Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2022/00743

 

                                                    “ОК” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2020/01169 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1483 дугаар магадлалтай,

“ОК” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“И М” ХХК-д холбогдох

Тооцоо нийлсэн актаар тохиролцсон 112,653,546 төгрөг, засварын ажлын зардал 4,602,008 төгрөг, ашиглалтын зардал 5,410,453 төгрөг, нийт 122,666,007 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганзул, түүний өмгөөлөгч Л.Цэндсүрэн нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Даваасүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цэндсүрэн, хариуцагчийн төлөөлөгч Ч.Ганчимэг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “ОК” ХХК нь “И М” ХХК-д холбогдуулан тооцоо нийлсэн актаар тохиролцсон 112,653,546 төгрөг, засварын ажлын зардал 4,602,008 төгрөг, ашиглалтын зардал 5,410,453 төгрөг, нийт 122,666,007 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2020/01169 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “И М” ХХК-иас зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэг 85.790.206,45 төгрөг, алданги 21.288.139,70 төгрөг, ашиглалтын зардал 5.410.453 төгрөг, засварын ажлын зардал 4.602.008 төгрөг, нийт 117.090.807,15 /нэг зуун арван долоон сая ерэн мянга найман зуун долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ОК” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.575.200 /таван сая таван зуун далан таван мянга хоёр зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “ОК” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 771.300 /долоон зуун далан нэгэн мянга гурван зуу/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “И М” ХХК-аас 743.404 /долоон зуун дөчин гурван мянга дөрвөн зуун дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ОК” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1483 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2020/01169 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2 дах хэсэг, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсгийг баримтлан хариуцагч “И М” ХХК-аас 31 472 600 /гучин нэгэн сая дөрвөн зуун далан хоёр мянга зургаан зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ОК” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 91 193 407 /ерэн нэгэн сая нэг зуун ерэн гурван мянга дөрвөн зуун долоо/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дах заалтын “743 404 /долоон зуун дөчин гурван мянга дөрвөн зуун дөрөв/ төгрөг” гэснийг “315 313 /гурван зуун арван таван мянга гурван зуун арван гурав/ төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 743 404 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цэндсүрэн нар хяналтын гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь “ОК” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “И М” ХХК-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 1169 тоот шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 болон 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, хэрэгт хамааралтай, үнэн зөв үнэлээгүйн улмаас шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс 1483 тоот магадлалын хэрэгсэхгүй болгосон хэсэг болох 91,193,407 төгрөгийг дараах үндэслэлээр хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж хяналтын журмаар гомдол гаргаж байна. 1. Талуудын хооронд байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээг анхан болон давж заалдах шатны шүүх эд хөрөнгийн үнийг тодорхой хугацааны дараа хэсэгчлэн төлөх үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн боловч гэрээ болон гэрээний хавсралт - төлбөрийн хуваарийн дагуу хариуцагч “И М” ХХК нь нийт 240 м.кв үйлчилгээний зориулалттай талбайг худалдаж авахаар тохиролцохдоо эхний 9 сарын төлбөрийг хөнгөлөлттэй үнээр буюу тухайн үеийн түрээсийн үнээр тооцон төлөх, цаашид үлдэгдэл төлбөрийг үлдсэн саруудад тэнцүү хуваан 1.7 хувийн хүү нэмж төлснөөр гэрээнд заасан эд хөрөнгийн үнэ нэмэгдсэн шинжээрээ талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Гэтэл хариуцагчийн зүгээс 2019.01 сард гэрээний зүйлийг худалдан авч чадахгүй болсноо илэрхийлж, үйлчилгээний талбайг 2017.04 сараас 2019.02 сар хүртэл 21 сар ашигласан хугацаагаа 1 сарын түрээсийн төлбөр 5,575,200 төгрөгөөр тооцон төлж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгох санал гаргасныг /хх-19х/ нэхэмжлэгч хүлээн авч 2019.02.02-ны өдөр талууд гэрээгээ харилцан дүгнэн тооцоо нийлсэн баримтыг үндэслэн хохирлоо шаардсан, мөн худалдаж авна гээд 21 сарын хугацаанд талбайг ашиглахдаа ханан дээр зураг зурж цаашид хэвээр ашиглах, бусдад түрээслэх, худалдах боломжгүй болгож хохирол учруулсан тул засварын зардалд 4,602,008 төгрөг, мөн ашигласан хугацаанд хэрэглэсэн тог, цахилгаан, халаалт зэрэг ашиглалтын зардлыг хариуцагчийн өмнөөс ашиглалт хариуцсан компанид төлсөн, хариуцагчийн төлбөрөө төлж чадахгүй буруутай үйлдлийн улмаас гэрээнээс татгалзсан, гэрээнээс татгалзсаны үр дагавар буюу учирсан хохирол, зардлаа шаардсан байхад гэрээнээс учирсан хохирол, зардал гэж хариуцагчаас гаргуулсан нь үндэслэл муутай гэж үзэж Иргэний хуулийн 262.1, 262.4, 227.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэлээ. 2. Магадлалын хянах хэсэгт: “Нэхэмжлэгчийн олох байсан орлогын хэмжээг хэрэгт авагдсан баримтын хүрээнд тодорхойлох боломжтой байна. Талууд эхний гэрээгээр буюу үйлчилгээний талбай захиалгын гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-т зааснаар сар тутмын түрээсийн төлбөрийг 3,095,000 төгрөг гэж тохиролцсон байх ба түрээсийн зүйл хариуцагчийн эзэмшилд байх хугацаанд эхний 2 сарын түрээсийн төлбөрийг авахгүй гэж тохиролцсон байна” гэжээ. Нэхэмжлэгч “ОК” ХХК анх 2017.04.06-ны өдөр “И М” ХХК-тай 2017/21 тоот “Үйлчилгээний талбай захиалгын гэрээ” нэртэй гэрээг байгуулсан боловч Хариуцагч “И М” ХХК-ийн гэрээний төлбөрийг хойшлуулахыг хүссэн 11390 тоот хүсэлт /хх-10х/, 2016 онд ашиглалтад орсон үйлчилгээний талбайг бэлэн гэрээний загвар ашиглан хийсэн захиалгаар барих, гүйцэтгэх агуулгатай гэрээг өөрчлөх шаардлагыг үндэслэн талууд өмнөх гэрээ байгуулсан өдрөөр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийг үндэслэн Зээлээр худалдах, худалдан авах гэрээг шинэчлэн байгуулснаар өмнөх үйлчилгээний талбай захиалгын гэрээ хүчингүй болсон. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж, хариуцагчийн гэрээний зүйл болох үйлчилгээний талбайг нийт 21 сар ашигласан хугацааны хохирлыг 1 сарын түрээсийн төлбөр буюу 5,575,000 төгрөгөөр тооцон төлөхөөр тохиролцсон талуудын тохиролцоо /хх-13х, 19х, 21-22х, 23х/-г дур мэдэн өөрчилж хүчин төгөлдөр бус өмнөх гэрээ буюу үйлчилгээний талбай захиалгын гэрээний 3.2.1-т заасан барьцаа төлбөрийг үндэслэн сар тутмын түрээсийн төлбөрийг 3,095,000 төгрөгөөр тохиролцсон байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй буюу нотлох баримтыг буруу үнэлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн. Үйлчилгээний талбай захиалгын гэрээний 3.2.1-т барьцаа төлбөр 1 сарын түрээсийн төлбөр буюу 3,095,000 төгрөг байна гэж заасан нь гэрээний зүйл болох 240 м.кв талбайн түрээсийн бодит үнэ биш бөгөөд харин тус гэрээний 1.6-т зааснаар талуудын хоорондын тооцоо, тохиролцоогоор гарсан зөрүү мөнгө 3,095,000 төгрөгийг барьцаа төлбөрт тооцохоор тохиролцсон байгаагаас тодорхой харагдана. Харин үйлчилгээний талбай захиалгын гэрээний 3.2.3 болон Зээлээр худалдах, худалдан авах гэрээний хавсралтад заасан эхний 6 сарын түрээс гэж нэг сарын 5,575,200 төгрөгөөр тогтоосон үнэ нь зах зээлийн дундаж түрээсийн үнэ /нэхэмжлэгч компани 1м.кв талбайг 23-24,000 төгрөгөөр түрээсэлдэг/ бөгөөд хариуцагч “И М” ХХК-иас түрээсийн төлбөр гэж 5,575,200 төгрөгийг төлж байснаар нотлогдоно. 3. Давж заалдах шатны шүүх: “...хариуцагч 2018.11 сар гэхэд үйл ажиллагаагаа бүрэн зогсоож, нийт 18 сар түрээсийн объектыг ашигласан гэж тайлбарласныг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй” гэж худал дүгнэлт хийсэн, нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн үед ч үгүйсгэсэн тайлбар, нотлох баримтыг гаргаж өгсөн болно. Хэдийгээр хариуцагч талбайг 2018.11 сард үйл ажиллагаагаа зогсоосон, 18 сар ашигласан гэж тайлбарладаг ч хавтаст хэргийн 19-р талд авагдсан “И М” ХХК-ийн 2018.10.01-ний өдрийн 108119 тоот албан бичигт “...бид байраа худалдаж авахаар зээл хөөцөлдөж байгаа 2018.12.01-нд эцсийн байдлаар шийдэгдэх тул хугацаа өгөхийг ...хүссэний дагуу нэхэмжлэгч “ОК” ХХК 2019.01.28-ны өдөр хүртэл хүлээсний эцэст цоожийг нь сольж, хариуцагчид мэдэгдсэнээр 2019.01.28-ны өдрөөр дуусгавар болгон тооцоо нийлж баримт үйлдсэн /хх-21-22х/. Талбайг 2018.12.19-ний өдрийг хүртэл 19 сар ашигласан гэх ямар ч баримт хэрэгт байхгүй ба нэхэмжлэгч хэдийгээр цоожны голыг 2019.01.28-ны өдөр сольсон хэдий ч хариуцагчийн тавилга, эд зүйлс дотор нь хадгалаастай хэвээр байсан бөгөөд “И М” ХХК 2019.10.15-ны өдөр доторх эд зүйлсээ авч талбайг бүрэн чөлөөлж өгснөөр албан ёсоор үйлчилгээний талбайг хүлээлгэн өгсөн юм /хх-59х/. 4. Мөн давж заалдах шатны шүүх: “...Хариуцагч нь анхнаасаа объектыг сургалтын зориулалтаар эзэмшиж, ашиглахаар гэрээ байгуулсан тул гэрээнд заасан зориулалтын дагуу хийсэн тохижилтыг үгүйсгэн засварын зардал нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 227.3-т нийцээгүй” гэж талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг шүүх буруу тодорхойлж, бодит байдлыг гуйвуулж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Талуудын хооронд Иргэний хуулийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болохоос анхнаасаа хариуцагчийн эзэмшил, ашиглалтад талбайг түрээслүүлэхээр гэрээ байгуулаагүй, гэрээнд сургалтын зориулалтаар эзэмшиж, ашиглуулах нэг ч үг, өгүүлбэр байхгүй юм. Нэхэмжлэгч анхнаасаа талбайг худалдахаар тохиролцсон тул худалдан авагчийн хийсэн тохижилт, хана хуваалтын зардлыг “ОК” ХХК хариуцах хуулийн болон бодит үндэслэлгүй /Гэрээний 4.8/ ба Иргэний хуулийн 227.3-т заасан эд хөрөнгийн гэмтэл мөн тул нэхэмжлэгч шаардах эрхтэй, хариуцагч хүлээн зөвшөөрсөн байна /хх-59х/. 5. Магадлалын хянах хэсэгт: Гэрээний 4.23-т зааснаар гарсан зардлыг /ашиглалтын зардал/ захиалагч тал Иргэний хуулийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь СӨХ-д төлөхөөр байна, кассын орлогын ордер гэх баримтанд “ОК” ХХК-ийн тамга тэмдэг дарагдаагүй гэж хууль, журамд зааснаас гадуур шаардлага тавьсан нь мөн үндэслэлгүй. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 4.22-т зааснаар буюу Иргэний хуулийн 147.1 дэх хэсэгт зааснаар СӨХ-ийн төлбөрийг нэхэмжлээгүй бөгөөд хариуцагч “И М” ХХК-ийн зөвхөн үйлчилгээний талбайн халаалт, хэрэглээний ус, цахилгааны төлбөрийг ашиглалт хариуцсан компанид төлсөн бөгөөд Иргэний хуулийн 264.2, 227.1, 227.3-т зааснаар шаардсан нь үндэслэлтэй. Хавтаст хэргийн 24-р талд авагдсан бэлэн мөнгөний кассын орлогын ордерын баримтанд орлогыг хүлээн авсан компанийн санхүүгийн эрх бүхий ажилтан буюу нягтлан, нярав гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан байхад эрх бүхий ажилтны гарын үсэг зурагдаагүй гэж үзэх үндэслэлгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч “ОК” ХХК нь хариуцагч “И М” ХХК-д холбогдуулан тооцоо нийлсэн актаар тохиролцсон 112,653,546 төгрөг, засварын ажлын зардал 4,602,008 төгрөг, ашиглалтын зардал 5,410,453 төгрөг, нийт 122,666,007 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, сургалтын үйл ажиллагаа ашиг багатай, ар гэрт гачигдал гарч үйл ажиллагаа доголдсон, 30 гаруй сая төгрөг төлсөн, 7 өрөө гаргахад 17 сая төгрөг зарцуулсныг хасуулах хүсэлтэй, төлбөр төлөхөд хүнд хэцүү байдал байгааг харгалзан үзнэ үү гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх хариуцагчаас 117,090,807 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон бол давж заалдах шатны шүүх 31,472,600 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

8. “ОК” ХХК болон “И М” ХХК 2017.04.06-ны өдөр гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй үйлчилгээний цогцолбор бүхий орон сууцны барилгын үйлчилгээний хэсгийн 2 дугаар давхарын 21 тоот 97 м.кв, 22 тоот 143 м.кв үйлчилгээний талбайг худалдах-худалдан авахаар харилцан тохирсон, хариуцагч нийт 27,273,320 төгрөг төлсөн боловч талууд гэрээнээс татгалзаж, гэрээг дуусгавар болгосон /хх-19/, 2019 оны 01 сард нэхэмжлэгч байрны цоожийг сольсон, 2019.02.02-ны өдөр тооцоо нийлж, 2017.04.19-2019.01.28-ны хоорондох хугацааны үйлчилгээний талбайн төлөх түрээсийн төлбөр, алдангийг 112,653,546 төгрөг гэж тогтоосон “тооцооны үлдэгдлийн баталгаа” зэрэг баримтууд хэрэгт авагджээ. /хх7-8, 11-12/

9. Давж заалдах шатны шүүх алданги, засварын зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй талаар хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээг бус талууд өөрсдөө хүчингүй болгосон өмнөх гэрээг дүгнэснээс гадна талуудын тооцоо нийлсэн баримтыг анхаараагүйгээс хариуцагчийн биелүүлэх үүргийн хэмжээг үндэслэлтэй тогтоож чадаагүй, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж чадсангүй. Энэ талаарх нэхэмжлэгч талын гомдол үндэслэлтэй байна.

Талууд 2017.04.06-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулсан боловч эд хөрөнгийн үнийг төлөх хугацааг сунгаж, үүний төлөө хүү төлөхөөр дахин харилцан тохирч зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа гэрээний огноог 2017.04.06-ны өдөр гэж тусгасан, гэвч талууд гэрээнээс татгалзаж, гэрээг дуусгавар болсон гэх үйл баримтыг маргаагүй юм.

Тэрээр 2019.02.02-ны өдөр талууд тооцоо нийлэхдээ хариуцагч нь нийт 118,697,806 төгрөгийг төлөхөөс 27,332,400 төгрөгийг төлсөн тул үлдэх 91,365,406 төгрөгийг алданги 21,288,139 төгрөгийн хамт нийт 112, 653, 546 төгрөгийг төлөх үүргийг зөвшөөрч, гарын үсгээ зуржээ.

10. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар талууд гэрээнээс татгалзсанаар үүрэг дуусгавар болох тул гэрээний нэмэлт үүрэг болох алдангийг төлөх үндэслэлгүй, иймд хариуцагч нь тооцоо нийлсэн баримтын үндсэн дээр үндсэн үүрэг болох 91,365,406 төгрөгөөс гадна гэрээний 4.23-т “захиалагч тал актаар үйлчилгээний талбайг хүлээж авсан өдрөөс эхлэн үйлчилгээний талбай болон үйлчилгээний талбайн бус зориулалттай хэсгийн халаалт, халуун ус, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан холбоо, харуул хамгаалалтын зардлыг төлнө” гэж зааснаар ашиглалтын зардал 5,410,453 төгрөг нийт 96,775,859 төгрөгийг төлөх үүрэгтэй, Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2, 227 дугаар зүйлийн 227.3-т заасны дагуу нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах үндэслэл тогтоогдсон байна. Нэхэмжлэгч нь өмчлөгчийн хувьд ашиглалтын зардлыг эрх бүхий байгууллагад төлөх үүрэгтэй, харин хариуцагч ашиглалтын зардлыг төлөх үүргийг нэхэмжлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн тул нэхэмжлэгч шаардах эрхтэй, энэ талаар давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь оновчгүй болжээ.

11. Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1483 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2020/01169 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгийг баримтлан хариуцагч “И М” ХХК-аас 96,775,859 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ОК” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 25,890,148 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дах заалтад “...743,404 /долоон зуун дөчин гурван мянга дөрвөн зуун дөрөв/” гэснийг “...641,829” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020.08.11-ний өдөр хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 613,919 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                  ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                        Б.МӨНХТУЯА

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

                                  ШҮҮГЧИД                                                        Г.БАНЗРАГЧ

                                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД