Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
Хэргийн индекс | 184/2020/00395/и |
Дугаар | 184/ШШ2020/01624 |
Огноо | 2020-05-13 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 184/ШШ2020/01624
2020 05 13 184/ШШ2020/01624
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, - хаягт байрлах, “Х-” ХХК /РД:-/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, - тоот хаягт оршин суух, Б- овогт Г-гийн Л- /РД:-/,
Хариуцагч: Улаанбаатар хот, - тоот хаягт оршин суух, А- овогт Б-гийн Г- /РД:-/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 11,052,826 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О-, Б.М-, П.О-, хариуцагч Г.Л-, хариуцагч Г.Л-гийн өмгөөлөгч Т.Т-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Г.Н-, Г.Л- нар нь Хас банктай 2018 оны 11 сарын 07-ны өдөр 1060046487 тоот зээлийн гэрээ байгуулан, 13,700,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэйгээр, 48 сарын хугацаатайгаар цалингийн зээл авсан. Банк нь 2018 оны 11 сарын 07-ны өдөр 1060046487 тоот зээлийн гэрээний дагуу 13,700,000 төгрөгийг зээлдэгч Г.Н-ын Хас банк дахь 5001901780 тоот дансанд шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Үүний дараа зээлдэгч Г.Л- нь 2019 оны 07 сарын 09-ний өдөр нас барсан тул 2019 оны 08 сарын 05-ны өдөр зээлийн хүүг зогсоосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 2,670,595 төгрөг, зээлийн хүүнд 1,751,154 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 295 төгрөгийг тус тус төлсөн. Ингээд зээлдэгч нь Хас банктай байгуулсан 1060046487 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөөгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 67 хоног хугацаа хэтрүүлсэн. Хас банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй болно. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон талуудын хооронд байгуулсан 1060046487 тоот зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээл 11,029,405 төгрөг, 2019 оны 08 сарын 05-ны өдрийн байдлаар хүү 23,421 төгрөг, нийт 11,052,826 төгрөгийг хариуцагч Г.Л-гоос гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Г.Л- би Хас банкны 11,052,826 төгрөгийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. 2018 оны 11 сарын 07-ны өдөр талийгаач дүүгийнхээ “та батлан даагч хийгээд өгөөч” гэж 2 өдрийн турш гуйсан гуйлтаар нь би 2018 оны 11 сарын 07-ны өдрийн орой 18 цагийн үед Хас банк хаасан буюу хаалгаа барьсан байхад нь очсон. Манай дүү дотор нь байгаад гаднаас намайг оруулж гэрээнд гарын үсэг зуруулсан. Би тухайн үедээ ямар гэрээнд гарын үсэг зурж байгаагаа огт мэдээгүй. Надад тайлбарлаж, ойлгуулж өгөөгүй, надаас ажилтай юу, нийгмийн даатгал төлдөг үү гэж ч асуугаагүй, ямар ч бичиг баримт болон юу ч шаардаагүй. Дараа нь батлан даагч гэж гарын үсэг зуруулсан. Ингээд дүү Г.Н-ыг 2019 оны 07 сарын 09-ний өдөр нас барсны дараа 2019 оны 07 сарын 23-ны өдөр Г.Н-ын нөхөр буюу Б.Г-тэй хамт би банкан дээр очсон. Тэгэхэд Хас банкны зүгээс надад “та батлан даагч биш, хамтран зээлдэгч байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би юмыг нь сайн ойлгохгүй байсан учраас тухайн үедээ батлан даагч, хамтран зээлдэгч гэж адилхан байдаг юм байх гэж бодсон. Тэгээд би зээлийн хүүг нь зогсоох талаар өргөдлийг Монгол банканд өгснөөр зээлийн хүүг нь зогсоосон. Намайг хэдэн төгрөг авч байгаа болон ямар гэрээнд гарын үсэг зурж байгаа талаар юу ч мэдэхгүйг минь далимдуулж хамтран зээлдэгчээр оруулсан байсан. Шинжээчийн дүгнэлтээс харахад миний дүү Г.Н- нь 2018 оны 11 сарын 07-ны өдөр 4,902,173.26 төгрөгийг дансандаа авсан байсан. Үүнээс бэлнээр 3,000,000 төгрөгийг гар дээрээ аваад, 1,852,585.54 төгрөг дансанд үлдсэн байсан. 8,797,826.34 төгрөг нь урд нь авсан зээл гэж шинжээчийн дүгнэлтэд гарсан байсан. Би энэ талаар огт мэдээгүй. Хас банк нь халхавч хийхийн тулд 13,700,000 төгрөгийг гаргаад, өмнөх зээлийг нь буцаан суутгаад , миний дүүд 4,000,000 гаруй төгрөгийг өгсөн байсан гэсэн ойлголттой байгаа. Тухайн үедээ дүү намайг “та батлан даагчаар ирээд гарын үсэг зураад өгчих, би хувийн хэрэг дээрээ өөрийнхөө хашаа байшин, нөхөр хүүхдүүдийнхээ талаар бичсэн” гэхээр нь би эхлээд зөвшөөрөхгүй байж байгаад гуйгаад байхаар нь очиж, хаах гээд хаалгаа барьсан үед нь орж ямар учиртай гэрээг мэдэхгүй гарын үсэг зурсан. Надад гэрээтэй танилцах хугацаа, боломж ч байгаагүй. Авсан 13,700,000 төгрөгөөс хүү болон зээлд 4,422,044 төгрөгийг төлсөн байсан. Тэр мөнгийг 4,902,173.26 төгрөгөөс суутгуулна гэж бодож байгаа. Учир нь 13,700,000 төгрөгийн үндсэн зээлээсээ хүүгээ тооцож авч байгаа. Тэгэхэд 8,797,826.34 төгрөгийг би огт мэдэхгүй. Өмнөх зээлээ халхавчилсан, надад гэрээний талаар ямар ч тайлбар хийгээгүй учраас би 4,902,173.26 төгрөгөөс миний дүүгийн төлсөн байгаа 4,422,044 төгрөгийг хасуулаад ойролцоогоор 500,000 орчим төгрөгийг төлж болж байна. Өмнөх зээлд суутгасан 8,000,000 орчим төгрөгийг төлөхгүй. Хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
Г.Л- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оны 11 сарын 07-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэрээ байгуулахдаа үндсэн гол зүйлүүдийг 2 тал тохиролцох ёстой. Мөн 2 талын эрх үүрэг адилхан байх ёстой. Гэрээний гол зүйлүүдийг тохиролцсон байж гэрээ хүчин төгөлдөрт тооцогдоно. Аль нэг талын эрх ашгийг буюу Хас банкны эрх ашгийг илүүд үзсэн зээлийн гэрээ байгаа учраас хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-д “Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ” гэж зааснаар гэрээнд тусгагдах ёстой. Гэтэл энэ гэрээнд энэ заалт тусгагдаагүй. Мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан. Агуулга гэдэг нь эрх, үүргийг тусгаж өгөх ёстой. Гэтэл зээлийн гэрээнд талийгаач Г.Н- болон Г.Л- нарт “Урамшуулалд хамрагдах эрхтэй, давагдашгүй хүчин зүйл болбол зээлийн гэрээг өөрчлөх эрхтэй гэсэн 2 эрхийг л тусгасан байна. Тиймээс хуулийн агуулга хангагдаагүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн эрхийг хязгаарласан байна. Иргэний хуулийн 193 дугаар зүйлд “үүрэг гүйцэтгэх арга хэлбэр журмыг тодорхойлсон байх ёстой” гэж, 193 дугаар зүйлийн 193.1-д “Үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг гэрээний аль нэг тал буюу гуравдагч этгээд тодорхойлсон нь нөгөө талд буюу талуудад эргэлзээ төрүүлэхээр бол шударга ёсны зарчимд нийцүүлэн харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Гэтэл энэ заалтын шаардлагыг хангаагүй гэрээ гэж үзэж байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4-т “Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил, үйлчилгээ эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл ажиллагааны хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих буюу гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй” гэж заасан. Гэрээний заалтаас тулгаж үзэхэд тэгш бус нөхцөл тулгасан байдаг. Жишээ нь зээлийг эргэн төлөхдөө явцын дунд төлж байх явцад зээлийн гэрээний хүүтэй холбоотой асуудлаар санал тавихаар байдаг боловч энэ зориулалтын санал оруулж ирэх нь хаалттай байна. Мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэсэн заалтыг хангаж өгсөн байх ёстой байхад гэрээнд мөн дурдагдаагүй. 204.2-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана” гэж заасан. Хэрвээ энэ зээлийн гэрээний талаар Г.Л-д сайн танилцуулж өгсөн бол хамтран зээлдэгчээс татгалзах эрх нь байсан. Гэтэл энэ талаар гэрээнд оруулаагүй, тусгаагүй байдаг. Иргэний хуульд зааснаар талууд сонгох эрхтэй гэж заасан байдаг. Үүрэг, хариуцлагыг тодорхой зааж өгөх ёстой гэсэн Иргэний хуулийн заалтыг гэрээнд тусгаагүй. Мөн хуулийн 249 дүгээр зүйлд хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзээд байгаа Г.Л-д үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь юм уу, хагасыг нь хариуцах ёстой гэдэг талаар заалтыг оруулж ирэх ёстой байхад тусгаагүй. Мөн та ийм үүрэгтэй гэдгийг тайлбарлаж ойлгуулж өгөх ёстой байсан. Гэтэл тийм ойлголт байгаагүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж заасан байхад шууд өндөр хүү тогтоож өгсөн байна. Эрх нь байх ёстой байхад гэрээнд тусгаж өгөөгүй. Хэрвээ гэрээнд эрхүүдийг нь тусгасан байсан бол энэ хүн хүсэлтээ гаргаад шийдвэрлүүлэх боломжтой байхад эрхийн талаар зээлийн гэрээнд тусгаж өгөөгүй байна. Зээлийн гэрээний 1.4-т “гэрээ нь байгуулагдсан боловч зээл олгогдох хүртэл аливаа шалтгааны улмаас тодорхой хугацаа өнгөрсөн бол энэ хугацаанд хүү тооцохгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулахгүй” гэж оруулсан байна. Зээл олгох эрх нь банканд байгаа. Банкнаас шалтгаалж зээл хойшилбол хариуцагч зээлийн эргэн төлөлтөд өөрчлөлт оруулах эрхгүй гэж тусгасан байгаа юм. Зээлээ өгөөгүй байгаа үедээ яагаад хугацаагаа хойшлуулж болохгүй байгаа вэ, тэгэхээр энэ заалт нь банкны эрх ашгийг хангаад хариуцагчийн эрхийг хязгаарласан байгаа юм. Хас банк нь 13,700,000 төгрөгийг 5 хонуулаад өгөөгүй байхад нь Г.Л- эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулаад өгөөч гэж хүсэлт тавьсан тохиолдолд зөвшөөрөхгүй гэсэн заалт байна. Зээлийн гэрээний 3.1.4-т “зээлдэгч нь банктай харилцагч гэрээт байгууллагад ажиллахаа зогсоовол зээлийн хүүг нэмэгдүүлнэ” гэж заасан байхад хэрэв энэ хүн ажлаасаа үндэслэлгүйгээр халагдвал яах вэ, хариуцагчаас шалтгаалахгүй зүйл дээр хүүг нэмэгдүүлэх гэж байгаа нь нэг талын эрх ашгийг хамгаалсан заалт байгаа юм. Зээлийн гэрээний 3.1.7-д “зээлдэгч нь зээлийг төлөх хэсэгчилсэн хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан байна. Зээлийн гэрээнд “яг хэсэгчилсэн хугацаанд хүү авна” гэдэг заалтыг би хайгаад олохгүй байгаа юм. Гэтэл 1995 оны 10 сарын 31-ний өдөр батлагдсан Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр бүлэгт хэсэгчилсэн хугацаанд хүү авна гэсэн заалт байхгүй. Зээлийн гэрээний 3.1.7-д “зээлдэгч энэхүү гэрээний 3.2.13-т заасан үүргээ биелүүлээгүй бол банкны өрхийн зээлийн бүтээгдэхүүний дээд хэмжээнд хүртэл хүүг нэмэгдүүлэн тогтоох эрхтэй” гэсэн байна. Гэтэл гэрээний 3.2.13-т “зээлдэгч банканд үл хөдлөх, хөдлөх хөрөнгө барьцаалуулах үүрэгтэй. Дээрх үүргийг биелүүлээгүй бол хүүг дээд хэмжээгээр нэмэгдүүлнэ” гэсэн байгаа. Гэтэл Г.Л- шиг барьцаалах үл хөдлөх, хөдлөх хөрөнгө байхгүй хүнийг барьцаалуулах үүрэгтэй гэж хэлээд хүүг нэмэгдүүлэх эрхтэй гэж байгаа юм уу. Энэ мэтчилэн нэг талд давуу байдалтай гэрээ байгаа юм. Тоолоод үзвэл 57 заалт байгаа. Ганц гол хүчингүй болгох зүйл бол Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 07 сарын 23-ны өдрийн А/203 тоот тушаалаар батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын 5.1-д “Банк харилцагчтай зээл болон хадгаламжийн гэрээ байгуулахдаа гэрээний агуулга, зүйл заалтыг танилцуулж хүү, шимтгэл, тооцож буй аргачлалыг тайлбарлах үүрэгтэй” мөн 3.5-д “Банк зээл олгохдоо энэ журмын зээлийн мэдээллийг зээлдэгчид бүрэн гүйцэд тайлбарлан өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Хэрвээ сайн ойлгуулж, тайлбарласан бол Иргэний хуульд зааснаар татгалзах эрх нь байгаа учраас хариуцагч Г.Л- татгалзах байсан. Г.Н-ын урд нь авсан зээлийн гэрээг халхавчилж хийсэн нь шинжээчийн дүгнэлтээр батлагдаж байгаа. 2019 оны 09 сарын 20-ны өдрийн байдлаар “өмнөх зээлийн үлдэгдэл 8,797,826.74 төгрөг дээр 4,902,173 төгрөг нэмэгджээ” гэж шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн байна. Тэгэхээр өмнөх үлдэгдэл байсан Г.Н-ын 8,797,826.74 төгрөгийн зээлийг төлүүлэхийн тулд 4,000,000 гаруй төгрөгийг нэмж зээлээд нийт 13,700,000 төгрөгийн зээл гэж гэрээ байгуулсан байгаа юм. Энэ нь өөрөө урд нь байсан зээлийг төлүүлэхийн тулд зээлийн гэрээ байгуулж, урдах гэрээгээ халхавчилж хийсэн учраас хууль бус байна. Энэ байдал нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Тэгэхээр Г.Л-гийн яриад байгаагаар төлөхгүй гэдэг нь 2018 оны 11 сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан тэр өдөртөө үнийн дүнгээ оруулсан болгоод буцаагаад авсан байна. Үнэхээр хэрэглээний зээл байсан юм бол зээлдэгч нь өөрөө хэрэглэж байгаад эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх байсан. Гэтэл шууд бэлэн бусаар оруулаад, эргүүлж зээлд тооцож аваад хүү тооцоод эхэлсэн байгаа юм. Буруу үйлдлээ халхавчилсан зээлийн гэрээ байгуулсан учраас хууль бус гэрээ мөн. Тэр бүү хэл залилсан байгаа юм. Гар дээрээ цэврээр 3,000,000 төгрөгийг авч, дансанд нь 1,000,000 гаруй төгрөг үлдсэн байдаг. Үнэн хэрэг дээрээ зээл аваагүй байгаа юм. Мөн зээлийн гэрээний 4.2-т “зээлдэгч зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө” гэсэн байхад Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т “эхний ээлжинд үндсэн зээл, эцэст нь хүү төлүүлнэ” гэж заасан байгааг гэрээ нь зөрчиж байна. Хар ухаанаар ойлгоход хүүгээ төлөөд байвал үндсэн зээл байгаад байна гэсэн үг. Зээлдэгч талдаа л ашигтай байгаад байгаа юм. Тиймээс 2018 оны 11 сарын 07-ны өдрийн 1060046487 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг үндэслэн хүчин төгөлдөр бус гэрээнд тооцож өгнө үү” гэв.
“Х-” ХХК, түүний төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “...Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд хуулийг буруу тайлбарлаж, тайлбар гаргаж байна гэж үзэж байна. Гэрээ нь өөрөө халхавчилсан гээд байгаа юм уу, хууль бус гэж үзээд байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Өөрийнх нь тайлбарласнаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл”, 56.1.3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” 56.1.1-т заасан “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж тайлбарлаж байгаа юм байна ойлголоо. Нэг талын эрх, ашиг сонирхлыг илт давуу байдлаар авч үзсэн гэдгийг юугаар нотолж байгаа вэ, яг ингэж үзсэн хуулийн зохицуулалт нь хаана байгаа вэ. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд “талууд гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй” гэж заасан байна. Үүний дагуу Хас банк нь зээлдэгч Г.Н-д санал гаргаад, саналыг Г.Н- хүлээн зөвшөөрөөд зээлийн гэрээг талууд харилцан тохиролцоод бичгийн хэлбэртэй гэрээг талууд хүлээн зөвшөөрөөд 2 тал гарын үсэг зурж гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 42 дугаар зүйл, 189 дүгээр зүйл, 451 дүгээр зүйлд зааснаар талууд хүлээн зөвшөөрөөд хуульд нийцсэн зээлийн гэрээг байгуулсан. Хариуцагч талын тайлбараар гэрээний заалтууд хууль зөрчсөн байна гэж тайлбарлаж байна. Гэтэл гэрээний заалтуудыг бүгдийг нь буруу үгээр уншиж танилцуулаад байгааг ойлгохгүй байна. Гэрээний 1.4-т “банк өөрийнхөө үйл ажиллагаанд зээл олгох хугацаа хойшилсон бол зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөхгүй. Гэрээ нь байгуулагдсан боловч зээл олгогдох хүртэл аливаа шалтгааны улмаас тодорхой хугацаа өнгөрсөн бол энэ хугацаанд хүү тооцохгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулахгүй” гэж тайлбарлаад байгаа боловч хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн гэрээний 1.4-т “Аливаа шалтгааны улмаас тодорхой хугацаа өнгөрвөл хүү тооцохгүй. Зөвхөн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулахгүйгээр эхний сарын хугацааг өөр хугацаагаар нөхөн тооцно” гэж бичсэн байна. Эхний сардаа зээл олгосон гэж тооцохгүйгээр хугацааг нь хойшлуулна гэсэн үг юм. “Хэрвээ зээлдэгч өөрөө хүссэний үндсэн дээр эргэн төлөлтийн хуваарийг хойшлуулъя гэж хүсэх юм бол үүнтэй холбоотой гарах зардлыг хариуцна” гэж заасан байна. Энэ заалтууд яг ямар байдлаар эрх ашгийг нь хөндөөд байгаа нь ойлгомжгүй байна. Хариуцагч талын өмгөөлөгчийн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийг баримтлаад байгааг нь огт ойлгохгүй байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийг баримталж зээлийн гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 282 дугаар зүйл нь иргэд хоорондын зээлийн тухай байдаг. Тэгэхээр энэ гэрээнд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийг огт баримтлахгүй. Дурдаад байх шаардлага байхгүй. Ямар ч банкууд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийг үндэслэн зээлийн гэрээг байгуулна. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийг баримтлан тайлбар хийгээд байгаа нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй байна. Гэрээний 3.1.4-т “зээлдэгч нь банктай харилцагч гэрээт байгууллагад ажиллахаа зогсоовол зээлийн хүүг нэмэгдүүлнэ” гэж зээлийн хүүг хэт өндөр тогтоосон мэтээр тайлбарлаж байгаатай холбогдуулан хүүг дураараа нэмэгдүүлээд байх эрхтэй юм уу, эрхгүй юм уу гэдэг тайлбарыг өгч байна. Зээлийн хүүг хүссэнээрээ нэмээд байгаа зүйл байхгүй. Хариуцагчийн өмгөөлөгчийн хэлээд байгаа гэрээт байгууллагад ажиллахаа зогсоовол гэдэг ийм тохиолдол гарч байгаагүй хэдий ч гэрээнд тусгагдсан байдаг. Гэрээт байгууллагатай холбоотой зохицуулалт нь Хас банктай харилцагч байгууллагад зээл олгохдоо барьдаг маш бага хүүтэй зээлийн зохицуулалт байгаа юм. Түүнээс биш зээлдэгч бүртэйгээ байгуулсан гэрээгээ дургүйгээ хүрэхээр хүүг нь нэмээд байж байдаг гэсэн ойлголт биш. Мөн гэрээний 3.1.4-т хүссэнээрээ зээлийн хүүг нэмдэг гэдэг зүйл огт тусгагдаагүй. Энэ мэтчилэн хариуцагчийн өмгөөлөгч нь гэрээний заалтуудыг мушгиж, буруу тайлбарлаад, манай гэрээний заалтын зарим нэг үг, үсгийг хасаж бичээд тайлбарлаад байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэгт гэрээ нь эх хувиараа авагдсан байгаа гэрээний үг, үсгийг хасаж яриад байх шаардлагагүй. Мөн гэрээний 4.2-т “нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн төлөлт гэсэн дарааллаар төлнө” гэж заасан байдаг. Гэтэл Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т эхний ээлжинд үндсэн зээл төлнө гэж заасан гэж тайлбарлаад байна. Гэтэл 216 дугаар зүйлийн 216.4-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасан байна. Энд зээлийн гэрээний хүүгийн талаар тусгагдаагүй байна. Энэ мэтчилэн сөрөг нэхэмжлэлээ тайлбарлаж байгаа үндэслэлүүд нь хууль зүйн үндэслэлгүй байгаа юм. Мөн Г.Л-д тайлбарлаагүй гээд байгаа нь ямар нотлох баримтаар тэгж хэлээд байгаа вэ, ойлгосон эсэх гэдгийг тухайн үедээ та ингэж төлнө шүү, та ингэж ойлгоно шүү гэж тайлбарлана. Магадгүй буруу ойлгосон байхыг үгүйсгэхгүй. Тухайн үедээ Хас банкны зүгээс үүргээ биелүүлээд гэрээ байгуулсан үедээ гэрээний эрх, үүргийг тайлбарладаг. Хамтран зээлдэгч Г.Л- л ганцаараа ойлгоогүй үлдсэн гэж тайлбарлаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн хэрвээ тайлбарлаж өгөөд ойлгосон бол татгалзах байсан юм гэж байгаа нь ямар нотлох баримтаар ярьж байгаа вэ, ямар ч нотлох баримтгүйгээр би ойлгоогүй, би мэдэхгүй гэж хэлээд байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
“Х-” ХХК нь хариуцагч Г.Л-, Б.Г- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,052,826 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагч Б.Г-эд холбогдох шаардлагаасаа татгалзаж, 11,052,826 төгрөгийг хариуцагч Г.Л-гоос гаргуулахаар, Г.Л- нь “Х-” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргав.
Нэхэмжлэгч “Х-” ХХК нь Г.Л-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,052,826 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нас барагч, түүний дүү Г.Н-ын хүсэлтээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, тус зээлээс мөнгө аваагүй, зээлийн гэрээ нь Г.Н-ын өмнө нь байгуулсан зээлийн гэрээг халхавчилсан, хариуцагчийг хуурч мэхлэн, ноцтой төөрөгдөлд оруулж, дүр үзүүлэн хийсэн гэх үндэслэлүүд зааж маргав.
2018 оны 11 сарын 07-ны өдөр “Х-” ХХК нь Г.Н-, Г.Л- нартай №1060046487 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 13,700,000 төгрөгийг 365 хоногт 19,2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж, талууд гарын үсэг зурж гэрээг баталгаажуулжээ. /хх10-11/
Хариуцагч Г.Л- нь татгалзлынхаа үндэслэлийг уг хэлцлээр зээл төлөх үр дагаврыг ойлгоогүй гэсэн агуулгаар тайлбарласан нь үндэслэл муутай байна. Учир нь Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар 18 насанд хүрсэн иргэн өөрийн үйлдлээр эрх олж авах, үүрэг бий болгох чадвартай буюу хийсэн үйлдлийнхээ үр дагаврыг хариуцах бүрэн чадамжтай гэж үзнэ. Хариуцагч Г.Л-гийн хувьд дээрх зээлийн гэрээнд гарын үсэг зурахад бусдын зүй бус дарамт, шахалт, хууран мэхлэлт, ноцтой төөрөгдсөн зэрэг нөлөөлөл байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
Иймд зээлийн гэрээний зээлдэгчийн хувьд хариуцагч Г.Л- нь Г.Н-ын хамт Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч болсон байна. Гэрээнд үндсэн зээлдэгч гэж бичигдсэн Г.Н- нь 2019 оны 07 сарын 09-ний өдөр нас барсан болох нь талуудын тайлбараар тогтоогдов.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилсон бөгөөд шинжээчээр томилогдсон “М-” ХХК-ийн 2020 оны 04 сарын 03-ны өдрийн №МА-2020-ША-01 дугаартай дүгнэлтээр “...Г.Н- нь 2017 оны 06 сарын 12-ны өдөр 1060040177 дугаар данстай 12,100,000 төгрөгийн цалингийн зээл авч, үүнийгээ 2018.11.07-ны өдөр төлж дуусгасан, ...шинжилгээнд ирүүлсэн баримтаар 2018 оны 11 сарын 07-ны өдөр зээлийн гэрээний дагуу Х- дахь Г.Н-ын харилцах дансанд 13,700,000 төгрөгийг бэлэн бусаар олгосон байна. Дээрх 13,700,000 төгрөгөөс 8,781,227.80 төгрөгийг Г.Н-ын 2017.06.12-ны өдөр авсан цалингийн зээлийн үлдэгдэлд бэлэн бусаар, 16,598.94 төгрөгийг Г.Н-ын 2017.06.12-ны өдөр авсан цалингийн зээлийн хүүнд бэлэн бусаар, 3,000,000 төгрөгийг бэлнээр Г.Н-д олгосон, ...иймд өмнөх зээлийн үлдэгдэл 8,797,826.74 төгрөг дээр 4,902,173.26 төгрөг нэмж 13,700,000 төгрөгийн зээл олгосон гэж үзэж болохоор байна...” хэмээн дүгнэжээ. /хх-108-111/
Хэрэгт авагдсан зээлдэгч Г.Н-ын 5001901780 дугаартай “Х-” ХХК дахь дансны хуулга, зээлийн хувийн хэрэг, шинжээчийн дүгнэлт, түүнд хавсаргасан баримт, зохигчдын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч банк нь Г.Н-ын 2017 оны 06 сарын 12-ны өдрийн зээлийн үлдэгдэл 8,797,826.74 төгрөг дээр нэмж 4,902,173.26 төгрөг зээлдүүлсэн болох нь нотлогдов. /хх38-40, 58-73, 108-111, 120-122/
Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1-т зааснаар зээлдэгч, хамтран зээлдэгч нь зээлийн төлбөрийг цалин, түүнтэй адилтгах тогтмол орлогоос төлөх, банк Г.Н-ын цалин, түүнтэй адилтгах орлогоос үл маргах журмаар суутган төлүүлэхээр заасан байх ба зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт хариуцагч Г.Л- гарын үсэг зураагүй байна. Өөрөөр хэлбэл, банк зөвхөн Г.Н-ын цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цалин орлогын хэмжээ, түүний өргөдөл, анкет зэргийг үндэслэн зээл олгосон нь нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргуулсан зээлдэгчийн зээлийн хувийн хэрэг дэх баримтаар тогтоогдов./хх-10-12, 38-40/
Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгч бүрийн нэр дээр зээлийн хувийн хэрэг нээж хөтлөхөөр заасан байна. Дээр дурдсанаас үзвэл хамтран зээлдэгч болох хариуцагч Г.Л-той холбоотой ямар нэг баримт зээлийн хувийн хэрэгт авагдаагүй, энэ талаар зээлийн гэрээнд тусгагдаагүй байна. Түүнчлэн Г.Н-ын “Х-” дахь 106004647 дугаарын дансны хуулгад зээлийн төрөл хэсэгт “цалингийн зээл” гэж тэмдэглэснээс гадна түүний 50019001780 дугаар данснаас зээлийн төлбөрийг суутгаж байжээ. /хх-12, 58-73/
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичигт гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсан гэж тооцно. Зээлийн гэрээнд хариуцагч Г.Л- нь Г.Н-ын хамт зээл буцаан төлөх үүргийг хамтран хариуцахаар зөвшөөрч гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх ёстой хэдий боловч хариуцагч Г.Л- нь Г.Н-ын дангаараа байгуулсан өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл 8,797,826.74 төгрөгийг хариуцах үндэслэлгүй ба харин хамтран байгуулсан зээлийн гэрээний 4,902,173.26 төгрөгийн хэмжээнд үүрэг хүлээх нь хуульд нийцнэ.
Түүнчлэн, хариуцагч Г.Л- нь Г.Н-ыг зээлийн мөнгийг хүлээн авсан гэж тайлбар гаргасан нь түүнийг зээл төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Зээлдэгч Г.Н-д зээлийн мөнгөн хөрөнгийг банк шилжүүлсэн гэх үйл баримтын хувьд талууд маргаагүй болно. Үүнээс үзвэл, нэхэмжлэгч “Х-” ХХК-ийн хувьд Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.3 дахь хэсэгт зааснаар зээлдэгчийн нэг болох Г.Н-д мөнгийг шилжүүлэн өгсөн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч банк нь хариуцагч Г.Л-гоос Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2 дахь хэсэгт зааснаар зээл төлөх үүргийн талаар шаардлага гаргах эрхтэй.
Иймд Г.Л- нь зээлийн гэрээний 13,700,000 төгрөгийн 4,902,173.26 төгрөгийн хэмжээнд хамтран үүрэг хүлээх, энэ дүнгээс хүү тооцох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцнэ.
Хэрэгт авагдсан 1060046487 дугаар зээлийн дансны хуулгаар зээлдэгч тал үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 4,422,044.23 төгрөг төлжээ. Хариуцагч Г.Л-гийн хариуцвал зохих зээлийн дүн 4,902,173.26 төгрөг бөгөөд 2018 оны 11 сарын 07-ны өдрөөс зээлийн төлөлтийг зогсоосон 2019 оны 08 сарын 05-ныг хүртэлх 271 хоногийн хүү 698,821.58 төгрөг, нийт 5,600,994.84 төгрөгийн үүргээс зээлдэгчийн төлсөн 4,422,044.23 төгрөгийг хасч тооцвол 1,178,950.61 төгрөгийн үлдэгдэлтэй болно. /4,902,173.26х19.2%=941,217.26 (365 хоногт ногдох хүү), 1 хоногт-2,578.67 төгрөгийн хүү, 271 хоногт хүү тооцвол 271х2,578.67=698,821.58 төгрөг/
Дээрх үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн 11,052,826 төгрөгийн шаардлагаас 1,178,950.61 төгрөгийг хариуцагч Г.Л-гоос гаргуулж, үлдэх 9,873,875.39 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай холбогдох дээрх дүгнэлтээр “Х-” ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Г.Л-гийн сөрөг нэхэмжлэл нь бүхэлдээ үгүйсгэгдэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Х-” ХХК нь нас барагч Г.Н-ын нөхөр болох Б.Г-ийг өвлөгч хэмээн үзэж хамтран хариуцагчаар татсан боловч, хамтран хариуцагчид холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас хүсэлт гаргаснаар шинжээч томилсон бөгөөд шинжээчийн зардал 1,248,490 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага 11,052,826 төгрөгөөс 10,66% буюу 1,178,950.61 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн хэмжээгээр зохигчдод хувиарлав. Хариуцагч нь шинжээчийн зардлаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргадаг ба түүний сөрөг нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлсөн нь шинжээчийн зардлаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 191,976 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Л-гоос улсын тэмдэгтийн хураамжид 32,845 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х-” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс шинжээчийн зардалд 1,115,401 төгрөг, хариуцагч Г.Л-гоос 133,089 төгрөг тус тус гаргуулж “М-“ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Л-гоос зээлийн гэрээний үүрэгт 1,178,950.61 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х-” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 9,873,875.39 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул “Х-” ХХК-д холбогдох Г.Л-гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “Х-” ХХК нь хариуцагч Б.Г-эд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 191,976 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Л-гоос тэмдэгтийн хураамжид 32,845 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х-” ХХК-д олгож, шинжээчийн зардалд нэхэмжлэгч “Х-” ХХК-иас 1,115,400 төгрөг, хариуцагч Г.Л-гоос 133,089 төгрөг тус тус гаргуулж “М-“ ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ