, үйлдвэрлэлийн процессууд технологийн дагуу, норм дүрэм зураг төслийн шаардлагын хэмжээнд хийгдээгүй, гүйцэтгэгчийн дотоодын болон захиалагч, зураг төсөл зохигчийн техник хяналт, мэргэжлийн хөндлөнгийн хяналт ажиллаагүйгээс тус барилгын дулааны эрчим хүчний зарцуулалтад сөрөг нөлөөтэй болж, гадагшаа чиглэсэн дулааны урсгал нь хасах температурт байгаа төмөр хүрээ металлыг дулаацуулж, хөндий орон зайд цан хуримтлагдсанаар дотогшоо ус болж буух, удаан хугацааны давтагдалтаар төмөр хийцүүд зэврэхээс гадна гудамжны замын хөдөлгөөн гэх мэт дуу чимээний нөлөөгөөр ашиглалтын явцад тав тухтай байдал алдагдахад хүргэсэн болох нь Хяналтын итгэмжлэгдсэн инженерүүдийн холбооны зөвлөх инженер Л.Түмэндэмбэрэлийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-9-11, 75-86/

Иймд нэхэмжлэгч  Н ХХК-иас уг доголдлыг арилгуулахаар шаардлага гаргаж, хариуцагч С  ХХК-нд мэдэгдэл хүргүүлж байжээ. /хх-76-77/

Гэвч хариуцагч С  ХХК-иас ажлын үр дүнгийн доголдолыг тогтоосон хугацаанд арилгаж өгөөгүй тул нэхэмжлэгч байгууллага нь уг доголдолыг арилгахаар Өү Жэй АйХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг дээврийн гадна болон дотор засварын ажлыг хийж гүйцэтгүүлсэн байна.

Хариуцагч С  ХХК-иас нэхэмжлэгч байгууллага нь анх ажил гүйцэтгэх явцдаа битүү хучилттай барилга байсныг зураг зөрчөөд хямдхан хийлгэх гээд сендвичэн дээвэртэй барилга хийлгэсэн, манай компани илэрсэн доголдлыг арилгаж засах өгөх гэсэн боловч өөрсдөө материал дутуу гээд хийлгээгүй, бид үүргээ биелүүлэх боломжтой байхад өөр компаниар гүйцэтгүүлсэн гэсэн үндэслэлээр .

гүй .

Учир нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх бөгөөд ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр, ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэгэн нөхцөл байдал бий болсон бол нэхэмжлэгчид мэдэгдэх үүргээ хариуцагч биелүүлсэн эсэх, нэхэмжлэгч нь хариуцагчийн мэдэгдсэний дагуу ажлын ямар үр дүн гарахыг харгалзалгүйгээр ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон нь нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч  Н ХХК нь ажлын доголдлын талаар анх 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч С  ХХК-нд мэдэгдсэн байх тул Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан барилга, байшингийн дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гомдлын шаардлага гаргасан гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч  Н ХХК нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар доголдлыг арилгасантай холбоотой зардлаа хариуцагч С  ХХК-иар төлүүлэх эрхтэй байна.

Нэхэмжлэгч  Н ХХК нь Өү жэй айХХК-иар барилгын дээврийн гадна болон дотор засварын ажлыг гүйцэтгүүлж, дотор засварын ажлын хөлсөнд 9.494.870 төгрөг, гадны засварын ажлын хөлсөнд 5.491.000 төгрөг, засварын материал худалдан авсан зардал 20.539.800 төгрөг, хяналтын итгэмжлэгдсэн инженерүүдийн холбооны дүгнэлт хийлгэсэн зардал 500.000 төгрөг, ус алдсанаас болж дахин хийгдсэн засварын ажлын зардал 5.119.300 төгрөг, нийт 41.933.700 төгрөгийг шаардсанаас шүүх 15.485.870 төгрөгийг хариуцагч С  ХХК хариуцах үүрэгтэй гэж үзлээ.

Учир нэхэмжлэгч  Н ХХК нь ӨХХК-иар дээврийн гадна засварын ажлыг 9.494.870 төгрөг, дотор засварын ажлыг 5.491.000 төгрөгөөр тус тус гүйцэтгүүлж, мөн сэндвичлэн дээврийн төлөв байдалд Хяналтын итгэмжлэгдсэн инженерүүдийн холбоогоор дүгнэлт гаргуулж 500.000 төгрөгийг тус тус төлсөн байх бөгөөд уг зардлууд нь доголдлыг арилгахтай холбоотой захиалагчаас гарсан шууд зардалд хамаарч байна. /хх-41, 43, 61//

Үүний дагуу хариуцагч С  ХХК дээрх зардлыг хариуцах нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7-д заасантай нийцэхгүй байх бөгөөд хариуцагч зөвхөн доголдлыг арилгахад шаардагдах зардал 15.485.870 төгрөгийг хариуцах үүрэгтэй тул үлдэгдэл 26.447.830 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй байна. Учир нь нэхэмжлэгч Нар-Урт ХХК-ийн Өү жэй айХХК-тай байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнд ажлыг хөлсийг 5.780.000 төгрөгөөр, 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд ажлын хөлсийг 8.344.000 төгрөгөөр тус тус харилцан тохиролцсон байх ба гэрээнүүдийн 2.1, 2.2-т захиалагч тал гүйцэтгэгч талд төлөх энэхүү төлбөрөөс өөр бусад аливаа төлбөр байхгүй болно. Гэрээний үнэд материал, тээвэр, багаж хэрэгсэл, зөөвөр, ажлын хөлс болон хүн хүч, хоол унааны зардал бүгд багтсан болно гэж заасан атал нэхэмжлэгч  Н ХХК-иас засварын материалын зардалд 20.539.800 төгрөг нэмж нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. /хх-44-60/

Өөрөөр хэлбэл захиалагч өөр этгээдтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр засварын ажлын материал худалдаж авах зардал төлөхгүй гэсэн байх тул 20.539.800 төгрөгийн засварын материал худалдаж авсныг доголдлыг арилгахтай холбоотой зардал гэж үзэн хариуцагчаас гаргах боломжгүй юм.

Мөн нэхэмжлэгч  Н ХХК-иас ус алдсанаас болж дахин засвар хийж 5.119.300 төгрөгийн зардал гаргасан болохоо баримтаар нотлоогүй, хэрэгт авагдсан бараа материал худалдан авсан орлого, төлбөрийн баримтууд нь чухам хаана хийгдсэн, ямар учиртай ажилд хэрэглэгдсэн болох нь тогтоогдохгүй байна. /хх-16-40/

Хэдийгээр нэхэмжлэгч Нар-Урт ХХК-ийн Өү жэй айХХК-тай байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнд ажлын хөлсийг 8.344.000 төгрөг байхаар талууд тохиролцсон боловч нэмэлт ажил хийгдсэний улмаас ажлын хөлсөнд 9.494.870 төгрөг төлсөн байх ба хариуцагчаас 9.494.870 төгрөгийн өртөгтэй ажил гүйцэтгэснийг үгүйсгээгүй болно.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 353 дугаар зүйлийн 353.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С  ХХК-иас 15.485.870 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  Н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26.447.830 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийг шинжээчээр томилж маргаан бүхий сэндвичэн дээвэр нь галд тэвсэртэй эсэхийг тогтоолгож, дүгнэлт гаргуулахад хэвийн шатдаг материал байх бөгөөд хялбар дөллөж авалцаг асдаг, дөлний тархалт дунд зэрэг болох нь тогтоогдсон байна.

Гэвч талууд дээврийн ажилд ашигласан материал галд шатамхай болох талаар маргаагүй, энэ нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагатай хамааралгүй, учирсан хохирлын хэмжээнд нөлөөлөхгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367.618 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 235.379 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С  ХХК-иас 15.485.870 /арван таван сая дөрвөн зуун наян таван мянга найман зуун дал/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч  Н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26.447.830 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 367.618 төгрөг, улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 235.379 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  Н ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР