Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 1105

 

МАГАДЛАЛ

 

2018.05.11                                                 Дугаар 1105                                    Улаанбаатар хот

 

 

 

“Ш б” ХХК-ийн “И з” э нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/00508 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ш б” ХХК-ийн “И з” э нэхэмжлэлтэй,

Хариуцагч “А т”  ХХК-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт барьцаалсан 840 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Түрээсийн гэрээний төлбөрт 7 560 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,  

Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “Ш б”  ХХК-ийн “И з” энь “А т”  ХХК-ийн 1 өрөө байрыг сарын 840 000 төгрөгөөр түрээслэсэн бөгөөд түрээсийн төлбөрөөс гадна барьцаа 840 000 төгрөгийг төлсөн болно. “Ш б”  ХХК-ийн “И з” энь тус байрандаа зүрх судасны эмчилгээ үйлчилгээг явуулж байтал сарын дараа “А т”  ХХК зүрх судасны тоног төхөөрөмж бүхий олон эмчтэй эмнэлгийг хажуу талын өрөөнд оруулсан нь “Ш б”  ХХК-ийн “И з” э бизнесийг хааж, зогсоосон. Энэ байдлаас болоод түрээсийн гэрээгээ цуцлахаар хариуцагч компанийн нягтланд мэдэгдэж, түрээсийн зөрүү төлбөрөө төлж барьцааны мөнгөө буцаан өгөхийг хүссэн. Гэвч “А т”  ХХК нь барьцааны мөнгийг өгөхгүй байна. Иймд “А т”  ХХК-иас 840 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “А т”  ХХК-ийн өмчлөлийн конторын зориулалттай барилгын 4 дүгээр давхрын 406 тоот 24 м.кв талбай бүхий объектыг дотрын эмнэлгийн үйл ажиллагаа явуулах зорилготой, 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээг байгуулсан. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож түрээслэгчид нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний төлбөрийг барьцаа болгож түрээслүүлэгчид төлнө гэж заасны дагуу   840 000 төгрөгийг барьцаа болгон авсан байдаг. Түрээсийн гэрээний 8 дугаар зүйлийн   8.2-т заасан гэрээ хугацаанаасаа өмнө дуусгавар болох үндэслэлүүдийг дурдсан байдаг бөгөөд дээрх нэхэмжлэлийн үндэслэл нь түрээсийн гэрээг дангаар дуусгавар болох үндэслэлд хамаарахгүй байх тул уг гэрээг нэг талын санаачлагаар цуцлах хүсэлт гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. “А т”  ХХК нь “И з” э үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд түрээслэж байхдаа бидэнд бизнесийн үйл ажиллагааг хааж боогдуулсан талаар ямар нэг хүсэлт тавьж байгаагүй ба зөвхөн эрүүл мэндийн шалтгааны улмаас цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон талаар хүсэлт тавьж байсан болно. Түрээслэгч энэхүү хүсэлтийг шийдвэрлэж амжаагүй байтал түрээсийн байрыг өөрийн дураар орхин явж “А т”  ХХК-д түрээсийн байрыг ямар нэгэн байдлаар хүлээлгэж өгөөгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Түрээсийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3-д зааснаар “аль нэг тал энэхүү түрээсийн гэрээг аливаа үндэслэлээр дангаар цуцлахгүй, хэрэв ийнхүү дангаар цуцалсан бол гэрээ цуцалсан тал нь энэхүү гэрээг зөрчсөн үндэслэлээр нөгөө талдаа түрээсийн үлдсэн хугацааны түрээсийн төлбөрийг төлнө гэж заасан. Дээрх нэхэмжлэлийн шаардлага нь талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ дуусгавар болох үндэслэл гэж үзэхгүй байгаа бөгөөд түрээслэгч тал нь түрээсийн гэрээний 8.3-д заасны дагуу түрээсийн гэрээг дангаар цуцалж, гэрээг зөрчсөн гэж үзэж түрээсийн гэрээний хугацаа дуусах өдрийг хүртэлх нийт 10 сарын түрээсийн төлбөр болох 8 400 000 төгрөгөөс барьцаанд төлсөн 840 000 төгрөгийг хасч 7 560 000 төгрөгийг “И з” э гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар “түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4 дэх хэсэгт “энэ хуулийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус” байна гэжээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан байдаг. “Ш б”  ХХК-ийн “И з” эболон “А т”  ХХК-ийн хооронд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдсан байдаг бөгөөд уг гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн тул энэ хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байсан гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ үндэслэлээр ч гэсэн манай үндсэн нэхэмжлэл хангагдах ёстой гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан “А т”  ХХК-иас 840 000 төгрөгийг гаргуулж “Ш б”  ХХК-ийн “И з” э олгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ш б”  ХХК-ийн “И з” э түрээсийн төлбөрт 7 560 000 төгрөг гаргуулах тухай “А т”  ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 25 000 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд тэмдэгтийн хураамжид төлсөн 135 910 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, 25 000 төгрөгийг хариуцагч “А т”  ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний зүйл нь тусдаа улсын эрхийн бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө биш бөгөөд үл хөдлөх хөрөнгийн зарим хэсгийг түрээслэхэд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй болно. Өөрөөр хэлбэл, Зохигчдын хоорондох түрээсийн гэрээний зүйл нь бие даасан бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө бус харин түүний нэг хэсэг байх тул үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ улсын бүртгэлд бүртгэгдэх, ийнхүү бүртгүүлээгүй гэрээ хүчин төгөлдөр бус байх тухай Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасан зохицуулалт тухайн харилцаанд хамааралгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Хэргийн харъяалал зөрчсөн талаар, "А т" ХХК нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ? дугаар хороо, ? дугаар ?-н ?, А ? хаягт үйл ажиллагаа явуулж байгаад 2017 оны 09 сард Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ? дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө, ? хаягт байрлах өөрийн өмчлөлийн байранд үйл ажиллагаа явуулах болсон. Энэхүү шилжсэн хаяг нь хэргийн материалд авагдсан шүүхэд дуудах мэдэгдэх хуудас, шүүх хуралдааны товыг зарласан мэдэгдэх хуудас зэргээр тодорхой харагдана. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана”, 14.2 дахь хэсэгт “хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсвэл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана” гэж тус тус заасан байна. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч “Ш б”  ХХК-ийн “И з” энь хариуцагч “А т”  ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт барьцаалсан 840 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, түрээсийн гэрээний төлбөрт              7 560 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан Түрээсийн гэрээгээр нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүрэг, ? дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, ? тоот хаягт байх, үйлчилгээ, конторын зориулалттай барилгын 4 дүгээр давхрын Д тоот, 24 м.кв талбайг эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар 1 жилийн хугацаатай түрээслэх, сарын төлбөрт 840 000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна.

Гэрээний зүйлийг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр түрээслүүлэгчид буцаан өгсөн, гэрээ байгуулах үед хариуцагч нь барьцаа гэх 840 000 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Шүүх маргааныг шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар буруу дүгнэлт хийснээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь түрээсийн гэрээний зүйл нь дээрх барилгын нэг хэсэг болох талаар зохигчид маргаагүй, улсын бүртгэлд 24 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө тусдаа бүртгэлгүй байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхгүй юм.

Иймд хүчин төгөлдөр гэрээний үүргийн гүйцэтгэлийг талууд харилцан шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулагдсан гэрээг хугацаанаас нь өмнө буюу 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр цуцалж, гэрээний зүйлийг буцаан өгсөн байх тул барьцаа гэх 840 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлтэй, шүүх нэхэмжлэлийг хангасан нь зөв байна.

Гэвч нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байна.

Түүнчлэн түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт заасан гэрээ цуцлах журам үйлчлэх юм.

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт зааснаар гэрээ цуцлах хугацаа 3 сар байх бөгөөд, энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолох тул хэргийн 44 дэх талд авагдсан баримтыг үндэслэн нэхэмжлэгч нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хариуцагчид гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 10 сарын түрээсийн төлбөр 7 560 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлгүй. Харин 2017 оны 2-4 дүгээр сарын түрээсийн төлбөрийг гэрээгээр тохиролцсон 840 000 төгрөгийн хэмжээгээр тооцон нэхэмжлэгчээс 2 520 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулав.

Хариуцагчийн давж заалдах гомдлоос “...Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасан зохицуулалт тухайн харилцаанд хамааралгүй гэж үзэх үндэслэлтэй...” гэснээс бусад хэсгийг хангах үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/00508 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “А т”  ХХК-иас 840 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ш б”  ХХК, И з э олгож, нэхэмжлэгч И з э   2 520 000 төгрөгийг гаргуулан “А т”  ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх        5 040 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т “...нэхэмжлэгчээс 55 270 төгрөгийг гаргуулж  хариуцагчид олгох” гэсэн заалт нэмж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 2, 4 дэх заалтыг 3 гэж тус тус дугаарлан, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 160 910 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.БАТЗОРИГ

 

        ШҮҮГЧИД                            Т.ТУЯА

 

                                                                     М.НАРАНЦЭЦЭГ