Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 104

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ц.Золзаяа,

улсын яллагч М.Эрдэнэзаяа ,

шүүгдэгчийн өмгөөлөгч  А.Нацагдорж ҮД:05-86,

шүүгдэгч С.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Онгон суманд 1998 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 19 настай, халх, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “Политехникийн коллежийн Угсралтын техникчийн 2-р курсын оюутан байсан, ам бүл-5, эцэг, эгч, ах, эхнэр  08 сартай охины  хамт  Сүхбаатар аймгийн  Онгон сумын  Хавиргын 4-р багт  оршин суух хаягтай  боловч Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, Монелийн 1561  тоотод түр  оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Хоньчин овогт Сайнцогоогийн Дуламсүрэнд /РД:ЛЖ98041019/

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт  үйлдсэн эрүүгийн 2016 2501 2628 дугаар 105/2017/0084/Э индекстэй хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Дуламсүрэн нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вива- Ус” төвийн гадаа иргэн С.Өлзийбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар цохиж унагаасаны улмаас зүүн шуу ясны урд булуунд хөндлөн сэлтэрсэн хугарал бүхий  хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Дуламсүрэн мэдүүлэхдээ:   Би  2015 оны  10 дугаар сарын 27-ны  өдөр “Вива- Ус”  караокед  зөөгч хийж байсан. Тухайн өдөр 4 залуу хоорондоо маргалдаж байсан. Пабад гарч байсан эгч  тэд нараас айгаад  тэдгээр хүмүүсийг салгаж чадаагүй. Тэгээд би очоод та нар  энд маргалдахгүй, хүмүүс манайхаар үйлчлүүлж байна гарч маргалд гэсэн. Тэгээд тэр хүмүүс үүдэн дээр гараад маргалдаад байсан. Манайхаар байнга үйлчлүүлдэг нэг залууг  3 залуу нийлж байгаад зодоод байхаар нь  би та нар   яагаад нэгийгээ зодож байгаа юм бэ хашаанаас гарч маргалд  нэгийгээ  битгий  ингэж дээрэлхэж бай гэхэд  чамд ямар хамаатай юм  пизда минь гээд над руу дайраад  миний нүүр лүү цохьсон. Нэмж  цаанаас  гурав нь гүйж ирээд  над  руу дайрахад би биеэ  хамгаалаад  урдаас  нь  нэг хоёр цохилцсон. Тэгээд  хохирогч  унаад гараа хугалсан байсан. Би хохирлыг нь гаргаад  уучлалт гуйсан.  Тэгээд  хохирогч гомдол саналгүй гэсэн  бичгээ хийж өгсөн гэв. .

Талуудын хүсэлтээр  хавтаст хэргээс :

Мөрдөн байцаалтанд хохирогч С.Өлзийбаярын:.. 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагийн үед найз нар болох Тулгаа, Чимэдцэрэн нарын  хамтаар Баянзүрх дүүргийн 02 дугаар хороо, Сансарын колонкийн хойд талын “Вива-Ус “гэдэг нэртэй пабад орж суусан. ... Тэгтэл 2 залуугийн өндөр залуу нь намайг баруун шанаа орчим руу гараараа цохиж аваад, би цохиулсандаа болоод газар унасан. Би гар эвгүй болчихлоо гэхэд тоохгүй байсан, тэгэхээр нь хүлээж бай, ороолт газарт унасан байна, аваадхая гэж хэлэхэд тэр залуучууд надаас холдсон. ... Батсуурь ах нэг их удалгүй хүрч ирээд гараа гэмтэлд үзүүл гэж хэлээд намайг машиндаа суулгаад Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн  эмнэлэгт очиж үзүүлээд рентген зураг авахуултал зүүн гарын булуу хэсгээр хугарсан байсан. Миний биед учирсан, шүүх эмнэлгийн дүгнэлтэнд тусгагдсан зүүн шуу ясны урд буланд үүссэн хөндлөн сэлтэрсэн хугарал гэмтлийг 2 залуугийн өндөр залуу нь учруулсан. Тэр залуу намайг цохиод би унахдаа  гараараа эвгүй унасан. Тэгээд миний гар хугарсан байгаа юм. Намхан залуу намайг өшиглөсөн. Гэхдээ гэмтэл учраагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Тулгаагийн:.. 2015 оны 10 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед ангийн найз нар болох Өлзийбаяр, Чимэдцэрэн нарын хамтаар сургуультай ойр байдаг “Вива-Ус” гэдэг нэртэй паб-караокед орж суусан ... Бид нар   гараад үүдэнд бас бөөгнөрөөд байж  байхад нөгөө   караокены ажилчид араас гарч ирээд ахиад хэрэлдсэн санагдаж байна. Тэгээд миний ухаан санаа хэсэг балартсан байгаа юм.... Тэгээд тэд нарт зодуулсан талаараа хэлээд байж байхад Өлзийбаяр гар эвгүй болчихлоо гээд хүрч ирсэн Тэгтэл Өлзийбаярын гар хугарчихсан байсан....Тэгээд буцаад очиход Өлзийбаяр зодуулаад гар хугалчихлаа гэж байсан.  Тэр өндөр залуу Өлзийбаярыг хэрхэн зодож гарыг нь хугалсан талаар   би хараагүй. Намайг түрүүлж цохиод би зугтаагаад явсан. Сүүлд очиход Өлзийбаярыг зодоод гарыг нь хугалсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14, 41-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Пүрэвмагнайн:..Би   нөгөө   ангид  сурдаг танил Даашкатай хамт хичээл тараад Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “Вива-Ус” нэртэй пабад 21 цагийн үед орсон. Тэгтэл тэнд манай дээд курсын ах нар болох Өлзийбаяр, Тулгаа, Чммэдцэрэн нартай таарапдсан. Ах нар маань ч тэсэн биднийг наашаа хамт суучих гэхээр нь нийлээд сууцгаасан. Би тэд нараас Өлзийбаяр ахтай арай дотно байдаг юм. Биднийг орж ирэхэд 1 шил архи авчихсан, хүний 1 нэг пиво захиалаад сууцгааж байсан. Ах нарын захиалсан архи нь бараг дуусаж байсан. Тэр архийг дуусгаад ахиад нэг шил архи, хэдэн пиво захиалж авсан.Ингээд сууж байтал Чимэдцэрэн ах над руу жаахан агсраад байсан. Өдөр сургууль дээр муухай хараад  байсан гэсэн шалтгаанаар Чимэдцэрэн ах над руу жаахан агсарсан. Би ч өөрийгөө өмөөрөөд, гэхдээ хэрүүл хийгээгүй. Чимэдцэрэн ахаас уучилалт гуйгаад, санааатай таныг муухай харсан зүйл байхгүй, та тэгж бодсон байх, надад тийм зан байхгүй гэдгээ хэлсэн. Ингээд эвлэрээд сууж байхад Чимэдцэрэн ах ахиад агсарч эхэлсэн. Чимэдцэрэн ах намайг гаръя гээд дагуулад бие засах газрын орчимд аваачаад, надад ахиад л агсарч эхэлсэн. Гэхдээ намайг Чимэдцэрэн ах цохиж зодоогүй. Өлзийбаяр ах араас хүрч ирээд намайг өмөөрөөд салгасан. Бид салаад байж байгаад гадаа гарцгаасан. Дашка, Тулгаа ах хоёр ч бас гарч ирээд бид бөөнөөрөө гадагшаа гарсан юм. Гадаа гараад тамхи авах гээд ТҮЦ рүү явсан. Ард Өлзийбаяр ах Тулгаа ах нар үлдсэн. Би Чимэдцэрэн ахыг аргадаад явж байсан, ард Дашка алхаж байсан. Ингээд байж байхад Тулгаа ах гүйж ирээд зодоон болоод байна гэхээр нь би Дашкатай хамт нөгөө пабынхаа гадаа очсон. Дашка бид хоёрыг очиход пабын хашааны гадаа Өлзийбаяр гараа барьчихсан, гар эвгүй болчихлоо гээд байж байсан. Цаана нь 2-3 цагаан цамцтай залуучууд зогсож байсан. Би хэн нэгэнтэй хэрүүл уруул хийхийг хүсээгүй, Өлзийбаяр ахыг аваад шууд явсан. Тэгээд л Дашка бид 2 салаад явцгаасан.Цааш юу болсон талаар мэдэхгүй. Маргааш нь Өлзийбаяр ахтай тааралдахад зүүн гартаа гипс тавьсан байсан, яасан талаар нь асуухад нөгөө баарны зөөгч нар зодсон, гар нь хугарсан гэдгийг дуулсан.... Зөөгч залуу Өлзийбаяр ахыг хавирч унагаад 2-3 удаа өшиглөхөд Өлзийбаяр ах гараараа хаасан. Бид нар очиж   зөөгчийг болиулж салгаад Өлзийбаяр ахыг аваад явсан. Өлзийбаяр ах босоод явж байхдаа гар өвдөөд байна гэж хэлсэн. Сүүлд нь харахад Өлзийбаяр ахын гар хугараад шохойдуулсан байсан. Зөөгч залуу Өлзийбаяр ахыг унагааж өшиглөөд Өлзийбаяр ах гараараа хаах үед гар нь хугарсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 13, 43-44-р тал /

Мөрдөн байцаалтад гэрч Б.Чимэдцэрэнгийн:… 2015 оны 10 дугаар сарын 27-ны орой / хичээл 17 цагийн үед хичээл тараад сургууль дээр байж байгаад ангийн найз нар болох Өлзийбаяр, Тулгаа нарын хамтаар 20 цаг өнгөрч байхад Сансарын колонкын хойд талд байдаг “Вива-Ус” гэдэг нэртэй паб-караокед орсон. Бид нар пабад нь орж суусан. Караоке нь доод давхартаа байдаг юм байна лээ. Суугаад нэг шил 0.75л хэмжээтэй архи, 4 шил пиво авчихсан уугаад сууж байхад гаднаас манай сургуулийн доод курсын Магнай, Дашка нар орж ирсэн. Магнай, Дашка нарыг Өлзийбаяр дуудаад хамт сууя гэсэн. Тэр хоёр ч хүрч ирээд бидэнтэй суусан. Ьид эхний архийг ууж дуусгаад ахиад нэг шил 0.75л хэмжээтэй архи хэдэн пиво захиалаад сууцгаасан. Тэр Магнай гэдэг залуу нь өдөр би номын санд сууж байхад надад томроод байсан. Тухайн үед би Магнайг таниагүй юм. Тэгтэл тэр пабад тааралдаад нэг ширээнд хамт сууж таарсан. Тэгээд би жаахан архи уучихсан байсандаа, Магнайд өөрийгөө мэдрүүлэх гээд хэдэн үг хэлсэн. Магнай ч надад томроогүй, ахаа гээд намайг хүндэлсэн. 2 дахь архинаас дөнгөж эхлээд байж байхад Магнай бид 2 бие засах газарлуу орсон. Бие засах газар луу Магнайтай ороод юу ярьсанаа сайн санахгүй байна, энэ явдлаас хойш болсон асуудлыг бүдэг бадаг л санаж байна. Ямар ч байсан гадаа гарчихсан байсан. Нэг мэдэхэд сургуулийн ойролцоо Өлзийбаяр гараа эвгүй барьчихсан, гар эвгүй болчихлоо гэж байсан. Тэрний дараа манай ангийн ах Батсуурь ирчихсэн байсан. Тэгээд Гэмтэл СогогСудлалын Үндэсний Төвийн эмнэлэг рүү яваад Өлзийбаяр гараа үзүүлсэн. Тэгж байгаад Батсуурь ахаар гэртээ хүргүүлээд Өлзийбаяр, Тулгаа бид 3 манай гэрт хамт хоносон. Би маргааш нь Магнайтай уулзаад ахыгаа уучлаарай согтуудаа дэмий зүйл ярьсан бол уучилаарай гээд уучлалт гуйгаад эвлэрсэн.гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Дашнямын:.. Би хэрэг болсон сар, өдрийг одоо санахгүй байна. 1 жилийн өмнө болсон. Тэр өдөр 22:00 цагийн үед хичээл тараад ойрхон байдаг “Вива-Ус” төвд пиво уух гэж орсон. Ороход манай дээд курсын 3 залуу архи. пиво ууж байсан. Бид  хоёрыг  Өлзийбаяр дуудсан. Өлзийбаяр , Пүрэвмагнай  хоёр  бие биенээ сайн таньдаг. Өлзийбаяртай цуг Чимэдцэрэн, Тулгаа хоёр  байсан. Цугтаа пиво уугаад байж байхад Чимэдцэрэн Пүрэвмагнай руу , өдөр над руу муухай харсан гэхэд Пүрэвмагнай би таныг таньсангүй, гадны хүн гэж бодсон, тэгээд ч муухай хараагүй гэж хэлсэн. Чимэдцэрэн агсам тавиад эхэлсэн. Өлзийбаяр Пүрэвмагнайг өмөөрөөд байсан ба тэр гурав  жорлон яваад удаагүй хүрээд ирсэн. Тэгээд архи пиво ууж дуусгаад гарцгаах болсон. Би жорлон ороход караокены зөөгч залуутай таарсан. Зөөгч энэ юун хүмүүс юм бэ, яагаад маргаад байгаа юм бэ гэж асуухаар нь манай дээд курсынхан байгаа юм гэж хэлээд би гарсан. Гарахад пабын үүдэнд Чимэдцэрэн Пүрэвмагнай руу агсарсан хэвээрэй байсан. Тэгээд Пүрэвмагнай Чимэдцэрэн 2 тамхи татах гээд ТҮЦ рүү явсан. Би араас нь явсан. Тэгээд тамхи аваад татаж байхад Тулгаа гүйж ирсэн. Тулгаагийн нүүр нь цус болсон байсан ба зодуулчихлаа гэж хэлээд цаашаа явсан. Чимэдцэрэн нь цаашаагаа явсан. Би “Вива -Ус “руу очиход Өлзийбаяр гадаа зогсож байсан. Караокены зөөгч Өлзийбаярт юм хэлчихээд цаашаа орсон. Тэр зөөгчтэй цуг хоёр  хүн байсан боловч караокены ажилчид байсан эсэхийг мэдэхгүй. Өлзийбаяр зодуулчихлаа гар хугарчих шиг боллоо гэж байсан. Тэгээд явж байхад Тулгаа, Чимэдцэрэн нар хүрч ирсэн. Тэгээд тамхи татчихаад Пүрэвмагнай бид хоёр  тэд нарыг сургууль руу дөхүүлээд салаад явсан. Дараа нь сургууль дээр таарахад Өлзийбаяр гараа шохойдсон явж байсан. /хх-ийн 39-40-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Э.Оюунтуяагийн:… Би Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Вива-Ус” төвийн зочид буудалд ресепшинээр 2012 оноос хойш ажиллаж байна. Намайг ажиллаж байхад караоке пабад зөөгч, барменууд байнга солигдож байдаг юм. Батука буюу Дуламсүрэн нь 2014 оноос хойш зөөгчөөр ажиллаж байгаад жилийн өмнө ажлаасаа гарсан. Дуламсүрэнгийн эхнэр нь төрөх гээд гарсан санагдаж байна. Би одоо хэрэг болсон хугацааг санахгүй байна. Би тэр үед ресепшинээр ажиллаж байсан. Караокед маргаан болох чимээ гараад би доошоо буухад 3-4 залуу Хилчин болон Дуламсүрэнтэй маргалдаж байсан. Тэр залуучууд эрэгтэй болгонтой маргаан гаргах гээд байсан. Тэгээд Дуламсүрэн тэр залуучуудыг аваад гадаа гарсан. Би Хилчинд дүүгээ аваарай гэж хэлээд буцаж дэээшээ зочид буудал руу гараад 2 давхрын цонхоор харахад Хилчин Дуламсүрэнг аваад караоке руу орж байсан. Нөгөө залуучууд нь хашаагаар гараад явсан. Ийм л асуудал болсон. Намайг харж байхад зодоон огт болоогүй. Дуламсүрэн тэр залуучууыг зодохыг хараагүй.гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн үзлэг хийсэн 15805 тоот дүгнэлтэнд:

1. С.Өлзийбаярын биед зүүн шуу ясны урд булуунд хөндлөн сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчилэлээр үүсгэгэдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт шинжээч  эмч Ш.Цэцэгмаа /хх-19-р тал/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Хэрэгт цугларсан  нотлох баримтуудаас дүгнэхэд С.Дуламсүрэн нь “Вива-Ус” төвийн караоке пабд зөөгчөөр ажиллаж байхдаа тэнд үйлчлүүлж байсан  хохирогч С.Өлзийбаяр бусадтай маргалдахаар шаардлага тавихад хохирогч  эсэргүүцэн  хоорондоо маргалдан зодолдсоны  улмаас С.Өлзийбаяр  газарт унах  үедээ  гартаа  хүндэвтэр  зэргийн гэмтлийг авчээ.

Хохирогч С.Өлзийбаярын бие махбодид учирсан гэмтэл нь   С.Дуламсүрэнгийн  үйлдэлтэй  шалтгаант холбоотой  байна.

           Иймд  С.Дуламсүрэн нь  2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вива-Ус” төвийн гадаа иргэн С.Өлзийбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар цохиж унагаасаны улмаас зүүн шуу ясны урд булуунд хөндлөн сэлтэрсэн хугарал бүхий  хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь  хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож  байх ба  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй  тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл  оногдуулах  хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Прокуророос  С.Дуламсүрэнгийн гэм бурууг  зүйлчлэн  ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон гэж үзэв.

          С.Өлзийбаяр нь өөрт учирсан  хохиролд 1.000.000 төгрөгийг авсан цаашид  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн  тул  С.Дуламсүрэнг  бусдад  төлөх төлбөргүй  гэж үзэв. / хх-н 91, 107-р тал/

 Шүүгдэгч С.Дуламсүрэн урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь шалгах хуудас зэргээр тогтоогдож байна./хх-н 57-р тал/

 Иймд шүүгдэгч С.Дуламсүрэн анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-т зааснаар анх удаа хөнгөн болон хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.9-т зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт  хэрэг үйлдэгдэхэд  хохирогчийн буруутай  үйл ажиллагаа нөлөөлсөн  зэрэг ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд шүүгдэгчид оногдуулах хорих ялыг биечлэн эдэлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хоньчин овогт Сайнцогоогийн Дуламсүрэнг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Сайнцогоогийн Дуламсүрэнг 1 /нэг/ жилийн   хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар С.Дуламсүрэнд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. С.Дуламсүрэн нь хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-т зааснаар  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  хохирогчийн зүүн гарын рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болохоор хохирогч С.Өлзийбаярт  буцаан олгосугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар С.Дуламсүрэнд оногдуулсан 1 /нэг/ жилийн  хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр  тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

          7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, С.Дуламсүрэнд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Дуламсүрэнд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                                                               

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ч.АЛТАНЦЭЦЭГ