Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2017/0034

 

Б.Саруулын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чимэдрэгзэн, Д.Жаргалсайхан нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 973 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чимэдрэгзэнгийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Саруулын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 973 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.7.1, 111 дүгээр зүйлийн 111.6, 117 дугаар зүйлийн 117.1, 164 дүгээр зүйлийн 161.4-т заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолын нэр дэвшигч Б.Саруулд холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон, 2016 оны орон нутгийн сонгуулийн дүнгээр Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт болон бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд Б.Саруулыг оруулж шийдвэр гаргахыг тус дүүргийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чимэдрэгзэн давж заалдах гомдолдоо: “...Шүүх Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Шүүх “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч Б.Саруулыг Сонгуулийн тухай хууль зөрчсөнийг цагдаа, шүүхээс тогтоогоогүй байхад Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо түүнийг нэрийн жагсаалтаас хасах тухай тогтоол гаргасан нь Сонгуулийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасантай нийцээгүй” гэж холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 117 дугаар зүйлээр зөрчил шалгах, 118 дугаар зүйлээр шалгасан зөрчлийг шийдвэрлэх асуудлыг зохицуулжээ.

Дээрх зохицуулалтаас үзэхэд зөрчлийг цагдаагийн байгууллага шалгаж, хариуцлагыг Захиргааны зөрчлийн хуулиар ногдуулахаар байна. Захиргааны зөрчлийн хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Иймд Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон" гэдгийг сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг ойлгоно” гэсэн заалтыг энэ хуулийн 117, 118 дугаар зүйл, хэсэгт хамааралтай гэж шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн.

Дүүргийн Сонгуулийн хороонд хуулиар олгогдсон бүрэн эрхийн тухайд: Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-д зааснаар сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах, энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгох эрхтэй.

Иймд нэр дэвшигч Б.Саруулыг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл нь сонгогчдын санал татах зорилгоор сонгогчдод нэр дэвшигч мөнгө тараах ажлыг санаачлан зохион байгуулсан, мөнгөн хөрөнгө гарган санхүүжүүлсэн, тараасан үйл баримт болно. Үүнийг заавал шүүхийн шийдвэрээр тогтоосон байхыг хуулиар шаардаагүй нь нутгийн өөрөө удирдах байгууллагад олгосон эрх хэмжээний асуудал юм.

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нэр дэвшигч Б.Саруулын талаарх гомдлыг хянан үзээд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16-д заасныг зөрчиж, сонгогчдын санал татах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон гэж үзэж, нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахдаа Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3 дахь заалтыг зөрчөөгүй.

Гэтэл захиргааны хэргийн шүүх дүүргийн Сонгуулийн хороонд ийм эрх байхгүй, зөрчлийг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэсэн байх ёстой гэж үзсэнээрээ 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш аливаа зөрчилд хариуцлага тооцохоор болж байгаа нь 2016 онд явагдсан аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигч иргэдийн саналыг татах зорилгоор хууль зөрчвөл хариуцлага хүлээхгүй гэсэнтэй агаар нэг шийдвэр гаргасан гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийг сонгуулийн тухай хуулийг зөрчсөн талаар заавал шүүхийн шийдвэр гарсан буюу тогтоогдсон байхыг шаардсан харин, ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчийн нэрийг хасах эсэхийг шийдвэрлэхдээ тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах эрх олгосон ялгамжтай зохицуулалтыг шүүх анхаарч, зөв тайлбарлан хэрэглэсэнгүй.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй талаар: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг нотлох баримтад хамаарагдаж байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан видео бичлэг бүхий СD нь нэр дэвшигч Б.Саруулын сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор мөнгө тараасан, ухуулагч болон дэмжигч иргэдээр дамжуулан мөнгө тараах ажлыг зохион байгуулалттай явуулж буй үйл баримтыг үнэлж, зөрчлийн хэлбэр, агуулгад дүгнэлт хийх эрх шүүхэд байгаа. Гэтэл шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасан хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, нотлох баримт гаргуулахыг шаардах эрхээ хэрэгжүүлсэнгүй.

Шүүхийн шийдвэрт захиргааны хэргийн шүүх шийдвэр гаргахын тулд дахин эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр гарсан байхыг шаарджээ. Захиргааны хэргийн шүүх өөрийн хийх ёстой ажлаа хийхгүйгээр өөр шүүхийн шийдвэрийг үндэслэж, Сонгуулийн хороо зөв шийдвэр гаргасан эсэхийг дүгнэнэ гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн нь буруу. Энэ нь захиргааны хэргийн шүүх шийдвэр гаргахын тулд Сонгуулийн хорооноос нэр дэвшигчийн нэрийг хассантай холбогдох асуудлыг ерөнхий харьяаллын шүүх шийдвэрлэсэн байхыг шаардаж буйтай адил агуулгатай болжээ.

Үүнээс үзвэл, захиргааны хэргийн шүүхийн үүрэг тодорхойгүй болж, хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, 34.1.4, 159 дүгээр зүйлийн 159.3-д заасныг зөрчиж байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 973 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Саруулын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Сонгуулийн тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Б.Саруулын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Саруулыг “сонгогчдын саналыг татах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан” гэсэн үндэслэлээр нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч захиргааны байгууллагын дээрх шийдвэр нь Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-д “Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно...” гэж заасантай нийцээгүй, хууль бус шийдвэр болжээ.

Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-д зааснаар нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах хуульд заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд сонгуулийн хороо тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс холбогдох хэсгийг хүчингүй болгох шийдвэрийг гаргах бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг ойлгоно.

Гэтэл шүүхээс нэр дэвшигч Б.Саруулыг сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай болохыг тогтоогоогүй байхад хариуцагч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нэхэмжлэгчийг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16-д заасан зөрчил гаргасан гэж үзэж, түүнийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Б.Саруулын сонгогчдын саналыг татах зорилгоор сонгогчдод нэр дэвшигч мөнгө тараах ажлыг санаачлан зохион байгуулсан, мөнгөн хөрөнгө гарган санхүүжүүлсэн, тараасан үйл баримтыг заавал шүүхийн шийдвэрээр тогтоосон байхыг хуулиар шаардаагүй” гэх гомдол үндэслэлгүй.

Мөн “Улсын Их Хурлын сонгуулийн тухайд нэр дэвшигчийг сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн талаар заавал шүүхийн шийдвэр гарсан байхыг шаардсан, харин ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуулийн тухайд тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороонд нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах эрх олгосон” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй. Учир нь Сонгуулийн тухай хуулийн Нэгдүгээр хэсгийн зохицуулалтууд нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Орон нутгийн сонгуульд нийтлэг хэрэглэгдэнэ.

Түүнчлэн захиргааны хэргийн шүүх нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасан зөрчлийг хянан шалгаж шийдвэрлэх эрх хэмжээгүй тул нэр дэвшигч Б.Саруулын гаргасан гэх зөрчилтэй холбогдуулан нотлох баримт цуглуулах, улмаар зөрчлийн хэлбэр, агуулгад дүгнэлт өгөх хууль зүйн боломжгүй.

Дээрх байдлаар хариуцагч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нь нэр дэвшигч Сонгуулийн тухай хууль зөрчсөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэрийн үндсэн дээр сонгуулийн байгууллага нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргах талаар зохицуулсан Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Харин шүүх маргаан бүхий захиргааны актыг Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-д заасантай нийцээгүй гэж дүгнэсэн атлаа хуулийн уг заалтыг баримтлаагүй, шийдвэрийн Тогтоох хэсэгт хуулийн зүйл, заалтыг буруу бичсэн, шаардлагагүй хуулийн заалтыг баримталсан зэрэг алдаа гаргасан байх тул шүүхийн шийдвэрийг зөвтгөн өөрчилж, мөн найруулга бичиглэлийн өөрчлөлтийг орууллаа.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 973 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 117 дугаар зүйлийн 117.1, 159 дүгээр зүйлийн 159.3, 161 дүгээр зүйлийн 161.4-д заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 2016 оны орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд Б.Саруулын нэрийг оруулж шийдвэр гаргахыг Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН