Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 1144

 

МАГАДЛАЛ

 

2018.05.16                                                     Дугаар 1144                                Улаанбаатар хот

 

 

 

 

А б б г нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,  

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/00494 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А б б г нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Х” ХК-д холбогдох,

 

Гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол 16 643 880 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

Шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Н а б б г нь “Х”  ХК-тай Гэр хороолын айл өрхөд усан халаалттай сайжруулсан зуух нийлүүлэх НАЧА/12/9 дугаартай гэрээг 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан. Энэхүү гэрээгээр захиалагч тал болох Н а б б г 11 095 920 000 төгрөгийг улсын төсвийн хөрөнгөөр төлөх, нийлүүлэгч тал болох “Х”  ХК усан халаалттай сайжруулсан 20 000 зуух нийлүүлэх үүргийг тус тус хүлээсэн. Н а б б г нь гэрээний нөхцлийн дагуу урьдчилгаа төлбөрийн 30 хувь болох             3 328 776 000 төгрөгийг 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 137 589 408 төгрөгийг 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр тус тус “Х”  ХК-ийн дансанд шилжүүлсэн. Нийлүүлэгч талын хүсэлтийг үндэслэн гэрээний хугацааг 2 удаа сунгасан боловч зуухны нийлүүлэлтийн хэмжээг 6248 зуухаар зогсоож, гэрээг цуцлах саналаа “Х”  ХК-ийн ерөнхий захирал Б.Э 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 328 дугаартай албан бичгээр захиалагчид ирүүлснийг хүлээн авч, гэрээг цуцалсан болохыг 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1/513 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Мөн дээрх гэрээтэй холбоотойгоор Ц а с, Н З д Т г, “Х б” ХХК, “Х”  ХК-иудын хооронд Эрчим хүчний хэмнэлттэй усан халаалттай зуух нийлүүлж, суурилуулах хамтын ажиллагаа-ны ЦАС-2012/12/05 дугаартай гэрээг 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан. Уг гэрээг нийлүүлэгчийн хүсэлтээр 3 удаа сунгаж, нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд нийлүүлж суурилуулах зуухны тоог 20 000 ширхэг байсныг 6248 ширхэг болгож өөрчилсөн. Гэрээний талууд 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр дээрх хамтын ажиллагааны гэрээг дүгнэж протокол үйлдсэн бөгөөд гэрээний биелэлт, шийдвэрийг шалгахад гэрээний дагуу 6248 зуух суурилуулахаас нийт 6218 ширхэг суурилуулсныг тооцоо нийлсэн баримтаар баталгаажуулж гүйцэтгэлийг 6218 ширхэг зуух гэж талууд харилцан зөвшөөрч нийлүүлэгч суурилуулах ёстой нийт зуухнаас 30 ширхэгийг дутуу суурилуулсан байна гэж дүгнэсэн. Гэр хорооллын айл өрхөд усан халаалттай сайжруулсан зуух нийлүүлэх НАЧА/12/9 дугаартай гэрээний дагуу захиалагчаас 6248 ширхэг зуухны төлбөр 3 466 365 408 төгрөгийг нийлүүлэгчид бүрэн шилжүүлсэн байхад 6218 ширхэг зуухыг суурилуулсан тул дутуу суурилуулсан 30 ширхэг зуухны үнэ               16 643 880 төгрөгийг захиалагчид буцаан төлөхийг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ дүгнэх хурлын тэмдэглэлээр болон албан бичгээр мэдэгдсэн боловч “Х”  ХК нь төлбөрийг төлж барагдуулаагүй болно. Иймд хариуцагч “Х”  ХК-иас дутуу суурилуулсан 30 ширхэг зуухны үнэ болох 16 643 880 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “Х”    ХК нь Н а б б гтай Гэр хорооллын айл өрхөд усан халаалттай сайжруулсан зуух нийлүүлэх НАЧА/12/9 дугаартай гэрээг 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан. Энэхүү гэрээгээр захиалагч тал болох Н а б б г 11 095 920 000 төгрөгийг улсын төсвийн хөрөнгөөр төлөх, нийлүүлэгч тал болох “Х”  ХК усан халаалттай сайжруулсан 20 000 зуух нийлүүлэх үүргийг тус тус хүлээсэн. Манай компани 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд 12 удаагийн ачилтаар 6248 ширхэг усан халаалттай зуух нийлүүлсэн. Үлдэгдэл 13 752 ширхэг зуухыг зуухны хэрэглээ, захиалга бага, валютын ханшны өсөлт зэрэг шалтгаанаар нийлүүлэх боломжгүй болсон тул гэрээг цуцлах хүсэлтээ 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 328 дугаартай албан бичгээр захиалагчид хүргүүлснийг хүлээн авч, гэрээг 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1/513 дугаартай албан бичгээр цуцалсан болохоо бидэнд мэдэгдсэн. 6248 ширхэг зуухны нийлүүлэлтийн зардлыг Н а б б г нь гэрээний нөхцлийн дагуу урьдчилгаа төлбөрийн 30 хувь болох 3 328 776 000 төгрөгийг 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр, үлдэгдэл 137 589 408 төгрөгийг 2013 оны 07 дугаар сарын      24-ний өдөр тус тус манай компанийн дансанд шилжүүлсэн. Зуух нийлүүлтийн төлбөр бүрэн хийгдсэн. Мөн Ц а с, Н З д Т г, “Х б” ХХК, “Х”  ХК-иудын хооронд Эрчим хүчний хэмнэлттэй усан халаалттай зуух нийлүүлж, суурилуулах хамтын ажиллагааны ЦАС-2012/12/05 дугаартай гэрээг 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан. Уг гэрээг талууд тохиролцож 3 удаа сунгаж, нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд нийлүүлж суурилуулах зуухны тоог 20 000 ширхэг байсныг 6248 ширхэг болгон өөрчилсөн. Зуух суурилуулалтын явцад манай компани хэрэглэгчийн буруугаас үүссэн 124 зуухыг буцаан авч засварлаж, 94 зуухыг дахин суурилуулсан. Үүнээс 30 ширхэг зуухны эвдрэл ноцтой, засвар авахгүй болохыг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн техникийн комиссын актаар баталгаажсан. Эвдэрсэн зуухыг шинэ зуухаар сольж суурилуулсан зардал болох 47,12 сая төгрөгийг санхүүжүүлж өгөхийг хүссэн албан тоотыг удаа дараа өгсөн боловч санхүүжилтын эх үүсвэр байхгүй шатгаанаар санхүүжүүлээгүй. Энэ зардалд эвдэрсэн зуухыг буцаан авах, засварласан зардал тооцогдоогүй.

Манай компани Гэр хорооллын айл өрхөд усан халаалттай зуух нийлүүлэх НАЧА/12/9 тоот гэрээний дагуу нийлүүлэх ёстой 6248 ширхэг зуухыг 100 хувь нийлүүлсэн. Нотлох баримт болох гаалийн бүрдүүлэлт, захиалагч газар нийлүүлэгчийн Ажил хүлээлцэх актаар нотлогдож байгаа. Зуухны үнэ нэхэмжлэх үндэслэл болж байгаа 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлийн шийдвэрт Эрчим хүчний хэмнэлттэй усан халаалтын зуух нийлүүлж суурилуулах ЦАС-2012/12/05 дугаартай хамтын ажиллагааны гэрээг 2015 оын 03 дугаар сарын 31-нийг хүртэл сунгана, зуухны баталгаажилтыг дээрх хугацаанд багтаан ЦАС-д хүргүүлнэ, баталгаажилт хийхэд “Х”  ХК-ийн зүгээс машинаар дэмжлэг үзүүлнэ гэж шийдвэрлэсэн ба 30 ширхэг зуухны үнийг төлөх талаар шийдвэр гаргаагүй болно. Н Засаг д Т г, Ц а с, “Х б” ХХК, “Х”  ХК нарын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн гэрээ дүгнэсэн протоколд 6248 зуух бүрэн суурилуулсан боловч ашиглалтын явцад 124 зуух эвдэрч, үүнээс 94 зуухыг засварлаж, дахин суурилуулсан. 30 ширхэг зуухны эвдэрэл ноцтой тул засварлах боломжгүйг техникийн комиссын актаар тогтоосон талаар уг протоколын гэрээний биелэлт, шийдвэр бүлгийн шалгасан нь хэсэгт тэмдэглэгдсэн байгаа. Мөн уг протоколд 30 ширхэг зуухны суурилуулалтын зардалд олгох татаасны төлбөр 9 150 000 төгрөгийг суутган тооцсон. Хамгийн сүүлчийн баталгаажилтын баримтаар /2015 оны 02 сарын 03-ны өдрийн/ зуухны үнийг суутгах, алданги тооцох шийдвэр гаргаагүй. Ашиглалтын буруугаас засвар авахгүй 30 ширхэг зууханд акт тогтоох, суурилуулалтын явцад хэрэглэгчийн буруугаас 124 айлын зуухыг дахин сольж суурилуулсан зардлын талаар АББГазар, “Х”  ХК-ийн хооронд 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэлийн шийдвэрээр,

-Зуухны нийлүүлэлт бүрэн хийгдсэн нь баримтаар батлагдаж санхүүжилт олгогдсон.

-Хэрэглэгчийн хариуцлагагүй, ашиглалтын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж ашиглагдах боломжгүй болсон 30 ширхэг зуухыг ашиглалтаас хасч, зуухны үнийн суутгал хийх үндэслэлгүй.

-Хэрэглэгчдэд суурилуулж, ашиглалтын явцад эвдэрсэн зуухнуудыг засварлаж дахин суурилуулалтын зардлыг /47,12 сая төгрөг/ эх үүсвэргүй тул олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн.

Иймд эвдэрч ашиглалтын шаардлага хангахгүй болсон 30 ширхэг зуухны үнийн төлбөрийн асуудлыг дээрх хурлын тэмдэглэлээр 30 ширхэг зуухыг ашиглалтаас хасч, зуухны үнийн суутгал хийх үндэслэлгүй гэж эцэслэн шийдвэрлэсэн. Дээрх нотлох баримтуудаас үзэхэд манай компани 30 ширхэг зуухны үнийг захиалагчид төлөх үндэслэл байхгүй. Мөн компани хэрэглэгчийн буруугаас эвдэрсэн зуухнуудыг сольж, дахин суурилуулсан зардал болох 47,12 сая төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Зуух нийлүүлэгч “Х”  ХК нь 6248 ширхэг зуух нийлүүлэх явцад валютын ханшны өсөлтөөс 171,8 сая төгрөгийн алданги хүлээж байсныг шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтийг НА б б үндэсний хороонд гаргаж байсан болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч Агаарын бохирдлыг бууруулах газраас хариуцагч “Х”  ХК-нд холбогдуулан гаргасан      16 643 880 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.  

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Н а б б г нь НАЧА/2012/9 дугаар "Гэр хорооллын айл өрхөд усан халаалттай сайжруулсан зуух нийлүүлж, суурилуулах гэрээ"-г “Х”       ХК-тай байгуулсан. Уг гэрээний ерөнхий зүйлийн 3 дахь хэсэг, 2.3.2-д "Нийлүүлэгч нь       20 000 ширхэг усан хаалттай, сайжруулсан зуух нийлүүлж, суурилуулан 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хүлээлгэн өгнө" гэж заасан. Гэтэл хариуцагч тал гэрээнд заагдсан энэхүү үүргээ хугацаандаа биелүүлээгүй чадахгүй байсан зэргийг үндэслэн 2 удаа гэрээний хугацааг сунган 20 000 ширхэг усан халаалттай сайжруулсан зуух нийлүүлж, суурилуулахыг 6248 ширхэг болгож өөрчилсөн. Энэхүү тендерийн зорилго нь 20 000 ширхэг усан халаалттай сайжруулсан зуух нийлүүлэх биш нийслэлийн гэр хорооллын утааг бууруулахын тулд иргэдэд уг зуухыг нийлүүлэн, угсарч суурилуулан ашиглан үр шимийг хүртэх зориулалтай гэрээ байгуулсан юм. Уг тендерийн бичиг баримт болон талуудын хооронд байгуулсан гэрээ зэрэг нь хүчин төгөлдөр бөгөөд гэрээний 2 удаагийн нэмэлт нь зөвхөн хугацааг сунгаж, 20 000 ширхэг зуухыг 6248 ширхэг болгосон өөрчлөлт юм. 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн "Гэрээ дүгнэсэн протокол"-д Нийлүүлэгч нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.02%-тай тэнцүү алданги төлөх үүрэгтэй. 6248 ширхэг зуух бүрэн суурилуулсан боловч 124 ширхэг зуух эвдэрч, 94 ширхэг зуух засварлан 30 ширхэг зуух засварлах боломжгүй буюу дутуу суурилуулж, нийт 6248 ширхэг зуух суурилуулахаас 6218 ширхэг зуух суурилуусан байна гэж дүгнэсэн баримт хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх, судлан шинжилж, үнэлээгүй.

Уг гэрээнд эвдрэлийг юунаас болсныг шалгаж, хэн тогтоох талаар талууд харилцан тохиролцоогүй байхад техникийн комиссийн актаар тогтоосон гэж хариуцагч тал баримт өгсөн байдаг. Уг баримтанд зөвхөн "Х" ХК-ийн ажилтнууд оролцсон бөгөөд манай талд мэдэгдэлгүйгээр уг акт гэгчийг үйлдэн 30 зуухыг угсарч нийлүүлээгүй нь хууль бус байна. Хариуцагчийн энэхүү үйлдэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. Мөн "Гэр хорооллын айл өрхөд усан халаалттай сайжруулсан зуух нийлүүлж, суурилуулах НАЧА/2012/9 дугаар гэрээ"-ний нэмэлт 20 000 ширхэг зуухыг 6248 ширхэг гэж талууд харилцан тохиролцсон. Уг гэрээг дүгнэсэн актаар гэрээгээр тохиролцсон 6248 ширхэг зуух суурилуулахаас 6218 ширхэг зуух суурилуулж 30 ширхэгийг дутуу суурилуулсан байна гэж дүгнэсэн. Энэ нь нийлүүлэгч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байхад анхан шатны шүүх хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн нь буруу болжээ.

Мөн гэрээ, түүнийг дүгнэсэн акт буюу гэрээний үүргийн биелэлт болон тендерийн бичиг баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байгааг анхаарч эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй юм. Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн гэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Нэхэмжлэгч Агаарын бохирдлыг бууруулах газар нь “Х”  ХК-д холбогдуулан гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол 16 643 880 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигчдын хооронд 2012 оны 06 дугаар сард гэр хорооллын айл өрхөд усан халаалттай сайжруулсан зуух нийлүүлж, суурилуулах гэрээ байгуулагдаж гэрээний дагуу “Х”  ХК нь нийт 20 000 ширхэг зуух нийлүүлэх, суурилуулах үүрэг хүлээсэн, уг гэрээг 2013 оны 2 дугаар сарын 6, 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрүүдэд тус тус сунгасан байна. Тус гэрээнд 2014 оны 02 дугаар сарын 12, 2014 оны 07 дугаар сарын 03, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрүүдэд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулж, гэрээ хэрэгжих хугацаа, зуухны шинж чанар, зуухны тоог өөрчлөн 6248 ширхэг зуух нийлүүлэх, суурилуулахаар тохиролцсон. Нийт 6248 ширхэг зуухны үнэ болон суурилуулалтын үнийг нийлүүлэгчид бүрэн шилжүүлсэн байна. Зуух суурилуулж байх явцад нийт 124 ширхэг зууханд хэрэглэгч дуудлага өгсний дагуу эвдрэлийг засах боломжтойг засаж, харин 30 ширхэг зуух дахин засварлах шаардлагатай байсны улмаас эргэн суурилагдаагүй үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

Талууд 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр “Гэрээ дүгнэсэн протокол” гэх акт үйлдэж тус протоколд гэрээний хэрэгжилтийн талаар талууд харилцан тохиролцон гэрээний зүйл биет байдлын доголдолтой болохыг захиалагч, санхүүжүүлэгч, банк зэрэг нийлүүлэгчийн нөгөө талд байх этгээдүүд бүрэн мэдэж байсан боловч нийлүүлэгчээс дээрх 30 зуухтай холбоотой суурилуулалтын зардлыг буцаан авснаар гэрээг биелсэн гэж үзэж дуусгавар болгохоор шийдвэрлэсэн байна. Уг баримтыг үндэслэн анхан шатны шүүх шийдвэр гаргасныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар заасан байна. Өөрөөр хэлбэл, 30 ширхэг зуухны биет байдлын доголдлыг гэрээний хэрэгжилтийн 0.5 хувь гэж үзэж тус хувьд ногдох үнийг суурилуулалтын үнэ          9 150 000 төгрөгөөр тооцон тохиролцож гэрээг дуусгавар болгосон үйл баримт тогтоогдож байх тул Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д заасан үндэслэлээр буюу гэрээний дагуу харилцан тохиролцож үүргийг дуусгавар болгосон гэж үзнэ.

Нэхэмжлэгч Агаарын бохирдлыг бууруулах газар нь суурилагдаагүй 30 ширхэг зуухны үнийг шаардах эрхтэй талаарх баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Нөгөө талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцсэн тул үйл баримтыг тогтоогоогүй, хууль буруу хэрэглэсэн гэх нэхэмжлэгч байгууллагаас гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй тул нэхэмжлэгч байгууллагаас гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/00494 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              А.МӨНХЗУЛ

    ШҮҮГЧИД                              С.ЭНХТӨР

                                                                       М.НАРАНЦЭЦЭГ