Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2535

 

 

 

 

 

 

       2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2019/02535

        Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, Засгийн газрын 11 дүгээр байрны 11 давхар, 1110 тоотод байрлах “А”Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар /цаашид ТБАГУТҮГ гэх/, /РД: /-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхон, 5 дугаар байрны 9 тоотод байрлах “С”ХХК /РД: /-д холбогдох

газар эзэмшүүлэх гэрээний үүрэгт 1.680.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

ан

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Саранцэцэг, Ө.Содов, хариуцагчийн өмгөөлөгч Н.Ариунзаяа /ШТЭҮД:2742/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч “А”ТБАГУТҮГ-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: 2008 оны 3 дугаар сард “С”ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгож, улмаар 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 44 дугаартай эрх олгох тухай, 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдөр газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай 48 дугаар захирамжаар 1 га газрыг зочид буудал, агуулахын зориулалтаар баталгаажуулсан захирамжийг тус тус гаргасан. Энэхүү захирамжуудыг үндэслэн 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 08/24 дугаартай газар эзэмшүүлэх гэрээг, 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 52 дугаартай Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулсан. Гэвч 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр А/78 дугаартай захирамжаар газар эзэмшүүлэх гэрээнд заасан газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшихтэй холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх зэрэг үүргээ биелүүлээгүй, мөн эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд үйл ажиллагаа эхлээгүй гэсэн үндэслэлээр хөрөнгө оруулалтын болон газар эзэмших эрхийг цуцалсан. А нь аж ахуйн нэгжийн  газрын төлбөрөөр улсын төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг бөгөөд “Эв-Од импекс”ХХК-иас газар эзэмшүүлэх гэрээний 3.5-д газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, мөн гэрээний 4.3-т газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан аж ахуйн нэгж зохих хуваарийн дагуу газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, энэ талаар болон гэрээний 4.2 дугаар зүйлд тавьсан шаардлагыг биелүүлээгүй, Газрын тухай хуулийн 40.1.1-40.1.5 дугаар зүйлд заасан нөхцөл бий болсон зэрэг тохиолдолд газар эзэмших гэрээг хүчингүйд тооцон газрыг хураах бөгөөд тухайн хугацаанд  төлсөн газрын төлбөрийг буцаан олгохгүй гэж тус тус заасны дагуу газрын төлбөрийн хуваарийн дагуу 2010 онд 1.680.000 төгрөг төлөөгүй газрын төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул гэрээний үүргийг хангуулах хүсэлтэй байна. “С”ХХК нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-д газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно, Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.-д татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа, татварын хууль тогтоомжид хамаарахгүй гэж тус тус заасны дагуу газрын төлбөр төлөх бүрэн үндэслэлтэй байна. Иймд хариуцагч “С”ХХК-иас газрын төлбөр 1.680.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч “С”ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Сүрэнчимэг миний бие 2005 онд “С”ХХК-ийг байгуулсан бөгөөд Аийн захирагчийн ажлын албатай 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 52 тоот хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан 2008 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 50 тоот захирамжаар зочид буудал, агуулахын зориулалтаар 1 га газрыг баталгаажуулан газрын төлбөрт зохих журмын дагуу 1.680.000 төгрөгийг төлсөн болно. Хөрөнгө оруулалтын гэрээний 3.1-д чөлөөт бүсийн захирагчийн алба үйл ажиллагаагаа эхлүүлэхэд шаардлагатай эхний ээлжийн дэд бүтцээр хангах үүрэг хүлээсэн ба манай компани зочид буудал, татваргүй барааны дэлгүүр, агуулахын төслүүд судлан сонгох ажлаа эхлүүлсэн юм. Судалгааны дүнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Хасаатай хамтарч Аэд зочид буудал, дэлгүүр, агуулахын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, Хятадын талаас холбогдох тооцоо судалгааг хийх, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, манай талаас  цэвэр болон бохир ус, цахилгаан болон дулааны асуудал, зам, 1 га газар, ажиллах хүч гэх мэт асуудлуудыг хариуцахаар шийдвэрлэсэн. Энэ төслийн хөрөнгө оруулалт 2 сая ам.доллар бөгөөд үүнийг Хятадын тал гаргахаар тохиролцоо хийсэн билээ. Хөрөнгө оруулагч Хасаа 2008 оны 4 болон 9 дүгээр сар, 2009 оны 7 дугаар сар, 2010 оны 5  дугаар сард тус тус ирж, чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцаж байсан бөгөөд А нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, цэвэр болон бохир ус, цахилгаан болон дулааны асуудал хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй тул хөрөнгө оруулалт хийх саналаасаа эцэст нь татгалзаж буйгаа мэдэгдсэн юм. Тэрээр “би дэд бүтэцгүй хоосон газарт хөрөнгө оруулалт хийх боломжгүй, танай Аийн зүгээс дэд бүтцээ хэзээ барьж байгуулах талаар огт мэдээлэл өгөхгүй байгаа нь хөрөнгө оруулагч миний итгэл алдрахад хүрлээ” хэмээн хэлж байсныг зориуд дурдая. Миний зүгээс хөрөнгө оруулагчийн дөрвөн удаа монголд байх хугацааны байр, хоол, унааны зардалд тухайн үеийн ханшаар 2.000.000 төгрөгөөс доошгүй зардал гаргасан бөгөөд цаг хугацаа болон нэр төрөөрөө давхар хохирч  үлдсэн билээ. Тухайн үед манай компанид олгосон газарт одоог хүртэл дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй байгааг танд зориуд мэдэгдмээр байна. Монгол Улсын Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу гэрээнд адил тэгш үүрэг хүлээх ёстой Аийн захирагчийн ажлын алба хөрөнгө оруулагчдыг цэвэр ус, цахилгаан болон дулааны эрчим хүчээр хангах, бохир ус зайлуулах систем барьж байгуулах үүргээ биелүүлээгүйн улмаас сэтгэл санааны болон газрын төлбөрийг оролцуулан 4.000.000 төгрөгийнг хохирол хүлээсэн “С”ХХК-ийн ерөнхий захирал Д.Сүрэнчимэг минйи бие олон жилийн дараа гэнэт гаргаж буй дээрх нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгааг хүлээн авч, хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Ариунзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн  шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацааны тухай ярихад Татварын хуульд 5 жил, Иргэний хуулиар 3 жил байдаг. Хоёр тал 2014 онд гэрээгээ цуцалсан. Үүнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцоход 5 жил өнгөрсөн учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг  бүрчлэн шинжлэн судлаад           

ҮНДЭСЛЭХ нь:

          Тус шүүх хуралдааны товыг хариуцагч “С”ХХК-ийн захирал Д.Сүрэнчимэгт мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

         Нэхэмжлэгч “А”ТБАГУТҮГ нь хариуцагч “Саскбаел”ХХК-нд холбогдуулан газар эзэмшүүлэх гэрээний үүрэгт 1.680.000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй үзлээ.  

            “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагчийн 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 44, 448 дугаар захирамжаар хариуцагч “С”ХХК-д “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт зочид буудлын барилга байгууламж барихад зориулан хөрөнгө оруулах, 1 га газар эзэмших эрх олгосныг баталгаажуулсан байна.

            Уг захирамжийн дагуу талуудын хооронд 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдөр  газар эзэмшүүлэх гэрээ байуулагдаж, хариуцагч “Саскбаел”ХХК нь 1 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж, газрын төлбөрийн хөнгөлөлтийг хасаад газрын төлбөрт жилд 1.680.000  төгрөг төлөхөөр тохиролцжээ.

            Гэвч Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагчийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/78 дугаар захирамжуаар газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй, эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй тул “С”ХХК-ийн хөрөнгө оруулалтын болон газар эзэмшүүлэх гэрээг цуцалж шийдвэрлэсэн байна.

            Нэхэмжлэгч “А”ТБАГУТҮГ нь хариуцагч “С”ХХК-ийн газар эзэмших эрхийг 2014 онд цуцалсан боловч газар эзэмшүүлэх гэрээний 3.5-д газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх үүрэгтэй гэсэн үндэслэлээр 2010 оны газрын төлбөр 1.680.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч “С”ХХК-иас Аийн захирагчийн ажлын алба хөрөнгө оруулагчдыг цэвэр ус, цахилгаан болон дулааны эрчим хүчээр хангах, бохир ус зайлуулах систем барьж байгуулах үүргээ биелүүлээгүй, газрын төлбөрийг төлөх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзаж байна.

            Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.

            Зохигчдын газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан тухайн цагт Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн газрын нэг гектарын жилийн төлбөрийн дээд хязгаарыг 3.200.000 төгрөг, доод хязгаарыг 2.400.000 төгрөгөөр тогтоосон Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 169 дүгээр тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байсан байна.

            Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн газрын төлбөрийг 2009-2013 оны хооронд Засгийн газрын 2006 оны 169 дүгээр тогтоолоор тогтоож байсан тул энэхүү төлбөр нь Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.11-т заасан Засгийн газраас хувь хэмжээг нь тогтоож орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг татварт хамаарч байжээ.

            Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа нь татвар нөхөн ногдуулан, алданги, торгууль ногдуулахад хамаарах бөгөөд нэхэмжлэгчийн шаардаж буй газрын төлбөр нь 2010 онд ногдуулсан, төлөх ёстой татварын өр тул дээрх заалтад хамаарахгүй юм.

            Татврын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т татвар, алданги, торгуулийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байна гэж заасан тул хариуцагч “С”ХХК-ийг 2010 оны газрыг төлбөрөөс чөлөөлөх үндэслэлгүй.

            Иймд хариуцагч “С”ХХК-иас газрын төлбөрт 1.680.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А”ТБАГУТҮГ-т олгох нь зүйтэй гэж үзэв.

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч байгууллага Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 41.830 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон          

ТОГТООХ нь:

 

     1. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С”ХХК-иас 1.680.000 /нэг сая зургаан зуун наян мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А”ТБАГУТҮГ-т олгосугай.

 

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “С”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 41.830 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

               4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР