Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01609

 

ТӨСӨЛ

2020.07.22 1609 Улаанбаатар

 

 

 

 

 

 

Ч.Б нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, А.Отгонцэцэг шүүгч, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/01803 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Батдоржийн хариуцагч Б.Ц холбогдох гарааш албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр, алданги 7 200 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ч.Б өөрийн өмчлөлийн, ............. гараашийг Б.Ц оёдлын үйлдвэрлэлийн чиглэлээр 2018 оны 04 сарын 10-ны өдөр 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулан сарын түрээс 400 000 төгрөгөөр тохирч, улирал бүр 1 200 000 төгрөг төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Түрээслэгч .............. нь анх байгуулсан түрээсийн гэрээний төлбөр 4 800 000 төгрөгийг төлсөн бөгөөд Ч.Батдорж, Б.Цэндээхүү нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээний хугацаа 2019 оны 04 сарын 10-ны өдрөөс дуусгавар болсон. Анх гэрээ байгуулахдаа гараашийг хэрвээ худалдан борлуулахаар болвол тэргүүн ээлжинд түрээслэгч ............худалдан авахаар тохиролцсон болно. Гэвч түрээслэгчийн зүгээс гэрээний хугацааг сунгах болон худалдан авах саналыг ......... удаа дараа тавьсан боловч мөнгөгүй байна гэх зэрэг хариу өгдөг. Түрээслэгч ............. нь нэгэнт худалдан авах боломжгүй, түрээсийн гэрээг цаашид сунгах боломжгүй тул гараашийг чөлөөлөхийг Б.Цэндээхүүд утсаар мэдэгдсэн. Нэхэмжлэгч Ч.Батдорж нь хувийн ажлаар гадаад улс руу зорчих болсон тул өөриийн төрсөн охин Б.Даваажаргалд хуульд заасан итгэмжлэл олгосон. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваажаргал нь өөрийн гар утаснаас түрээслэгч Б.Цэндээхүүгиийн 99040618 дугаарт түрээсийн төлбөрийг төлөхийг удаа дараа утсаар мэдэгдсэн боловч Б.Цэндээхүү гар утсаа авахгүй, хариу өгдөггүй, өнөөдрийг хүртэл гараашийг чөлөөлөхгүй мөн түрээсийн төлбөрийг төлөхгүй өнөөдрийг хүртэл ашиглаж байна. Иймд .........гараашийг иргэн Б.Цэндээхүүгээс албадан чөлөөлүүлж, 2019 оны 04 сараас 2020 оны 04 сар хүртэлх түрээсийн төлбөр 4 800 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох алданги 2 400 000 төгрөг, нийт 7 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж алдангиас татгалзаж байна. Мөн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус бол үндэслэлгүй хөрөнгөжсөн агуулгаар шаардлагаа тодорхойлж байна, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжинэ гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2018 оны 04 сарын 10-нд .................. зоорийн давхрын 01 тоот 39,5 м.кв талбайтай гараашийг түрээслэн авч өөрийн хөрөнгөөрөө тохижуулан цаашид 45 000 000 төгрөгөөр худалдан авахаар өмчийн эзэнтэй тохиролцсон. .......... хэлэхдээ өнөөдрийн зах зээлийн ханшаар ямар ч тохижилтгүй ийм подваль 200 000 төгрөгийн түрээсийн төлбөрийн ханштай байгаа. Гэхдээ би энэ байрыг өөртөө ажлын байр болгох зорилготой байгаа учраас 1 дахин илүү буюу сарын 400 000 төгрөгөөр 1 м.кв талбайг нь 10 000 төгрөгөөр бодож өндөр ханшаар түрээслэн авч байгаа шүү гэсэн. Ийм өндөр ханшаар түрээслэн авч байгаагийн учир нь намайг худалдан авах хүртэл хугацаанд түрээсийн болон худалдах үнийг нэмэхгүй биз дээ гэсэн. Би одоогийн энэ байдлыг нь бүрэн өөрчилнө. Харин 45 000 000 төгрөгөөсөө жаахан ярихгүй юм уу гэсэн. Ч.Батдорж хэлэхдээ таны хэлснийг зөвшөөрч байна, худалдаа юм чинь 45 000 000 төгрөгөөс ярина гэсэн болохоор 44 000 000 болгоё доо. Харин та буцаагаад болилоо гэхгүй биз дээ гэсэн. Өөртөө ажлын байр бэлдэж байгаа юм чинь эхлээд түрээслэн аваад түрээсийн төлбөрөө төлж байгаад намайг худалдан авах үед мөнгө маань хүрэлцэхгүй байвал бүрэн ажлын байр болгосон байхад зээлийн барьцаа болно шүү дээ. Тийм болохоор би өөрийнхөө хөрөнгөөр бүх засварыг хийнэ, яг одоохондоо юу хийхээ сайн мэдэхгүй л байна. Оёдлын үйлдвэрлэл явуулна гээд бичье дээ. Хүмүүстэй ярилцаж байгаад юу ч хийж болох байхаа гэхэд та өөртөө ажлын байр болгоно гэдэг нь сайн л байна. Би энэ гараашийг жилийн өмнө худалдаж аваад эндээс нэг ч төгрөгний орлого олохгүй юм. Хүний машин л гуйлгаар тавиулж байгаа. Цаашид хадгалаад байх шаардлагагүй гэж бодож байна. Та түрээслэж байгаад өөртөө худалдаж авна гэж байгаа учраас би өгье. Та дөнгөж орж ирсэн япон авто машин байвал худалдааныхаа үнэнд оруулж болно шүү гэсэн. Бидний энэ яриаг .......... эхнэр нь юм уу, хэн юм нэг эмэгтэй хүн хамт байж бүрэн сонссон. Энэ яриаг тэр эмэгтэй гэрчлэх боловч би сайн танихгүй учраас гэрчийг шууд зааж өгч мэдэхгүй байна. Түрээсийн гэрээгээ 1 жилээр хийе. Цаашид сунгагдаж болно. Гэхдээ би аль болохоор сунгахгүй хурдан л авахыг хичээнээ гэсэн. 2018 оны 04 сарын 10-нд гэрээг хийсэн боловч түрээсийн төлбөрийг тооцож эхлэх хугацааг 05 сарын 01-нээс эхэлье гэсэн.

Ингээд 2018 оны 04 сарын 11-нд 2020 оны 4 сарыг дуустал 24 сарын хугацаатай тэтгэврийн зээл 11 235 000 төгрөг авч ажлын байрны засвараа эхлүүлсэн. Дараа нь нийт 33 385 000 төгрөгийг энэхүү ажлын байрны засвар, тохижилтод зарцуулж 2018 оны 07 сарын 01-нд ажлын байр бэлэн болсон үеэс эхлэн байрны түрээслэгч биш хөрөнгө оруулагч болсон. Миний хийсэн засварын ажлын үр дүнд энэхүү гарааш нь 1/6-р байрны подвальд байрлалтай нам дор газар учраас их хэмжээний ус үүдэндээ тогтдог байсан гадна талбайг өндөрлөж цементэлсэн, дотор талд шал нь доороосоо өндөр намаасаа шалтгаалж 30-60 см хүртэл хэмжээнд өндөрлөгдөж усан далайд автахгүй болсон, шууд гаднаасаа ордог вакум хаалга, цонхтой, төвийн дулаантай, цэвэр бохир усанд холбогдсон, тусдаа 00-той, цагаан өнгийн бүтэн плитан шалтай, 1 метр 60 см өндөртэй хагас плитан ханатай, бүрэн автомат агааржуулагчтай, 2м х 2м хэмжээтэй 2 том ханан хөргөгчтэй үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр ашиглах боломжтой ажлын байр болон тохижуулагдсан. Гэтэл миний эртний танил 1 худалч нөхөр 2018 оны 07 сарын 09-нд ирээд чиний ажлын байр сайхан тохижуулагдсан байна. Чи үүнийгээ хүнсний ногоо угаах, боловсруулах, савлах чиглэлээр ашигла. Ногоо учраас мэргэжлийн хяналтаас зөвшөөрөл гарна гэж зөвлөсөн. Тэгээд ОХУ-д үйлдвэрлэгдсэн бүрэн автомат хүнсний ногоо боловсруулах зориулалтын тоног төхөөрөмж тавиулж бэлтгээд өмчийн эзний нэр дээр зөвшөөрөл хүссэн. Энэ хугацаанд түрээсийн төлбөрөө төлж нөгөө худалч нөхрийн зөвлөснөөр зөвшөөрөл гарна гэж итгэж байсан. Гэтэл 2019 оны 05 сарын 21-нд Баянзүрх дүүргийн Мэргэжлийн Хяналтын Хэлтсээс ......... нэр дээр Орон сууцны зориулалттай суурийн давхарт хүнсний ногоо боловсруулах үйлдвэрлэл эрхлэх боломжгүй гэсэн хариу ирсэн. Дараа нь түрээсээ ч төлж чадахгүй төлбөрийн чадваргүй болсон. Гэсэн ч би өөртөө ажлын байр бэлтгэж үл хөдлөх хөрөнгийн засварт байгаа мөнгөө хийчихсэн учраас одоо юу хийж болох вэ гээд хөөцөлдсөөр байгаад 2019 оны 11 сарын 28-нд уг ажлын байрандаа пакеталсан мах болон бүх төрлийн махан бүтээгдэхүүн худалдаалж болох зөвшөөрөл авч улсын мэдээллийн санд бүртгүүлж махны бар код авсан. Тэгээд махны дэлгүүрээ ажиллуулах гэхлээр эргэлтийн хөрөнгөгүй, сүүлийн саруудын түрээсийн төлбөрөө төлж чадахгүй байгаагаас хамаарч түрээслэгч талаас үл хөдлөхийн гэрчилгээг нь үйлчилгээний болгон солиулж чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Би өмчлөгчийн өөрийнх нь зөвшөөрлөөр гараашийн үл хөдлөх хөрөнгийн засварт 33 000 000 төгрөгөөрөө хөрөнгө оруулалт хийсэн учраас гараашийг албадан чөлөөлүүлэх болон алданги 2 400 000 төгрөг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түрээслэгч тал надаас нэхэмжилсэн 2019 оны 05 сарын 01-нээс 2020 оны 05 сарын 01-ний хүртэл хугацааны сүүлийн 1 жилийн түрээсийн төлбөр болох 4 800 000 төгрөгийг өгөх ёстой учраас хүлээн зөвшөөрч байна. Харин алдангид тооцсон 2 400 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Одоо салгаж болохгүй үл хөдлөх хөрөнгийн засварт оруулсан миний мөнгийг салхинд хийсгэхгүй байхыг хүсч байна.

Хэрэв хэлцэл хүчин төгөлдөр бус гэвэл түрээсийн гэрээний үүргийн нэхэмжлэгч тал шаардах эрхгүй болох бөгөөд гараашийг үндэслэлгүйгээр эзэмшиж ашиглах хугацаанд орлого олсон, түрээслэх ашиг орлого ийм байсан гэвэл үүнийгээ нэхэмжлэгч тал нотлох үүрэгтэй. Гэвч хариуцагч нь тухайн гараашийг зөвшөөрлөгүйгээр эзэмшиж ашиглаагүй, нэхэмжлэгч өөрөө ашиглуулахыг, цаашид худалдахыг зөвшөөрсөн байдаг гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.4, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ................. .................... байрлах гараашийг албадан чөлөөлүүлж нэхэмжлэгч ................ шилжүүлэн, ........... 4 800 000 төгрөг гаргуулан хариуцагч .............. олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 200 000 төгрөгийг гаргуулах гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 210 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн зүгээс алданги 2 400 000 төгрөгийн шаардлагаас татгалзсан болно. Анхан шатны шүүхийн шийдвэр нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх заалтад нийцээгүй. Шүүх нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүргээр шаардаж байна гэх дүгнэлт буруу юм. Талуудын анх 2018 оны 04 сарын 10-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасныг хангаагүй тул 318.4, Иргэний хуулийн 56.1.8-д заасан хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Тийм учраас хариуцагч .......... нь тэргүүн ээлжид худалдан авах эрхгүй гэж тайлбарласан болно. 2019 оны 04 сараас 2020 оны 04 сар хүртэлх төлбөр болох 4 800 000 төгрөг ашиг олох байсан гэх шаардлага нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна гэж дүгнэсэн үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч Ч.Батдорж, хариуцагч Б.Цэндээхүү нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээний анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ ба талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн ч гэрээний хугацааг сунгаагүй, нэхэмжлэгч Ч.Батдорж хариуцагч Б.Цэндээхүүд эзэмших, ашиглах эрхийг олгоогүй байхад хариуцагч нь 2019 оны 04 сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 сар хүртэл нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй өмчлөлийн эд хөрөнгийг ашиглаж, эзэмшиж эд хөрөнгийг өмчлөх, ашиглах, эзэмших эрхэд саад учруулж байсан.

Хариуцагч Б.Цэндээхүү нь 2019 оны 04 сарын 10-ны өдрөөс хойш Ч.Батдоржийн өмчлөлийн зүйлийг чөлөөлөөгүй, чөлөөлөхыг удаа шаардсан боловч шаардлагыг биелүүлээгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр үгүйсгэдэггүй. Өөрийн өмчлөлийн гараашийг ашиглах, эзэмших эрхэд саад учирч байсан тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардсан ба энэ талаар шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүгнээгүй. Түрээсийн төлбөр 4 800 000 төгрөгийн тухайд талуудын хооронд байгуулсан 2017 оны 04 сарын 10-ны өдрөөс 2018 оны 04 сарын 10-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн талаар зохигч хэн аль маргаагүй бөгөөд төлбөрийг шаардсан. 2019 оны 04 сарын 10-ны өдрөөс хойш хариуцагч нь хууль болон гэрээний дагуу бусдын эд хөрөнгийг ашиглах үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 4 800 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч ...... гарааш албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр, алданги нийт 7 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч ............. түрээсийн төлбөрт 4 800 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Хэргийн баримтаас үзвэл 2018 оны 04 сарын 10-ны өдөр ............... нь өөрийн өмчлөлийн гараашийг .......... оёдлын үйлдвэрлэлийн чиглэлээр ашиглуулахаар 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэсэн шүүгчийн гүйцэтгэвэл зохих ажиллагааг бүрэн явуулсан гэж үзэхэд учир дутагдалтай болжээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа болон гэрээний агуулгыг зөв тодорхойлоогүй байна. Маргаан бүхий асуудлаар талуудын хооронд үүссэн харилцаа тодорхой бус байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсч, түүний дагуу шилжүүлэн өгсөн зүйлийг буцаан өгөхгүй, хугацаа хэтэрсэнтэй холбоотой шаардлага уу эсхүл гэрээний зүйлийг хууль бус эзэмшлээс шаардаж байна уу, мөн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт шилжүүлсэн зүйлээ бодитойгоор буцаан авах шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй байна.

 

Хэрэв гэрээний зүйлийг бодитойгоор буцаан авах боломжгүй байгаа тохиолдолд түүнийг мөнгөн хөрөнгөөр гаргуулах зэрэг нөхцөл байдал тодорхой байх шаардлагатай бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлээс хамаарч нотлох үүргийн хувиарлалт буюу нотолгооны зүйл нь өөр болно.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр, хоорондоо хамааралгүй заалт болох Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.4, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг зөвхөн хэргийн оролцогч нар өөрсдөө гаргах учиртай. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр бустай холбоотойгоор үр дагаврыг арилгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад нэхэмжлэгчээс мөнгөн төлбөр гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогч нарын мэтгэлцэх эрхтэй холбоотой гаргасан анхан шатны шүүхийн зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулан, эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/01803 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

А.МӨНХЗУЛ