Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 1186

 

 

 

 

 

 

 

 

 

Г.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/01178 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Н-т холбогдох,

Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ш.Б-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Г.М- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр болон өөрийн 3 хүүхдүүдийн хамт 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Р.Э-т банкны зээлийн барьцаанд Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Роял кэстл 25 дугаар байр, .... тоот хаягт байрлах Ү-2204006257 тоот улсын бүртгэлийн дугаартай 43 м.кв талбайтай орон сууцыг барьцаалуулах тухай итгэмжлэл олгохоор болсон.

Бид Баянзүрх дүүргийн нотариатч буюу хариуцагч Г.Н-ийн ажлын байран дээр 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр очиж, итгэмжлэлд гарын үсэг зурж өгөөд явсан юм. Гэтэл итгэмжлэл дээр зээлдүүлэгч буюу барьцаалагч этгээдийг банк хэмээн тодорхой бичсэн байхад хариуцагч тал үүнийг үл хэрэгсэж, Ш.Б-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны гэрээнд итгэмжлэл олгосон мэтээр тэмдэглэж, тэдгээр гэрээг гэрчилсэн байна.

Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх гэж, мөн 41 дүгээр зүйлийн 41.1-д Итгэмжлэлд төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, итгэмжлэл олгосон он, сар, өдөр, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичнэ. Хуулийн этгээдээс итгэмжлэл олгосон тохиолдолд Иргэний хуулийн 64.2.1, 64.2.2-т заасан шаардлага хангасан эсэхийг нягталж үзнэ гэж заасан байдаг. Гэвч хариуцагч тухайн итгэмжлэлээр зөвхөн банктай байгуулах зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны гэрээг гэрчлэх ёстой атал иргэд хоорондын зээлийн гэрээнд барьцаалуулсан үйлдлийг гэрчилж, хуулиар хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн байна. Хэдийгээр би, зээлдэгч Р.Э-ыг өмнө нь банк, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан, дахин банкнаас зээл авахад бичиг баримт хөөцөлдөх, санхүүгийн хувьд боломжтой гэдгээ нотлох зэрэг хугацаа шаардсан ажиллагаа болно гэдгийг мэдэж байсан боловч иргэнээс бус банкнаас зээл авахыг зөвшөөрч байсан. Учир нь, банкны зүгээс зээлдэгчид урт хугацаатай, бага хүүтэй зээл өгөх бөгөөд харин иргэний хувьд өндөр хүүтэй, богино хугацаатай зээл олгосноор зээлдэгчийг санхүүгийн дарамтад оруулах магадлал өндөр юм. Нотариатын тухай хуульд нотариатчийг гэрээ, хэлэлцээрт үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлэгдэж, тусгагдсан эсэх, түүний агуулга, гарах үр дагавар, үүргээ биелүүлээгүй нөхцөлд хүлээх хариуцлага зэргийг бүрэн гүйцэд ойлгосон эсэхийг талуудаас тодруулах үүрэгтэй гэж заасан. Гэтэл хариуцагч тал барьцааны гэрээг гэрчлэхдээ бидний хүсээгүй этгээдтэй тус итгэмжлэлийг үндэслэн барьцааны гэрээ байгуулсаныг гэрчилж, сөрөг үр дагавар бий болох нөхцөл байдлыг бүрдүүлсэнд туйлын ихээр гомдолтой байна. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч буюу нотариатч Г.Н- зөвхөн итгэмжлэлээр бүрэн эрх олгоогүй үйлдлийг гэрчилсэнээс гадна зээлийн гэрээнд дур мэдэн засвар оруулж, иргэний үнэмлэхийн хугацаа дууссан этгээдэд үйлчилгээ үзүүлж, хуульд заасан үүргээ зөрчсөн. Тэрээр Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал үйлдэл хийхээс татгалзана гэж заасныг биелүүлэх ёстой байсан юм. Миний нөхөр Н.Б- нь зээлдэгч Р.Э-тай хамтран ажилладаг байсан бөгөөд тэрээр надад болон хүүхдүүдэд зээлийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.Б-аас авна гэж хэлээгүй. Иймд, дээр дурьдсан нөхцөл байдлыг тус тус үндэслэн хариуцагчийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэл, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн барьцааны гэрээг гэрчилсэн үйлдлийг тус тус хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Н- хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн өдөр нэхэмжлэгч Г.М- болон түүний хүүхдүүд төлөөлөгч Р.Э-ыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.Б-аас зээл авна гэдгийг мэдэж байсан бөгөөд банкнаас зээл авах боломжгүй, зээл авахад маш их цаг хугацаа шаардагдах учраас авсан байдаг. Хэдийгээр хариуцагч тал зээлийн болон барьцааны гэрээг гэрчлэхдээ банкинд барьцаалуулах итгэмжлэлийг үндэслэсэн боловч нэхэмжлэгч тал энэ тухай мэдэж байсан, түүний нөхөр Н.Б- эхнэр, хүүхдүүддээ хэлсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь, хариуцагчид холбогдох эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нөхөр мэдүүлэг өгөхдөө зээлдэгч Р.Э-тай хамтран ажилладаг гэр бүлийн хүмүүстээ орон сууцаа барьцаалуулах талаар хэлж байсан гэсэн байдаг. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Г.М-ын гаргасан хариуцагч Баянзүрх дүүргийн Оюуны өмч, улсын бүртгэлийн хэлтэст холбогдох барьцааны бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэрэг, мөн түүний гаргасан Ш.Б-, Р.Э- нарт холбогдох барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг тус тус Улсын дээд шүүх хянан хэлэлцэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байдаг бөгөөд шийдвэрийн үндэслэлд нэхэмжлэгчийг иргэнээс зээл авахыг мэдэж байсан гэсэн. Иймд, тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.Б- шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэр өдөр итгэмжлэл үйлдэж, зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурахад нэхэмжлэгч тал байсан, зөвхөн итгэжлэлийг үйлдээд гараад явсан гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй. Миний бие нэхэмжлэгч Г.М-ыг танихгүй боловч 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нөхөр маань над руу утсаар яриад Р.Э-т яаралтай зээл хэрэг болоод байна, найдвартай хүн тул зээлдүүлж болох байх гэж хэлээд нотариат дээр очиход барьцаанд орон сууц тавихыг мэдсэн. Нотариатч Г.Н- тэнд байсан бүх хүмүүст учир байдлыг тайлбарлаж, гарын үсэг зуруулсан бөгөөд ямар нэгэн байдлаар хууран мэхэлсэн зүйл байхгүй. Хэрэгт авагдсан Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн болон Иргэний хэргийн танхимын тогтоолд тус тус дурьдсанаар энэхүү маргааныг урьд өмнө нэгэнт шийдвэрлэсэн тул одоо дахиад маргаад байх шаардлагагүй. Би шүүхийн шийдвэрээр зээлдэгч Р.Э-аас 73 500 000 төгрөгийг авахаар болж, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар шийдвэр биелэгдэж, орон сууцыг 2 удаа дуудлага худалдаанд оруулж, ялагч тодроогүй учраас төлбөртөө тооцон авч, бусдад худалдсан. Иймд, дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Г.Н- холбогдох 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэл, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн барьцааны гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Г.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.1, 60 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ариунзул давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрт “...иймд Г.М- болон Н.Б-, Б.Халиунаа, Б.Дармаа, Б.Маргад нараас Р.Э-т итгэмжлэл олгохдоо хэлцэл хийх нөгөө талыг “банк” гэсэн байхад хариуцагч Г.Н- нь иргэнтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар төлөөлөгчийн хийсэн барьцааны гэрээг гэрчилсэн нь үндэслэлгүй байна” гэжээ. Г.М- нь 2015 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэл, барьцааны гэрээг баталсан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах байсан. Гэтэл шүүх нотариатын дээрх үйлдэл нь үндэслэлгүй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шийдвэрлэсэн нь буруу юм. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

Нэхэмжлэгч Г.М- нь хариуцагч Г.Н-т холбогдуулан нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан “Итгэмжлэл” гэх баримтад Н.Б-, Г.М-, Б.Дармаа, Б.Маргад, Б.Халиун нар нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 25 дугаар байрны .... тоот 43 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг банкны зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч зээл болон барьцааны гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах бүрэн эрхийг Р.Э-т олгожээ. /хх52/

Хариуцагч Г.Н- нь дээрх итгэмжлэлийг үндэслэн Р.Э- болон Ш.Б- нарын байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн зээл болон барьцааны гэрээ тус бүрийг нотариатын үйлдлээр гэрчилсэн үйл баримт тогтоогдож байна. /хх7, 5, 8/

Нэхэмжлэгч 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэлийг зөвхөн “банк”-тай зээлийн харилцаанд оролцох эрх хэмжээтэйгээр олгосон байхад нотариатч Г.Н- нь уг итгэмжлэлээс гадуур иргэн Ш.Б-тай байгуулсан зээлийн гэрээг гэрчилсэн, нотариатын үйлдэл хийхдээ хууль зөрчсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсныг, хариуцагч эс зөвшөөрч “Ш.Б-аас зээл авах талаар Г.М- болон түүний хүүхдүүд мэдсэн бөгөөд банкнаас зээл авах боломжгүй, зээл авахад маш их цаг хугацаа шаардагддаг учраас түүнээс зээл авсан, түүнчлэн уг агуулгаар барьцааны гэрээг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэж татгалзаж буй үндэслэлээ тайлбарласан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “...зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.” гэж заасан тул талуудын тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой.

Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад “зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч Р.Э-ыг банк, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан, дахиад зээл авахад хүндрэлтэй байдаг гэдгийг мэдэж байсан” гэж тайлбарласныг хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй тайлбартай харьцуулан үзвэл зээлдэгч буюу төлөөлөгч нь иргэнээс зээл авах байсан талаар мэдсэн гэж үзэх боломжтой ба энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Тодруулбал, хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Г.М-, Н.Б-, Б.Халиунаа, Б.Дармаа, Б.Маргад нар нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Р.Э-т олгосон итгэмжлэлээр хэлцэл хийх талыг “банк” гэж тодорхойлсон байхад хариуцагч Г.Н- иргэнтэй хийсэн зээлийн барьцааны гэрээг гэрчилсэн нь үндэслэлгүй байгаа талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй бөгөөд нэхэмжлэгч Г.М-ын хариуцагч Г.Н-т холбогдуулж гаргасан нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасантай нийцсэн байна.

Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтаас үзвэл Г.М-ын барьцааны бүртгэлийг хүчингүй болгуулах тухай Баянзүрх дүүргийн Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны 534 дугаар тогтоолоор, Г.М-, Н.Б-, Б.Халиунаа, Б.Дармаа, Б.Маргад нарын барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Ш.Б-, Р.Э- нарт холбогдох иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2017/01415 дугаар тогтоолоор тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх38-40, 35-37/

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2017/01415 дугаар тогтоолд Г.М-, Н.Б-, Б.Халиунаа, Б.Дармаа, Б.Маргад нарыг банкнаас бус, харин иргэнээс зээл авах, тус зээлийн барьцаанд барьцаалуулахыг мэдэж байсан, анхнаасаа төлөөлөгч Р.Э-т барьцааны гэрээнд төлөөлөх нөхцлийг бүрдүүлсэн талаар дурдсаныг үндэслэн анхан шатны шүүх уг үйл баримтын талаар зохигчид маргах эрхгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “шүүх нотариатын үйлдэл нь үндэслэлгүй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шийдвэрлэсэн” гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Г.Наранцэцэгт холбогдох” гэж хариуцагчийн нэрийг буруу бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 101/ШШ2018/01178 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Г.Наранцэцэг” гэснийг “Г.Н-” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.М-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                     

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

                                               

                                    ШҮҮГЧИД                                           Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН