Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2020/01717

 

 

 

 

 

 

 

 

 

     2020           05             20

                                    184/ШШ2020/01717

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, - тоот хаягт оршин суух, Б- овогт А-ы Э- /РД:-/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, - тоот хаягт оршин суух, Б- овогт Б-гийн Г- /РД:-/,

 

Хариуцагч: Бүгд Найрамдах Солонгос улс, - хаягт оршин суух, О- овогт М-ын М- /РД:-/ нарт холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 71,725,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 78,405,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т-, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б-, гэрч Б.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч А.Э- нь хариуцагч Б.Г-, М.М- нартай хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр Дархан-Уул аймаг, - тоот хаягт байрлах, 141,04 м.кв талбай бүхий амины орон сууцыг хариуцагч нарт 121,500,000 төгрөгөөр худалдахаар тохиролцоод 2016 оны 03 сарын 31-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 2014 оноос эхлэн энэ асуудал яригдаад 2014 оны 09 сард 15,000,000 төгрөгийн үнэ бүхий бараа, материалыг нэхэмжлэгч А.Э-д хариуцагч Б.Г-, М.М- нар хүлээлгэн өгсөн байдаг. Энэ талаар хэн аль нь маргахгүй байгаа. 2014 оны 11 сард Б.Г- Л.Ц-гоос 50,000,000 төгрөгийг зээлэн авч, энэ мөнгөө тухайн үедээ шууд А.Э-ы данс руу шилжүүлсэн байдаг. Учир нь нэгдүгээрт тухайн үед зээлсэн мөнгийг А.Э-д барилгын төлбөрт тооцон өгөх ёстой байсан, хоёрдугаарт Б.Г- нь өөрөө Хас банкны дансгүй гэсэн шалтгаантай байсан. Ингээд нийт урьдчилгаанд 65,000,000 төгрөгийг авсан байсан. Мөн А.Э- нь хариуцагч нарын орон сууцыг барьж дуусгахын тулд Ариг банкнаас зээлсэн байсан 34,775,000 төгрөгийг 2016 оны 03 сарын 31-ний өдөр хариуцагч М.М- өөрийн мөнгөөр төлсөн. Ингэснээр нийт уг орон сууцыг барихад нийт 99,775,000 төгрөгийг хүлээж авснаар нийт үнийн дүнгээс 21,725,000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн байсан. Үлдэгдэл мөнгөний талаар тухайн үедээ санхүүгийн хүндрэлтэй байна гэж Б.Г-, М.М- нар гуйж байсан учраас нэхэмжлэгч А.Э- нь 21,725,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг аваад тооцоогоо дуусгах талаар талууд харилцан ярилцаж байсан байдаг. Гэтэл 2014 оны 11 сард хариуцагч Б.Г- нь иргэн Л.Ц-гоос зээлж А.Э-ы данс руу шилжүүлж байсан 50,000,000 төгрөгийг Б.Г- төлөөгүй учраас иргэн Л.Ц- нь эхлээд Б.Г-эд холбогдуулан иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл иргэний хэргийн шүүхээр хэдийгээр зээлийн гэрээ байгуулагдаад, эхний 5 сарын хүү болох 1,000,000 төгрөгөөр 5 удаа Б.Г- нь Л.Ц-д хүү төлсөн байдаг боловч яг мөнгө хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй, 50,000,000 төгрөгийг А.Э-ы дансанд шилжүүлсэн байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг анхан шатны шүүхээр хэрэгсэхгүй болгосон. Яг энэ асуудлаар Л.Ц- нь цаашаа давах гомдол гаргаагүй тул шийдвэр хүчин төгөлдөр болсон. Харин Б.Г-ийн хүсэлтийн дагуу А.Э-ы дансаар мөнгийг шилжүүлсэн бөгөөд тухайн мөнгө А.Э-ы дансанд орсон шалтгаанаар Л.Ц- нь А.Э-д холбогдуулаад шилжүүлсэн 50,000,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, гарсан шийдвэрийг анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх тус тус хэвээр үлдээсэн. Ингэснээр Б.Г-ээс байрны төлбөрт авсан 50,000,000 төгрөгийг шүүхийн шийдвэрээр Л.Ц-д А.Э- буцаан төлөх болсон. Б.Г- нь тус мөнгийг байрны урьдчилгаанд өгсөн гэдгийг Л.Ц-гийн Б.Г-эд холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 ны 05 сарын 02-ны өдрийн 497 дугаар шийдвэртэй иргэний хэрэгт гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тухайн үед ажиллагаанд оролцсон гэрч А.Э-ы мэдүүлэг зэргээр 50,000,000 төгрөг ямар зорилгоор А.Э-ы данс руу шилжиж орсон гэдэг нь тогтоогдоно. Ингэснээр урьдчилгаа гэж авсан 99,775,000 төгрөгөөс 50,000,000 төгрөгийг шүүхийн шийдвэрээр Л.Ц-д төлөгдөхөөр шийдэгдсэн учраас 49,775,000 төгрөгийг байрны урьдчилгаанд авсан болно. Үлдэгдэл 71,725,000 төгрөг төлөгдөөгүй гэж үзэж нэхэмжлэлийг гаргасан. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нар энэ мөнгийг төлсөн, илүү төлсөн мөнгөө авна гэж маргадаг. Гэтэл төлсөн гэх мөнгөнүүд нь асуудалтай байгаа юм. Жишээ нь 2015 оны 02 сарын 07-ны өдөр А.Э-ы Хаан банкны 5119023359 тоот данс руу М.М-аас орсон 13,800,000 төгрөг нь А.Э- нь 2015 оны 02 сарын 06-ны өдөр “Н-” ББСБ-аас зээлж авсан 15,000,000 төгрөгөөсөө 2015 оны 02 сарын 07-ны өдөр 14,000,000 төгрөг болон 800,000 төгрөгөөр нийт 14,800,000 төгрөгийн зарлага гаргаж авсан байдаг. Энэ мөнгөө аваад хариуцагч нарт 13,800,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Гэтэл хариуцагч М.М- бэлнээр аваад өөрийн дансаар оруулаад А.Э-ы Хаан банкны 5119023359 тоот данс руу байрны урьдчилгаа гэсэн утгатай гүйлгээ хийж шилжүүлсэн. Мөн 2015 оны 02 сарын 09-ний өдөр мөн А.Э- нь “Н-” ББСБ-аас 15,000,000 төгрөгийг зээлж авсан байдаг. Энэ талаар нотлох баримтыг хэрэгт өгсөн байгаа. Ингээд 2015 оны 02 сарын 09-ний өдрийн 12 цаг 43 минутад 13,600,000 төгрөгийг өөрийн данснаасаа гаргаад мөн хариуцагч нарт бэлнээр өгч энэ мөнгийг хариуцагч М.М- мөн байрны урьдчилгаа гэсэн утгатай гүйлгээ хийж А.Э-ы Хаан банкны 5119023359 тоот данс руу хийсэн байдаг. Ямар учраас А.Э-аас бэлнээр мөнгө аваад буцааж данс руу нь хийгээд байсан бэ гэхээр хариуцагч нар нь худалдан авсан үл хөдлөхөө барьцаалан банкнаас зээл авах гэж байсан ба зээл авахдаа байрны урьдчилгаанд мөнгө хийсэн гэж баримт бүрдүүлэхийн тулд ийм байдлаар зохиомол, дүр эсгэсэн гүйлгээг хийсэн байдаг. Энэ талаар нэхэмжлэгч А.Э-ы эхнэр асуудлыг маш сайн мэдэж байгаа. Мөн дээрээс нь хэрэгт авагдсан дансны хуулгууд, орлого зарлагын гүйлгээ хийгдсэн он, сар, өдөр, цаг, минут, хугацаа зэргээс тодорхой харагдана. Бодит байдал дээр М.М-ын шилжүүлсэн гээд байгаа 13,800,000 төгрөг, 13,600,000 төгрөг нь М.М-ын А.Э-д өгөөд байгаа мөнгө биш, харин А.Э-ы өөрийнх нь мөнгө бөгөөд банкнаас зээл авахад урьдчилгаа төлсөн болж харагдах гэж хариуцагч нарын хийсэн зохиомол гүйлгээ юм. Дүр эсгэсэн гүйлгээ хийсэн талаар шүүх анхаарч үзэх байх. 2016 оны 04 сарын 01-ний өдөр хариуцагч нар банкнаас зээл аваад 108,000,000 төгрөгийг төлсөн гэж ярьдаг. Гэтэл бодит байдал дээр хариуцагч нарын яриад байгаа шиг хэмжээний мөнгийг төлчихсөн байсан бол энэ өдөр 108,000,000 төгрөгийн зээл авах, цаашлаад А.Э-д шилжүүлэх ямар ч үндэслэл байхгүй. Хариуцагч нар 108,000,000 төгрөгийн зээл авч, А.Э-ы данс руу хийлгээд, тэр мөнгөө буцаагаад бэлнээр гаргуулаад аваад явсан байдаг. 2016 оны 04 сарын 01-ний өдрийн 18 цаг 44 минутад М.М-аас А.Э-ы Хаан банкны данс руу орж 7 минутын дараа буюу 18 цаг 51 минутад 108,000,000 төгрөг буцаад бэлнээр зарлага хийгээд гараад явсан. Тухайн үед хариуцагч Б.Г- нь Дарханы Хаан банкны зээл хариуцдаг даргын албан тушаалтай, М.М- нь банкны ахлах теллер хийж байсан. Албан тушаалаа ашиглаад энэ хүмүүсээр мөнгөө бэлнээр гаргуулж аваад үлдэгдэл 21,725,000 төгрөгөө удахгүй өгнө. Зээлээ гаргуулчхаад, ломбардын зээлээ дарж дуусгачхаад буцаагаад танд үлдэгдэл мөнгөө өгнө гэдэг тайлбар хэлээд 108,000,000 төгрөгөө бэлнээр аваад явсан. Илүү төлсөн гэх зүйл байхгүй. Харин ч А.Э- нь хариуцагч нараас төлбөрөө дутуу авсан. Нийт 99,775,000 төгрөгийг төлсөн байсан хэдий ч 50,000,000 төгрөгийг шүүхийн шийдвэрээр Л.Ц-д олгогдохоор болсон учраас 49,775,000 төгрөгийг төлсөн гэж үзнэ. Тэгэхээр үлдсэн 71,725,000 төгрөгийг өнөөдөр хүртэл төлөөгүй. Үлдэгдэл мөнгөө төлөх талаар хариуцагч нараас удаа дараа шаардаж, хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан учраас шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулж Б.Г-, М.М- нарын хаягийг олж байсан. Мөн хариуцагч Б.Г- 2018 оны 05 сарын 18-ны өдөр нэхэмжлэгч А.Э- болон түүний гэргий Ж.Гармаа нарыг гэртээ байх үед гэрт нь ирж хоорондоо ярилцаж тохиролцоод тооцоо нийлсэн нь энэ хүмүүсийн хооронд төлбөр төлөгдөөгүй байсныг нотолдог. Энэ үед талуудын хооронд 2018 оны 02 сарын 13-ны өдрийн Дээд шүүхийн тогтоолоор Л.Ц-гоос шилжиж ирсэн 50,000,000 төгрөг дээр нэмээд өмнөх үлдэгдэл 21,725,000 төгрөгийн хамт өгөөрэй гэдэг асуудал яригдахад хариуцагч Б.Г- мөнгө төгрөг хэцүү байна гэсэн асуудал ярилцаж тохиролцоод үлдэгдэл 21,725,000 төгрөгийг 10,000,000 төгрөгөөр тооцож, Л.Ц-гоос авсан 50,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөгийг төлнө гэж үүнийг нь бичгийн хэлбэрт буулгаад тооцоо нийлсэн тодорхойлолт 3 хуудас гар бичмэл байдаг. Тэр талаар баримт хэрэгт авагдсан байгаа. Мөн 108,000,000 төгрөгийг тухайн үед бэлнээр авч явсантай холбоотойгоор хэрэгт баримт ирсэн байгаа. Бид өмнө нь Дарханд үйл ажиллагаа явуулдаг ломбардаас хариуцагч нар зээл авч байсан эсэх талаар лавлагаа гаргуулж байсан. Гэтэл ломбардыг ажиллуулдаг гэх А.Оюун нь тус ломбардаас зээл авч байгаагүй гэсэн тодорхойлолтыг ирүүлсэн. Гэтэл одоо хэрэгт авагдсан баримтаар Б.Б- болон түүний гэргий А.Оюун нараас зээл аваад, зээлээ төлж барагдуулсан талаар тайлбар, тодорхойлолт дансны хуулга хэрэгт авагдсан байгаа. Ломбардаас биш Ломбардын захирлын гэр бүлээс мөнгө зээлээд эргүүлж төлсөн байдаг. Одоо нэхэмжлэгч А.Э- нь мөнгөө дутуу авчхаад, өөрийнхөө үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж өгчхөөд, өөрөө хохироод явж байна. Биеийн байдал нь тааруухан байгаа тул эрүүл мэндийн шалтгаанаас болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцоогүй. Өөрөө ирсэн бол илүү тодорхой ярих байсан байх. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага болох 71,725,000 төгрөгийг хариуцагч Б.Г-, М.М- нараас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Татгалзлын үндэслэл нь хариуцагч Б.Г- болон М.М- нар нь 141 м.кв талбайтай амины орон сууцыг 1 м.кв талбайг 600,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод нийт 84,600,000 төгрөгөөр анх нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон байдаг. Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгч А.Э-д амины орон сууцны урьдчилгаа төлбөрт 2014 оны 09 сард 15,000,000 төгрөгийн үнэ бүхий барилгын материал, 2014 оны 09 сарын 29-ний өдөр нэхэмжлэгч А.Э-ы Хаан банкны 5374300003 тоот дансанд 2,000,000 төгрөг, 2014 оны 12 сарын 10-ны өдөр 400,000 төгрөг, хариуцагч М.М- нь Хаан банкны 5099037188 тоот данснаас нэхэмжлэгч А.Э-ы Хаан банкны 5119023359 тоот дансанд 2015 оны 02 сарын 07-ны өдөр 13,800,000 төгрөг, 2015 оны 02 сарын 09-ний өдөр 13,500,000 төгрөг нийт 44,700,000 төгрөгийг төлсөн байдаг. 2015 оны 02 сарын 07-ны өдрийн 13,800,000 төгрөг, 2015 оны 02 сарын 09-ний өдрийн 13,500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан зүйл байхгүй. Дээрх мөнгийг М.М-ын эгч н.М-, Б.Г-ийн ах н.Б- нараас байрны урьдчилгаанд туслалцаа үзүүлж шилжүүлсэн байдаг нь М.М-ын дансны хуулгаар нотлогддог. Энэ баримт хэрэгт авагдсан байгаа. 2016 оны эхээр нэхэмжлэгч талаас барилгын материалын үнэ өссөн шалтгаанаар 121,500,000 төгрөгөөр байшинг худалдан борлуулахаар санал тавихад хариуцагч нарын зүгээс үнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, төлсөн 44,700,000 төгрөгийг буцааж өгөхийг хүссэн боловч нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн байдлаар төлбөр төлөх боломжгүй гэх шалтгаанаар арга буюу 121,500,000 төгрөгөөр худалдаж авахаар 2016 оны 03 сарын 31-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Гэрээ байгуулсан өдөр А.Э-ы Ариг банкнаас зээлсэн байсан 34,775,000 төгрөгийг 2016 оны 03 сарын 31-ний өдөр хариуцагч М.М- өөрийн мөнгөөр төлсөн. Үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан татварт 2,430,000 төгрөгийг худалдагч тал төлөх байсан боловч дараа буцааж төлнө гээд М.М-аар төлүүлсэн байдаг. Эдгээр төлөлтийн дараа хариуцагч нарын зүгээс тухайн орон сууцны 1 дүгээр давхрын гал тогооны өрөөний тааз, 2 дугаар давхрын паркетан шал, ариун цэврийн өрөө, душ зэргийг засварлаагүй, гражийн хаалгагүй байсан төдийгүй зарим нэг дотор заслууд чанарын шаардлага хангаагүй байсан тул нэхэмжлэгч А.Э- нь гэрээний 121,500,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг хасахаар тохирсон байдаг. Энэ талаар нэхэмжлэлийн шаардлагадаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Ингээд хариуцагч М.М- нь 2016 оны 04 сарын 01-ний өдөр Хаан банкнаас 108,000,000 төгрөгийн зээл авч А.Э-ы Хаан банкны 5374300003 тоот дансанд шилжүүлж төлбөрийг барагдуулсан. Нэхэмжлэгч А.Э- нь хариуцагч нараас илүү авсан 78,405,000 төгрөгийг өгөхгүй өнөөдрийг хүртэл хойшлуулж байсан төдийгүй буцааж өгөх санаа зорилгогүйгээр хариуцагч нараас 71,725,000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгч А.Э-д амины орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авахтай холбоотойгоор 189,905,000 төгрөгийг төлсөн. Үүн дээр 50,000,000 төгрөгийг нэмж тооцвол нийтдээ 239,905,000 төгрөгийг төлөх болоод байгаа. Хариуцагч нарын зүгээс ямар нэгэн байдлаар 50,000,000 төгрөгийн зээл огт аваагүй. Энэ нь шийдвэрт тодорхой дурдагдсан байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч Б.Г-, М.М- нарын зүгээс нэхэмжлэгч А.Э-тай 2016 оны 03 сарын 31-ний өдөр 121,500,000 төгрөгийн үнэ бүхий Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч нар нь 2014 оны 09 сард 15,000,000 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг хүлээлгэн өгсөн. Энэ талаар хэн аль нь маргадаггүй. Мөн А.Э-ы Хаан банкны 5374300003 тоот дансанд 2014 оны 09 сарын 29-ний өдөр 2,000,000 төгрөг, 2014 оны 12 сарын 10-ны өдөр 400,000 төгрөг, хариуцагч М.М- нь Хаан банкны 5099037188 тоот данснаас А.Э-ы Хаан банкны 5119023359 тоот дансанд 2015 оны 02 сарын 07-ны өдөр 13,800,000 төгрөг, 2015 оны 02 сарын 09-ний өдөр 13,500,000 төгрөг, 2016 оны 03 сарын 31-ний өдөр А.Э-ы Ариг банкны зээлийг хааж 34,775,000 төгрөг, 2016 оны 03 сарын 31-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан татварт 2,430,000 төгрөгийг А.Э- төлөх ёстой байсныг өмнөөс нь М.М- төлсөн. 2016 оны 04 сарын 01-ний өдөр хариуцагч М.М-ын Хаан банкны 5045241596 тоот данснаас А.Э-ы Хаан банкны 5374300003 тоот дансанд 108,000,000 төгрөг, нийт худалдах, худалдан авах гэрээний дагуу 189,905,000 төгрөгийг А.Э-д өгсөн байдаг. Хариуцагч Б.Г-, М.М- нар нь А.Э-ы хүлээлгэн өгсөн байшингийн засварын ажил дутуу, чанарын шаардлага хангахгүй байсантай холбогдуулан гэрээний нийт үнийн дүнгээс 10,000,000 төгрөгийг хасаж тооцож, орон сууц худалдан авах гэрээний үнийн дүнг 111,500,000 төгрөг байхаар амаар харилцан тохиролцсон байдаг. Иймд Дархан-Уул аймаг, - тоот хаягт байрлах, 141,04 м.кв талбай бүхий амины орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний үүргийн үнийн дүнгээс 78,405,000 төгрөгийг хариуцагч А.Э-д илүү төлсөн тул А.Э-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр 78,405,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “...Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэгдүгээрт байрны урьдчилгаа гэж А.Э-ы данс руу шилжүүлж байгаа мөнгө нь А.Э-ы “Н-” ББСБ-аас 2015 оны 02 сарын 06-ны өдөр 15,000,000 төгрөгийн зээл аваад 2015 оны 02 сарын 07-ны өдрийн 10 цаг 11 минутад Худалдаа хөгжлийн банкны данснаасаа гаргасан нь нотлох баримтаар нотлогдоно. Энэ гаргасан зарлага нь эргээд 29 минутын дараа буюу 2015 оны 02 сарын 07-ны өдрийн 10 цаг 30 минутад М.М-ын Хаан банкны 5099037188 тоот данс руу 14,000,000 төгрөгийг бэлэг н.Б- гэдэг утгатайгаар шилжүүлсэн. Энэ шилжүүлсэн мөнгийг 2015 оны 02 сарын 07-ны өдрийн 11 цаг 28 минутад А.Э-ы Хаан банкны 5119023359 тоот дансанд 13,800,000 төгрөгийг М.М-аас байрны урьдчилгаа гэж шилжүүлсэн байдаг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Мөн 2015 оны 02 сарын 09-ний өдөр нэхэмжлэгч А.Э- нь Худалдаа хөгжлийн банкны 403143804 тоот данснаас 16 цаг 05 минутад 13,600,000 төгрөгийн зарлага гаргаад 32 минутын дараа буюу 2015 оны 02 сарын 09-ний өдрийн 16 цаг 37 минутад М.М-ын Хаан банкны данс руу н.М-аас туслалцаа гэдэг утгаар шилжүүлээд эргээд 16 цаг 55 минутад А.Э-ы данс руу М.М-аас байрны урьдчилгаа гэж шилжүүлсэн байдаг нь мөн хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Тэгэхээр энэ 27,600,000 төгрөг нь угаасаа А.Э-ы мөнгө байсан. Тухайн үед ямар зорилгоор авч байсныг гэрч болон нэхэмжлэгч А.Э- тайлбартаа бичдэг. Таны энэ мөнгийг дансаараа оруулаад таны данс руу хийчихье, зээл авахад урьдчилгаа төлсөн харагдах шаардлагатай байна гэж хэлээд энэ мөнгийг шилжүүлсэн гэж тайлбарладаг. Үнэхээр ах, эгч нар нь мөнгө хийсэн бол тэрийгээ нотлох ёстой. Хоёрдугаарт 108,000,000 төгрөгийн тухайд 108,000,000 төгрөгийг бэлнээр аваад явсан тухай үйл явдал яригддаг. Хариуцагч Б.Г- нь энэ мөнгөө бэлнээр авч яваад Дархан-Уул аймгийн Т- ломбарданд зээлээ төлөөд, буцаагаад зээл аваад танд өгье, зарим мөнгийг нь өөрийнхөө эхнэр М.М-ын данс руу хийнэ гээд аваад явсан гэж яригддаг. Энийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлох боломжтой. Гуравдугаарт 2014 оны 09 сарын 29-ний өдөр А.Э-ы Хаан банкны 5374300003 тоот дансаар авсан 2,000,000 төгрөгийг зээлж аваад эргүүлж өгсөн мөнгө гэж А.Э- тайлбарладаг. Тэгсэн хирнээ байрны урьдчилгаа гэж шилжүүлсэн байдаг. 2014 оны 12 сарын 10-ны өдөр 400,000 төгрөгийг хариуцагч нарт зээлж өгөөд эргүүлж А.Э-д өгсөн мөнгө, байрны мөнгө биш гэж хэлдэг. 2,400,000 төгрөгийг байрны төлбөр биш, миний зээл юм гэдэг. Хэрвээ мөнгө илүү төлсөн юм бол яагаад А.Э- хариуцагч нарыг эрэн сурвалжилсан байдаг вэ, харин хариуцагч нар 2016 оноос хойш А.Э-ыг эрэн сурвалжлуулаад шүүхэд өгөх байсан байх гэж бодож байна. Анх үндсэн нэхэмжлэлийн хариу тайлбартаа 78,405,000 төгрөгийг А.Э-д зээлдүүлсэн гэж бичсэн байдаг, Харин сөрөг нэхэмжлэл гаргахдаа илүү төлсөн мөнгөө авна гэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй байна. Үнэхээр ийм хэмжээний 78,405,000 төгрөг илүү төлсөн юм бол шүүхэд хандах юм уу, шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацаа нь хангалттай байхад өнөөдрийг хүртэл шаардах эрхээ хэрэгжүүлсэн талаар баримт хэрэгт огт авагдаагүй байна. 2018 оны 05 сарын 18-ны өдөр Б.Г- нь нэхэмжлэгч А.Э-ы гэрт очоод 60,000,000 төгрөгийг төлнө гэх асуудал дээр 2 тал тохиролцоод гарын үсгээр баталгаажуулж тооцоо нийлсэн байдаг. Энэ талаар А.Э-д мөнгө өгнө гэх байдлаар тооцоо нийлж гарын үсэг зурж, тодорхойлолт бичиж өгсөн байдаг. Энэ үед гэрч болох А.-ны эхнэр Ж.Гармаа хамт байсан гэдэг. Банкны зохиомол, дүр эсгэсэн гүйлгээнүүдийг ашиглаад сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэж ойлгож байна. М.М-, Б.Г- нар нь А.Э-аас авлагатай биш, харин А.Э- нь М.М-, Б.Г- нараас авлагатай. Тиймээс энэ сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

А.Э- нь хариуцагч Б.Г-, М.М- нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 71,725,000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг, хариуцагч нар нь А.Э-д холбогдуулж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр 78,405,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...амины орон сууцыг хариуцагч нарт 121,500,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож 2014 оны 09 сард 15,000,000 төгрөг, 2014 оны 11 сард 50,000,000 төгрөг, 2016 оны 03 сарын 31-ний өдөр 34,775,000 төгрөг, нийт 99,775,000 төгрөгийг хүлээж авснаар нийт үнийн дүнгээс 21,725,000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн байсан. Гэтэл Б.Г-ээс байрны төлбөрт авсан 50,000,000 төгрөгийг шүүхийн шийдвэрээр А.Э- Л.Ц-д буцаан төлөх болсноор 49,775,000 төгрөгийг байрны урьдчилгаанд авсан. Иймд үлдэх 71,725,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна...” хэмээн тайлбарлав.

 

Нэхэмжлэгчийн шаардсан гэрээний үүрэг 71,725,000 төгрөгийг хариуцагч нар эс зөвшөөрч, Л.Ц-гоос 50,000,000 төгрөг зээлээгүй, 2014 оны 09 сард 15,000,000 төгрөгийн үнэ бүхий барилгын материал,  2014 оны 09 сарын 29-ний өдөр 2,000,000 төгрөг, 2014 оны 12 сарын 10-ны өдөр 400,000 төгрөг, 2015 оны 02 сарын 07-ны өдөр 13,800,000 төгрөг, 2015 оны 02 сарын 09-ний өдөр 13,500,000 төгрөг, 2016 оны 03 сарын 31-ний өдөр А.Э-ы Ариг банкны зээлийг хааж 34,775,000 төгрөг, 2016 оны 03 сарын 31-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан татварт 2,430,000 төгрөг, 2016 оны 04 сарын 01-ний өдөр 108,000,000 төгрөг, нийт худалдах, худалдан авах гэрээний дагуу 189,905,000 төгрөгийг төлж, хүлээлгэн өгсөн байшингийн засварын ажил дутуу, чанарын шаардлага хангахгүй байсантай холбогдуулан гэрээний үнийн дүнгээс 10,000,000 төгрөгийг хасаж тооцоход 78,405,000 төгрөг илүү төлсөн тул илүү төлсөн мөнгийг буцаан гаргуулна хэмээн сөрөг нэхэмжлэл гаргаж маргав.

2016 оны 03 сарын 31-ний өдөр А.Э- нь М.М-тай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээгээр худалдагч А.Э- нь Дархан-Уул аймаг, - хаягт байрлах 141.04 м2 талбай бүхий амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч М.М-ын өмчлөлд шилжүүлж, худалдан авагч тал хэлэлцэн тохирсон үнэ болох 121,500,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж гэрээг баталгаажуулжээ. /хх-99/

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичигт гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсан гэж тооцно. Дээр дурдсанаар нэг талаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх, нөгөө талаас тохирсон үнийг төлөхөөр гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээ хүчин төгөлдөр байна. Хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй.

 

Талууд тохиролцсон үнийн дүнд маргаагүй бөгөөд худалдагч А.Э- нь үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамтаар 2016 оны 03 сарын 31-ний өдөр М.М-д шилжүүлсэн болох нь Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, М.М-ын нэр дээр бүртгэгдсэн 000429171 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудаар нотлогдов. Гэрээнд заасан худалдагчийн үүргийг А.Э- биелүүлсэн тул худалдан авагчаас үнийг шаардах эрхтэй. /хх-98, 99, 99 ар нүүр/

 

Хариуцагч нарын төлсөн гэх нийт 8 удаагийн төлбөрөөс 2014 оны 09 сард барилгын материал хэлбэрээр төлсөн 15,000,000 төгрөг, “Ариг банк” ХХК-иас авсан А.Э-ы зээлийн 34,775,000 төгрөгийг 2016 оны 03 сарын 31-ний өдөр төлсөн энэхүү 2 төлбөр, 49,775,000 төгрөгийн тухайд талууд маргаагүй. /хх-46/

 

Харин үлдэх 6 удаагийн шилжүүлэг болох 2014 оны 09 сарын 29-ний өдрийн 2,000,000 төгрөг, 2014 оны 12 сарын 10-ны өдрийн 400,000 төгрөгийг нэхэмжлэгч А.Э- хариуцагч нарт өмнө нь зээлсэн мөнгөө буцаан авсан гэж, 2015 оны 02 сарын 07-ны өдрийн 13,800,000 төгрөг, 2015 оны 02 сарын 09-ний өдрийн 13,500,000 төгрөгийг А.Э- 2015 оны 02 сарын 6, 9-ний өдөр “Н-” ББСБ-аас  зээлсэн 30,000,000 төгрөгийн 27,300,000 төгрөгийг Б.Г-, М.М- нарын гуйлтаар тэдэнд бэлнээр өгч, урьдчилгаа төлбөр хийсэн мэт зохиомол гүйлгээ болгон А.Э- дансаараа буцаан авсан гэж,  2016 оны 03 сарын 31-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан татварт 2,430,000 төгрөг М.М- төлснийг А.Э- буцаан төлсөн гэж, 2016 оны 04 сарын 01-ний өдрийн 108,000,000 төгрөгийг М.М- А.Э-ы дансанд хийгээд бэлнээр буцаан авсан гэж, энэхүү 140,130,000 төгрөгийн тухайд, мөн Б.Г-ийн Л.Ц-гоос зээлсэн гэх 50,000,000 төгрөгийн тухайд тус тус маргадаг.

 

Хэрэгт авагдсан бичмэл баримтаар, Б.Г- нь 2014 оны 09 сарын 29-ний өдөр 2,000,000 төгрөг, 2014 оны 12 сарын 10-ны өдөр 400,000 төгрөгийг А.-ны 5374300003 дугаарын Хаан банк дахь дансанд “г-ээс”, “г-ээс байрны урьдчилгаа” утгатайгаар, мөн 2016 оны 03 сарын 31-ний өдөр М.М- нь 2,430,000 төгрөгийг Төрийн сангийн дансанд “хөрөнгө худалдсаны орлого” утгатайгаар А.Э-ы нэрээр шилжүүлсэн байх бөгөөд энэхүү 2,400,000 төгрөгийг хариуцагч нарт зээлсэн мөнгөө эргүүлж авсан гэх, хөрөнгө худалдан борлуулсны татвар 2,430,000 төгрөгийг М.М-д буцаан өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар нь баримтаар нотлогдсонгүй. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогын дүнд 2 хувиар тооцож татвар ногдуулахаар хуульчилсан тул 121,500,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсны орлогоос 2 хувь буюу 2,430,000 төгрөгийн татварыг худалдагч тал болох А.Э- төлөх байжээ. Тиймээс дээрх 4,830,000 төгрөгийг хариуцагч нараас худалдах худалдан авах гэрээний үүрэгт төлсөн гэж үзнэ. /хх-45, 46, 101/ /49,775,000+4,830,000=54,605,000/

 

Хариуцагч М.М- нь 2015 оны 02 сарын 07-ны өдөр 13,800,000 төгрөг, 2015 оны 02 сарын 09-ний өдөр 13,500,000 төгрөгийг А.Э-ы 5119023359 дугаартай Хаан банк дахь дансанд “М-аас байрны урьдчилгаа” утгатайгаар шилжүүлжээ. Энэхүү 27,300,000 төгрөгийг А.Э- нь 2015 оны 02 сарын 6, 9-ний өдөр “Н-” ББСБ-аас зээлж авсан 30,000,000 төгрөгөөс Б.Г-, М.М- нарын гуйлтаар тэдэнд бэлнээр өгч, урьдчилгаа төлбөр хийсэн мэт зохиомол гүйлгээ болгон А.Э- дансаараа буцаан авсан гэж марган “Нэт капитал” ББСБ-ын зээлийн болон депозит дансны хуулга, Худалдаа хөгжлийн банк дахь 403143804 дугаартай дансны хуулга, кассын зарлагын баримт зэргийг нотлох баримтаар гаргадаг. А.Э-ы 102200640 дугаартай “Н-” ББСБ дахь зээлийн дансанд 2015 оны 02 сарын 06, 09-ний өдрүүдэд тус тус 15,000,000 төгрөгөөр 30,000,000 төгрөгийн зээл олгожээ. Худалдаа хөгжлийн банкны кассын зарлагын баримтаар 2015 оны 02 сарын 07-ны өдрийн 10 цаг 11 минутад 14,000,000 төгрөгийг, 2015 оны 02 сарын 09-ний өдрийн 16 цаг 05 минутад 13,600,000 төгрөгийг А.Э- бэлнээр авсан байна. Харин хариуцагч М.М-ын 5099037188 дугаарын Хаан банк дахь дансанд 2015 оны 02 сарын 07-ны өдрийн 10 цаг 35 минутад 14,000,000 төгрөг “Б-аас байрны урьдчилгаанд бэлэг” утгатайгаар, 2015 оны 02 сарын 09-ний өдрийн 16 цаг 37 минутад 13,500,000 төгрөг “М.М--с туслалцаа” утгатайгаар тус тус шилжин оржээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх 2 удаагийн шилжүүлгийг Б.Г-ийн ах н.Б-, М.М-ын эгч М.М- нараас буцалтгүй тусламж хэлбэрээр дүү нартаа байр авахад нь мөнгө бэлэглэсэн гэж тайлбарладаг боловч хариуцагчийн энэхүү тайлбар, н.Б-, М.М-ын нар нь хариуцагч нартай ах, дүү, төрөл садан болох, мөнгөний эх сурвалж зэрэг нь баримтаар нотлогдсонгүй. Энэхүү 2 мөнгөн шилжүүлгийн огноо, цаг минутын тухайд нэхэмжлэгч А.Э-ы тайлбар үндэслэлтэй бөгөөд мөнгөний эх сурвалж зэргийг заан баримтаар нотлож байх тул 27,300,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжлэгчид төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. / хх-45, 88, 189, 225, 249, 250, 2хх-1, 31-33/

 

2016 оны 04 сарын 01-ний өдөр М.М- нь 108,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн Хаан банк дахь 5374300003 дугаарын дансанд “М-аас амины орон сууцны үнэ” утгатайгаар шилжүүлжээ. Нэхэмжлэгч энэхүү мөнгийг бэлнээр авч Б.Г-эд өгсөн, Б.Г- нь уг мөнгийг Дархан-Уул аймаг дахь хүнсний захын урд талд байрлах “Т-” нэртэй ломбардад зээлээ төлчхөөд эргэж зээл аваад А.Э-д төлөх 21,725,000 төгрөгөө төлнө гээд аваад явсан хэмээн маргадаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс өөрийн тайлбараа нотлохоор Дархан-Уул аймаг дахь “Т-” нэртэй ломбардаас лавлагаа гаргуулсан бөгөөд тус ломбардыг ажиллуулагч А.Оюун гэх иргэнээс “...Б.Г-, М.М- нар тус ломбардаас албан ёсоор гэрээ байгуулж, зээл авч байгаагүй...” талаар тодорхойлолтыг ирүүлжээ. Харин хэргийн 246 дугаар талд Б.Б- гэх иргэний тайлбар тодорхойлолт бичгээр авагдсан бөгөөд энэхүү бичгийн тайлбарыг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эргэлзээтэй хэмээн маргасан тул шүүхээс Б.Б-ийг бичсэн тодорхойлолттой нь холбогдуулан гэрчийн мэдүүлэг авсан болно. Эрүүгийн хууль сануулан авсан гэрчийн мэдүүлгээр М.М- нь Дархан-Уул аймаг дахь Хаан банкны салбарт Ви Ай Пи өрөөний теллерээр ажилладаг байхдаа үйлчлүүлэгч болох Б.Б-ээс 2016 оны 03 сарын 24-ний өдөр 57,000,000 төгрөгийг зээлж, 2016 оны 04 сарын 01-ний орой ажил тарсны дараа 57,000,000 төгрөгийг бэлнээр буцаан төлсөн байна. Гэрч Б.Б- нь эхнэр А.Оюуны данснаас 57,000,000 төгрөгийг авч М.М-д зээлсэн талаараа тайлбарлав. Б.Б- нь эхнэр А.Оюуны хамтаар “Т-” ломбардыг 2003 оноос ажиллуулж байгаа бөгөөд ломбардтай гэрээ байгуулж зээл аваагүй, М.М-ын гуйснаар ямар нэг бичгийн баримт үйлдэлгүйгээр мөнгө зээлсэн талаар тайлбарласан. А.Э-ы дансны хуулгаас үзэхэд М.М-аас 2016 оны 04 сарын 01-ний өдрийн 18 цаг 44 минутад 108,000,000 төгрөг шилжин орж ирж, 18 цаг 51 минутад 108,000,000 төгрөгийг бүхэлд нь бэлэн гүйлгээ хийж А.Э- авчээ. Гэрч Б.Б-ийн “...2016 оны 04 сарын 01-ний орой ажил тарсны дараа М.М- 57,000,000 төгрөгийг бэлнээр авчирсан” гэх мэдүүлэг, А.Оюуны дансны хуулга, мөн шүүхээс Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны бүхий л банкнуудаас хариуцагч нар данс эзэмшдэг эсэх, эзэмшдэг бол 2016 оны 04 сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны дансны хуулгыг баримтаар гаргуулсан ба дээрх хугацааны дансны хуулгаар хариуцагч нарын дансанд 57,000,000 төгрөг байгаагүй, Б.Б-эд бэлнээр төлсөн 57,000,000 төгрөгийн эх үүсвэрээ баримтаар нотлоогүй зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн 108,000,000 төгрөгийг бэлнээр хариуцагч нарт өгсөн гэх тайлбар үндэслэлтэй байж болохоор байна. /хх-89, 202, 244-246/

 

Учир нь хариуцагч нарын тайлбараар 2016 оны 04 сарын 01-ний байдлаар тэд А.Э-д 81,905,000 төгрөгийг төлж, 39,595,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байхаар байсан байна. Гэтэл үлдэгдэл 39,595,000 төгрөгөөс илүү гарсан 68,405,000 төгрөгийг ямар учраас А.Э-д илүү төлсөн болох, мөн 2016 оноос хойш нэхэмжлэгчийг шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд яагаад А.Э-аас огт шаардаж байгаагүй болох нь ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй байна. Гэтэл А.Э- нь хариуцагч нарыг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулж оршин суух хаягийг нь тогтоосон болох нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 сарын 21-ний өдрийн 2148 дугаар захирамж, мөн шүүхийн 2019 оны 06 сарын 03-ны өдрийн 509 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 11 сарын 28-ны өдрийн 346/4371 дугаар албан тоот зэргээр тус тус тогтоогдов. /хх-6-10/

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 02-ны өдрийн 497 дугаар шийдвэрээр, 2014 оны 11 сарын 18-ны өдрийн гэрээгээр Л.Ц- 50,000,000 төгрөгийг Б.Г-эд зээлүүлэх үүрэг хүлээсэн ч мөнгийг Б.Г-эд бус, харин А.Э-д шилжүүлсэн, А.Э- мөнгийг хүлээн авсан гэсэн агуулга бүхий үндэслэлээр Б.Г-эд холбогдох Л.Ц-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /х-131-133/

 

Мөн шүүхийн 2017 оны 08 сарын 16-ны өдрийн 859 дугаартай шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2018 оны 02 сарын 13-ны өдрийн 001/ХТ2018/00262 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг үндэслэн 50,000,000 төгрөгийг А.Э-аас Л.Ц-д олгож шийдвэрлэжээ. 50,000,000 төгрөгийг А.Э- худалдах худалдан авах гэрээний үүрэгт тооцон Б.Г-ээс хүлээн авсан гэж тайлбарладаг ба шүүхийн шийдвэрээр А.Э- Л.Ц- нарын хооронд үүрэг үүсээгүй гэж үзжээ. Шүүхийн дээрх шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон тул уг шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх боломжгүй бөгөөд эдгээр шийдвэрүүд нь А.Э- нь худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаардахад саад болохгүй юм. Мөн түүнчлэн хариуцагч нар нь дээрх 50,000,000 төгрөгийг Л.Ц-гоос зээлээгүй, мөн А.Э-д гэрээний төлбөрт тооцон төлж байгаагүй гэсэн тайлбарыг гаргадаг бөгөөд энэхүү 50,000,000 төгрөгийг оруулж тооцолгүйгээр үл хөдлөх хөрөнгийн төлбөрт 189,905,000 төгрөг төлсөн гэж тайлбарладаг болохыг дурдах нь зүйтэй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн дээрх шийдвэрээр Б.Г- нь А.Э-д 121,500,000 төгрөгийг төлсөн талаар дүгнэсэн хэмээн маргах боловч энэхүү шийдвэрээр Б.Г-, А.Э- нарын худалдах, худалдан авах гэрээнээс үүссэн маргааныг шийдвэрлээгүй, тэрхүү хэрэгт Б.Г-, А.Э- нарын маргаан хамааралгүй юм.  /хх-104-111/

 

Нэхэмжлэгчээс 3 хуудас гар бичмэл бүхий баримтыг нотлох баримтаар гаргаж, 2018 оны 05 сарын 18-ны өдөр А.Э- Б.Г- нар тооцоо нийлж Л.Ц-д буцааж өгөх болсон 50,000,000 төгрөг, 2016 оны 03 сарын 31-ний байдлаар үлдсэн 21,725,000 төгрөг зэргийг тооцон 60,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон талаар тайлбарладаг. Энэхүү 3 хуудас гар бичмэл дээрх гарын үсгийг Б.Г- зураагүй, тооцоо нийлээгүй хэмээн маргаж, шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар шүүхээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг гарын үсгийн шинжээчээр томилсон. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 сарын 11-ний өдрийн 10/1273 дугаар албан тоотоор “...тооцоо нийлсэн акт, тодорхойлолт гэх баримтуудад зурагдсан шинжлэх гарын үсэг мэт зүйлс нь тодорхой хүний гарын үсэг, бичгийн хэвийн төлөвшил болсон бичих хөдөлгөөний дадлаар зурагдаагүй, эмх цэгцгүй сараачсан маягийн хөдөлгөөнөөр зурагдсан байх тул ...Б.Г-ийн гэх гарын үсэг, бичгийн хэвийн загваруудтай харьцуулан шинжлэх боломжгүй” гэжээ. Тиймээс энэхүү баримтаар талууд тооцоо нийлсэн гэж үзэх боломжгүй байна. /хх-151-153, 206/

 

Дээрхээс дүгнэхэд хэргийн үйл баримт, нотлох баримтаар хариуцагч нар нь гэрээний үүрэгт нийт 49,775,000+4,830,000=54,605,000 төгрөгийг төлсөн бөгөөд гэрээний үнэ 121,500,000 төгрөгөөс 66,895,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...санхүүгийн хүндрэлтэй байдал үүссэн гэх Б.Г-ийн гуйлтаар...” гэх тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хүлээлгэн өгсөн байшингийн засварын ажил дутуу, чанарын шаардлага хангахгүй байсан...” гэх тайлбар зэргээр үлдэгдэл төлбөрөөс 10,000,000 төгрөгийг хасаж тооцохоор талууд тохиролцсон болох нь тогтоогддог. Тиймээс үлдэгдэл 66,895,000 төгрөгөөс талуудын тохиролцсон 10,000,000 төгрөгийг хасаж тооцон 56,895,000 төгрөгийн үүргийг хариуцагч нар гүйцэтгээгүй гэж үзэв.

 

Үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр хариуцагч нарын А.Э-д холбогдуулан гаргасан илүү төлсөн 78,405,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үгүйсгэгдэж, А.Э- сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн, Б.Г-, М.М- нарын хөрөнгө 78,405,000 төгрөгийн хэмжээнд багассан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Дээрх үндэслэлүүдээр А.Э-ы нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б.Г-, М.М- нараас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 56,895,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Э-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 14,830,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, А.Э-д холбогдох 78,405,000 төгрөг гаргуулах тухай Б.Г-, М.М- нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 516,575 төгрөг, хариуцагч нараас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 549,975 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-, М.М- нараас улсын тэмдэгтийн хураамжид 442,425 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Э-д олгох нь зөв байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Г-, М.М- нараас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 56,895,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Э-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 14,830,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул А.Э-д холбогдох 78,405,000 төгрөг гаргуулах тухай Б.Г-, М.М- нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 516,575 төгрөг, хариуцагч нараас төлсөн 549,975 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-, М.М- нараас улсын тэмдэгтийн хураамжид 442,425 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Э-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
 
      


 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.УРАНЗУЛ