Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2020/01803

 

 

 

 

 

 

 

 

 

                2020           05          28  

                                     184/ШШ2020/01803

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ч.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Ц-д холбогдох,

 

Гарааш албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр, алданги 7,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч С.Базардорж, хариуцагч Б.Ц, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Ч.Б нь өөрийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 6-1-1 тоотод байрлах гараашийг Б.Цд оёдлын үйлдвэрлэлийн чиглэлээр 2018 оны 04 сарын 10-ны өдөр 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулан сарын түрээс 400.000 төгрөгөөр тохирч, улирал бүр 1,200,000 төгрөг төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Түрээслэгч Б.Ц нь анх байгуулсан түрээсийн гэрээний төлбөр 4,800,000 төгрөгийг төлсөн бөгөөд Ч.Б, Б.Ц нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээний хугацаа 2019 оны 04 сарын 10-ны өдрөөс дуусгавар болсон.

Анх гэрээ байгуулахдаа гараашийг хэрвээ худалдан борлуулахаар болвол тэргүүн ээлжинд түрээслэгч Б.Ц худалдан авахаар тохиролцсон болно. Гэвч түрээслэгчийн зүгээс гэрээний хугацааг сунгах болон худалдан авах саналыг Б.Цд удаа дараа тавьсан боловч мөнгөгүй байна гэх зэрэг хариу өгдөг. Түрээслэгч Б.Ц нь нэгэнт худалдан авах боломжгүй, түрээсийн гэрээг цаашид сунгах боломжгүй тул гараашийг чөлөөлөхийг Б.Цд утсаар мэдэгдсэн. Нэхэмжлэгч Ч.Б нь хувийн ажлаар гадаад улс руу зорчих болсон тул өөриийн төрсөн охин Б.Даваажаргалд хуульд заасан итгэмжлэл олгосон. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваажаргал нь өөрийн гар утаснаас түрээслэгч Б.Цгиийн 99040618 дугаарт түрээсийн төлбөрийг төлөхийг удаа дараа утсаар мэдэгдсэн боловч Б.Ц гар утсаа авахгүй, хариу өгдөггүй, өнөөдрийг хүртэл гараашийг чөлөөлөхгүй мөн түрээсийн төлбөрийг төлөхгүй өнөөдрийг хүртэл ашиглаж байна.

Иймд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 6-1-1 тоотод байрлах Ч.Бийн өмчлөлийн гараашийг иргэн Б.Цгээс албадан чөлөөлүүлж, 2019 оны 04 сараас 2020 оны 04 сар хүртэлх түрээсийн төлбөр 4.800.000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох алданги 2.400.000 төгрөг, нийт 7.200.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж алдангиас татгалзаж байна. Мөн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус бол үндэслэлгүй хөрөнгөжсөн агуулгаар шаардлагаа тодорхойлж байна, нэхэмжлэлийн шаардлагаа  дэмжинэ гэжээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч нараас шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

...Б.Ц би 2018.04.10-нд Баянзүрх дүүргийн 15-р хороо, 1/6-р байрны зоорийн давхрын 01 тоот 39,5 м.кв талбайтай гараашийг түрээслэн авч өөрийн хөрөнгөөрөө тохижуулан цаашид 45,000,000 төгрөгөөр худалдан авахаар өмчийн эзэнтэй тохиролцсон юм. Би Батдоржид хэлэхдээ “Өнөөдрийн зах зээлийн ханшаар ямар ч тохижилтгүй ийм подваль 200,000 төгрөгний л түрээсийн төлбөрийн ханштай байгаа. Гэхдээ би энэ байрыг өөртөө ажлын байр болгох зорилготой байгаа учраас 1 дахин илүү буюу сарын 400,000 төгрөгөөр 1 м.кв талбайг нь 10,000 төгрөгөөр бодож өндөр ханшаар түрээслэн авч байгаа шүү” гэсэн. Ийм өндөр ханшаар түрээслэн авч байгаагийн учир нь намайг худалдан авах хүртэл хугацаанд түрээсийн болон худалдах үнийг нэмэхгүй биз дээ гэсэн. Би одоогийн энэ байдлыг нь бүрэн өөрчилнө. Харин 45 сая төгрөгөөсөө жаахан ярихгүй юм уу гэсэн. Батдорж хэлэхдээ “Таны хэлснийг зөвшөөрч байна, худалдаа юм чинь 45 саяас ярина гэсэн болохоор 44 сая л болгоё доо. Харин та буцаагаад болилоо гэхгүй биз дээ” гэсэн.

Би: “Үгүй ээ. Өөртөө ажлын байр бэлдэж байгаа юм чинь эхлээд түрээслэн аваад түрээсийн төлбөрөө төлж байгаад намайг худалдан авах үед мөнгө маань хүрэлцэхгүй байвал бүрэн ажлын байр болгосон байхад зээлийн барьцаа болно шүү дээ. Тийм болохоор би өөрийнхөө хөрөнгөөр бүх засварыг хийнэ, Яг одоохондоо юу хийхээ сайн мэдэхгүй л байна. Оёдлын үйлдвэрлэл явуулна гээд бичье дээ. Хүмүүстэй ярилцаж байгаад юу ч хийж болох байхаа” гэсэн. Батдорж: “Та өөртөө ажлын байр болгоно гэдэг нь сайн л байна. Би энэ гараашийг жилийн өмнө худалдаж аваад эндээс 1 ч төгрөгний орлого олохгүй юм. Хүний машин л гуйлгаар тавиулж байгаа. Цаашид хадгалаад байх шаардлагагүй гэж бодож байна. Та түрээслэж байгаад өөртөө худалдаж авна гэж байгаа учраас би өгье. Та дөнгөж орж ирсэн япон авто машин байвал худалдааныхаа үнэнд оруулж болно шүү” гэсэн. Бидний энэ яриаг Батдоржийн эхнэр нь юм уу, хэн юм нэг эмэгтэй хүн хамт байж бүрэн сонссон. Энэ яриаг тэр эмэгтэй гэрчлэх боловч би сайн танихгүй учраас гэрчийг шууд зааж өгч мэдэхгүй байна. Би: “түрээсийн гэрээгээ 1 жилээр хийе. Цаашид сунгагдаж болно. Гэхдээ би аль болохоор сунгахгүй хурдан л авахыг хичээнээ” гэсэн. 2018.04.10-нд гэрээг хийсэн боловч түрээсийн төлбөрийг тооцож эхлэх хугацааг 05.01-ээс эхэлье гэсэн.

Ингээд би 2018.04.11-нд 2020 оны 4 дүгээр сарыг дуустал 24 сарын хугацаатай тэтгэврийн зээл 11.235.000 төгрөг авч ажлын байрны засвараа эхлүүлсэн. Дараа нь 04.18-нд 2,000,000 төгрөг, 04.25-нд 1,200,000 төгрөг, 04.27-нд 1,100,000 төгрөг, 04.29-нд 1,150,000 төгрөг, 05.04-нд 1,000,000 төгрөг, 05.15-нд 1,500,000 төгрөг, 05.26-нд 1,500,000 төгрөг, 06.21-нд 3,000,000 төгрөг, 06.21-нд 4,300,000 төгрөг, 06.26-нд 1,000,000 төгрөг, 06.27-нд 3,700,000 төгрөг,  6.28-нд 1,000,000 төгрөг, нийт 33,385,000 төгрөгийг энэхүү ажлын байрны засвар, тохижилтонд зарцуулж 2018.07.01-нд ажлын байр бэлэн болсон үеэс эхлэн би энэ байрны түрээслэгч биш хөрөнгө оруулагч болсон.

Миний хийсэн засварын ажлын үр дүнд энэхүү гарааж нь 1/6-р байрны подвальд байрлалтай нам дор газар учраас их хэмжээний ус үүдэндээ тогтдог байсан гадна талбайг өндөрлөж цементэлсэн, дотор талд шал нь доороосоо өндөр намаасаа шалтгаалж 30-60 см хүртэл хэмжээнд өндөрлөгдөж усан далайд автахгүй болсон, Шууд гаднаасаа ордог вакум хаалга, цонхтой, төвийн дулаантай, цэвэр бохир усанд холбогдсон, тусдаа 00-той, цагаан өнгийн бүтэн плитан шалтай, 1 м 60 см өндөртэй хагас плитан ханатай, бүрэн автомат агааржуулагчтай, 2м х 2м хэмжээтэй 2 том ханан хөргөгчтэй үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр ашиглах боломжтой ажлын байр болон тохижуулагдсан. Гэтэл миний эртний танил 1 худалч нөхөр 2018.07.09-нд ирээд “Чиний ажлын байр сайхан тохижуулагдсан байна. Чи үүнийгээ хүнсний ногоо угаах, боловсруулах, савлах чиглэлээр ашигла. Ногоо учраас мэргэжлийн хяналтаас зөвшөөрөл гарна” гэж зөвлөсөн. Тэгээд би ОХУ-д үйлдвэрлэгдсэн бүрэн автомат хүнсний ногоо боловсруулах зориулалтын тоног төхөөрөмж тавиулж бэлтгээд өмчийн эзний нэр дээр зөвшөөрөл хүссэн. Энэ хугацаанд би түрээсийн төлбөрөө төлж нөгөө худалч нөхрийн зөвлөснөөр зөвшөөрөл гарна гэж итгэж байсан. Гэтэл 2019.05.21-нд Баянзүрх дүүргийн Мэргэжлийн Хяналтын Хэлтсээс Батдоржийн нэр дээр “Орон сууцны зориулалттай суурийн давхарт хүнсний ногоо боловсруулах үйлдвэрлэл эрхлэх боломжгүй” гэсэн хариу ирсэн. Ингээд миний ажил худалч нөхрийн үгэнд орсноос болж баларсан. Дараа нь би түрээсээ ч төлж чадахгүй төлбөрийн чадваргүй болсон. Гэсэн ч би өөртөө ажлын байр бэлтгэж үл хөдлөх хөрөнгийн засварт байгаа мөнгөө хийчихсэн учраас одоо юу хийж болох вэ гээд хөөцөлдсөөр байгаад 2019.11.28-нд уг ажлын байрандаа пакеталсан мах болон бүх төрлийн махан бүтээгдэхүүн худалдаалж болох зөвшөөрөл авч улсын мэдээллийн санд бүртгүүлж махны бар код авсан. Тэгээд махны дэлгүүрээ ажиллуулах гэхлээр эргэлтийн хөрөнгөгүй, сүүлийн саруудын түрээсийн төлбөрөө төлж чадахгүй байгаагаас хамаарч түрээслэгч талаас үл хөдлөхийн гэрчилгээг нь үйлчилгээний болгон солиулж чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Би өмчлөгчийн өөрийнх нь зөвшөөрлөөр гараашийн үл хөдлөх хөрөнгийн засварт 33,000,000 төгрөгөөрөө хөрөнгө оруулалт хийсэн учраас гараашийг албадан чөлөөлүүлэх болон алданги 2,400,000 төгрөг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Түрээслэгч тал надаас нэхэмжилсэн 2019.05.01-2020.05.01 хүртэл хугацааны сүүлийн 1 жилийн түрээсийн төлбөр болох 4,800,000 төгрөгийг би өгөх ёстой учраас хүлээн зөвшөөрч байна. Харин алдангид тооцсон 2,400,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Одоо салгаж болохгүй үл хөдлөх хөрөнгийн засварт оруулсан миний мөнгийг салхинд хийсгэхгүй байхыг хүсч байна.

Хэрэв хэлцэл хүчин төгөлдөр бус гэвэл түрээсийн гэрээний үүргийн нэхэмжлэгч тал шаардах эрхгүй болох бөгөөд гараашийг үндэслэлгүйгээр эзэмшиж ашиглах хугацаанд орлого олсон, түрээслэх ашиг орлого ийм байсан гэвэл үүнийгээ нэхэмжлэгч тал нотлох үүрэгтэй. Гэвч хариуцагч нь тухайн гараашийг зөвшөөрлөгүйгээр эзэмшиж ашиглаагүй, нэхэмжлэгч өөрөө ашиглуулахыг, цаашид худалдахыг зөвшөөрсөн байдаг гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Б.Цд холбогдуулан гарааш албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр, алданги 7.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ч.Б нь өөрийн өмчлөлийн гараашийг Б.Цд оёдлын үйлдвэрлэлийн чиглэлээр ашиглуулахаар 2018 оны 04 сарын 10-ны өдөр 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дуусхад Б.Ц нь гараашийг чөлөөлөхгүй мөн түрээсийн төлбөрийг төлөхгүй өнөөдрийг хүртэл ашиглаж байна гэж, хариуцагч тал татгалзлын үндэслэлээ ...Би өмчлөгчийн өөрийнх нь зөвшөөрлөөр гараашийг түрээслэн засварт 33,000,000 төгрөгөөр хөрөнгө оруулалт хийсэн. Албадан чөлөөлүүлэх болон алданги 2,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, үйл ажиллагаа явуулж ашиг олоогүй гэж тус тус тайлбарлан мэтгэлцдэг.

 

Талуудын тайлбар болон үйл баримтын хувьд нэхэмжлэгч Ч.Б, хариуцагч Б.Ц нар нь “Түрээсийн тухай гэрээ”-г байгуулсан /хх 12/ байх ба нэг талаас гараашийг эзэмшил, ашиглалтдаа, нөгөө талаас гарааш түрээсэлсний хөлсийг тус тус авчээ. Тухайн 2018 оны 4 сарын 10-ны өдрийн “Түрээсийн гэрээ”-нд ...Баянзүрх дүүргийн 15-р хороо, 6-1-1 тоот хаягтай гараашийг оёдлын үйлдвэрлэл явуулах зориулалтаар Б.Цд 1 жилийн хугацаагаар түрээсээр эзэмшүүлж ашиглуулна, сарын төлбөр 400,000 төгрөг, улирлаар төлнө, улиралд 1,200,000 төгрөг төлнө, үнийн дүнгээс 0,01%-иар алданги тооцно, цаашид худалдан авах нөхцлөөр тохиров, ажлын байрны засвар тохижилтийг хариуцана, түрээслэн авсан эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглана гэж нэрлэн заасныг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэсэн зохицуулалтаар тайлбарлавал талуудын харилцан тохиролцож буй асуудал нь гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг оёдлын үйлдвэрлэл, ажлын байрны зориулалтаар ашиглаж аж ахуйн үйл ажиллагаа явуулах хүсэл зоригийг түрээслэгч талаас илэрхийлсэн, улмаар түрээслүүлэгч талаас хүлээн зөвшөөрч үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн байна.

 

Түрээсийн гэрээний онцлог нь ашиг орлого олох буюу аж ахуй эрхлэх зорилгоор байгуулдаг. Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн түрээсийн эд хөрөнгийг ашиглахдаа гагцхүү гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглана. Тэрээр түрээсэлсэн эд хөрөнгийг ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ. Түрээсийн гэрээгээр гэрээний зүйлийг ашиг олох зориулалтаар эзэмшиж ашиглах, харин эд хөрөнгө хөлслөх гэрээгээр гэрээний зүйлийг ахуйн зориулалтаар эзэмших ашиглах ялгаа байдаг бөгөөд талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн түрээс гэж үзнэ.

 

Нэгэнт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх Иргэний хуулийн 318 зүйлийн 318.1-т заасан харилцаа үүсч байх тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэсэн шаардлага гэрээнд тавигдах болно.  

 

Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгээр байгуулсан гэрээнээс үзэхэд тухайн үл хөдөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй бөгөөд гараашийн өмчлөгч нь Ч.Б болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2204018316 дугаартай бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогддог, энэ талаар талууд маргадаггүй.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна”, 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээлийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх хэлцэл нь улсын бүртгэлд бүртгүүлэх хуульд заасан шаардлагыг хангаагүй тул байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус болно.

 

Тодруулбал, тухайн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх эрх, үүрэг талуудын хэн алинд нээлттэй ба хуульд заасан дээрх шаардлагыг хангаж түрээсийн гэрээг байгуулаагүй тул хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргасан эсэхээс үл хамааран гэрээ хүчин төгөлдөр бус байна. Иймээс түрээслэгчид хэлцлийн үндсэн дээр түрээсийн төлбөр төлөх, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх үүрэг үүсэхгүй, түрээслүүлэгч шаардах эрхгүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас алдангиас татгалзаж байгаа гэх, шаардах эрхийн үндэслэлээ өөрчилж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүргээр шаардаж байна гэх тайлбарыг гаргадаг. Дээрх тайлбар хүсэлт нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд байх ба нэхэмжлэгч талаас ...хүчин төгөлдөр бус хэлцэл тул олох байсан ашиг 4,800,000 төгрөг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгөөс албадан чөлөөлүүлэх гэж шаардлагаа тодруулдаг. Хариуцагч талаас ...хүчин төгөлдөр бус хэлцэл гэж байгаа бол гэрээний үүрэг шаардахгүй юм байна. Үндэслэлгүй хөрөнгөжөөгүй, нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр эзэмшиж ашигласан. Ашиг олох байсан гэх 4,800,000 төгрөгөө нотлох хэрэгтэй. Үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөх бол оруулсан хөрөнгийн асуудал гарч ирнэ гэж татгалзсан тайлбарыг гаргадаг.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Энэ дагуу хариуцагч буюу түрээслэгч гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэгчид буцаан өгөх үүрэг, түрээслэгч нь авч байсан түрээсийн төлбөрийг буцаан өгөх үүрэг тус тус үүсэх бөгөөд нэхэмжлэгч тал нь ...2019 онд хөрөнгөө бусдад түрээсэлсэн бол 4,800,000 төгрөгийн ашиг олох байсан гэх шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна.     

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ч.Б хариуцагч Б.Цгээс өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг ашигласан хугацааны төлбөрийг шаардах эрхтэй хэдий ч 2019 онд үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ашигласан, улмаар үндэслэлгүй хөрөнгөжсөн 4,800,000 төгрөгийг түүнээс гаргуулна гэх шаардлагын хэмжээнд дүгнэлт хийж шаардлага нотлогдоогүй үндэслэлээр, 2,400,000 төгрөгийн алдангийг гэрээний үүрэг үүсээгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус тул хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүргийн дагуу хариуцагч Б.Ц нь түрээсийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөн буцааж өгөх, нэхэмжлэгч Ч.Б нь 2018 оны түрээсийн төлбөр 4,800,000 төгрөгийг буцаан өгөх үүрэгтэй. Дээрх үүргийг харилцан бие биеэс гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.6-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь хэлцлийн үр дагаврыг арилгуулах, хохирлыг нөхөн төлөхийг шаардахад шүүхийн энэ шийдвэр саад болохгүйг дурьдаж байна.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.4, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Цгээс Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 6-1-1 тоотод байрлах гараашийг албадан чөлөөлүүлж нэхэмжлэгч Ч.Бид шилжүүлэн, Ч.Боос 4,800,000 төгрөг гаргуулан хариуцагч Б.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,200,000 төгрөгийг гаргуулах гэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 210,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Э.АМИН-ЭРДЭНЭ