Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2020/01169

 

2020 оны 05 сарын 04 өдөр                        Дугаар 183/ШШ2020/01169            Улаанбаатар хот

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “И” ХХК-д холбогдох,

 

Тооцоо нийлсэн актаар тохиролцсон 112.653.546 төгрөг, засварын ажлын зардал 4.602.008 төгрөг, ашиглалтын зардал 5.410.453 төгрөг, нийт 122.666.007 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ц, хариуцагч Ч.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Доржханд нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус компани нь “И” ХХК-тай анх 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 2017/21 дугаартай “Үйлчилгээний талбай захиалгын гэрээ” байгуулсан ба уг гэрээний дагуу “О” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж байсан үйлчилгээний цогцолбортой орон сууцны барилгын үйлчилгээний хэсгийн талбайг “И” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, “И” ХХК нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2, 3.2.3-т зааснаар эхний 6 сарын төлбөрийг түрээсийн үнээр буюу сар бүр 5.575.000 төгрөг төлөх, мөн гэрээний 3.2.4-т зааснаар үлдэгдэл саруудад төлбөрийг тэнцүү хуваан 1 сарын 1,7 хувийн хүү нэмж тооцон төлөх нөхцөлтэй гэрээ байгуулсан. “И” ХХК нь 2017 оны 12 дугаар сард 11390 тоот албан бичгээр 2017 оны 11 дүгээр сараас эхлэн төлөгдөх үндсэн зээлийн төлөлтийг 3 сараар хойшлуулан, түрээсийн үнээр төлөх хүсэлтийг гаргасны дагуу, мөн тухайн гэрээний үйлчилгээний талбай захиалгын гэрээ гэх нэр нь бэлэн загвар гэрээг ашиглан хийсэн, нэршил нь зохимжгүй байсан тул анхны гэрээний огноо, дугаар бүхий “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г шинэчлэн хийсэн юм. Зээлээр худалдах-худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар гэрээний хавсралт 1 буюу төлбөрийн хуваарийн дагуу “И” ХХК-ийг түрээсийн үнээр төлбөр хийх хугацааг 3 сараар сунгаж, 2018 оны 3 дугаар сар хүртэл 5.575.200 төгрөгийн түрээсийн үнээр, цаашид үлдэгдэл төлбөрийг үлдсэн саруудад тэнцүү хуваан 14 дэх сараас 1,7 хувийн хүү төлж, гэрээний зүйлийн үнэд нийт 628.941.842 төгрөг төлснөөр өмчлөлдөө бүрэн шилжүүлэн авах нөхцөлтэй гэрээ байгуулсан. “И” ХХК-иас гэрээний хугацаанд нийт 27.332.400 төгрөг төлсөн ба гэрээний дагуу төлбөр төлөхөөс зайлсхийж байсан ч нэхэмжлэгчийн талаас хүлээцтэй хандаж байсан. Гэтэл “И” ХХК 2019 оны 1 дүгээр сард үйлчилгээний талбайг худалдан авахаа больсноо илэрхийлж, сар бүр түрээсийн төлбөрөөр буюу 5.575.200 төгрөг төлөх санал гаргасныг “О” ХХК мөн хүлээн авч, тохиролцсоны дагуу 112.653.546 төгрөгийг “О” ХХК-нд төлөх тооцоо нийлсэн актыг 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр үйлдсэн. “И” ХХК нь дээрх тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй бөгөөд ашиглалтын зардал төлөөгүйг “О” ХХК төлсөн, түүнчлэн хариуцагчийн үйлчилгээний талбайд үйл ажиллагаа явуулахдаа ханан дээр зураг зурж, цаашид хэвээр нь ашиглах боломжгүй болгосон байсныг хариуцагчтай зөвшилцөн засварын зардлыг зохих мэргэжлийн байгууллагаар гаргуулахад 4.602.008 төгрөг болно гэснийг үндэслэн дараах төлбөрүүдийг “И” ХХК-иас нэхэмжилж байна. Үүнд: 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар тооцоо нийлсэн 112.653.546 төгрөг, засварын ажлын зардал 4.602.008 төгрөг, ашиглалтын зардал 5.410.453 төгрөг, нийт 122.666.007 төгрөгийг “И” ХХК-иас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч “И” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие “И” сургалтын төв ажиллуулж байх хугацаандаа 2017 оны 6 дугаар сараас “О” ХХК-тай гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн Саруул хороололд байрлах, байрыг түрээслэн, хүүхдийн сургалтын төв ажиллуулж эхэлсэн. Энэ хугацаанд анх тухайн байрыг худалдан авах нөхцөлтэй, сард 5.575.000 төгрөг төлөөд 2 дахь жилээс төлөлтийн үнийн дүнг нэмэгдэн худалдан авах нөхцөлтэй гэрээ хийсэн боловч 2018 оны 11 дүгээр сард үйл ажиллагаагаа зогсоосон. Манай сургалтын төв нь ашгийн бус үйл ажиллагаа явуулж байсан ба нэг хүүхдийн нэг сарын сургалтын төлбөр 20.000 төгрөг, 5 сарын 108.000 төгрөгөөр элсэлтээ авдаг байсан. Тухайн сард хүүхдийн төлсөн төлбөр багшийн цалин, түрээсийн төлбөрт шингэн таардаг байсан. Түүнчлэн тухайн үед ар гэрт гачигдал гарч, аавыгаа эмчлүүлэхэд нэлээдгүй зардал гарсан ба 2018 оны 11 дүгээр сард ажилдаа анхаарал хандуулж чадаагүйн улмаас үйл ажиллагаагаа зогсоох шаардлага үүссэн. Одоогийн байдлаар хувийн бизнесийн үйл ажиллагаа бүрэн зогссон, эрхэлсэн ажилгүй байгаа тул “О ХХК-ийн нэхэмжилж байгаа үнийн дүнг хүлээн зөвшөөрч өгөх боломжгүй байна. Тухайн байгууллагатай гэрээ байгуулснаас хойш нийт 30.000.000 гаруй төгрөг төлсөн ба мөн зааланд хана босгож, 7 өрөө гаргахад 17.000.000 төгрөгийн зардал гаргасан. Үүнийг үнийн дүндээ оруулан тооцуулах хүсэлтэй байна. Одоогоор өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй, түрээсийн байранд амьдарч байгаа, эрхэлсэн ажил, орлогогүй байгаа тул энэ байдлыг харгалзан үзнэ үү” гэжээ. 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “О” ХХК-иас хариуцагч “И” ХХК-нд холбогдуулан “Тооцоо нийлсэн актаар тохиролцсон 112.653.546 төгрөг, засварын ажлын зардал 4.602.008 төгрөг, ашиглалтын зардал 5.410.453 төгрөг, нийт 122.666.007 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэгт авагдсан “О” ХХК болон “И” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2017/21 тоот “Зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу талууд нэг метр квадратыг 2.323.000 төгрөгөөр тооцон нийт 557.520.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцжээ.

 

Гэхдээ төлбөрийг гэрээний хавсралтад заасны дагуу буюу 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төлөх 5.575.200 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төлөх 5.575.200 төгрөгөөс тус тус чөлөөлж, 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 9 сарын хугацаанд сар бүр 5.575.200 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 21 сарын хугацаанд сарын 1,7 хувийн хүү нэмж, сар бүр 24.159.200 төгрөгөөр төлөхөөр буюу гэрээний дагуу нийт 628.941.842 төгрөг төлөгдсөнөөр үйлчилгээний талбай бүрэн “И” ХХК-нд шилжихээр байгуулсан нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан “Зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний шинжийг агуулсан байна.

 

Өөрөөр хэлбэл, гэрээний дагуу үйлчилгээний талбайг худалдан авах эцсийн үнэ нь хүүгийн хамтаар 628.941.842 төгрөг байхаар тогтоосон нь дээрх гэрээний шинжийг агуулж байгаа ба мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1, 263.2, 263.4-т заасан шаардлагад нийцсэн гэрээг бичгээр байгуулж, төлбөрийн хэмжээ, хугацаа, хүүгийн хэмжээг тодорхой заажээ.

 

Хэдийгээр хариуцагч нь “2018 оны 11 дүгээр сараас хойш үйл ажиллаагаа зогссон тул түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлыг төлөх боломжгүй” гэж маргаж байгаа боловч “И” ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр албан бичиг болон гар бичмэл баримтаар нэхэмжлэгч байгууллагад хандан “2018 оны 12 дугаар сар хүртэлх төлбөрөө түрээсийн үнээр тооцон төлөхөө илэрхийлсэн”, мөн талууд 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон гэрээг цуцалж, 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримт үйлдэн, уг актын дагуу 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд сарын 5.575.200 төгрөг, нийт 118.697.806,45 төгрөгийг төлөх, энэхүү үнийн дүнгээс хариуцагчийн төлсөн 27.332.400 төгрөгийг хасч үлдэх 91.365.406,45 төгрөгийг алданги 21.288.139,70 төгрөгийн хамт, нийт 112.653.546,15 төгрөг төлөхөөр тохиролцжээ.

 

Тодруулбал, хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу худалдагч гэрээг цуцалсан байх ба гэрээнээс учирсан хохирол буюу засварын зардал болон ашиглалтын зардлыг “И” ХХК-иас гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2, 227 дугаар зүйлийн 227.1-т заасантай нийцэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэхдээ талуудын анх байгуулсан “Үйлчилгээний талбай захиалгын гэрээ”-ний 3.2.2-т “2017 оны 4 болон 5 дугаар сар буюу 2 сарын түрээсийн төлбөрөөс хариуцагчийг чөлөөлөх”-өөр заасан байх ба энэ тухай нэхэмжлэгч болон харуицагчийн төлөөлөгч нар маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлага буюу хэргийн 22 дугаар хуудаст авагдсан тооцооллоос 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төлөх байсан гэх 5.575.200 төгрөгийг хасч, үлдэх 85.790.206,45 төгрөг дээр гэрээний /хх-11 дүгээр талын арын хэсэг/ 3.3-т заасан алданги буюу 21.288.139,70 төгрөг, нийт 107.078.346,15 төгрөгийг хариуцагч “И” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч “О” ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Мөн гэрээний 4.22-т зааснаар /хх-12 дугаар тал/ худалдан авагч үйлчилгээний талбайг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэл хугацаа буюу 2019 оны 1 дүгээр сарын 28-ны хүртэл хугацаанд гарсан ашиглалтын зардлыг төлөхөөр тохиролцсон байгаа ба хэрэгт авагдсан “Б” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Кассын орлогын ордер” гэх баримт /хх-24 дүгээр тал/, мөн хэргийн 31-53 дугаар хуудаст авагдсан баримтуудаар 2017 оны 4 дүгээр сараас 2019 оны 1 дүгээр сар хүртэл хугацаанд 5.410.453 төгрөг гарч, уг төлбөрийг “О” ХХК-иас төлсөн байх тул уг зардлыг хариуцагчаас гаргуулж олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн хариуцагч “И” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Г 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр үйлчилгээний талбайг хүлээлгэн өгч акт үйлдэхдээ “Заслын ажлын хөлсийг заслын инженерээр гаргуулахыг хүлээн зөвшөөрлөө” гэж бичсэн байх ба хэргийн 25-30 дугаар талд авагдсан төсөвт тухайн үйлчилгээний талбайг засварлахад нийт 4.602.008 төгрөгийн зардал гарахыг тооцоолон гаргасан байх тул уг төлбөрийг мөн хариуцагчаас гаргуулав.

 

Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “И” ХХК-иас зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэг 85.790.206,45 төгрөг, алданги 21.288.139,70 төгрөг, ашиглалтын зардал 5.410.453 төгрөг, засварын ажлын зардал 4.602.008 төгрөг, нийт 117.090.807,15 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “О” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.575.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “О” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 771.300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “И” ХХК-иас 743.404 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “О” ХХК-нд олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “И” ХХК-иас зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэг 85.790.206,45 төгрөг, алданги 21.288.139,70 төгрөг, ашиглалтын зардал 5.410.453 төгрөг, засварын ажлын зардал 4.602.008 төгрөг, нийт 117.090.807,15 /нэг зуун арван долоон сая ерэн мянга найман зуун долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “О” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.575.200 /таван сая таван зуун далан таван мянга хоёр зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “О” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 771.300 /долоон зуун далан нэгэн мянга гурван зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “И” ХХК-иас 743.404 /долоон зуун дөчин гурван мянга дөрвөн зуун дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “О” ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ГЭРЭЛТУЯА